Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, 

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч Д.С,

Шүүгдэгч Б.Г, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Бын Г, Х овогт Д ийн Б нарт холбогдох эрүүгийн 1815003350023 дугаартай, 163/2021/0087/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Х овогт Бын Г, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... од оршин суух, мэргэжилгүй, бага боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /РД: /,

 

Монгол Улсын иргэн, Х овогт Д ийн Б , 1982 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... од оршин суух, мэргэжилгүй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Г, Д.Б нар нь бүлэглэн Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Зоон даваа“ гэх газраас иргэн Л.Д ын гэрийн гадаа байсан иргэн Д.Сийн эзэмшлийн “Даюун” загварын мотоциклийг хулгайлж 1850000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 6 сарын 02-03-нд шилжих шөнө Б  дээр очсон. Б  “шинэ мотоцикльтой болмоор байна” гэсэн. Тэгээд өдөр 12 цаг болж байхад яваад хохирогчийн гэрийн урд байж байгаад харанхуй болсон хойно мотоциклийг очиж авсан. Намайг араас аваад ирээрэй гэсэн. Тэгээд би араас нь дагасан. Тэгээд түрүүлж баригдсан нь хариуцна шүү гэсэн. Тухайн үед би Б эс 100000 төгрөг авсан гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт гэртээ байхад Г над руу утсаар ярьсан. Тэгээд “хамт яваад мал маллаж байгаа айлдаа буух гэсэн юм” гэхээр нь би “өнөөдөр хөдөө явах гэж байна, өдөр 2-3 цагийн үед хүрээд ир” гэсэн. Тэгээд “Зоон даваа” гэх газарт Гтай ирсэн. Тэгээд Г “энд миний малыг нь маллаж байгаа айл байдаг юм” гээд намайг “яв” гэсэн. Дараа нь манай гадаа улбар шар мотоцикль байсан. Маргааш өглөө нь гараад харахад шинэ мотоцикль байсан болохоор нь “ямар учиртай мотоцикль юм” гэхэд “би хөлсөндөө авсан, хямд зарна” гэсэн. Тэгээд “яаж зарах юм” гэхэд “чамд бол хямд өгнө” гэхээр нь эхнэрээс мөнгө шилжүүлж аваад 2020 он хүртэл мотоциклийг унасан гэх мэдүүлэг. 

Хохирогч Д.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирлоо гаргуулж авмаар байна. 1850000 төгрөг, шатахууны зардал гээд нийт 2700000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг. 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сийн өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өглөө 06 цагт босоод гэрээсээ гараад хониндоо явсан юм. Тэгээд өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай ээж С.Д  гэртээ байж байсан. Тэр өдөр цас орж эхэлж байсан учир “Даюун” загварын улбар шар мотоциклио гэрийнхээ бүслүүрнээс дээлээрээ бүтээж тавьчихаад 21 цагийн орчимд өвөлжөөндөө очиж хонио харж хонох гээд явсан юм. Манай өвөлжөө манай гэрээс 200 метр зайтай л байдаг юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 06 цагт босоход цас зогсчихсон байсан. Тэгээд би гэрлүүгээ алхаж явж байтал гэрийн гадаа мотоцикль маань байхгүй, хучиж тавьсан дээлнүүд маань бүгд газар уначихсан байхаар нь би гэртээ ороод ээж Д т “Ээж мотоцикль хаана байгаа юм” гэж асуухад “харин байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад мотоциклийнхоо мөрийг дагаад явтал засмал ороод алга болчихсон. ...Тэгээд би гол гатлах гээд уруудаад явж байтал нэг улбар шар өнгийн мотоцикльтой хүн голд гацчихсан байхаар нь миний алдсан мотоцикль биш байгаа даа гэж бодоод би тойрч очоод тухайн мотоциклийг татаж гаргаж ирж байгаад тонгойгоод сер дугаарыг нь хартал миний алдсан Даюун маркийн улбар шар өнгийн мотоциклийн дугаартай яг тохирч байсан. Миний мотоциклийн дугаар *****гэсэн дугаартай байсан юм. Тэгэхээр нь би тухайн хүнээс “хаа хүрэх гэж байгаа юм” гэж асуухад тэр хүн “Би аймаг орох гэж байна” гэхээр нь би “Би ч бас аймаг орох гэж байгаа юм хамт явцгаах уу” гэж асуухад тэр хүн “тэгье, тэгье” гэж хэлээд бид хоёр хамт явцгаасан. Тэгээд би ард нь дагаад явж байхдаа цагдаа руу утасдаад “миний хулгайд алдсан мотоциклийг хулгайч уначихсан явж байна, цагдаа явуулж өгнө үү” гэж хэлэхэд цагдаагаас “за таны дуудлагыг авлаа, одоохон цагдаа явуулъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Булган орох гээд явж байтал нэг цагаан машин ирж явсан. Тэгтэл тэр машинаас нэг цагдаа бууж ирээд нөгөө хүнийг зогсоогоод “та одоо цагдаа руу урд гараад яв танаас тодруулж асуух зүйл байна” гэж хэлээд урдаа гаргаад явуулсан юм. Тэгээд араас нь тэр цагдаатай хамт дагаад явж байтал нөгөө мотоцикльтой хүн шууд замаас гараад хурдтай яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаатай хамт араас нь хөөгөөд тэр мотоцикльтой хүнийг 5 км гаруй хөөж явсан. Тэгтэл удалгүй тэр мотоциклийн гинж нь тасраад зогсохоор нь цуг явсан цагдаа очиж барьж аваад машиндаа суулгаад аваад явсан. Би гомдолтой байна. Би тухайн мотоциклийг хотоос худалдаж аваад удаагүй 1 удаа л унасан. Тэгээд л хулгайд алдчихсан. Одоо их муудчихсан байна лээ. Би анх 2018 онд 1850000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 42 тал/

 Гэрч Л.Д ын “... Манай хүү С өөрийнхөө эзэмшлийн улбар шар өнгийн Даюун загварын мотоциклийг гэрийн баруун талын хаяанд түшүүлж тавиад нарийн цагаан уяагаар гэрийн бүслүүрээс уяж орхисон байсан юм. Тэгтэл маргааш өглөө нь босоод иртэл манай хүүгийн мотоцикль алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 44 тал/

Гэрч Х.Ш ийн өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Булган аймгийн Булган сумын өдрийн хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байсан. Тэгтэл 14 цагийн орчимд Булган аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгаас “Ачуут голын ойролцоо хулгайд алдагдсан мотоцикль байна. Хулгайч нь мотоциклийг нь уначихсан явж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу “Ачуут гол” гэх газарт очиход 2 мотоцикльтой хүн явж байсан. Урд явсан мотоцикль нь улбар шар өнгөтэй, хойно нь явсан хүн ногоон өнгийн мотоцикльтой байсан. Тэгээд би машинаасаа буугаад урд явсан улбар шар өнгийн мотоцикльтой хүнийг зогсоогоод “амрыг эрье, та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд надад бичиг баримт байхгүй ээ гэхээр нь би регистрийн дугаарыг нь хэлүүлж байгаад албаны тусгай багажиндаа регистрийн дугаарыг нь хийж үзэхэд Д  овогтой Б  гэж гарч ирсэн. Тэгээд би Б  гэх хүнд “Өөрөөс чинь тодруулж асуух зүйл байна та урд гараад Булган аймаг дахь Цагдаагийн газар руу явна уу” гэж хэлээд, мөн өнөөх ногоон мотоцикльтой хүнийг араас нь дагаад яваарай” гэж хэлээд хөдөлцгөөсөн. Тэгтэл удалгүй урд минь явсан улбар шар өнгийн мотоцикльтой Д.Б  гэх хүн замаас гараад хурдаа нэмж зугтааж эхэлсэн. Тэгээд би өнөөх ногоон мотоцикльтой хүнтэй хамт тухайн улбар шар өнгийн мотоцикльтой хүний араас нь 5 км орчим хөөсний эцэст барьж авсан. Тэгээд би тухайн Б  гэх хүнийг өөрийн машиндаа суулгаж авч явах үед надад “Намайг мотоцикль хулгайлсан гэж бодоод байгаа юм уу та” гэж хэлэхэд нь би “Би наад асуудлыг чинь шийдэх албан тушаалтан биш. Та цагдаа дээр очоод асуудлаа шийдүүлнэ үү” гэж хэлсэн. Тэгээд би тухайн Б  гэх хүнийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гантөгсөд хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 78 тал/,

   “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны1 дүгээр сарын 12-ны өдрийн 210010 дугаартай: “...Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикль 1850000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх 86-90 тал/,

 

     Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ийн яллагдагчаар өгсөн “...Тэр үед манай гэрийн гадаа улбар шар өнгийн Хятад мотоцикль байсан бөгөөд би Б.Гаас “Энэ хэний мотоцикль юм. Чи юутай ирсэн юм” гэхэд Б.Г “Энэ миний мотоцикль. Би мотоцикльтой ирсэн” гэж хэлэхээр би “Чамд байсан юм уу?” гэж эсуухад Б.Г “Би үхэр маллаж байгаа, хөлсөндөө авсан юм” гэж хэлсэн. ...Тэгээд удалгүй Б.Г надад “Чи нээрээ мотоцикль сонирхоод байсан. Энэ мотоциклийг авахгүй юм уу? Би чамд гайгүй хямдхан өгнө шүү дээ” гэж хэлэхээр нь би “би яаж төлбөрийг нь хийх юм бэ?” гэхэд надад “тэгээд цувуулаад өгч болно шүү дээ” гэж хэлэхэд нь би “Тэгвэл чи урд надаас зээлсэн 300000 төгрөгөө суутгаад бодчих” гэхэд “Тэгье, одоо чамд хэд байгаа юм” гэхэд нь би эхнэрээсээ “Чамд хэдэн төгрөг байгаа юм” гэж асуухад манай эхнэр Г.Б  “100000 төгрөг байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр 100000 төгрөгийг Б.Гт өгөхдөө “За янз бүрийн хүний юм хулгайлж авчихаагүй юм биш биздээ” гэж Б.Гаас олон удаа давтаж асуухад “Тийм зүйл байхгүй. Би үхэр хариулж байгаад хөлс мөнгөнд нь авсан юм” гэж хэлсэн. Тэгээд би 100000 төгрөгөө Б.Гт өгөөд тэр мотоциклийг авсан. Тэгээд Б.Г 10 цагийн орчимд манай гэрээс гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-118-119 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн “...Д.Б  намайг гэрээсээ дагуулж гараад надад “Би мотоцикльтой болмоор байна. Харсан мотоцикль байгаа” гэж хэлэхэд нь би “Хаана юм бэ?” гэж асуухад “Ойрхон” гэж хэлээд 14 цагийн орчимд Д.Б  бид хоёр Орхон аймгаас гарч явсан. Тэгээд бид хоёр замдаа явж байхдаа би Д.Б эс “чи тэгээд надад хэдийг өгөх юм” гэж асуухад Д.Б  “хөгшинд нь 100000 төгрөгийн боломж байгаа” гэж хэлэхээр нь “Бусдыг нь яах юм бэ” гэж асуухад Д.Б  надад “дараа нь тэгээд болно шүү дээ. Чи харин манай гэрт очоод эхнэрт 100000 төгрөгөнд мотоциклио зарна гэж хэлээрэй” гэхэд нь би “За тэгье” гэж хэлээд цааш явсан. Тэгээд бид хоёр 17 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын “Зоон даваа” гэх газарт ирсэн. Тэгээд замын хажууд зогсож байгаад Д.Б  даваа руу заагаад “Мотоцикль авах айл чинь тэнд байна. Чи авчихаад ир. Би урд чинь гараад явъя, замд цагдаа байж магадгүй. Чи унаад манай гэрлүү дөхүүлээд өг. Би чамд мөнгө өгий” гэж хэлэхэд нь би “би эхнэр, хүүхдэд чинь юу гэж хэлэх юм бэ” гэхэд Д.Б  “найзаасаа авсан гээд хэлчих. Дараа нь би эхнэртээ тайлбарлаад хэлчихье” гэж хэлэхэд нь би “За” гэж хэлээд 00 цаг хүртэл бид хоёр машинд нь сууж харанхуй болж, айлын гэрэл унтрахыг нь хүлээсэн юм. Тэгээд 00 цагийн орчимд тухайн даваан дээр байсан айлын гэрэл унтархад Д.Б  “одоо очоод мотоциклио аваад ир. Би түрүүлээд доошоо уруудаж байя” гэж хэлэхэд нь би “За” гэж хэлээд машинаас нь буугаад даваан дээр байх гэрлүү алхаж явсан юм. Намайг гэрийн хажууд очиход гэрийн баруун талд нэг мотоцикль гэрийн бүснээс уяатай байсан юм. Тэгэхээр нь би уяаг нь тайлаад түрж гэрийн хажуунаас холдуулаад тухайн мотоциклийн кундакторынх нь утсыг салгаж асааж унаад Д.Б ийн араас замаар явсан юм. Тэгээд намайг мотоциклио унаад явж байтал Булган аймгийн Бугат сумын “Бяцхан хөтөл” гэх газарт Д.Б  машинтайгаа зогсож байсан. Тэгээд намайг очиход Д.Б  бууж ирээд “За мотоциклио авчихсан уу? араас чинь хүн дагаж байгаа юу” гэж асуухад би “хүн дагаагүй” гэж хэлтэл Д.Б  “за тэгвэл хурдан явъя” гэж хэлээд урд гараад явсан. Тэгээд бид хоёр явж байгаад Орхон аймаг руу орж ирэхэд Д.Б  цагдаагүй газраар буюу “Оросын булаг” гэх газраар яв гэж хуруугаараа машин дотроосоо заасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 134-136 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г, Д.Б нар нь бүлэглэн Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Зоон даваа“ гэх газраас иргэн Л.Д ын гэрийн гадаа байсан иргэн Д.Сийн эзэмшлийн “Даюун” загварын мотоциклийг хулгайлж 1850000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Сийн өгсөн мэдүүлэг /хх-42 тал, гэрч Л.Д ын өгсөн мэдүүлэг /хх-44 тал, гэрч Х.Ш ийн өгсөн мэдүүлэг /хх-78 тал/, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны1 дүгээр сарын 12-ны өдрийн 210010 дугаартай дүгнэлт /хх 86-90 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, Д.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. 

Прокуророос шүүгдэгч Б.Г, Д.Б нарыг бүлэглэн Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Зоон даваа“ гэх газраас иргэн Л.Д ын гэрийн гадаа байсан иргэн Д.Сийн эзэмшлийн “Даюун” загварын мотоциклийг хулгайлж 1850000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Г, Д.Б нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн эд зүйл нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Г, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Г, Д.Б нар нь Л.Д ын гэрийн гадаа гэрийн баруун хаяанаас уясан байсан Д.Сийн эзэмшлийн “Даюун” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан үйлдлээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Г, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г, Д.Б  нарыг бүлэглэн Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Зоон даваа“ гэх газраас иргэн Л.Д ын гэрийн гадаа байсан Д.Сийн эзэмшлийн “Даюун” загварын мотоциклийг хулгайлж 1850000 төгрөгний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Сид 1850000 төгрөгийн бодит хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт алдсан мотоциклийг эрж хайхад гарсан зардал 867900 төгрөг, нийт 2717900 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзээд шүүгдэгч нараас нийт 2596500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгож, 121400 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г, Д.Б  нар нь дээрх хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г, Д.Б  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Б.Г, Д.Б нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г, Д.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Г, Д.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь 19 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улбар шар өнгийн мотоциклийг шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Г, Х овогт Д ийн Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г, Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Д.Б  нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г, Д.Б  нарт сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 1298250 /нэг сая хоёр зуун ерэн найман мянга, хоёр зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Д.Б эс 1298250 /нэг сая хоёр зуун ерэн найман мянга, хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус албадан гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух Илдэн овогт Д ын С -д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улбар шар өнгийн мотоциклийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь 19 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНБААТАР