Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1247

 

“Айзарзоне” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-д холбогдох

 

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 орон сууцыг Айзарзоне ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

“Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун,

Хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15/09 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр “Айзарзоне” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн тус дүүргийн ажилчдын орон сууцны барилгын ажил буюу 9м х 18м суурьтай, 1 давхраас бүх талдаа 1.8 м консалтай барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор гүйцэтгүүлэхээр “Аминхүү констракшн” ХХК-тай тохирсон бөгөөд гэрээний үнэ 1 065 960 000 төгрөгийг 4 удаагийн санхүүжилтээр олгохоор тохирсон.

Энэ гэрээний дагуу “Айзарзоне” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын хооронд нийт 234 500 000 төгрөгийг “Аминхүү констракшн” ХХК-д төлсөн бөгөөд үүнээс 149 500 000 төгрөг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 6 ажилтнаас орон сууц захиалж өгсөн төлбөр байсан бол үлдэх 85 000 000 төгрөг нь гэрээний төлбөр байсан. Энэ 85 000 000 төгрөгийг Лексус 570 маркийн автомашиныг “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлэх замаар өгсөн. Гэтэл “Аминхүү констракшн” ХХК нь манай компанид мэдэгдэлгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай шууд барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байсан бөгөөд тухайн барилгыг барьж хүлээлгэж өгсөн байсан.

Иймд бид 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож тооцоо нийлж, гэрээ байгуулсан. Гэрээгээр “Аминхүү констракшн” ХХК нь тус компанид шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг “Айзарзоне” ХХК-д өгөх, “Айзарзоне” ХХК-д төлөх мөнгө төлбөр болох 140 000 000 төгрөгийг 2 хувааж буюу 50 хувийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл хувийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол хүлээх хариуцлагыг гэрээний 3 дугаар зүйлээр тохирсон байна.

Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал 2016 оны 7, 8 дугаар сард төлбөрөөс 70 000 000 төгрөгийг л 2 хувааж төлсөн ба бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй.

Иймд “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэхийг даалгах, гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70 000 000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх үндсэн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд үндэслэж шаардаж байгаа тул гэрээний 5.3-т зааснаар тус шүүхэд хандсан. Гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч өөрөө зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Айзарзоне” ХХК, “Аминхүү констракшн” ХХК нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгыг барьж гүйцэтгэж, захиалагч нараас төлбөр авах нөхцөлтэй байсан. Уг гэрээний дагуу “Айзарзоне” ХХК үүргээ биелүүлээгүй тул бид түр хугацаагаар ажлаа зогсоосон бөгөөд үндсэн захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “Айзарзоне” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээ цуцалснаар туслан гүйцэтгэгч болох манай компани мөн “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үндсэндээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлыг манай компани нь “Айзарзоне” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өөрөөсөө нэг ч төгрөгийн санхүүжилтийг хийгээгүй. Харин 85 000 000 төгрөгт тооцож автомашин шилжүүлсэн.

2 захиалагчийн хоорондын гэрээ цуцлагдсанаар манай гэрээ ч цуцлагдсан тул бид гаргасан зардлаа буцаан авах нөхцөл хомсдож, “Айзарзоне” ХХК-тай холбогдоход Лексус 570 маркийн 1 машиныг 85 000 000 төгрөгт тооцож манайд өгснөөс өөр ямар төлбөр мөнгө өгөөгүй.

Харин бид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах гэрээ байгуулж, санхүүжилтийг өөрөөс гаргаж, барилгын захиалагч нараас оруулсан хөрөнгө буюу мөнгөөр ажлын хөлс, гаргасан санхүүжилтээ буцаан авахаар тохирсон. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн байгаа.

“Айзарзоне” ХХК нь гэрээ цуцлагдахаас өмнө 6 захиалагчаас нийт 150 410 400 төгрөгийг ажлын хөлс гэж авсан байснаас манай компанид 149 500 000 төгрөгийг нь шилжүүлсэн бөгөөд бид уг мөнгийг захиалагч нартай байгуулсан шинэчилсэн гэрээний төлбөрөөс хасаж, зөрүүг нь аваад орон сууцыг олгосон байгаа.

Энэ байдлаар “Айзарзоне” ХХК нь манай компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85 000 000 төгрөгт тооцож автомашины өгснөөс өөр төлбөрийг өгөөгүй нь тогтоогдоно. Манай компани энэ төлбөрөөс нь 70 000 000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд захиалагч нарын төлбөрөөс дутуу өгсөнийг хасаж тооцвол 3 сая гаран төгрөгийн төлбөрийн асуудал байх ёстой. Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас манай компанид маш их хохирол учирсан тул одоо ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй.

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг гэрээ нь хууль бус бөгөөд уг гэрээнд манай компанийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, уг гэрээг байгуулах болсон үндэслэл нь нэхэмжлэгч гэрээ байгуулах үед уг гэрээнд заагдсан зүйлийг манай компанид хамааралгүй, зөвхөн автомашины төлбөрийн тооцоог л тусгасан, түүнийг хэрхэхтэй холбоотой асуудалд хамаатай гэж тайлбарласан явдал юм. Би тухайн үед тэр тайлбарт нь итгэж, гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Гэрээг бэлдэж ирсэн байсан бөгөөд би бүрэн уншаагүйгээс С.Батсайханы хэлсэн үгэнд итгэж л гарын үсэг зурсан. Түүнээс гадна сонгуулийн үе таарсан учир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шахалт, гуйлт нь уг гэрээнд гарын үсэг зурах 1 нөхцөл болсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч “Айзарзоне” ХХК нь “Аминхүү констракшн” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй болохоос мөнгө шаардах эрхгүй тул шилжүүлсэн машинтай холбоотой төлбөр тооцооноос өөр тооцоогүй учир “Айзарзоне” ХХК-ийн захирал С.Батсайханы үгэнд итгэсэн хэрэг.

“Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15/09 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байхад гэрээний үр дагавар болгож дахин гэрээг байгуулах замаар бусдыг төөрөгдүүлэх нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн хувьд хэлцлийн агуулгыг эндүүрсэн, тохиролцооны зүйл нь зөвхөн автомашин гэж бодож ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан тул “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг гэрээний дагуу гаргасан 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “Аминхүү констракшн” ХХК-д даалгах тухай “Айзарзоне” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 595 000 төгрөгөөс 590 230 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 857 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 4 770 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 857 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаартай шийдвэрээр хэргийг “Аминхүү констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх хуралдаанд “Айзарзоне” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй. Манай компанийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Б.Ганзоригт итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан боловч 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр шүүхэд компанийг төлөөлөн гүйцэтгэх захирал С.Батсайханыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон тухай албан бичгийг хүргүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар “Айзарзоне” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзоригоос татгалзаж байна гэж албан бичигт дурдаагүй ч компанийг гүйцэтгэх захирал С.Батсайхан төлөөлөх тухай тодорхой бичсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан утгыг бүрэн илэрхийлсэн гэж үзэж байна. Шүүхэд гүйцэтгэх захирал С.Батсайхан компанийг төлөөлөх тухай албан бичиг хүргүүлэхэд хуулийн шаардлага хангаагүй гэж хэлээгүй бөгөөд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж гараагүй. Иймд бид гүйцэтгэх захирал С.Батсайханыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт хүргүүлсэн нь хуульд харшилсан үйл ажиллагаа болоогүй гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал С.Батсайхан оролцоно, шүүх хурлын зарыг мэдэгдээрэй гэж шүүгчийн туслахад 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш гүйцэтгэх захирал С.Батсайхан нь биечлэн очиж хүсэхэд шүүгчийн туслах нь шүүх хуралдааны зар даваа гаригаас буюу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс тавигдана гээд шүүх хуралдааны зарыг мэдэгдээгүй. Ингэснээр манай компаний зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хуралдаанаа даваа гарагт товлох юм байна гэж ойлгосноос бус даваа гарагт хийх юм байна гэж ойлгоогүй бөгөөд шүүх хуралдааны зарыг бичгээр мэдэгдээгүй учир шүүх хуралдаан зарлагдаагүй байна гэж ойлгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг татгалзагдсан төлөөлөгчийг оролцуулан хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлэлгүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжоор илт хангаагүй гэж үзэж байна. С.Батсайхан нь уг гэрээт ажлуудтай холбоотой бүх асуудлыг маш сайн мэдэх хүн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлтүүдэд залилан мэхлэж буй үндэслэл илэрсэн тул шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргаж эрүүгийн журмаар шалгагдаж эхэлсэн нь өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзоригоос татгалзаж гүйцэтгэх захирал С.Батсайханыг итгэмжлэл олгож томилох үндсэн шалтгаан болсон юм.

“Айзарзоне” ХХК-ийг төлөөлүүлэн шүүх хуралдаанд оролцуулсан Б.Ганзориг нь шүүх хуралдаан дээр уг хэрэгтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаад байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадоржийн зүгээс асуулгар гэрч Х.Оюунтуул, н.Ууганбаатар, Б.Бямбабаатар нарыг гэрч нар нь ямар ажил гүйцэтгэсэн, ямар ажлыг хүлээлгэж өгсөн, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээтэй холбоотой ямар нөхцөл байдал үүссэн талаар нотлож чадах хүмүүс биш юм.

Уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/Ш32017/04941 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай захирамж гарчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг бүхий этгээд бөгөөд дээрх тайлбарыг шүүх үнэн зөв гэж үнэлэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, уг иргэний хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь тогтоогдсоор байхад шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлэсэн байдал харагдаж байна.

Шүүх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болголгүй хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр болжээ.

Хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Манай компани “Аминхүү констракшн” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан батлагдсан зураг төслийн дагуу 9х18 суурьтай, нэгдүгээр давхраас бүх талдаа 1.8 м консолтой барилга барих ажлын зургийг барилгын ажилтай уялдуулан хугацаа алдалгүй гүйцэтгэгчид шилжүүлэн өгч, уг зураг төслийн дагуу уг барилгыг хугацаанд нь барьж гүйцэтгэж захиалагчид шилжүүлэх, хэрэв санхүүжилт тасалдвал ажлыг 10 хоногийн дотор зогсоож эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр тохиролцсон. Бид уг барилгын ажлыг анх олох, зохих зөвшөөрлүүдийг авах, скиз зураг болон барилгын ажлын зураг хийлгэх, иргэд оршин суугчдаас барилга барихыг зөвшөөрсөн санал авах, хулдаасан хэвлэл хэвлүүлэх, орон сууц захиалагч нартай гэрээ байгуулах төлбөр тооцоо хийлгэх, банк санхүүгийн байгууллагуудтай уулзаж 8 хувийн ипотекийн зээлд хамруулахаар тохиролцох зэрэг барилга барихад бэлэн болгох бүх ажлын хүрээнд гарсан зардал буюу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд мөн оны 11 дүгээр сарыг дуустал зарцуулсан зардлын хэсэг болох мөнгөн дүнг “Аминхүү констракшн” ХХК нь өгнө гэж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд энэ нөхцлийг тус компани нь өөрсдөө хүлээн зөвшөөрөн гэрээ байгуулагдсан. Гэтэл хариуцагч нь тухайн үед өөрөө зөвшөөрөөд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үед гэрээний чөлөөт байдлыг ханган, ямар нэг хүч хэрэглэлгүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан, уг гэрээний улмаас хариуцагч нь зохих хэмжээний ашиг олсон байхад шүүх гэрээ ёсоор авах ёстой зүйлээ авч чадаагүй нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцсэнгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 391 дугаар захирамжаар байгуулагдсан ЗДТГ-ын албан хаагчдын орон сууц бариулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмагнай нарын “Айзарзоне” ХХК-тай хийсэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.5 дахь заалтыг зөрчиж “Аминхүү констракшн” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр давхар гэрээ байгуулсанаас үүдэж өнөөгийн үл ойлголцох асуудал үүссэн. Энэ асуудлыг О.Бямбадорж үүсгэсэн гэж үзэх үндэслэл байгаа бөгөөд “Айзарзоне” ХХК-ийн салбарт 2015 оны 11 дүгээр сарын эхээр О.Бямбадорж, Г.Бямбабаатар нар нь ирж уулзаад санхүүжилтийн асуудлаар ярилцсан сүүлийн өгсөн мөнгөөр гадна дулааныхаа ажлыг хийсэн бол ийм асуудалд хүрэхгүй байсан. Санхүүжилтийн хувьд “Айзарзоне” ХХК, СХД-ийн Засаг дарга, ажлын хэсгийн хооронд байгуулсан гэрээний 3.8-д заасан заалтын дагуу жагсаалтанд тусгагдсан хүмүүстэй гэрээ байгуулах гэж маш олон өдөр хоног явж СХД-ийн харьяа газар хэлтэс, бүхий л байгууллагуудаар орж сурталчилан таниулж маш их ажиллаж байж 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 гаран захиалагчидтай гэрээ хийж авч эхний болон дараагийн санхүүжилтийг авахаар ажилласан боловч мөн л Дүүргийн Засаг дарга, ажлын хэсгийн ахлагч нартай хийсэн дээрхи гэрээний 4.5, 2.4.1, 2.4.2 дах заалтууд тус тус биелэгдээгүй улмаас шалтгаалсан санхүүжилт тасалдсан асуудал болсоноос үүссэн хариуцлагыг дан ганц “Айзарзоне” ХХК үүрнэ гэдэг шударга үнэнд нийцсэнгүй. Мөн “Айзарзоне” ХХК, “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд хийгдсэн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь нууцын зэрэглэлтэй байна, энэ нь гэрээг ашиглаж ямар нэг зээл, тусламж авахгүй гэсэн утгатай гэж харилцан тохиролцож байгуулсан гэрээ юм. Манай компани бол барилгын материалын худалдаа, үйлчилгээ болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй компани, ихэнх бараа материал бэлэн байна, энэ манай найз ийм юм нийлүүлнэ гэх зэргээр итгэл олж авах бүх нөхцөлийг хангаж байгаад эцэст нь ийм залилан мэхлэх үйлдэл хийсэн хүн. Дээр нь хурлын тэмдэглэлийн 4 дүгээр талд хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “Айзарзоне” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээгээ цуцалсанаар туслан гүйцэтгэгч болох манай компани мөн “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болон “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлыг манай компани нь “Айзарзоне” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй гэсэн байхад хүртэл шүүгч илтэд үнэнийг гуйвуулсан: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр нь СХД-ийн Засаг дарга “Айзарзоне” ХХК-ийн хооронд хийгдсэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”-г 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн гэрээтэй андуураад дарааллаад 2 захиалагчийн хоорондын гэрээ цуцлагдсанаар манай гэрээ ч цуцлагдсан тул бид гаргасан зардлаа буцаан авах нөхцөл хомсдож, “Айзарзоне” ХХК-тай холбогдоход “Лексус” 570 маркийн 1 машиныг 85 000 000 төгрөгт тооцож манайд өгсөн, үүнээс өөр төлбөр мөнгө өгөөгүй гэсэн тайлбар гаргасан. Үүнээс харахад хариуцагчийн өмгөөлөгч 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн СХД-ийн Засаг дарга, “Айзарзоне” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ цуцлагдаагүй гэдгийг батлаж байхад шүүгч шийдвэртэй 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр мэтээр тусгасан. Уг нь эхний гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдож байж дараах гэрээ байгуулагддаг. СХД-ийн Засаг дарга, ажлын хэсгийн дарга болон байр захиалагчид гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс болсон асуудалд “Айзарзоне” ХХК-ийг нийлж байгаад буруутгав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйл 58.6-д зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэвч “Аминхүү констракшн” ХХК нь эсрэгээр нөгөө талдаа буюу “Айзарзоне” ХХК-д биш шүүхэд хүсэлт болгож өгсөн байх юм. Энэ ноцтой төөрөгдсөн гэдгийг нь шүүгч төөрөгдсөн байна, гэрээг хоёр тал харилцан тохиролцож ойлгосны үндсэн дээр хийх ёстой гэж үзсэн. 2016 оны гэрээний санаа манай санаа биш гэдгийг дахин хэлье. Энэ санаа нь “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 16/5 тоот албан бичгээр хүртэл албан ёсоор илэрхийлэгдсэн. Уг нь О.Бямбадорж барилгын ажил гүйцэтгэхэд 0-ээс эхлэсэн ажилд “Айзарзоне” ХХК-ийн гаргасан нийт зардал 140 000 007 төгрөгийг хоёр хувааж өгнө гэдгээ тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд баримт болгон тусгачихаад эхний төлбөр болох 70 000 000 төгрөгийг шилжүүлчихээд үлдэгдэл төлбөр болох 70 000 000 төгрөгийг удахгүй шилжүүлнэ гэсэн утга агуулга бүхий мессэжүүдийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ний өдөр компаний гүйцэтгэх захирал С.Батсайханы утсанд, мөн “Айзарзоне” ХХК-иас “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржид 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16/16 дугаартай, 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/21 дугаартай албан бичгүүдээр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний зүйл заалтуудыг биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлүүдийг шуудангаар хүргүүлж байсны хариуг “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадорж нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар албан ёсоор хариуг өгч удахгүй үлдэгдэл төлбөрөө өгнө гэж байсан нь ноцтой төөрөгдөөгүй гэдгийг илтгэж байдаг бөгөөд гэрээний зүйл заалтаа биелүүлнэ, удахгүй өгнө гэж итгэл олж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хууль бус гэрээгээ нуун далдлах хэлбэрт оруулж, хугацаа авч байгаад уг барилгад улсын комисс ажиллуулж өөрийн талд асуудлыг эргүүлж, гэрээний барьцаанд тусгасан хоёр байрыг н.Гантогоо, Солонго нарын нэр дээр шилжүүлж үүргээс зайлангуутаа шүүхэд би ноцтой төөрөгдөж гэрээ хийсэн, ямар ч үндэслэлгүй гэрээний зүйл заалтаар төлбөр төлүүлэх гээд байна гэж санаатай залилан мэхлэж байгаа хангалттай үндэслэл байхад шүүгч илт хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн нь дээрх эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байгаа юм. О.Бямбадорж нь шүүхэд мэдүүлэхдээ ол гэж хэлсэн гэж мэтээр ярьсан байх Р.Лхамсүрэн гэж хүн надад барилгад 6 хүнээс өөр захиалга авч чадаагүй одоо та нар учраа ол гэж хэлсэн гэх мэтээр ярьсан нь үндэслэлтгүй. Анхнаасаа СХД-ээс хүртэл бид сайн ярилцсан манайхаас хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авах сонирхолтой маш олон алба хаагч нар байна. Ер нь Нийслэлийн удирдлагууд төрийн захиргааны ажилтанд нэг удаа байр авахад нь тодорхой хэмжээний тэтгэлэг буюу авах гэж буй байрны 15 хувийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг буцалтгүй тусламжаар олгох гэж байгаа мэтээр ярьж байсан. Бидний гаргасан алдаа гэж үзвэл СХД-ийн албан хаагчдын орон сууцыг төлбөрөө төлж чадахгүй байна гэх нэрийдлээр гадагш буюу зах зээлд гаргаад нэмүү өртөг шингээж борлуулаагүй дутагдал л байхад бид тэднээс зугтаж алга болох шалтаг одоо ч олдохгүй л байна. Бид хийх ёстой бүгдийг хийсэн хэн ч захиалагч нараас хүчээр төлбөр гаргаж чадахгүй. СХД-ийн ЗДТГ-аас тэр барилгыг барих гэж 2013 оноос л хөөцөлдсөн боловч үр дүнгүй байсан гэдгийг тухайн үеийн бүх удирдлагууд хүлээн зөвшөөрч байсан.

“Айзарзоне” ХХК нь анх 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний төслийг хийж байсан тухайн үед дүүргийн Засаг даргын туслахаар ажиллаж байсан М.Ууганбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан хэргийг шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2017/04941 дугаартай захирамжаар Х.Орхонтуул, О.Бямбабаатар, М.Ууганбаяр нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлээгүй М.Ууганбаатар, Г.Бямбабаатар нараас шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг авсан байгаа нь хуульд 105 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна. Уг гэрч нар нь манай компани болон захирлыг мэдэхгүй, танихгүй, “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэх мэтээр мэдүүлэг өгчээ. Гэрээ цуцлагдсан талаар хоёр талын заавал мэдэж байх ёстой зүйл байх гэж бодож байна. Гэрч Г.Бямбабаатарын мэдүүлгээр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг машин дотор хийсэн тогтоогдсон учир урьдчилан уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурж тамга дарсан хэлцлийнхээ агуулгын талаар хариуцагч нь буруу, бүрхэг ойлголттой байсан гэж үзэх үндэслэлтэй тул хэлцлийн агуулгын талаар төөрөгдсөний улмаас хийсэн хэлцлийг шүүх хариуцагчийн шаардлагаар хүчин төгөлдөр бус гэж тооцох нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т нийцнэ гэж үзсэнээр уг гэрээ үндсэндээ хүчингүй болсон байна. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал С.Батсайхан оролцсон бол гэрч гэх хүмүүс ийнхүү худал мэдүүлэг өгөх боломжгүй байсан. Учир нь бидний хооронд ямар гэрээ байгуулагдаж ажлаа хэрхэн гүйцэтгэж байсан талаар уг гэрч мэдэхийн дээдээр мэдэж байсан хүн билээ. Гэтэл мэдэхгүй, тэр компани нь яасан нь мэдэхгүй алга болсон мэтээр мэдүүлэг өгсөн нь гэрчийн үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг биелүүлээгүй байдал харагдаж байна. Гэрч М.Ууганбаатар нь шүүхэд мэдүүлэхдээ тухайн үед сонгууль болж байсан н.Чинболд дарга залгаад н.Лхамаа гэж хүн яриад байна. Энэ асуудлыг уулзаад шийдвэрлэ гэж хэлсэн. Ингээд би н.Лхамаа гэж хүнийг дуудаж уулзаад ямар ажил яаж явагдаад байгаа талаар болон Засаг даргын нэр төрд нөлөөлөх гээд байгаа юм уу, яах гээд байгааг тодруулж байсан гэж үнэмшилтэй нь аргагүй хэлсэн байх бөгөөд миний бие М.Ууганбаатар гэж хүнтэй ямар ч асуудлаар уулзах нь битгий хэл утсаар ч ярьж үзээгүй гэдгээ батлан хэлье. СХД-ийн Засаг дарга М.Чинболд, “Аминхүү констракшн” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хууль бус гэрээгээ нууцлах зорилгоор, мөн уг гэрээгээ хууль ёсны болгох гэсэн далд санаатайгаар л 2016 оны 6 дугаар сарын 22-ны гэрээг хийе гэсэн болохоос манай компаний зүгээс анхлан санал гаргах ямар ч үндэслэл, шаардлага байхгүй байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ ч байгуулагдахгүй байсан. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээ нууцалснаар ийм асуудалд хүрсэн. Сүүлд “Аминхүү констракшн” ХХК-тай СХД-ийн Засаг дарга нь “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байсныг бид 3 сард мэдсэн. Энэ гэрээ нь дээрх манай компанитай байгуулсан гэрээтэй үг үсгийн зөрүүгүй шахам адилхан байгаа. Гэрч М.Ууганбаатар нь өөрөө гэрээ хийдэг эрх бүхий албан тушаалтан /мэргэжилтэн/ мэтээр шүүхэд мэдүүлэг өгсөн байх бөгөөд Засаг даргын туслах хийж байгаад 2016 оны 01 дүгээр сард Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хүн нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны гэрээг би хийсэн, өмнөх гэрээг цуцалсан гэх мэтээр шүүхэд худал мэдүүлэг өгч шүүгчийн гаргах шийдвэрт нөлөөлөөд байж байсан болж таарч байна. Манай зүгээс барилгын талбай дээр тоосго өрж шавар зуурсан, зуураагүй гэж маргалдаагүй бөгөөд барилгын ажилтай холбогдож гарсан зардлыг чинь буцааж өгье гэсэн санааг нь дэмжиж нийт гарсан зардлыг л буцааж өг гэсэн үндсэн дээр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд хоёр тал тооцоо нийлсэнийг батласан бичиг баримт юм. Манай компанид СХД-ийн зүгээс 20 гаран захиалагч гэрээ хийж орон сууц авна гэсэн боловч 6 хүн л мөнгөө хагас дутуу өгч цаашид мөнгө өгч чадахгүй байсан болохоор л уг барилгын санхүүжилт доголдсон ба санхүүжүүлэх банктай тохирсон боловч уг банк дэд бүтцээ хийгээгүй, дээврийн ажил дутуу гэдэг шалтгаанаар санхүүжилт хийгээгүй. Үүнийг О.Бямбадорж нь бас мэдэхийн дээдээр мэдэх хүн. 8 хувийн зээл өгөх банкыг нь хүртэл олоод өгч байхад энэ дүүргийнхэн яасан өөдгүй хүмүүс вэ л гэж яриад явж байсан. Орон сууц захиалагч М.Ууганбаатар хүртэл “Айзарзоне” ХХК-тай буюу манай компанитай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууцны барилга захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ хийж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэ хүн гэнэт манайхыг мэдэхээ больсон. “Айзарзоне” ХХК нь СХД-ийн “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-тай инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих 01, 02 дугаар гэрээ хийхэд инженер Х.Орхонтуул нь зөвлөхийг төлөөлж гарын үсэг зурж байсан бөгөөд хяналт тавих гэж ирээд явах болгондоо гүйцэтгэх захирал С.Батсайхантай утсаар холбогддог эсвэл тааралдаж байсан ба барилгын карказ босч дүүргэлт хийсэн үед залгаж танайхан дээвэр дээр гарах шатаа хийгээгүйгээс болж дээврийн ажлыг шалгах боломжгүй болоод байна гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьж холбогдож байсан албан тушаалтан билээ. Ийм л хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Хэрэгт цугларсан баримтаас хэн хэнтэй хэзээ анх гэрээг байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээг хэнтэй байгуулсан, хэн хэнд хэдэн төгрөгийг өгсөн, өгөөгүй, өгөхийг зөвшөөрсөн эсэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас манай компаниар дамжуулан санхүүжилт хийсээр байсан нь тодорхой харагдсаар байхад бүх баримтыг хариуцагчийн талыг баримтлан үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Энэ хэрэгтэй холбоотой буюу “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржийн гэрээгээр халхавчлан манай компанийг залилан мэхэлж хохирол учруулсан талаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжгүй үндэслэлээр гомдолд хавсаргаж өгөөгүй болно. Уг хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр СХД-ийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолын хуулбар нь манай компанид байгаа. Энэ хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байхад хэргийг иргэний журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадорж нь нэхэмжлэлд дурьдсан 2 өрөө 2 ширхэг орон сууцыг хуурамч гэрээгээр Б.Гантогоо болон Э.Солонго нарт шилжүүлж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчээс түүний үйлдлийг шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч, улмаар О.Бямбадоржид холбогдуулан эрүүгийн 201726010491 дугаартай хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.

Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар хариуцагч О.Бямбадоржид холбогдуулан эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа талаар дурдаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг нотлох баримтаар гарган өгсөн, мөн шүүх хуралдаан дээр хариуцагчаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болохоо өөрөө хүлээн зөвшөөрч маргахгүй байхад анхан шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор, эсхүл ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн ...журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” бол хэргийг түдгэлзүүлэхээр заасан байдаг тул эдгээр хуулийн заалтыг шүүх хэргийг шийдвэрлэхэд заавал хэрэглэх ёстой юм.

Иймээс анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00948 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж магадлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Айзарзоне ХХК” нь хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, харин 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны барилга барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ажилтан, албан хаагчдын 6 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр тохирсон бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 13-аас 2015 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд туслан гүйцэтгүүлэхээр 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх тухай 15/09 дугаартай гэрээг байгуулжээ. /хэргийн 111-114, 139-141 дүгээр тал/

 

Хариуцагч “Аминхүү Констракшн” ХХК нь гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлыг гүйцэтгэх явцад буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үндсэн захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь “Айзарзоне” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр “Аминхүү Констракшн” ХХК-тай 01/14 тоот ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хариуцагч “Аминхүү Констракшн” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2016/446 тоот комиссын актаар барилга байгууламжийг ашиглалтад оруулсан үйл баримт нь гэрээ, Улсын комиссын акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс нийт 234 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээс 149 500 000 төгрөг нь үндсэн гэрээний дагуу 6 иргэнээс авсан байрны урьдчилгаа төлбөр, үлдэх 85 000 000 төгрөгийн төлбөрт Лексус 570 маркийн автомашиныг тооцон шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Үндсэн ажил гүйцэтгэх гэрээ цуцдагдснаар зохигчдын хооронд байгуулагдсан ажил туслан гүйцэтгэх гэрээ мөн цуцлагдсантай холбогдуулж зохигчид 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр “Айзарзоне” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг, захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ, дагалдах бичиг баримтын хамтаар “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлэх, “Аминхүү констракшн” ХХК нь “Айзарзоне” ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140 000 000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 6 дугаар сарын 25-ны дотор 70 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор 70 000 000 төгрөгөөр төлж барагдуулах, “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг “Айзарзоне” ХХК-д хийж өгөх, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 20 айлын байрны нийт 156 м.кв 3 орон сууцыг 125 000 000 төгрөгөөр, зоорийн давхрын 2 ширхэг зогсоолыг 7 500 000 төгрөгөөр тооцож шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 12-13 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК нь 2016 оны 7 дугаар сард 70 000 000 төгрөгийг “Айзарзоне” ХХК-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй ба харин нэхэмжлэгч нь 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын баримт, үлдэх 70 000 000 төгрөгийг хариуцагч шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж, 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийлгэж баримтыг гаргуулах, 70 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Учир нь хариуцагчид бэлнээр шилжүүлсэн 149 500 000 төгрөг нь барилгыг захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 6 ажилтны орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгө буюу уг төлбөрт тооцон орон сууцыг хариуцагч нь тэдгээр иргэдэд хүлээлгэн өгсөн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй болон 85 000 000 төгрөгт тооцож автомашин хүлээн авсанаас 70 000 000 төгрөгийг буцаан өгсөн, өөр мөнгө нэхэмжлэгчээс аваагүй тул орон сууц шилжүүлэн өгөх үүрэггүй, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь хүчин төглдөр бус хэлцэл гэж хариуцагч маргаж буй тохиолдолд, нэхэмжлэгч шаардлага, түүний тайлбарын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл талууд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан талаар маргаагүй, харин уг гэрээтэй холбоотой авсан зүйлийг буцаан өгөхөөр хийсэн гэрээний зүйлийн талаар маргаж, нэхэмжлэгч хариуцагчаас шаардаж буй 140 000 000 төгрөгт, талуудын маргаагүй 85 000 000 төгрөгт тооцон өгсөн автомашинаас илүү гарсан 55 000 000 төгрөгт, дээрх орон сууц захиалагчаас шилжүүлсэн 149 500 000 төгрөг ороогүй, өөр бусад зардлыг тооцсон гэсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэчид төлсөн 70 000 000 төгрөгөөс илүү гарсан автомашины үнийн зөрүү 15 000 000 төгрөгийг хариуцагч ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн төлбөртэй холбогдон гарсан зардалд тооцон буцаан төлөх үүрэггүй гэж маргасан боловч нэхэмжлэгч нь мөнгөн төлбөр нэхэмжлээгүй тул уг 15 000 000 төгрөгт тооцон хариуцагчаас орон сууц гаргах үндэслэлгүй болно. Мөн хариуцагчид шилжүүлсэн 6 иргэний орон сууцны төлбөр 149 500 000 төгрөгт нэхэмжлэгч НӨАТ төлөх үүрэг үүссэн талаарх татварын тайлан, баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн талуудын маргааны зүйл болох 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний агуулгыг хариуцагч эндүүрч ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хүчин төгөлдөр бус тооцох хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-д нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотой төлбөр төлөх агуулгатай уг гэрээг хариуцагч хэрхэн яаж эндүүрч, ноцтой төөрөгдсөн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч төлбөрийн хэмжээний талаар маргаж буй нь ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжилж буй 2 орон сууцыг хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадорж нь бусдын өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотойгоор түүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа явдал нь зохигчдын хоорондох маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2017/04941 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК-ийн, “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 448 180 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                                С.ЭНХТӨР