Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

иргэдийн төлөөлөгч А.Л /онлайнаар/,

хохирогч Э.Ц,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-т холбогдох эрүүгийн 2115000000002 дугаартай, 163/2021/0037/Э индекстэй хэргийг 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овогт Г-ын М /РД: ............... /, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................................-т оршин суух хаягтай, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М-ыг зэвсэг /хутга/ хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ хоол хийгээд байж байхад найз Д гаднаас нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид хоёр тэр архийг хувааж уучихаад гадагшаа гарах гээд явж байхад Д “энэ айлд ороодхоё” гээд бид хоёр Эийнд орсон. Тэнд Э 2, 3 хүнтэй пиво уугаад сууж байсан. Бид нар үргэлжлүүлээд архи, пиво ууцгаагаад сууж байхад Ц гаднаас орж ирсэн. Тэгээд Цтай үл ялих зүйлээс болж маргалдсан. Би Эийн гэрээс гарч өөрийн гэрээс хутга авч буцаж ороод 2 удаа хутгалсан. Надад Цыг алах, гэмтээх санаа, зорилго байгаагүй. Зүгээр айлгая гэж бодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өглөө ажлаасаа буусан. Эхнэртээ хоол хийгээд байж байхад найз Ц дуудаад гэрт нь очиход пиво ууж байсан. Тэгээд дундуур нь эхнэрийн 1маягтыг эмнэлэг орж авсан. Буцаад ирэхэд дахиад пиво ууж байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал эхнэр ирээд “маргааш Булган явах гэж байж пиво уулаа” гэж уурлахаар нь би буцаад Цийнд очсон. Тэнд М, Д нар сууж байсан. Тэгээд Д намайг “архинд яваад ир” гэхээр нь “явахгүй” гэхэд М архинд явсан. Тэгээд авчирсан архийг нь би хундагалж өгөөд, өөрөө бага хэмжээгээр уусан. Тэр үед Д согтоод Эийн орон дээр унтсан. Тэгээд бид нар явах болоход Э Дийг орноос буулгах гээд татахад Мнаанаа унтуулчих” гэсэн. Тэгтэл Э дургүйцсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь М-т “чи дуугүй бай, эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлээд түүнтэй маргалдан түрүүлж цохисон нь үнэн. М, Эийн гэрээс гарч яваад буцаж орж ирээд намайг хутгалсан. Надад 1560000 төгрөгийг өгсөн, хохирол төлбөрөө бүрэн авсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй, санал гомдолгүй гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Г.М-ыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..................................-ийн нутагт байрлах сумын сургуулийн дотуур байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ц-тай маргалдаж, энэ үедээ зэвсэг /хутга/ хэрэглэж түүний биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.М-т 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Эрүүгийн 2115000000002 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..................................-ийн нутагт байрлах сумын сургуулийн дотуур байранд Т.М, Ч.Д, Э.Ц, Н.Э нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ “Н.Эийг гичий” гэж хэл амаар доромжилж, улмаар “эмэгтэй хүнтэй зохисгүй харьцлаа” гэж хэлсэн Э.Цтай маргаан үүсгэн зодолдох үедээ түүний хэвлийн хөндий болон зүүн өгзөг хэсэгт санаатайгаар хоёр удаа хутгалж иргэн Э.Цын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал бүхий амь насанд аюултай хүнд, зүүн өгзөгөнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь ..................................-ийн нутаг “Их хүрэмт” гэх газар Сайхан сумын төв сумын сургуулийн дотуур байр, ...цагаан тоосгон, нэг давхар нийтийн байр байна. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,

Хутганд үзлэг хийсэн: “...хэргийн газраас эд мөрийн баримтаар тооцон хураан авсан хутга нь цагаан гялгар өнгөтэй, шар иштэй байх ба хутганы нийт урт нь 26 см байх ба ажлын хэсэг 14.5 см, бариул хэсэг 11.5 см урттай байна. Хутганы үзүүр хэсэг нь 1 мм өргөн байх ба ажлын хэсгийн угийн өргөн 2.5 см, хутганы ажлын хэсгийн үзүүрээс 8.5 см, ажлын хэсгийн угаас 3 см зайд хутганы зүүн талын нүүрэн дээр том үсгээр “ХОРТИЦЯ” гэсэн бичигтэй байв...” гэх тэмдэглэл /хх-20 тал/,

Хохирогч Э.Цын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-ны орой 15 цагийн үед найз Ц намайг дуудсан. Дуудахдаа “би Эийн гэрт байна, чи энд хүрээд ирээч” гэсэн. Би хэсэг хугацааны дараа очиход Эийн гэрт Ц, Э, М гурвуулаа нэг пиво уугаад талдаа орж байсан. Намайг ороход надад нэг аяга пиво хийж өгөхөөр нь уучихаад “найз нь маргааш Булган явах ажилтай, энд эмнэлэг орох хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд гарах гэхэд Ц “тийм бол найздаа 2 пиво аваад ирээч” гэхээр нь би гараад сумын эмнэлэг ороод 13а маягтаа аваад дэлгүүр ороод 2 том нийслэл пиво аваад 16 цагийн үед Эийн гэрт ороход М, Ц, Э 3 байсан. Тэгээд бид хэд хөзөр тоглонгоо нэг пиво ууж дуусгаад байж байтал манай эхнэр залгасан. Тэгээд би “гэртээ очоод ирье” гэж хэлээд гараад явсан. Гэрт очоод эхнэртээ үнэн учраа хэлээд буцаад Эийн гэрт ирэхэд Ц орон дээр унтаж байсан. Эийн гэрт Д, М нар орж ирээд пиво ууж байсан. Д ах согтолт их байсан, харин М гайгүй байсан. Би хамт сууж байтал Д ах намайг машинтайгаа яваад 1 шил архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би “өө болохгүй, дүү нь архи уучихсан байгаа” гээд хэлсэн. Тэгтэл хажуунаас М ах “би яваад ирье” гээд дэлгүүр явсан. М ах нэг шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи оруулж ирээд би архийг тойруулж сөн түшсэн. Дараа нь Э эгч 1 том пиво тойруулж байсан. Тэгтэл М ах унтаж байсан Цийг сэрээсэн. Тэгтэл орон дээр зөрөөд Д ах унтсан. Тэр хооронд миний шээс хүрээд гараад бие засаад орж ирэхэд Д ах орноос унаад бид хэд өргөөд орон дээр тавих гэхэд гэрийн эзэн Э эгч “М чи наад Д-г дагуулаад яв” гэсэн. Тэгтэл М ах “чи хэзээ ийм байсан юм, гичий минь, би чамайг мэднэ ш дээ, ямар хүн гэдгийг чинь” гэж хэлсэн. Тэгсэн Э эгч “чи намайг ямар байхыг харсан юм уу” гэж хэлээд тэр хоёр хэрэлдээд байсан. Би хажуунаас нь “М ах та эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй шүү” гэсэн чинь намайг “чи дут пиздаа минь, чамд хамаагүй” гээд намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Ц ах бид хоёрыг салгасан. М гарч яваад гэртээ ороод удалгүй буцаж орж ирээд над руу чиглээд явсан. Тэгтэл гартаа хутга барьсан байсныг нь би хараад гараас нь барьж авах гэхэд хэд хэдэн удаа хутгатай гараараа цохих шиг л болсон. Удалгүй миний өгзөг халуу дүүгээд байхаар нь гараараа барьтал цус байсан. Тэгэхэд миний өгзгөнд хутгалсан байна гэж мэдээд “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Миний зүүн өгзөг, зүүн хэвлийд хутгалж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

Гэрч У.Б-гийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-нд өөрийн гэртээ эмээ, хоёр хүүхдийн хамт байсан. Тэгтэл манай хажуу хөрш Эийнд хүмүүс архи уугаад байсан. Би ч айгаад гэрээс гараагүй. Удалгүй Д гэрт орж ирээд “цагдаа дуудаад өгчих” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Дараа нь дахин орж ирээд “хүн хутгалчихлаа” гэхээр нь сумын эмч Д  руу залгасан” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,

Гэрч Ч.Дийн өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Мын гэрт очиж хоол идчихээд Мг дагуулж гараад танил Эийн гэрт орсон. Тэдний гэрт Э, Ц, М нар байсан. Хэсэг юм ярьж байгаад нэг шил архинд Мыг явуулсан. Удалгүй дэлгүүрээс М, Ц нар 0.75 литрийн нэг шил “ЭКС” архи, 2.5 литрийн “Нийслэл” пиво хоёр ширхэгийг авчирсан. Авчирсан архи, пивоо хуваан ууж байгаад би урд шөнө нь 24 цагаар коронавирусын штаб дээр гарсан болохоор нойр хүрээд, архи ууж байсан айлд газар шалан дээр унтсан байсан. Тэгээд хүмүүс орилолдоод унахаар нь би сэртэл Ц орон дээр эвхрээд хэвтэж байсан, М-ыг Ц чирээд хаалгаар гаргаж байсан” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

Гэрч Б.Д-ын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 10 минутанд ...........................-ийн сургуулийн дотуур байранд “хүн цус алдаад байна” гэх дуудлага, мэдээлэл .................. гэсэн дугаараас ирсэн. Би бага эмч ЖавзанД ын хамт дуудлага мэдээлэл дээр ирж иргэн Э.Ц-д анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Тэгэхэд эмх замбараагүй, энд тэнд цус асгарсан, өвчтөн суугаа байдалтай амин үзүүлэлт хэвийн согтолтын байдалтай байсан. Цавьны дээхэн талд ойролцоогоор 2 см өргөнтэй, гүн нь 8 см дээш ил шархтай, зүүн өгзгөн дээр 1.5 см өргөн, 2 см орчим гүнтэй ил шарх байсан. Хэргийн газар нь бохирлогдсон байсан. Уг хэрэг гарсан газар нь согтуу хүмүүс олон байсан учир эмнэлэг рүү хөлөөр тээвэрлэж ороход 20 цаг 35 минут болж байсан” гэх мэдүүлэг /хх-40 тал/,

Гэрч Т.М-н өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байхад манай хажуу айл хөрш Э эгчийн гэрт хүмүүс архи, пиво ууж эхэлсэн. Удалгүй хоорондоо хэрэлдсэн, М гэж залуу нь хэрүүл өдөөд байсан. Тэгтэл Ц уурлаад Мг цохиж авахад тэр хоёр хэсэг цохилцсон. Мгийн эхнэр нь хүүхдээ тэвэрч орж ирээд нөхрөө “боль” гэж хэлж байсан. Тэгээд М гэр рүүгээ орчихоод маш хурдан гарч ирээд Ц руу дайрсан. Тэгтэл Ц “пизда намайг хутгалчихлаа” гэж хэлсэн, тэгээд шалаар нэг цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-41 тал/,

Гэрч Н.Эийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Ц гэрт ирсэн. Хамт юм ярьж байгаад би цай чанаж бууз жигнэж өгсөн. Тэгээд манайд хэсэг унтаж байгаад 16 цагийн үед босоод Ц руу залгаад “манайд хүрээд ир” гэсэн. Удалгүй 17 цагийн үед гаднаас Ц гэрт ирсэн. Ц Цыг дэлгүүр рүү пивонд явуулсан. Дэлгүүрээс “Нийслэл” нэртэй 2.5 литрийн том пиво авч ирээд манай байрны хөрш Мтэй хамт дөрвүүлээ ууж байхад гаднаас Сайхан сумын орлогч дарга Д, М нар орж ирээд хамт суусан. Удалгүй Д, Мыг дэлгүүр рүү архинд явуулсан. Дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авчирч хувааж уусан. Тухайн архинаас нээх уугаагүй байж байтал Д манай орон дээр унтаад өгсөн. Тэгэхээр нь би “гарахдаа наад хүнээ аваад гараарай” гэж Мт хэлсэн. Тэгтэл “яагаад танай орон дээр унтаж болдоггүй юм гичий минь” гэсэн. Ц хажуунаас “яагаад эмэгтэй хүнийг доромжлоод байгаа юм” гээд хэрэлдэж байгаад Ц Мыг цохиод авсан. Тэгээд л М зодолдоод унасан. М гэр рүүгээ орчихоод гэнэт орж ирээд Ц руу дайрсан. Ц “намайг хутгалчихлаа, пизда” гээд орилсон. Тэр үед л би хутгалсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг/хх-42-43 тал/,

Гэрч Д.Д-гийн өгсөн: “Нөхөр хүүхдийн хамт гэртээ хоол идээд байж байхад гаднаас нөхрийн найз Д бага зэргийн архи уусан байдалтай орж ирсэн. Манайд хоол идчихээд Д, М хоёр гараад хажуу хөрш Эийн гэрт орсон. Би гэртээ байсан. Хэсэг хугацааны дараа шуугилдаад түчигнээд эхэлсэн. Тэрнээс өмнө гэртээ нэг орж ирээд виза карт авахаар нь би “яах гэж байгаа юм” гэж асуухад “Д мөнгө шилжүүлсэн юмаа, дэлгүүрээс юм авах гэж байна” гэж хэлсэн. Би харахад 20000 мянган төгрөг хийсэн байсан. Тэгээд карт аваад гарсан. 19 цаг 50 минутын орчим би гэртээ байхад хажуу хөрш Эийн гэрт шуугилдаад түчигнээд эхэлсэн. Тэгэхээр нь би гараад гэрт нь орох гэхэд хаалга онгойхгүй байсан. Хаалыг түлхэж онгойлгоод ороход Мын нүүр ам хамарнаас нь цус гарсан, Ц араас нь барьсан байсан. Би нөхрөө хараад “чи боль, наад нүүр чинь цус болсон байна, цусаа арилга, гэртээ ор” гэж хэлсэн. Тэгээд манай хүн намайг дагаад гэр рүү орсон. Би гэртээ ороод хүүхдээ бие засуулах гээд суух хооронд нөхөр хутга аваад гарсан. Орж ирэх үедээ гарнаас нь их цус гоожиж байсан. Би өөрийнхөө гарыг зүссэн гэж ойлгоод харах гэхэд хутга гараас нь унасан. Хутгыг би арчаад ахиж авах байх гэж бодоод шкафан доогуур хийсэн. Тэгээд байж байхад гаднаас цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 350 дугаартай: “Э.Цын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал, зүүн өгзөг хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал, зүүн өгзөг хэсгийн зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн өгзөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2020.12.03-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-65-67 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Г.М гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.2%-ийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-73-74 тал/,

Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед өөрийн гэртээ байж байхад найз Д манайд хүрч ирээд “Эийн гэрт оръё” гэж хэлэхээр нь “би ормооргүй байна” гэж хэлэхэд Д “оръё” гээд байхаар нь Дийн хамт Эийн гэрт орсон. Эийнд ороход Ц, Э, М нар “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво хуваан ууж байсан. Д намайг дэлгүүрээс “архи аваад ир” гэж хэлэхээр нь би “Дөлгөөн” нэртэй хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн “Экс” архи нэгийг худалдаж аваад очсон. ...Д тасраад Эийн гэрийн шалан дээр унтаад өгсөн. Би гэр рүүгээ орох гээд Дийг дуудахад Д сэрэхгүй байсан. Тэгээд гарах гэтэл Э надад хандан “энэ хүнээ авч яв” гэж хэлэхээр нь “Чи хэзээ ийм болсон юм бэ” гэж хэлсэн чинь хажуунаас Ц “та эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд би Дийг сэрээх гээд куртикнийх нь малгайнаас татах явцад миний хамар хэсэг рүү хүн цохих шиг болохоор нь өндийгөөд харахад Ц зогсож байсан. Би Цыг барьж аваад нүүрэн тус газарт нь баруун гараараа хоёр удаа цохиод Ц дундуур орж ирээд Ц бид хоёрыг салгасан. Би гэр рүүгээ гүйж ороод гал тогооны тавилга дээр байсан шар эрээн өнгийн бариултай хутга аваад Эийнд ороод Цыг айлгах санаатай түүн рүү дайраад өгзөг хэсэгт нь нэг удаа хатгахад Ц биеэ хамгаалж над руу дайрахаар нь би Ц-ын хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалчихаад гэр рүүгээ ороод хутгаа гэрийнхээ шалан дээр хаяахад манай эхнэр болох Д- манай хөрш болох Б-д Сайхан сумын цагдаагийн утасны дугаарыг өгөөд цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа, эмнэлэг хүрч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-111-112 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Ц-ын биед тухайн цаг хугацаанд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал бүхий амь насанд аюултай хүнд, зүүн өгзөгөнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд “нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно” гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.М-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.М нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хутга хэрэглэх нь хүний биеийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.М-ын хохирогч Э.Ц-ын биед гэмтэл учруулахдаа ашигласан 26 см урттай, шар өнгийн иштэй хутга нь Эрүүгийн хуулинд заасан тайлбараар хүйтэн зэвсэгт хамаарна.

Иймд шүүгдэгч Г.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М-ыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..................................-ийн нутаг сумын сургуулийн дотуур байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ц-ыг хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, давсагны ар ханын зүсэгдсэн урагдал бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас Э.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ оношилгоо, замын зардалтай холбоотой гарсан хохирлын баримтыг ирүүлсэн нь хэргийн 16-19 дүгээр талд авагдсан байх ба уг нотлох баримтын дагуу шүүгдэгч Г.М нь эмнэлгийн ор хоногийн төлбөр 1015000 төгрөг, эм тариа болон бусад зардалд 450000 төгрөг, нийт 1465000 төгрөгийг хохирогч Э.Ц-д төлснөөр хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд /хх-35 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.М-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:

Шүүгдэгч Г.М-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 77, 80-97 дугаар талд авагдсан түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ..................................-т амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлөгдөж хор уршиг арилсанаар хохирогч санал гомдолгүй байгаа байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 3 жил, 5 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй, 26 см-н урттай хутга, “Tigers гэсэн бичигтэй улаан өнгийн цамц тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.М-ыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй, 26 см-н урттай хутга, “Tigers гэсэн бичигтэй улаан өнгийн цамц тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД

              ШҮҮГЧИД                               Д.ОТГОНБААТАР

    ШҮҮГЧИД                               Э.ЭНЭРЭЛ