| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0103/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/98 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Б.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан хийж Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2115000000092 дугаартай, 163/2021/0103/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт .......оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Гүн овогт Бын Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Ц.Пийг “иргэн А.Бы хул зүсмийн 1 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж бусдад зарж борлуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.А ийн өгсөн: ... Би өөрийн гэсэн 2 азарга адуутай нийт 40 гаран тооны адуутай байгаа юм. Адууг манай том хүү Б малладаг юм. Тэгээд Б хамгийн сүүлд адуугаа Гурванбулаг сумын 4-р багийн нутаг “Сайн түрүү” гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тоолж бүртгэж үзэхэд бүрэн бүтэн байсан. Харин 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Сайн түрүү” гэх газарт адуунууд маань байсан. Харин тоолж бүртгэж үзэхэд хул зүсмийн нас бие гүйцсэн адуу алга болсон байна гэж манай том хүү Б хэлж байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан юм. Гэтэл сая хэд хоногийн өмнө “Сайн түрүү” гэх газраас холгүйхэн газарт манай алдсан гэх хул зүсмийн адуу болов уу гэлтэй сэг зэм олдсон. Иймд би хул адуугаа хулгайд алдаагүй байх гэж бодож байна. Харин чоно нохойн хоол болсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Пийн өгсөн: “... Энэхүү хэрэгт надаас хамгийн анх хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Ганхуяг мэдүүлэг авсан. Тухайн үед А ийн 1 тооны хул зүсмийн морийг Э та 2 авсан байна Э өөрөө хэлж байна гэж хэлсэн. Тухайн үед хэсгийн төлөөлөгч С.Ганхуягийг худлаа зохиож ярьж байна гэж бодож байсан. Тэгээд мэдүүлэг өгөхдөө угаасаа болсон явдлын талаар буюу тухайн хул морины талаар огт мэдэхгүй талаар хэлсэн... Тэгээд Этай уулзаж болсон явдлын талаар асуухад юу ч хэлэхгүй дуугүй байсан. Удалгүй мөрдөгч Э бид хоёрыг нүүрэлдүүлж мэдүүлэг авч байхад Э нь хариулахгүй нилээн удаан байж байснаа би хохирогч А ийн хүүхэд Гаас айсандаа тэгээд мэдүүлэг өгчихсөн юм гэж хэлж байсан... Би гомдол болон нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь Б.Эын амьдралын боломж бололцоог сайн мэдэж байгаа мөн хамт ойр дотно өссөн учир гомдох зүйлгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч А.Гын: “... Би алдсан хул адууг маань Э авсан байж магадгүй гэж бодоод 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн үед Гурванбулаг сумын төвд айлд хөзөр тоглож байгаад Этай таарсан. Тэгээд айл руу машинтай хамт явж байгаад замдаа зогсож машинаас буугаад Эд шууд та манай хул адууг авсан уу? гэж асуухад ах нь бол аваагүй харин авсан хүнийг гэрчилж чадна гэсэн. Өөр нээх зүйл яриагүй. Тухайн өдөр би Эыг зодож цохьсон зүйл байхгүй. Би жоохон өндөр дуугаар харьцсан нь үнэн. Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-р тал/,
Яллагдагчаар Б.Э мэдүүлэхдээ: “...Би тухайн үед буюу 2021 оны 1 сарын дундуур байх сумын төвд байж байгаад Гурванбулаг сумын төвөөс 18 километр зайд оршин суух П ахынд очсон. Тэднийд эхнэр болон хүүхдүүд нь байсан. Тэгээд гэрт нь сууж байтал П ах намайг хамт гол орчихоод ирье адуу бариадхъя гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклтойгоо явсан. П ах болохоор ухаа зүсмийн буюу зээрд гэх юмуу нас бие гүйцсэн бүдүүн морь эмээл хазаартай нь унаад ертөнцийн зүгээр баруун тийш “Тарнын гол” гэх газар луу явсан. Тэгээд бэлчиж байсан адууг П ах туугаад эзэнгүй айлын хаваржаанд хашсан. Тухайн үед би араас нь мотоцикльтой очиж байсан. Тэгээд хаваржаа нь дээр очиход П ахын адуу биш байсан болохоор нь би хулгай хийж авч байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд П ах хэлэхдээ тэр хул адууг бариад өг гэхээр нь би П ахын авч очсон цагаан өнгийн уяагаар бугуйл хийж байгаад хул морийг барьж аваад П ахын авчирсан даавуун ногтоор хул морийг ногтлоод П ахад өгсөн. Тэгээд би шууд гэрлүүгээ явсан. Харин П ах морио унаад хул морийг хөтлөөд гэрийнхээ зүг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,
Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө Ц.Пийг “Булган аймгийн Гурванбулаг сумын 5-р багийн нутаг “Голын шил ” гэх газраас 2021 оны 1 дүгээр сард иргэн А. Бы хул зүсмийн 1 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж бусдад зарж борлуулсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Б.Эын яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Гантулга дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө Ц.Пийг “Булган аймгийн Гурванбулаг сумын 5-р багийн нутаг “Голын шил ” гэх газраас 2021 оны 1 дүгээр сард иргэн А. Бы хул зүсмийн 1 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж бусдад зарж борлуулсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 8 сарын хугацаагаар тэнсэх саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж тогтоолд тусгуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь “бусдыг мал хулгайлах гэмт хэрэгт гүтгэсэн” гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан тул прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор хүсэлтийг хангаж шийдвэрлэж шүүхэд шилжүүлсэн. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Эыг “бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 64-70 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Э нь ...... амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Хохирогч Ц.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөн оногдуулж өгнө үү гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/43 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүн овогт Б-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ