| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/105 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О,
хохирогч Д.Б,
иргэний нэхэмжлэгч Г.Б,
шинжээч Ш.Ц /онлайнаар/, Б.Н,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б д холбогдох эрүүгийн 2015002550205 дугаартай, 163/2021/0080/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Цд овогт Х-гийн Б /РД: ................ /, 1962 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Х ” группын сургалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор эргэлзээтэй зүйлээ шинжээчээс асууна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 7 дугаар сарын 1-ний өглөө Улаанбаатараас Булган аймгийн чиглэлд явж байгаад Рашаант сумын “Мөргөцөг” гэх газарт замаас салсан. Манай аавынх замын урд талд байсан, бид байнга тэр замаар салдаг. Хүүхдүүд замаас салчихлаа гээд баярлаад явж байтал хажуунаас ирээд мөргөсөн. Манай нөхөр дохио өгөөд эргэхэд урсгал сөрж ирээд мөргөсөн. Эвдэрсэн зам байгаагүй. Ар талд явж байсан хэдэн залуучууд “та нар гайгүй юу” гээд машины цонх хагалж орж ирээд бид нарыг аврахад Б болон хүүхэд нь бид нар дээр ирээд “та нарын буруу” гээд байсан. Приус-20 машинтай хүмүүс бид нарыг татаж гаргасан. Би ослоос хойш даралт ихсэж бөөр өвддөг болж байгаа. Тархинд цус хурснаас болж шохойжилт үүссэн. Тэрнээс болоод унаж татах эрсдэлтэй болсон. Доргилтоос болж бөөр их өвддөг болсон. Уналтын эсрэг эм их ууж, байнгын эм тарианы хэрэглээтэй байгаа. Том хүүхэд Т их аймхай, эмзэг болсон. Бага нь 3 настай болохоор гайгүй байгаа, ослын дараа ухаан алдаад байдаг байсан ч одоо зүгээр болсон. Бидний эмчилгээний болон бусад зардалд 4 236 410 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөр огт төлөөгүй, ослоос хойш нэг ч удаа яриагүй. Мессеж бичсэн чинь “урдуур орж ирж мөргүүлчихээд явдаг газраар нь явахгүй юу” гэсэн. Нэг ч удаа яриагүйд гомдолтой байна. Цаашид гарах зардлаа гаргуулах хүсэлтэй байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Б өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагаас “машинаа ирж ав” гээд байхаар нь бид замаараа очсон. Тэгтэл журмын хашааны нэг хоногийн төлбөр 5000 төгрөг гэсэн. Манай машин нийт 10 сар болсон. Тэгээд 1500000 төгрөг тушаа гэсэн. Тэр машиныг ачихаар машин хөлслөх гэхэд үнэтэй байсан болохоор авч чадаагүй. Мөнгө гаргаад ачаад явсан ч машин маш их эвдрэлтэй учир очоод төмрийн хаягдалд л өгнө. Шүүгдэгч манай гэр бүл рүү нэг ч удаа яриагүй. Намайг нэг удаа залгахад “чи өөрөө миний урдуур орж мөргүүлсэн, хохино” гэсэн. Бид ч, энэ хүн ч азтай байсан. Машин бол авах юмгүй болсон. Иймд машинаа гаргуулж авмаар байна. Манай гэр бүл сэтгэл санаагаар маш их хямарч байна. Эхнэр шөнө унтаж чадахгүй уйлаад байна. Цаашид эхнэрээ эмчлүүлээд гарах зардлыг гаргуулмаар байна. Хөх хот явна гэж бодож байгаа. Хоёр удаа эмнэлэгт хэвтсэн баримт байгаа, уламжлалтаар явахаар баримт өгдөггүй. Энэ үед эмнэлгээр явах гэхээр “ковид” гээд эрсдэлтэй байна. Гарсан зардал 10.000.000 төгрөг гарсан ч баримттай байгаагаар нь бага мөнгө нэхсэн. Зарим шөнө хямрахаараа нүүр ам нь хавдаад, даралт нь ихсээд байдаг, толгой нь одоо ч гэсэн өвдөлттэй байгаа. Цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр осолд орсон. Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Биеийн байдал зүгээр, зовиур шаналгаа байхгүй. Нэг жил болоод төмрөө авахуулна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ш.Ц өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр мөрдөгч Анандын тогтоолоор хохирогч М.Оийн биед үзлэг хийсэн. Үзлэгийг өөрийн биеэр хийсэн. Хохирогчийн биед сээрний 3, 4, 5-р нугалмын хугарал, зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Сээрний 3, 4, 5-р нугалмын хугарал хүндэвтэр, зүүн талын 6 дугаар хавирганы хугарал хөнгөн, тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, цус хуралт нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нэг цаг хугацаанд хэд хэдэн гэмтэл учирсан бол аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно. Хохирогчийн тархины яс хуйх хоёрын завсар цус хурсан байсан нь тогтооогдсон, энэ нь тархины цус хуралт биш. Үүнээс үүдэлтэй шохойжилт үүсэх, унаж татах зэрэг үр дагавар гарахгүй. Хохирогчийн яриад байгаа бөөр өвдөх, хавагнах зэрэг зовиур нь гэмтлийн бус өөр шалтгаантай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Н өгсөн мэдүүлэгтээ: Жолооч Х.Б нь замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг зөрчсөн. Хавтаст хэрэгт ослын схем зураг авагдсан байгаа, схем зурган дээр үндэслэж би дүгнэлтээ гаргасан байгаа. Ослын шалтгаан нь гүйцэж түрүүлэхийг хориглосон газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болж гарсан. Засмал зам, шороон замтай нийлснийг туслах замд оруулна гэж дүрэмд байгаа. Тэнд тогтсон тэмдэглэл заавал байх ёсгүй. Тээврийн хэрэгслийн салсан тухайн шороон зам нь жолооны дүрмээрээ туслах замд орно. Мөн гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байхад гүйцэж түрүүлэхийг хориглоно гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан. Схем зургаас харахад тормозны мөр гараагүй, анх мөргөсөн цэг замын хөвөөн дээр байгаад байна. Шүүгдэгч замын хөвөөн дээр байгаа машиныг мөргөсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Х.Б ыг Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 17-18 цагийн орчим .............. улсын дугаартай, “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.4 дэх хэсэг “дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа засмал замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн зорчигч М.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр, бага насны хүүхэд болох Б.Т, Б.М, жолооч Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслийн зорчигч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судласнаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг шүүхийн шийдвэрийн хэмжээнд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Эрүүгийн 2015002550205 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 17-18 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт .............. улсын дугаартай, “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.4 дэх хэсэг “...гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас засмал замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан М.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр, бага насны хүүхэд болох Б.Т, Б.М, жолооч Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт улсын чанартай А0301 дугаартай засмал замд .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл, .............. улсын дугаартай “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслүүд мөргөлдөж осол гаргасан байдалтай байв. ...Замын зорчих хэсгийн өргөн 7 метр, зорчих хэсгийн баруун захаас зорчих хэсгийн голын цагаан шугам хүртэл 3.50 метр, хөвөөний өргөн 3 метр байв. Уг зам нь сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ бүхий асфальтан хучмалтай, замын онцлог нь уруу, суурингийн гаднах зам байв. Уг замын хойд талд гүйцэж түрүүлэхийг хориглосон замын төгсгөл гэсэн тэмдэг байх ба уг тэмдэг нь үл хөдлөх цэгээс 12 метр зайд байв. Уг тэмдэгийн эсрэг талд гүйцэж түрүүлэхийг хориглосон замын эхлэл гэсэн тэмдэг байв...” гэх тэмдэглэл, ослын схем болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын өгсөн: “Би өмнө нь гэрчээр болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Уг ослын улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Би тээврийн хэрэгслээ бүрэн төлүүлнэ. Ер нь бол тээврийн хэрэгсэл маань дахин засч янзлагдах боломжгүйгээр их эвдэрсэн тул тээврийн хэрэгслийг шинээр авч төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Оийн өгсөн: “Тухайн өдөр би гэр бүлийн хамт явж байсан. Манай аав Булган аймгийн Рашаант суманд мал маллан амьдардаг юм. Тэгээд аавын гэр рүү явахаар засмал замаас шороон зам руу эргэх хөдөлгөөн хийж ороход бидний машины араас “Ford Expedition” загварын тээврийн хэрэгсэл цуваа түгжрэл үүссэн байхад урсгал сөрж гүйцэж түрүүлэн шороон зам руу орж ирээд жолоочийн эсрэг талын хойд хаалга руу ирээд мөргөсөн. Тэгээд би тухайн үед ухаан самуураад сэрэхэд манай машин хажуу талаараа өнхөрөөд унасан байсан. Тухайн үед би өөрийн нөхөр Г.Б, хүү Т, охин М нарын хамт зорчиж явсан. Манай нөхөр машин жолоодож байсан. Жолоочийн хажуу талын урд талын суудалд хүн суугаагүй байсан. Би өөрийн хүү, охин нарын хамт хойд талын суудал дээр сууж явсан...” гэх /хх-25-26 тал/, “Манай хүү Т тархиндаа нилээн их хавантай, тархи доргилттой гэж томографикийн хариу гарсан, охин М тархиндаа хавантай гэж оношлогдсон. Ослын дараа таталт өгсөн. Манай хүү, охин хоёр эмнэлэгт хэвтээгүй бөгөөд компьютер томографикийн шинжилгээ л өгсөн. Хүү, охин хоёрын шинжилгээ өгсний зардал нийт 360.000 төгрөг болсон. Би өөрийн болон хүүхдүүдийнхээ эмчилгээнд зарцуулсан мөнгийг гаргуулж авмаар байна. Мөн манай машин 3-4 удаа өнхөрч авах юмгүй болсон. Тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгүүлж учирсан хохирлоо гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын гэрчээр өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр эхнэр О, хүү Т, охин М нарын хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сумын чиглэлд хадам аавынх руу өөрийнхөө .............. улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй гарсан. Бид хэдийн хамт манай хадам ах А, түүний эхнэр М, миний том охин М нар өөр машинтай хамт явсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад бид хэдийг Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт явж байгаад зүүн гар тийш туслах зам руу эргэх гээд хурдаа сааруулж дохиогоо өгөөд туслах зам буюу шороон зам дээр гарч байхад хажуугаас хар хөх өнгийн “Ford Expedition” загварын тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж мөргөсөн. Мөргөх үед миний машин газраас шидэгдэх шиг болсон. Юу болж байгааг мэдэхийн зуургүй дахин нэг удаа нөгөө машин ирж мөргөх шиг болсон. Машин ирж мөргөх үед хүчтэй тас гэсэн чимээ гараад байсан. Тэгээд нэг мэдсэн машин зүүн гар талаараа газарт тогтсон байсан. Би өөрөө хамгаалах бүсээ зүүсэн болохоор бүсэн дээрээ зүүгдсэн байдалтай, хойно сууж явсан эхнэр маань бага охиныг дээрээ суулгачихсан зүүн урд талын хаалганы хагарсан шилэн дээр сууж байсан. Хүүгээ хаана байгааг тухайн үед мэдээгүй, бид нар бүгдээрээ шоконд орчихсон байж байсан. Тэгээд би охиноо эхнэрээс аваад урд салхины шилээр ард машинтай явж байсан хадам ах А-д өгсөн. Манай машиныг мөргөсөн машины хүмүүс бид нарыг тоосон янзгүй, туслахгүй, хүн чанаргүй зогсоцгоож байсан. Удаагүй эмнэлэг, цагдаагийн ажилтан нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,
Гэрч М.А-ын өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэр бүл болон хүргэн дүү Б-ын гэр бүлийн хамт хоёр машинтай Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сум руу төрсөн аав М-ын зуслан руу явахаар 13 цагийн үед гарсан. Тэгээд замд Б-ын том охин М манай машинд орж суусан. Б өөрийнхөө машинтай түрүүлээд явсан. Тухайн үед зам их хөдөлгөөнтэй байсан тул гүйцэж түрүүлэх боломжгүй машинууд нэг нэгээрээ яваад байсан. Б-ын машин манай машинаас хоёр машины урд явж байхад буюу Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт төв замаас аавынх руу салдаг туслах зам дээр Б-ын машиныг хар хөх өнгийн “Ford Expedition” загварын тээврийн хэрэгсэл машины хажуугаар урсгал сөрж очин мөргөсөн. Бын машиныг хоёр удаа мөргөх шиг болсон. Тэгээд мөргөхөөр нь эхнэр бид хоёр гүйж очоод Б-ын машины урд талын салхины шилийг татаж авсан. Татаж аваад бага охин Мыг Баас авсан. Дараа нь хүү Тг нь Б бид хоёрын хооронд явж байсан машины жолооч машин дотроос гаргаж өгсөн. Дараа нь Быг машинаас гаргаад хамгийн сүүлд эхнэр Оийг машинаас гаргаж авсан. Удаагүй цагдаа эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирсэн. “Ford Expedition” загварын тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрөөд хажуугаар маш хурдан гарч яваад Бын машиныг мөргөсөн. Бид нарын явж байсан машины хойно “Ford Expedition” загварын тээврийн хэрэгсэл явж байхыг хараагүй, гэнэт хажуугаар хурдтай гарч ирсэн. Би тухайн үед Бын машины хойноос нь зүүн гар тал руу эргэх үйлдэл хийх гэж байсан тул байн байн хойноос машин гүйцэж түрүүлж магадгүй гээд зүүн гар талын толиндоо харж байхад машин үзэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-38 тал/,
Гэрч Б.Мын өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манай гэр бүл Бын гэр бүлтэй хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сум руу тус тусдаа машинтай гарсан. ...Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газарт гүвээ уруудаад явахад Бын машин манай машинаас 2 машины өмнө явж байгаад төв замаас туслах шороон зам руу дохиогоо өгч эргээд ортол бид хэдийн хажуугаар хар хөх өнгийн жийп машин эсрэг урсгалаар хурдтай явж очоод мөргөсөн. Тухайн машин Бын машиныг мөргөлгүй өнгөрч явах боломжтой харагдсан ч гэсэн хэт хурдтай явснаасаа болоод шууд очиж осол хийсэн...” гэх мэдүүлэг /хх-39-41 тал/,
Гэрч Б.У-ын өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед би аав Б, ээж Б, ээжийн найз Б, эгчийн хүүхэд Ч нартай Увс аймаг руу аялах зорилгоор аавын машинтай гарсан. Тэгээд бид хэд Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сумын нутгаар асфальтан замаар явж байхад 17 цагийн орчим Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газарт зам тээврийн осолд орсон. Тухайн үед аав Б тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Осол болохын өмнөхөн жижиг гүвээ маягтай газар зам дээр явж байхад урд .............. улсын дугаартай саарал өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл огцом тоормоз гишгээд замын баруун тал руу дарсан. Тэгэхэд нь би тухайн тээврийн хэрэгслийг зогсох гэж байна гэж бодсон. .............. дугаартай тээврийн хэрэгсэл огцом тоормоз гишгээд зүүн тал руугаа эргэж шороон зам руу орсон. .............. тээврийн хэрэгсэл нь зүүн гар тал, шороон зам руу эргэхдээ их удаан эргэж орсон. .............. тээврийн хэрэгсэл зүүн гар тал руу дохио өгөөгүй эргэж орсон. Аав тухайн тээврийн хэрэгслийг зогсох гэж байна гэж бодоод чигээрээ явж байсан. Тэгээд аавыг тоормоз гишгэхэд нөгөө машин ойртож ирсэн. Энэ үед аав машиныг зүүн гар тал руугаа дараад замын эсрэг урсгалаар ороод эсрэг замын хөвөө рүү орсон. Тэгэхэд нөгөө приус туслах шороон зам дээр гарч ирсэн байсан. Аав тээврийн хэрэгслийнхээ тоормозыг гишгэсэн боловч нөгөө приусыг хажуунаас нь очиж мөргөсөн. Аавын машин эхлээд Приусын зүүн талын урд хаалганы хойд хэсэгт гол багана хавьцаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,
Гэрч Г.Б-н өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Рашаант сум руу очихоор засмал зам дээр найз Б, Б, түүний хүүхдүүд болох У, Ч нарын хамт Б эзэмшлийн автомашинтай явж байсан бөгөөд зам дээр эвдрэл гараад тус эвдрэлийг машинууд тойроод явж байсан юм. Тэгээд тухайн эвдрэлийг тойроод гарч явах үед манай урд талд явж байсан приус загварын машин гэнэт шууд тоормоз гишгэсэн юм. Тэгэхээр нь би жолоочдоо “наад машин чинь зогсох гэж байна” гэж хэлтэл манай жолооч өөрийн тээврийн хэрэгслийн хурдыг хасаад хажуугаар нь гарч явах үйлдэл хийх гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн дохио өгөлгүйгээр манай тээврийн хэрэгслийн урдуур шууд дарж орж ирээд тэр чигтээ эсрэг талын урсгалын цаад талд байрлах шороон зам руу орохоор явсан. Тэр үед манай жолооч шууд тус тээврийн хэрэгслийг мөргөхөөс сэргийлээд тухайн тээврийн хэрэгслийн эргэсэн зүг рүү өөрийн рулийг дараад явсан боловч очоод урд гүперээрээ тухайн машины урд хаалга хавьцаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-44 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8143 дугаартай: “Г.Б-ын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-46-47 тал/,
2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8141 дугаартай: “Б.Т-гийн биед тархи доргилт, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-51-52 тал/,
2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8140 дугаартай: “Б.М-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-56-57 тал/,
2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8142 дугаартай: “М.Оийн биед сээрний 3, 4, 5-р нугалмын хугарал, зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-89-90 тал/,
2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8131 дугаартай: “Д.Бийн биед зүүн атгаал ясны далд, зөрөөтэй хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-114-115 тал/,
Автомашин техникийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №17372 дугаартай: “Г.Бын эзэмшлийн .............. улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг саарал өнгийн, NHW200059318 арлын дугаартай тээврийн хэрэгсэлд учиран эвдрэл гэмтлийн үнэлгээг 4.035.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-71-72 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай: “Жолооч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ........... дугаарын BCDM ангилалын үнэмлэх хүчинтэй байна. Жолооч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ............. дугаарын “BCD” ангилалын үнэмлэх хүчинтэй байна. Жолооч Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 13.4 А дахь заалт “уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч Г.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. ...Зам тээврийн осол, хэрэг нь жолооч Х.Б ы буруутай үйлдлээс болж гарсан /гүйцэж түрүүлэх хориотой газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс/ ...” гэх дүгнэлт /хх-101-102 тал/,
Шүүгдэгч Х.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би эхнэр Б, хүү У, зээ хүү Ч, эхнэрийн найз Б нарын хамт Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай “Ford Expedition” загварын тээврийн хэрэгсэлтэй 13 цагт гарсан. ...17 цаг 35 минутын үед Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт асфальтан зам дээр гүвээ уруудаж явахад саарал өнгийн .............. улсын дугаартай саарал өнгийн Приус загварын тээврийн хэрэгсэл тоормоз гишгээд тулаад ирсэн. Тэгэхээр нь би уг саарал өнгийн Приусыг мөргөхгүй гээд зүүн гар тал руугаа дараад эргэтэл нөгөө приус дагаж эргэж миний машины урдуур орж ирээд мөргүүлсэн. Тэгээд би машинаа зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-136-137 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр М.О, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т, Б.М, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан, уг гэмтэл осол болсон тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон, нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно” гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Б ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Х.Б ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Б жолоодож явсан, замын хөдөлгөөний дүрмээр гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийж аюул саадыг бий болгосон үедээ замын хөдөлгөөний дүрмийн дагуу тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эргэх хөдөлгөөн хийж байсан тээврийн хэрэгслийг мөргөж уг осол гарсан болохыг гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.Б ы үйлдэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б ыг Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн “Мөргөцөг” гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 17-18 цагийн орчим .............. улсын дугаартай “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.4 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас засмал замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.О, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т, Б.М, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас зорчигч М.О, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т, Б.М, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Г.Бын эзэмшлийн .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд 3265000 төгрөгийн шууд, 770000 төгрөгийн шууд бус хохирол учирсан нь автомашин техникийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №17372 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т, Б.М болон Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд хохирол учирсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу М.О, Г.Б нарыг иргэний нэхэмжлэгчээр татаж, хохирлоо нэхэмжлэх эрхээр хангасан нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хэргийн 149-154 дүгээр талд иргэний нэхэмжлэлийн 16 баримт авагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт эдгээр баримтын эх хувийг болон шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийн баримтын хүрээнд 4.236.410 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж харьцуулан судласнаар эмийн үнэ 575410 төгрөг /66100₮, 48000₮, 32000₮, 143790₮, 119650₮, 49620₮, 83050₮, 33200₮/; эмнэлэг, ор хоногийн төлбөр 625000 төгрөг /540000₮, 85000₮/; зочид буудлын төлбөр 60000 төгрөг; үзлэг шинжилгээ, оношлогооны төлбөр 1476000 төгрөг /60000₮, 31000₮, 40000₮, 5000₮, 100000₮, 340000₮, 290000₮, 220000₮, 260000₮, 130000₮/, тээвэр шатахууны зардал 309103 төгрөг /29100₮, 44000₮, 65000₮, 70000₮, 101003₮/ буюу нийт 3045513 төгрөгийг М.О, Б.Т, Б.М-, Г.Б нарын эмчилгээ оношлогооны зардалд, 4035000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Бын .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд учирсан /3265000 төгрөгийн шууд, 770000 төгрөгийн шууд бус/ хохиролд тус тус гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нотлох баримтгүй, түүнчлэн зарим хохирлыг үзлэгийн хуудас, мөнгө төлсөн баримт, төлбөрийн “Е” баримтаар давхардуулан нэхэмжилсэн 1191897 төгрөг /4236410₮- 3045513₮/-ийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмтлийн гаралтай эмчилгээний болон Булган аймгийн Рашаан сумын сум дундын цагдаагийн журмын хашаанд байгаа тээврийн хэрэгслээ зөөж тээвэрлэхтэй холбоотой гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шйдвэрлэв.
Хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Х.Б аас нийт 7080513 төгрөгийг гаргуулж, 3045513 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Од, 4035000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Б-д тус тус олгож, хохирогч Д.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь “Х ” группын сургалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .............................................. тоотод оршин суудаг, “Онц тээвэрчин” тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 138-145 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багшлах эрхийн болон шагналын үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмлэх тогтоолоор Булган аймгийн Рашаан сумын сум дундын цагдаагийн журмын хашаанд .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын, .............. улсын дугаартай “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн байх боловч .............. улсын дугаартай “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч хүлээн авсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Г.Б-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цд овогт Х-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ыг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д оногдуулсан 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б д сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 1191897 төгрөг /нэг сая нэг зуун ерэн нэгэн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б аас гэм хорын хохиролд нийт 7080513 /долоон сая наян мянга таван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, 3045513 төгрөгийг /гурван сая дөчин таван мянга таван зуун арван гурав/ төгрөгийг ......................... тоотод оршин суух хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О /РД: ................... /-д, 4035000 /дөрвөн сая гучин таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Б /РД: ................... /-д тус тус олгож, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт хохирогч Д.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, .............. улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч, эзэмшигч Г.Б-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД