| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/102 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Д.Х ,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Б ийн Ад холбогдох эрүүгийн 1927001000100 дугаартай, 163/2021/0076/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овогт Б ийн А, 1982 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Өвархангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, .... оршин суух, мэргэжилгүй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай магадлалаар 50000 төгрөгийн торгуулийн ял болгон өөрчилсөн,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 06 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Шавар түрүүний гол” гэх газарт хохирогч Т.Г ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг “гол гаргаад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1360000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундатын гол” гэх газар оршин суух хохирогч Д.Х т “унаж явсан морио алдчихлаа, морио түр өгөөч адууны захаас өөрийн морио бариад эргүүлж өгье” гэж хэлж хуурч мэхлэн эмээлтэй, хазаартай морийг авч 1385000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хүний хохирол төлбөрийг төлж барагдуулмаар байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Намар төлөх гэсэн хөл, гар хугархай байсан учир төлж чадаагүй гэх мэдүүлэг.
Хохирогч Д.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би онцгой байдалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би 10 үхэр 1 морьтой. Хохирол барагдуулах байх гэж бодож байсан. Хохирлоо барагдуулвал өөр гомдол саналгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Г ийн өгсөн: “Би 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв дээр 17 цагийн орчим Хужирт сумын иргэн А гэх хүнтэй таарсан. А хэлэхдээ “миний унаж явсан автомашин Өвтийн даваан дээр эвдэрчихлээ. Та намайг мотоциклиороо Хужирт сумын төв рүү манай аавынд хүргээд өгөөч, би Хужирт ороод бензин хийгээд өгье” гэхээр нь би тохироод Бат-Өлзий сумаас Хужирт сум руу явсан. Замдаа би Бат-Өлзий сумд байх гэрээрээ орж нэг шуудай овъёос тэжээл буулгасан. Тэгээд Хужирт сум руу явж байгаад “Шавар түрүүний гол” гэх газар иртэл уг гол нь халиар гүйгээд гэсчихсэн байсан. Би хөл муутай учир гарч чадахгүй юм шиг санагдаад голын хажууд зогсоход А “ахаа та хөл муутай юм чинь дүү нь унаад гаргаад өгье” гээд миний мотоциклийг унаад гол гарсан. Тэгээд гол гараад тэр чигээрээ намайг хаяад явчихсан. Миний мотоцикль улсын дугааргүй, хятад улсад үйлдэрлэсэн, улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Уг мотоциклийг 1800000 төгрөгөөр худалдаж авсан, шинэ мотоцикль байгаа юм. Ойролцоогоор 400 орчим км явсан. ...” гэх мэдүүлэг /хх-20-24 тал/,
Хохирогч Д.Х ын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Булган аймгийн Бугат сум 2 дугаар багийн “Дундатын гол” гэдэг газарт манай гэрт нэг танихгүй залуу ирээд өөрийгөө “Өвөрхангай аймгийн харъяат Жигжид гэдэг хүн байна унаж явсан мориноосоо унаад морио алдчихлаа. Модны захад адуунд нийлчихээд баригдахгүй байна. Та морио өгч байгаач гэж хэлээд миний гэрийн гадна аргамжаатай байсан хүрэн халзан зүсмийн зөв талын гуян дээрээ “Н” үсгэн тамгатай морийг эмээллэж, хазаарлаж аваад унаад явсан. Одоо болтол ирэхгүй байна. Морийг минь авч явсан хүнийг олж хохирлоо барагдуулмаар байна. ...” гэхмэдүүлэг /хх-79-81 тал/,
Гэрч Т.Ц гийн өгсөн: “...Манай дүү 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Бат-Өлзий сум орж овъёос авч ирэх гээд явсан. Тэгээд овъёосоо аваад нэг хүн сундалчихсан ирсэн. Тэгээд “Үүртийн тохой хүргээд өг гэж байна” гээд “хүргэж өгчихөөд ирье” гээд сундлаад явсан. Тэгээд гэртээ ирээгүй маргааш нь Хужирт сумын төвөөс залгаад нөгөө хүн чинь “миний мотоциклийг голоор гаргаад өгье гэж хэлээд аваад явчихлаа” гэж хэлсэн. ...Манай дүү 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр худалдаж авсан шинэ мотоцикль байгаа юм. Өвөрхангай аймгийн төвөөс 1800000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
Гэрч Б.М ийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай гэрийн баруун уулнаас ногоон дээлтэй доголсон хүн орж ирсэн юм. Би нэрийг нь асуугаагүй. “Мориноосоо унаад морь өшиглөчихлөө, морио алдчихлаа” гэж ярьж байсан. Манайд морь байгаагүй. ...Хойд айлын Х ахын морийг унаад алга болсон талаар сүүлд сонссон.” гэх мэдүүлэг /хх-88-89 тал/,
“Вендо” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ӨХЦ20-65 дугаартай шинжээчийн “...Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль 1360000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-34-35 тал/,
“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээрсарын 11-ний өдрийн 210480 дугаартай: “...Хязаалан адуу 1000000 төгрөг, суран хазаар 35000, энгийн эмээл 350000 төгрөг, нийт 1385000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-43-47 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн мотоциклийг унаж яваад Дархан-Уул аймгийн Дархан суманд аваачаад 700000 төгрөгөөр мотоциклийн сэлбэгийн дэлгүүрт зарсан. Тухайн үед байсан сэлбэгийн дэлгүүр одоо байхгүй болсон байна. ...” гэх мэдүүлэг /хх-40 тал/,
“...Би өдрийг нь сайн санахгүй байна. Булган аймгийн төвд байх гэртээ байж байгаад өөрийн хамтран амьдрагч Н тай маргалдаад Орхон аймаг орохоор өөрийн хул хонгор морьтой гарсан. Тэгээд Булган аймгийн Бугат сумын нутаг “Дундатын гол” гэх газарт унаж явсан морь маань бүдэрч унаад морио алдсан. Тэгээд алхаж байгаад нэг айлд ороод “би унаж явсан морьноосоо уначихлаа, морио түр өгч байгаач” гэж хэлээд зөвшөөрөхөөр нь аргамжаатай байсан хүрэн халзан морийг нь эмээллээд морьныхоо араас Чулуут гэх газар луу яваад Чулуутын давааг даваад уруудаж явтал хүнээс авсан морь маань уулын жалга харайх гэж байгаад арагшаа савж унаад үхсэн. Тэгэхээр нь шууд тэнд нь орхиод явган алхаж Эрдэнэт ороод унаанд суугаад Улаанбаатар явсан. ...” гэх мэдүүлэг /хх-105-106 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Шавар түрүүний гол” гэх газарт хохирогч Т.Г ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг “гол гаргаад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1360000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ..... газар оршин суух хохирогч Д.Х т “унаж явсан морио алдчихлаа, морио түр өгөөч адууны захаас өөрийн морио бариад эргүүлж өгье” гэж хэлж хуурч мэхлэн эмээлтэй, хазаартай морийг авч 1385000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Г ийн өгсөн мэдүүлэг /хх-20-24 тал/, хохирогч Д.Х ын өгсөн мэдүүлэг /хх-79-81 тал/, гэрч Т.Ц гийн өгсөн мэдүүлэг /хх-27-28 тал/, гэрч Б.М ийн өгсөн мэдүүлэг /хх-88-89 тал/, “Вендо” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ӨХЦ20-65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35 тал/, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 210480 дугаартай дүгнэлт /хх-43-47 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39, 105-106 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Б.Аг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шавар түрүүний гол гэх газарт хохирогч Т.Г ийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг “гол гаргаад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Т.Г эд 1360000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундатын гол” гэх газар оршин суух хохирогч Д.Х т “унаж явсан морио алдчихлаа, морио түр өгөөч адууны захаас өөрийн морио бариад эргүүлж өгье” гэж хэлж хуурч эмээлтэй, хазаартай морийг нь авч хохирогч Д.Х т 1385000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Агийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал, эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бол “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Агийн хохирогч Т.Г ийн мотоциклийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж “гол гаргаад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, мөн хохирогч Д.Х ын морийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж “унаж явсан морио алдчихлаа, морио түр өгөөч адууны захаас өөрийн морио бариад эргүүлж өгье” гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн авч явсан үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шавар түрүүний гол гэх газарт хохирогч Т.Г ийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг “гол гаргаад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Т.Г эд 1360000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундатын гол” гэх газар оршин суух хохирогч Д.Х т “унаж явсан морио алдчихлаа, морио түр өгөөч адууны захаас өөрийн морио бариад эргүүлж өгье” гэж хэлж хуурч эмээлтэй, хазаартай морийг нь авч хохирогч Д.Х т 1385000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Г эд 1360000 төгрөгийн, хохирогч Д.Х т 1385000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй .
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Агийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь 85 хоног цагдан хоригдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Агаас нийт 2745000 /хоёр сая долоон зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, 1360000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн “Цагаан зураа” гэх газарт оршин суух Тогмидын Г /РД: /-д, 1385000 /нэг сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг “Дундатын гол” гэх газарт оршин суух Дашдаваагийн Х /РД: /-т тус тус олгосугай
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР