Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч М.О,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан хийж Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 2115000730112 дугаартай, 163/2021/0104/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 01ий өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .......гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Х овогт Эын Э /РД:Г ******** /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3-р баг Сүүдэр гэх газарт эхнэр М.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн:  Мэдүүлэг Өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Хохирогч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь манай нөхөр адуунд явна гээд хонож өнжөөд явдаг байсан. Тэр өдөр бас адуунд яваад ирэхгүй болохоор нь айлаас сураглаад айлд очсон байхаар нь араас нь очсон. Тэгтэл айлд пиво уугаад сууж байхаар нь уурлаад тийм зүйл болсон гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Огийн өгсөн: ...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр Э.Э 12 цагийн орчимд адуундаа явсан. Тэгээд би удалгүй гэрээсээ гараад хартал мал тарчихсан байхаар нь саахалтын Л гэх айлруу залгаад “манай нөхөр байна уу” гэхэд “байхгүй ирээгүй байна” гэсэн. Би хонио бөөгнүүлчихээд гэртээ орж иртэл Л надруу залгасан байхаар нь эргүүлээд залгахад “танай нөхөр ирчихсэн байна” гэж хэлэхэд нь “Наашаа ирэх шинж байна уу” гэхэд “мэдэхгүй байна жаахан архи уучихсан байна, хажуу айлруу орчихлоо” гэхээр нь би яваад очтол манай нөхөр Э пиво уугаад сууж байхаар нь дуудаж гаргаж ирээд “хонь малаа харахгүй хаагуур яваад байгаа юм” гэж хэлтэл “Сүртэй юм. Чи миний араас мөшгөөд байгаа юмуу” гэж хэлээд намайг гараараа 2-3 удаа алгадахаар нь би зөрүүлээд нөхрөө 2-3 алгадсан. Энэ үед хажуу айлын Б гэх хүн гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Б бид хоёрыг гэрт ороод тайвшир гэж хэлээд дагуулаад орсон. Тэгээд бид гурав байж байтал Б нөхрийгөө дуудах гээд гараад явтал манай нөхөр гэнэт миний хоолойг боогоод “Чамайг одоо л алчихъя” гэж хэлээд гараа атгаж байгаад намайг ойролцоогоор 5-6 удаа цохисон. Тэр үед гаднаас Л, Б хоёр орж ирээд манай нөхрийг салгасан юм. Тэгэхээр нь би ээждээ хэлнэ гээд суурин утсаар залгах гэтэл манай нөхөр утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Тэгтэл Б “Би ээжрүү чинь залгачихья” гэж хэлтэл манай нөхөр гараад явчихсан. Тэгээд би Лгаар гэртээ хүргүүлтэл манай хадам ээж, аав 2 гэртээ ирчихсэн байсан. Гэртээ галаа түлээд байж байхад манай ээж А ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн **-**-р тал/,

 

Гэрч Ц.Мийн “... А миний байсан айлд ирээд “танай хүү манай охин Ог зодсон байна, надруу ******** дугаараас залгаж хэлсэн” тухай хэлсэн. Тэгээд би * дугаар луу нь залгаж юу болсон талаар асуухад “Э манай гэрт сууж байхад эхнэр нь аваад гарсан” гэж хэлэхэд нь бм Э, О нарыг маргалдсан тухай асуухад “гадаа маргалдаж байсан, би сайн сонсоогүй, Э манайд У , О  нарыг үлдээчихээд явсан” тухай надад хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед гэр лүүгээ Орхон сум руу очсон. Тэгээд би өөрийн хүү Эын гэрт ортол хүн байгаагүй, би гадаа хонио хашаад байж байтал О гэртээ ирсэн. Удалгүй Огийн ээж болох А ирж би араас нь дагаад ортол О толгойгоо цагаан маарлаар боочихсон, цус урссан, уйлчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн **-**-р тал/,

 

Гэрч М.Пын “... Тэгээд 16 цагийн орчимд Э.Э манайд ирэхээр нь би эхнэрлүү нь залгаад “Э ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг мэдсэн чинь О, Э хоёр Д  ахын гэрийн гадаа маргалдаж байсан. Тэгээд маргалдсан хэвээр манай гэрт орж ирсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэрийн хажууд нөхөр дээрээ очсон юм. Тэгтэл гэнэт манай гэр дотор О уйлаад байхаар нь би яваад ортол Огийн нүүр нь бүхэлдээ цус болчихсон байхаар нь би нөхрөөс нь юу болсон талаар асуутал юу ч дуугарахгүй байсан. Тэгээд би Огаас асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд О ээжрүүгээ яриад байсан. Тэгтэл Э манай нөхөр Л той хамт гэрлүүгээ яваад 2 хүүхдээ эхнэртээ авчирч өгөөд явсан. Тэгээд удалгүй О “Би гэртээ харьж юмаа бэлдлээ. Намайг хүргээд өг” гэж хэлээд манай нөхрөөр хүргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 21-р тал/,

 

Гэрч Г.Лын “... Тэгтэл Д  гуай 1 ширхэг том пиво гаргаж ирэхээр нь Э, Л, Д ах бид 4 хувааж уугаад байж байтал манай эхнэр П орж ирээд “Эаа эхнэр чинь залгаад байна. Чамайг ирсэн эсэхийг асуугаад байхаар нь ирсэн гээд хэлчихсэн. Чи эртхэн хариарай” гэж хэлсэн. Гэтэл удалгүй О хүрч ирээд Эт “Чи новш минь давраад байгаа юм биш үү. Өдөржин ажлаа барахгүй байхад чи айл хэсээд байхдаа яадаг юм гараад ир” гэж хэлэхэд нь Э гараад явсан. Тэгээд бид гурав нөгөө пивоо ууж дуусгаад би гэртээ яваад ортол Огийн духны зүүн талаас цус гарчихсан. “ээжрүүгээ ярина” гээд зогсож байсан. Тэгтэл удалгүй О надад  чи яваад манай хоёр хүүхдийн аваад ирээч гэж хэлтэл Э за тэгвэл хамт явья гээд бид хоёр мотоцикльтой тэдний гэрлүү яваад хүүхдүүдийг нь Од авчирч өгсөн...”

гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

 

Яллагдагчаар Э.Э мэдүүлэхдээ: “...тэгээд би гэрээс гараад эхнэр дээрээ очтол намайг гараараа 2-3 алгадаад мотоциклийнхоо түлхүүрийг аваад ир гэж хэлсэн. Тэгээд жаахан маргалдаад байж байтал манай эхнэр ээжрүүгээ залгана гээд Л ынх руу орохоор нь би дагаж ороод утсаар яриулахгүй гэж ноцолдоод миний хүзүүнд байсан дуран савагдаад манай эхнэрийн хамрыг цохичихсон юм шиг байна лээ. Тэгээд цааш ноцолдож байгаад би баруун гараа зангидаж байгаад эхнэрийнхээ толгой руу цохитол зүүн хөмсөгнөөс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай

1. Магадлуулагчийн биед хамар ясны зүүн хажуу хананы хугарал, зүүн шанаанд нэг тооны язарсан шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхи, хүзүүнд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх хамар ясны зүүн хананы хугарал, зүүн шанаан дахь язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтлүүд эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн **-**р тал/,

 

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн **-**/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг Сүүдэрт гэх газарт эхнэр М.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч М.О, гэрч Ц.М, М.П, Г.Л  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон М.Огийн биед хамар ясны зүүн хажуу хананы хугарал, зүүн шанаанд нэг тооны язарсан шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхи, хүзүүнд олон тооны цус хуралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /хх-н **-** тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Шижиртуяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг Сүүдэрт гэх газарт эхнэр М.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч гомдол саналгүй гээд одоо шүүгдэгчтэй хамт амьдарч байгаа. Хэргийн хувьд адуу малдаа яваад хонож өнжих асуудал байдаг ба өөрөө бүл хүчгүй, мал нь тал тал тийшээ тарсан байсан тул бухимдаад нөхрийнхөө араас нь очсон. Очсон айлын гэрийн эзэгтэйтэйд намайг ирсэн гэдгийг эхнэрт битгий хэлээрэй гэж хэлснээс болоод уурласан. Энэ үйлдлээс болоод шүүгдэгч Э.Э нь хохирогчийг зодсон нь тогтоогддог. Хохирогчийг эхлээд цохих үед хохирогч эргүүлээд Эыг цохисон зүйл байдаг. Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хохирлын хувьд маргах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Залуу гэр бүлийн хувьд анхаармаар зүйлүүд харагдаж байгаа. Нэг нэгнийгээ мөрдөн мөшгисөн байдлаар хандах нь хэн хэнийхээ нэр төрд болон гэр бүлийн харилцаанд муу  нөлөөтэй шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн ач холбогдлыг ойлгож байгаа тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

 

Шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч М.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрээд хамт амьдарч байгаа тул ял шийтгэлийг хөнгөн оногдуулж өгнө үү гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4/45 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Х овогт Эын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Эт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ