Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2018/ДШМ/09

 

   Ш.Батбаярт холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.Мөнхдөл, нарийн бичгийн дарга А.Энхбаярыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/35 дугаар цагаатгах тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ш.Батбаярт холбогдох 1817000180021 дугаартай 1 хавтас 168 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газарт нутаглах иргэн М.Оюунчулууны гэр дээр байсан шуудайтай ямаа, үхрийн /борцолсон/ нийт 44,1 кг махыг машин механизм ашиглан хулгайлж 180 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шархүүгийн Батбаярт холбогдох эрүүгийн 1817000180021 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ш.Батбаярыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батбаярт холбогдох 1817000180021 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Батбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5  дахь хэсэгт зааснаар Тоёота Приус 20 маркийн 30-60 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Нэргүй би, тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:

Ш.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газар нутаглах иргэн М.Оюунчулууны гэр дээр байсан шуудайтай ямаа үхрийн /борцолсон/ нийт 44.1 кг махыг машин механизм ашиглан хулгайлж 180000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Аймгийн Прокурорын газраас Ш.Батбаярыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр яллагдагч Ш.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ. Үүнд:

Шүүгдэгч Ш.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газар нутаглах иргэн М.Оюунчулууны гэр дээр байсан шуудайтай ямаа үхрийн /борцолсон/ нийт 44.1 кг махыг авч 30-60 УБИ улсын дугаартай Приус 20 маркийн Ц.Бөхбатын автомашины багаажинд нууж хулгайлан 180000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Прокурорын дүгнэлтэнд Ш.Батбаярын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт “Хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэж заасан.

Өөрөөр хэлбэл машин механизм ашиглана гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт ашигласныг машин механизм ашигласан гэж үзэхгүй болно гэжээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр яллагдагч Ш.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Ш.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газар нутаглах иргэн М.Оюунчулууны гэр дээр байсан шуудайтай ямаа үхрийн /борцолсон/ нийт 44.1 кг махыг машин механизм ашиглан хулгайлж 180000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч М.Оюунчулуун, гэрч Ц.Бөхбат, Л.Баасан, М.Баасанхүү, Ч.Гансугир нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Түүнд холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Ш.Батбаярын хувьд хэдийгээр иргэн М.Баасанхүүгийнхээс ямаа авах зорилгоор машинтай явсан байх боловч автомашинтай явж байгаа учраас шуудайтай махыг хулгай хийж, хэн нэгэнд баригдахгүй, түргэн шуурхай, зөөж тээвэрлэн төв газарлуу явах боломжтой юм байна гэсэн сэдэлт санаа, зорилго үүссэний улмаас хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт “Хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх машин механизм ашиглана гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт машин механизмыг урьдчилан бэлтгэнэ гэсэн ойлголтыг хуульчлаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хулгай хийх санаа сэдэлт хаана ч үүсч болно. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж машин механизм ашигласан гэдгийг заавал урьдчилан бэлтгэсэн байхыг шаардаж байгаа нь Эрүүгийн хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго, зарчимтай зөрчилдөж байна.

Ш.Батбаярын хувьд хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэсэн, хэргийн газраас зайлуулах зорилгоор машин механизмыг ашиглаагүй юм.

Иймд Ш.Батбаярт холбогдох Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.     

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

            Ш.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “ Улаан худаг “ гэх газар нутаглах  М.Оюунчулууны гэр дээр байсан ямаа болон үхрийн борцолсон мах болох нийт 44,1 кг нойтон махыг машин механизм ашиглан хулгайлан 180000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт холбогдсон ба түүний энэ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байна . 

           Анхан шатны шүүхээс Ш.Батбаяр нь машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдээгүй харин хулгайлсан эд зүйлийг хэргийн газраас зайлуулах зорилгоор ашигласан нь машин механизм ашигласанд тооцогдохгүй гэж үзэж өөрөөр хэлбэл түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

           Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/35 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                                                        Г.ТЭШСУУРЬ