Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ж-эд холбогдох эрүүгийн 2115000000099 дугаартай, 163/2021/0098/Э индекстэй хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С овогт С-ын Ж /РД: ..................../, 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт .....................................................................................................гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж-ийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж-ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг үнэн зөв өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000099 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

Хохирогч И.О-ын өгсөн: “Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас 2014 онд Булган аймгийн Дашинчилэн суманд шилжиж ирсэн. Манайх тус сумын 2 дугаар багийн “Ханы ар” гэх газарт голдуу нутагладаг. 2021 оны 01 дүгээр сарын эхээр манай хар халзан бух ойролцоо байдаг “Сүмийн ам” гэх газарт гүйж очоод тэндээ байж байсан. Би ойролцоо байдаг айл болох А-д захисан байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр очоод хартал байхгүй болсон байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад олоогүй. Миний алдсан үхэр хар халзан зүстэй, ямар ч им тамгагүй үхэр байгаа юм. Манай бух өөрөө “Сүмийн ам” гэх газар руу явсан байна, би тэнд байдаг ............. гэх айлд захисан. Тэгтэл “ахаа танай бух харагдахгүй байна” гэхээр нь тэр хавийн үхрээр хайгаад олоогүй юмаа” гэх /хх-11-12 тал/,

“...Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин С.Ж нь манай бухыг хулгайлаад аваад явсан байна гэж цагдаа нар хэлсэн. Удалгүй С.Ж“ахаа уучлаарай” гээд хар халзан зүсмийн бухыг маань зүсээр нь авчирч өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч Б.М-ын өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Салхитын бригад гэх газраас манай нутгийн хүн Ж гэх ахтай отроор явж байгаад Өвөрхангай аймаг руу буцсан. Отроор явж байгаад 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг “Сүмийн ам” гэх газарт ирээд тав хоноод 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сум руу малаа хариулан отроор явсан. Тэгээд 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг буюу сумын төвд Ж ахынд ирсэн. Намайг очиход гэрийн гадна хар халзан зүсмийн бага насны бух уяатай байж байсан. Удалгүй Булган аймгийн Дашинчилэн сумын цагдаа ирээд Ж ахын гадаа байсан уяатай бухыг “хулгайд алдагдсан бух байна” гэж хэлээд авч явсан” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч А-ийн өгсөн: “2021 оны өвөл Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн “Сүмийн ам” гэх газарт манайх өвөлжиж байхад 2021 оны 01 сарын эхээр манай багийн малчин И.О-ын хар халзан бух манай үхэртэй ойролцоо ирсэн байсан. Тэгээд би И.О-той утсаар холбогдож “танай бух манай энд ирсэн байна” гэж хэлэхэд “наанаа байж байг” гэсэн. Тэгээд манай үхэрт байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орой үхрээ цуглуулж харахад хар халзан зүсмийн бух байхгүй болохоор нь И.О-д утсаар “бух чинь байхгүй болсон байна” гэж хэлэхэд “за” гэсэн. Тэрнээс хойш тэр хавиар хайгаад олохгүй байна гээд байсан. 2021 оны 01 дүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин С.Ж нь хэдэн тооны үхрээ “Хужирт сум оруулна” гээд тууж явахад дунд нь хар халзан зүсмийн бух байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 21/215 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэлгээг тогтоосон “бүдүүн морь 858333 төгрөг” гэх дүгнэлт /хх-41-46 тал/,

Шүүгдэгч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би 2020 оны намар байх яг сар өдрийн санахгүй байна. Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг “Сүмийн ам гэх газар отор нүүдлээр танилцсан А гэх айлд өөрийн 27 тооны үхрээ харж байгаарай гэж үлдээгээд, өөрийн 160 гаруй тооны адуугаа аваад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт оторлоод 2021 оны 01 дүгээр сарын 20-нд Өвөрхангай аймгийн Хужирт сум руугаа явсан. Явах замдаа Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт А гэх айлд үлдээсэн 27 тооны үхрээ аваад цаашаа Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нүүдэллэсэн ба үхрээ тууж явахад манай үхэр дотор хар халзан зүсмийн хязаалан насны бух байж байсан. Салгаад туух гэхэд манай үхрээс салахгүй байхаар нь хамт туугаад Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг орсон. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын хэсгийн төлөөлөгч Энхболд гэх хүн манай гэрт ирж манай үхрээс салахгүй байсан хар халзан зүсмийн хязаалан насны бухны зургийг дараад “хүний бухыг хулгайлсан байна, эзэнд нь аваачиж өг” гэж хэлэхээр нь би хэсгийн төлөөлөгч Э-оос “энэ хар халзан зүсмийн хязаалан бух хэн гэдэг хүний бух юм бэ” гэж асуухад хэсгийн төлөөлөгч Э “Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумаас отороор явж байгаа О гэх хүний бух байна” гэж хэлсэн. Би О гэдэг хүнтэй утсаар холбогдож хар халзан зүсмийн хязаалан бухыг нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-65-66 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр отроос бууж Өвөрхангай аймгийн Хужирт сум руу буцах замдаа Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн “Сүмийн ам” гэх газарт байсан өөрийн 27 тооны үхэртэй “Сүмийн ам” гэх газарт бэлчээрт байсан хар халзан зүсмийн хязаалан бухыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хамт тууж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч И.О, гэрч Б.М, А.А нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч С.Жнь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч С.Жийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар С.Жийн үйлдэл нь нийгэмд аюултай, шунахайн сэдэлтээр тухайн малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.О-д нэг үхэр буюу 1145833 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч С.Ж нь үхрийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч гэм хорын хохирлыг арилгасан байх тул шүүгдэгч С.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Жийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Жийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 50-57 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, малын тооллогын А дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Жнь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ................................. гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/39 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Жийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч С.Ж-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буюу үхрийг тууж явсан улаан хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт С-ын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Ж-эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Жэд сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ж-ээс 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нэг тооны улаан хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч С.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД