| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
иргэдийн төлөөлөгч Г.О,
улсын яллагч Э.Гантулга,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л,
шинжээч Б.Буянхишиг,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2115000000017 дугаартай, 163/2021/0100/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Э-гийн Б /РД: ............... /, 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц биеэр ....................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-д өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Охиноо зодож гарыг нь хугалсан, хохирлыг төлнө. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг болсны маргааш манай байгууллагын дарга холбогдоод Орхон суманд хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна гэх мэдээллийг өгсөн. Тэгээд хохирогчид шаардлагатай эмчилгээг үзүүлэх талаар хуралдаад Орхон аймаг руу болон Улаанбаатар хот руу явуулж үзүүлсэн. Ингэхдээ гэмтэл Согог судлалын нийгмийн ажилтантай холбогдсон. Орхон суманд ирсний дараа байсан айлд нь очиж уулзахад зүүн гар нь сойлттой байсан. Эрүүл мэндийн талаас бүх үйлчилгээг үзүүлсэн. Хохирогч нь Сэлэнгэ аймгийн Сант сумын харъяатай, тус сумын хамтарсан багтай холбогдож буцаж очих талаар хэлэлцсэн. Манайхаас шилжүүлсэн баримт аваагүй байгаа. Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарсан зардалд 327000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчийн биед байсан гэмтлүүд бүгд үзлэгээр илэрсэн гэмтлүүд. Зүүн атгаалын ташуу хугарал нь хүнд гэмтэлд хамаарч байна. Учир нь энэ гэмтэл амь нас эрсдэх магадлалтай хүнд гэмтэл юм. Зулгаралт гэмтэл нь хэрэг явдал болох үед үүссэн байх боломжтой байсан ба эдгээр гэмтлүүд нь биеийн талбайн хэмжээгээр хөнгөн зэрэгт хамаарна. Нийт биеийн талбайн нэг хувийг хамарсан том хэмжээтэй байсан. Үзлэг хийхэд хөхрөлт нь зах эрмэгээс шимэгдэж, шар өнгөтэй болсон байсан тул 3-4 хоногийн өмнө үүсэн байж болохоор байсан. Бусад гэмтлүүд хэрэг учрал болох үед үүссэн гэж үзэхээр гэмтэл байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Э.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Зүрхийн могой” гэх газарт өөрийн гэртээ дагавар охин болох бага насны А.А-г “уйллаа” гэх шалтгаанаар орноос авч шидэх, бургасаар ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Э.Б-ийг бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээр зодож гарыг нь хугалж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг төлнө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000000017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б-д нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Зүрхийн могой” гэх газарт өөрийн гэртээ дагавар охин болох дөрвөн настай А.А-г “уйллаа” гэх шалтгаанаар орноос авч газар руу, буцааж ор луу шидэх, 6 миллметрийн өргөнтэй, 56 сантиметр урттай бургасаар ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд, толгой, цээж, хэвлийд гурван тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Зүрхийн могой, Ар булаг гэх газар байх ба Орхон сумаас зүүн зүгт 25 км зайд ...цагаан бүрээстэй, монгол гэр байх ба ...гэрийн баруун талаас үзлэгийг эхлэв. ...А-г ороолгосон гэх бургасыг Э.Б-ээр заалгахад төмөр зуух, төмөр түлээний сав хоёрын голд байв. Уг бургас нь хүрэн бор өнгийн 56 см урттай, өргөн нь 6 мм хэмжээтэй байв. ...А-г газар шидэж гэмтээсэн гэх газрыг заалгахад гэрийн зүүн талын орны урд заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7 тал/,
Бургасанд үзлэг хийсэн: “Хүрэн бор өнгийн 56 см урттай, 6 мм өргөнтэй бургас байх ба эд мөрийн баримтаар хурааж авав” гэх тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8-10 тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Лын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын дарга Т.Б надад бага насны хүүхэд хохирсон хэргийн талаар хэлсэн. Үүний дагуу 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирсон гэх дөрвөн настай А.А байгаа газарт очиж уулзан нөхцөл байдлын үнэлгээ хийхэд А.А нь Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Зүрхийн могой” гэх газар малчин Б гэх айлын хажууд ээж, хоёр настай эрэгтэй дүүгийн хамт тустаа гэрт эрэгтэй хүнээс бишүүрхдэг, зүүн гар сойлттой байдалтай амьдарч байсан. А.А нь асуусан асуултанд хариулж чадахгүй, танихгүй хүнтэй юм ярихгүй, бишүүрхээд байсан. Тэгээд түүний ээж Л тэй ярилцлага хийсэн боловч асуусан асуултанд тодорхой хариулт өгөхгүй, асуусан асуултыг бүрэн гүйцэт ойлгохгүй байсан. А.А-гийн эмчилгээнд 327000 төгрөгийг зарцуулсан, энэ мөнгийг нэхэмжилж байна, гомдолтой” гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Гэрч Ч.Х гийн өгсөн: “Би гэртээ нөхөр Б, хүү М, бэр М нарын хамт амарч байхад 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой ...манай туслах малчин болох Л орж ирээд намайг дуудаад “эгчээ та гараад ирээч, А.А-гийн гар нь хугарчихлаа” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд Э.Б-ийд ороход Б.А-гийн зүүн талын гарыг барьчихсан гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. А.А-гийн зүүн талынх нь гарнаас цус гарч байсан болохоор “эмнэлэг авч явъя” гэж хэлээд гарсан. Би өөрийн хүү болох М ыг сэрээгээд “Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явъя” гэж хэлчихээд Бдээр очоод “чи өөрөө охиноо аваад яв, хувцасыг нь өмсүүл” гэж хэлсэн. Би Б , Л нараас “яав, юу болов, яагаад гар нь хугарчихав” гэж асуухад Л надад “Бхугалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч М.Б-ий өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр жижүүрийн эмчээр ажиллаж байхад “22 цаг 30 минутын орчимд гараа хугалсан 4 настай эмэгтэй хүүхэд ирлээ” гэж манай сувилагч надад мэдэгдэхээр нь би нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж 4 настай охины аав болох эрэгтэй хүнээс юу болсон талаар асуухад “юмнаас унасан” гэж хариулахаар нь би 4 настай эмэгтэй хүүхдийн цамцыг тайлахад цус их алдсан шинжтэй, хоёр гар нь цус болсон, зүүн талын шанаа хэсэг нь хөхөрч анхдагчаар эдгэж байсан шинжтэй, цээжний баруун тал суганы орчим 4-5 см орчим хумсаар татаж урсан гэмээр хоёр дараалласан шинжтэй анхдагчаар эдгэж байгаа шинжтэй, бүх биеийг хамарсан олон тооны хөхөрсөн толботой, зүүн гарын атгаал ясны доод 3/1-т зөрж мушгирч гадагшаагаа нэвт хатгагдсан ил шархтай байхаар нь 4 настай охины аав болох танихгүй эрэгтэй хүнээс “чи зодсон юмуу” гэж асуухад “тиймээ” гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. А.А-д шаардлагатай лабортори болон багажийн шинжилгээ авсан” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Гэрч Ж.Л гийн өгсөн: “Би өөрийн төрсөн охин А.А, хүү А.Б нарын хамт 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед унтах гээд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад гаднаас Э.Б-д ууртай орж ирэхэд А.А, Э.Б-ийг хараад шууд уйлсан. Э.Б-д шууд А.А-г орноос цамцнаас нь татаад дээш өргөж байгаад шууд газар шидээд, дахиж цамцнаас нь барьж аваад баруун орон дээр шидээд, баруун орон дээрээс дахиж цамцнаас нь татаж дээш өргөөд гэрийн зүүн тал руу шидээд нуруу хэсэгт нь баруун хөлөөр нэг удаа өшиглөхөд А.А гэрийн зүүн талын орон доогуур өнхөрөөд орсон. Э.Б-д А.А-гийн өмднөөс нь татаж орон доороос гаргаж ирээд бор өнгийн бургасаар нуруу хэсэгт нь ороолгоод байхаар нь би бургасыг авах гээд ноцолдоход намайг түлхээд газар унагаасан. А.А-г гэрийн хойд хэсэг рүү шидсэн. Тэр үед А.А-гийн зүүн талын гар нь хугараад яс нь арьсаа цоолоод гараад ирсэн байсан. Э.Б-д нь А.А-г газар шидэх үйлдлүүд дээр би Э.Б-ийг зогсоох гэж хориглосон боловч дийлээгүй” гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай: “А.А-гийн биед зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй ил хугарал, баруун, зүүн хацар, зүүн шанаа, эрүү, баруун зүүн гуя, зүүн өвдөг, нуруунд олон тооны цус хуралт, толгой, цээж, хэвлийд 3 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй ил хугарал, зулгаралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цус хуралтууд нь 3-4 хоногийн өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-31-35 тал/
Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед хониноос ирэхэд миний дагавар охин болох А.А нь ээж Л г гэрийн болон гадаах ажил хийлгэхгүй дагаж уйлаад байсан. Орой маландаа тэжээл өгчихөөд орж ирэхэд Л, А.А, Б нар гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтэж байсан. Би А.А-г “аавтайгаа унт” гэж хэлэхэд “унтахгүй” гээд уйлаад байхаар нь хэвтэж байсан орноос нь татаж аваад гэрийн хоймор хэсэг рүү шидсэн. Дахиж аваад баруун талын ор руу шидсэн. А.А- нь уйлаад дуугүй болохгүй байсан ба миний уур хүрээд А.А-г баруун талын орноос аваад дээш өргөж байгаад зүүн талын ор хавьцаа газар руу шидсэн. А.А нь газар унаад босож ирэхгүй хэвтээд байсан, зүүн гар нь мушгирсан цус гарч байсан. Л баруун талын орноос өндийж ирээд “охины гар хугарчих шиг боллоо” гэж хэлэхээр нь би А.А-г өргөөд өвөр дээрээ суулгахад зүүн талын гар нь тохойны дээд хэсгээрээ хугарсан цус гарч байсан. Л хажуу айлын эгч Х-г дагуулж орж ирээд Х эгч, түүний хүү М бид гурав А.А-г аваад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Миний буруу би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-71-72 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар шинжлэн судлагдсан бургас зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр бага насны хохирогч А.А-гийн биед тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд, толгой, цээж, хэвлийд гурван тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд “нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно” гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Б-д нь бага насны хүүхдийн бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг авч шидэх, бургасаар ороолгох явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Э.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ж.Л тэй танилцаад 2020 оны 9 дүгээр сарын 15-ны үеэс сумандаа нэг байшинд амьдарч байсан. Тэгээд зурагтаар “малчин авна” гэсэн зарын дагуу ярихад гэр бүлээр нь ажиллуулна гэсний дагуу эхнэр хүүхдүүдийн хамт 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр очиж малчныхаас тусдаа гэрт амьдарсан” гэх, Ж.Л гийн гэрчээр өгсөн “...Э.Б-дтэй 2020 оны 7 дугаар сард танилцаад 10 дугаар сараас хамт амьдрах болсон” гэх /хх-29 тал/, гэрч Ч.Хишгээгийн өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манайд хүн ам, малын тооллогын хүмүүс ирэхэд Э.Б-д, Ж.Л , А.А-, А.Билгүүн нарын овог, нэр, регистрийн дугаар бичиж авсан, тэр үед А.А-, А.Б нарыг Э.Б-ийн дагавар хүүхэд гэдгийг мэдсэн” гэх /хх-26 тал/ мэдүүлгүүд, “Б овогт А-ийн А нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар, Баянгол газар төрснийг Сэлэнгэ, Сант төрсний бүртгэлд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэх төрсний гэрчилгээний хуулбар /хх-66 тал/ зэрэг нотлох баримтаар Э.Б-д, Ж.Л нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс бөгөөд 4 настай охин А.А нь тэдгээрийн асрамж, хамгаалалтад байсан болох нь нотлогдож байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэх нэр томъёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1. ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, ...байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Л гийн гэрчээр өгсөн “2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө Э.Б-д нь ямарч шалтгаангүй А.А-г бургасаар ороолгож байсан. Намайг болон А.Билгүүнийг ямар ч шалтгаангүй загнаж уурладаг байсан, би А.А-г миний үгэнд орохгүй байх үед нь загнадаг байсан, цохиж зодсон үйлдэл байхгүй” гэх /хх-29 тал/ мэдүүлгээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл давтагдаж даамжирсан шинж агуулагдаж байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ийн бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж”, мөн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Зүрхийн могой” гэх газарт өөрийн гэртээ дагавар охин болох дөрвөн настай А.А-г “уйллаа” гэх шалтгаанаар орноос авч газар руу, буцааж ор луу шидэх, 6 миллметрийн өргөнтэй, 56 сантиметр урттай бургасаар ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй ил хугарал бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Б-ий гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба эмчилгээ, оношлогоотой холбоотой гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нь 327000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтыг ирүүлсэн нь хэргийн 36-54 дүгээр талуудад авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Б-дэс 327000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай.
Шүүгдэгч Э.Б-ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 57-65 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, согтуурал шалгасан баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-д нь ганц биеэр .......................................тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Зүрхийн могой” гэх газарт айлд туслах малчнаар ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын санал болгосон 10 жилийн хорих ялаас доош татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялаас 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.Б-ийн 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б-эс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 мм өргөнтэй, 56 см урттай, хүрэн бор өнгийн нэг ширхэг бургасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ээс гэм хорын хохиролд 327000 /гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б.Л-д олгож, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 мм өргөнтэй, 56 см урттай, хүрэн бор өнгийн нэг ширхэг бургасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭРЭЛ