Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чид холбогдох эрүүгийн 2115000000098 дугаартай, 163/2021/0099/Э индекстэй хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт ........ гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Тогооч овогт Бгийн Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чийн өгсөн: Тухайн өдөр найзуудтайгаа Агэх айлд очоод Цтэй маргалдаад ганц нэг зодолдоод тэндээс гараад отрын айлд очсон. Ц тэр айлаас хутга авах гээд байхаар нь би хориглосон. Тухайн үед нилээд согтсон байсан. Тэгээд тэр айлаас гараад ганц нэг зодолдсон. Хохирогчтой нэг голын хүмүүс хохирол төлбөрт 750000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2115000000098 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Цын өгсөн: “...2021 оны 3 сарын 04-05-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг Долоон худаг гэх газарт байрлах Агэх айлд Ч, С, Ё, Д, Б түүний эхнэртэй бид нар очсон...Ч нь намайг отрын айл манай хаваржааны газар буулгалаа гээд намайг хэл амаар өдөөд байсан... Тэгээд үлдсэн нэг том пивыг уугаад сууж байтал Ч нь гэнэт над руу агсраад миний нүүр нь тус газар баруун гараараа 2-3 удаа цохисон чинь би хойш нь унахад Ч нь босож ирээд миний нуур тус газарт 3-4 удаа хөлөөрөө дэвсээд Ч нь намайг айлд зодохгүй гэж хэлээд уг айлаас чирээд гарсан. Тэгээд гараад босож амжаагүй байтал миний толгой хэсэгт 10 гаран удаа өшиглөж дээрээс дэвсэж миний нүүр хэсэг бүхэлдээ хавдаж цус гоожоод байж байтал гэрээс А, С, Ё 3 гарч ирээд бид хоёрт боль гэж хэлэхээр нь би Чоос босмоор байна гэж хэлээд босоод ирсэн чинь Ч нь баруун гараараа миний хамар тус газарт нэг удаа цохисон миний хамраас их хэмжээний цус гоожсон... Тэгээд Ань машинаа асаагаад Ё, С, А, Ч бид тав отрын айл болох Цогоо гэх айлд очихоор явсан ба айл руу явах замдаа Ч нь буулгасан хүнийг нь зодчихлоо одоо буусан айлыг ална гэж хэлээд Цогоо гэх айлын гадна очсон. Ч нь эхлээд орсон ба Чийн дараа С араас орсон ба удалгүй бөөн дуу чимээ болоод хүмүүс орилоод Ч нь агсам тавиад байхаар нь яваад ортол аргалын дөрөлжтэй аргалыг асгасан, зуухыг унагаасан байдалтай Цогоо ах нь хувцсаа өмсөөд зогсож байсан. Цогоо ахын аав гэх настай хүн рүү Ч нь агсам тавиад байж байхаар нь Чийг боль гэж хэлсэн чинь Ч нь дахин намайг нүүрний тус газарт 5-6 удаа цохиж миний дээд доод уруул руу цохиж миний нэг ширхэг шүд суларсан. Мөн уруул яз цохигдсон юм. Тэгээд Цогоо ах нь бид нарыг гэрээс гаргасан юм... Тэгээд зогсож байтал Ч нь аргамжааны гадас /60-80 см-ийн нарын төмөр/ авч ирээд миний зүүн гар талын мөрний хэсэгт нэг удаа цохисон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,

Гэрч Б.Б өгсөн: ...араас нь бид нар хамт гарахад Ч Цыг хавсарч унагаад гар мөр зэрэг лүү нь өшиглөж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч Б.Аийн өгсөн: ...Ц Чийг бариад авахаар нь би гэрт ноцолдохгүй гарцгаа гээд гаргасан. Тэгээд араас нь гар чийдэн аваад гарахад Ч Цгийнхээ дээр нь гарчихсан цохилцоод байсан... Чоос өөр Ц луу ойртсон хүн байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Гэрч Б.Ёын өгсөн: ...Ц, Ч нар хоорондоо хэрэлдээд гарч ирээд ноцолдоод байсан. Тэгээд би яваад очиход хоорондоо хэрэлдчихсэн Цгийн хамраас нь цус гарчихсан нүднийхээ доод талд хавдчихсан байгаа харагдсан. Тэгээд тэндээс шууд хөдөлж яваад Цогоо гэх айлд С, Ч, Ц бид нарыг А ах хүргэж өгөөд би гадаа бөөлжөөд нөгөө хэд тэр айл руу орсон Ц, Чухлаа нар тэр айлд ноцолдсон байна лээ. Өглөө босоод Ц подволкоо тайлахад аль нэг талынх нь мөрөн дээр хөхөрчихсөн мөн яг ар талд нь хазчихсан тэр нь хөхрөөд ором гарчихсан байсан. Тэгээд бас нүүр нь хавдчихсан харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

Гэрч Д.Дийн өгсөн: ...Тэгээд араас нь гарахад Ч Цыг цохиж байгаа харагдсан. Тэгээд бид нар голоор нь орж салгаад болиулсан... гараараа толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон... хамраас нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

Гэрч Б.Сийн өгсөн: ...тэгээд гадаа гараад Ч Ц ахыг унагаад толгой руу нь шааж байгаа харагдсан тэгээд салгасан. Тэгээд Б ах Д нар Хишиг-Өндөр лүү яваад өгсөн. Тэгээд удалгүй А ах Цг хүргэж өгъе гээд машинаа асаагаад Б.Ч, Ё, Ц бид 5 урагшаа байх отрын Цогоо гэх айлд очсон. Тэнд очоод гэрт нь ороход Ц гэрт нь тэгснээ хутга нэхээд хутга хайгаад тогооны сав руу явангуут нь Ч мушгиж унагаад тэдний аргалын савтай аргалыг дайрч унагаад тэгээд салгаад аваад гарахад ахиад ноцолдсон. Тэгээд Цг Ч ахиж унагаагаад нэг бол цохисон.-.толгой болон мөр зэрэг рүү нь гараараа цохисон. хамраас нь цус гарчихсан байсан"... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

Гэрч С.Цын өгсөн: ...Ч нь Цыг боож унагаагаад толгой тус орчим гараараа нэлээн удаан цохисон ба Цгийн цээжин дээр нь Ч нь суучихсан цохиод байхаар нь Чг гэрээс аваад гарсан юм... гэр лүүгээ эргэж ороод хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь Ч нь дахиад Цын дээр нь дараад суучихсан хоолойг нь боогоод дарчихсан байхаар нь салгасан юм... Цын хамраас цус гараад гоожсон байдалтай нүүр нь халцарчихсан зодуулсан байдалтай ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р тал/,

Гэрч Б.Сгийн өгсөн: ...хамт явсан Ч гэх залуу нь Цгийн нүүрэн тус газар нь цохиод байхаар нь манай хүү Цогоо Чг гаргасан. Тэгээд хамт явсан залуу нь Цг хэвтэж байхад нь аваад гарсан. Гэрийн гадна гараад маргалдаад байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,

 

Яллагдагчаар Б.Ч мэдүүлэхдээ: “...би 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Агэх айлд Б.Цтай маргалдаад тухайн айлаас гарч байгаад Б.Цыг ганц нэг цохисон. Харин дараа нь Цогоо гэх отрын айлд очоод тухайн айлаас Цтай гараад дахин маргалдаад би мушгиж унагаагаад дээр нь гараад гараасаа нүүр хэсэг рүү нь болон цээж хэсэг рүү нь цохисон. Тухайн үед хамт явж байсан хүмүүс салгасан. Тэгээд салгатал Цын хамраас цус гарчихсан урсаж байсан. Тухайн үед би нүүр болон цээж хэсэг рүү нь гараараа цохисон, мөн хөлөөрөө ганц нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 84 дүгээр:

1. Б.Цын биед хамар ясанд 1 тооны хугарал, зүүн чих, духны баруун дээд хэсэгт 4 тооны зулгаралт, хамрын нуруу, бугалганд 4 тооны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Шинэ гэмтэл болно.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

6. Б.Цын хамрын таславч дунд 1/3-р баруун тийш хуучин муруйлттай. Хамар ясанд 1 тооны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 53-55-р тал/,

 

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Ц, гэрч Б.Б, Б.А, Б.Ё, Д.Д, Б.С, С.Ц, Б.С нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Цын биед хамар ясанд 1 тооны хугарал, зүүн чих, духны баруун дээд хэсэгт 4 тооны зулгаралт, хамрын нуруу, бугалганд 4 тооны цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 84 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.Сайнзаяа дүгнэлтдээ “Прокурорын тухай хуулийн 17, 19., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7., 35.24 дүгээр зүйлийн 1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Б.Чийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Б.Чийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардал нэхэмжилж 269 600 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Ч нь 750 000 төгрөгийн хохирол төлсөн учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/93 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б.Чид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Чийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Чид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Тогооч овогт Бгийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

 

4. Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ