Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0098

 

Э.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х

Нэхэмжлэгч: Э.О,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн иргэн Г.И-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0374/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О-ийн “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн иргэн Г.Ит холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.О нь Баянзүрх дүүргийн 11-р хороо Замчны 1-15 тоот хаягт байрлах хашаанд 2014 оноос хойш амьдарсан бөгөөд тухайн газар дээрээ газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Баянзүрх дүүргийн газрын албанд удаа дараа өөрийн биеэр болон ээжийгээ хариуцсан газар зохион байгуулагчтай нь очиж уулзуулсан байдаг юм. Гэтэл Баянзүрх дүүргийн газрын албанаас эхэнд нь очиход хашаагаа барьсны дараа газар эзэмших хүсэлтээ өг" гэх хариу өгсөн дараа нь очиж уулзахад газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа гэх тайлбарыг амаар хэлсэн байдаг юм. Энэ үед мөн өөрийн өргөдөл хүсэлтээ албан ёсоор бичгээр өгөх гэтэл бичгээр өгөх хүсэлтийг нь хариуцсан газар зохион байгуулагч нь хүлээж аваагүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан юм.

Нэхэмжлэгч Э.О нь Баянзүрх дүүргийн засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 тоот захирамжаар тухайн газар дээр огт амьдардаггүй хаана оршин суудаг нь тодорхой бус Г.И гэх хүнд газар эзэмших захирамж гаргаж улмаар гэрчилгээ олгогдсон байдаг юм.

Шүүх Э.О-ийн нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 дугаар хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших ашиглалтад байгаа газартай давхцаагүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэтэл харин ч гуравдагч этгээд Г.И нь хуулийн энэ заалтад хамаарахуйц өөрөөр хэлбэл бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг өөрийн нэр дээр гаргуулж авсан байгаа юм. Г.И-ыг газар эзэмших хүсэлтээ өгөх үед нэхэмжлэгч Э.О нь маргаан бүхий газар дээр амьдарч байсан.

Харин хариуцсан газар зохион байгуулагч нь газар эзэмших хүсэлт өгсөн айл өрхүүдээр явж бодит судалгаа хийж үзэхдээ Г.И гэх хүн амьдарч байна уу өөр айл амьдарч байна уу гэж судалж үзэлгүйгээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзнэ.

Иргэн О нь тухайн газар дээр олон жил амьдарч өөрийн хашааг барьж үл хөдлөх эд хөрөнгө бий болгосон байгаа нь хэрэгт авагдсан газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдох юм. Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.8. дахь хэсэгт зааснаар энэ маргаанд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хамаарна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн эд хөрөнгийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх вэ... Харин гуравдагч этгээд Г.И нь тухайн газар дээр ганц ширхэг банз ч хатгаагүй хүн юм.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж хууль ёсны итгэлийг хамгаалж, эд хөрөнгийг хамгаалах учиртай юм. Гэтэл маргаан бүхий газар дээр огт амьдраагүй, айлын амьдарч байгаа газрыг гаднаас нь зургийг нь дарж газар зохион байгуулагчид өөрийн газар мэтээр тайлбарлаж гэрчилгээ гаргаж авсан иргэнийг хамгаалж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0801 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн иргэн Г.И-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий актыг “...маргаан бүхий газар дээр 2014 оноос хойш гэр бүлээрээ амьдарч, өөрийн хашаа, үл хөдлөх эд хөрөнгө барьсан байхад тухайн газарт амьдарч байгаагүй иргэн Г.И-т бодит судалгаа хийлгүйгээр  2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэж маргаж байхад энэхүү нэхэмжлэлийн маргаж буй үндэслэлтэй холбоотой холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй атлаа зөвхөн “газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

4.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “..., дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ...ийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т .газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомжийн ..., зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”,

31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”,

 32  дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ...нийслэл,...ийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.”,

61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заажээ.

5.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын /маргаан бүхий акт гарах үед үйлчилж байсан/ 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын  5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд:”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах”,

6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ. 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.1. Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх; 6.2.2. Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”,

 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсаны дараа ажлын файлд үр дүнг оруулна.” гэжээ.

6.Дээрх хууль, журамд зааснаар хариуцагчаас гуравдагч этгээд Г.И-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа түүний хүсэлтэд дурдсан газар нь бусдын буюу нэхэмжлэгч  Э.О-ийн хашаа хатган, үл хөдлөх эд хөрөнгө, мөн гэр барин амьдарч байсан газартай давхцалтай эсэхийг шалган тогтоох, цаашлаад бусдын суурьшил буюу ашиглалт үүссэн газартай давхцалтай тохиолдолд энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгөх, үүнээс гадна газрын эзэмших, ашиглах эрх үүсээгүй байхад ашигласан буюу газрын хууль тогтоомжийн зөрчил гарсан тохиолдолд уг газрын зөрчлийг арилгах зорилгоор хуульд заасан журмын дагуу уг газрыг бүрэн чөлөөлсний эцэст дүүргийн Засаг дарга маргаан бүхий газарт бусдад газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах эрхтэй болохыг хуульд тодорхой зохицуулсан.

7.Иймээс маргаан бүхий актыг хариуцагч гаргахдаа хээрийн судалгаа хийж, бодит байдлыг тогтоож маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгосон эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс шалган тогтоож, дүгнэлт өгөх шаардлагатай.

Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хашаа хатгаж, үл хөдлөх эд хөрөнгө барьж, суурьшил үүсгэн амьдарч байсан эсэх, нэхэмжлэгчийн энэхүү хашаа, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар нь маргаан бүхий газартай бодитоор давхцаж байгаа эсэх, уг газрыг нэхэмжлэгч хууль ёсоор ашиглаж, эзэмшээгүй атлаа маргаан бүхий газарт хашаа хатгаж, үл хөдлөх эд хөрөнгө барьсан эсэх, энэ тохиолдлыг хариуцагчаас хээрийн судалгаа хийхдээ шалган тогтоож, газар чөлөөлөх ажиллагааг хууль ёсоор хийсний дараа гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгох шаардлагатай байсан эсэх, мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай хөрш залгаа газрыг эзэмшиж, ашиглах эрх олж авсантай холбоотойгоор маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө барьсан эсэх нөхцөл байдлыг бүрэн тогтоохтой холбоотой нотлох баримтыг цуглуулж, эдгээр нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

8.Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ