Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.У-д холбогдох эрүүгийн 2115000000106 дугаартай, 163/2021/0110/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Т-ын У /РД: .................. /, 1990 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ............................................................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У-г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У өгсөн мэдүүлэгтээ: Мэдээлэл оруулсан нь үнэн. А, Н нар манай нөхөртэй холбоотой гэдгийг мэдээд гэр бүлээ хамгаалах гэж ийм үйлдэл гаргасан. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хоёр охин маань их өндөр халуурч байсан. Өглөөний 10 цагаас оройн 18 цаг хүртэл тог тасарна гэсэн болохоор манай нөхөр Ц ажил дээрээ байхгүй байсан. Урд өдөр нь буюу цэргийн баярын өдрөөр ажлынх нь нэг ах шагнуулсан байсан. Тэгээд тэр ахын шагналыг угаана гээд явсан. Явахаас нь өмнө охид халуурч байсан. Араас нь нөхөрлүүгээ залгаад хурдан яваад ирээрэй гэсэн. Тэгсэн Н гэх эмэгтэйтээ хамт яваад ирэхгүй удсан. Би хоёр хүүхдээ эмчид үзүүлчихээд хуурай ах эгчийнх рүү хүүхдүүдээ аваад явсан. Ц биднийг мөнгөгүй орхиод явсан. Тэгээд хуурай эгчийн охиноос мөнгө зээлээд эм авчихаад ажил дээр нь очиход манай нөхөр ажил дээрээ байхгүй байсан. Хүүхдүүддээ эмийг нь өгсөн ч хүүхдүүд их хэцүү байсан. Удаан хугацаагаар Н, А нартай уулзаж, унтаж хэвтдэг байсан гэдгийг нь мэдэж байсан болохоор маш их уурлаж гомдсон. Тэгээд “И” гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд мэдээлэл оруулсан. Би тэр хоёр хүүхэнд удаа дараа хэлсэн ч нотлох баримт байхгүй биз дээ гээд байхаар нь тэр мэдээллийг оруулсан. Би гэр бүлээ хамгаалж тэр мэдээллийг оруулсан. Манай нөхрийг эхнэр хүүхэдтэй гэдгийг мэдсээр байж удаа дараа манай нөхөр рүү шөнийн цагаар холбогдсон. Би нөхөртөө маш их гомдож уурласан. Манай нөхрийг эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж санаатайгаар уулзаж, унтаж хэвтсэн тэр хоёр хүүхний буруу. Уулзаад хэлэх гэж очсон боловч миний урдаас намайг доромжилсон. Уурандаа муу муухайгаар бичиж “янханууд, явдалтай хүүхнүүд” гэж цахим орчинд бичсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар хохирогч Ч.Н, Н.А, гэрч Э.Б, Т.Ц, Э.Э, Э.Э, Г.Б, Б.Б, М.Ц нарын мэдүүлэг, Фэйсбүүк хаягт болон гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Т.У-г 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн “..........” гэх фэйсбүүк хаягаас тус сумын иргэн Ч.Н, Н.А нарын царай төрх бүхий зургийг ашиглан, улмаар “Ингэтийн энэ хоёр, явдалтай янханууд ...” гэх мэтээр цахим орчин дахь “Ингэт толгойн САА” гэх группт сөрөг мэдээлэл байршуулж, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.У-г нэг сар, арав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал, дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У  нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн санал болгож тохиролцсон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахтай санал нэг байна гэжээ.

Эрүүгийн 2115000000106 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байхдаа өөрийн эзэмшлийн “..........” гэх фэйсбүүк хаягаас тус сумын иргэн Ч.Н, Н.А нарын царай төрх бүхий зургийг ашиглан, улмаар “Ингэтийн энэ 2 явдалтай, олон хүүхэдтэй. Манай гэр бүлд битгий гай болоод айл гэр үймүүлээд байгаач ээ муу бузар гичийнүүд минь ээ, ...явдалтай янханууд минь манай гэр бүлээс, манай нөхрөөс хол яваад өгөөч ээ” гэх мэтээр цахим орчин дахь “Ингэт толгойн САА” гэх группт сөрөг мэдээлэл байршуулж, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Ч.Н-ын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Засаг даргын тамгын газарт шуурхай хуралд сууж байхад Засаг даргын орлогч Цийн эхнэр “..........” гэх цахим хаягаас миний “Ч.Н” гэх хаяг руу элдвээр доромжилсон чат бичсэн. Ирүүлсэн чатанд нь олон хүүхэд цувуулсан янхан минь манай нөхрөөс хол бай, миний нөхөр чамайг өөд нь татаж ажилд оруулсан гэсэн, одоо тэр ажлыг нь өгөөд манай нөхрөөс холдож үз, алцганасан янхнууд Ингэтээр дүүрэн байдаг гэсэн зэрэг намайг доромжилж гүтгэсэн чат бичсэн. Ингээд оройн 20-21 цагийн орчимд “Ингэт толгойн сангийн аж ахуй”-н фэйсбүүк групп хуудсанд миний хоёр охинтойгоо хамт авахуулсан зургийг байршуулж элдвээр доромжилж, гүтгэж бичсэн байсныг манай охины ангийн багш О над руу залгаж юу болоод байна, ийм зүйл сошиалд тавьсан байна” гэж надад хэлж би мэдсэн. Тэгээд тухайн хаягаар орох гэсэн боловч болохгүй байсан. Тэгэхээр нь ажлын газрынхаа хүний хаягаар ороход гарч ирж байсан. Тэгээд тус групп хаягны админ гэх Б-тай холбогдож устгуулах гэсэн боловч ерөөсөө утсаа аваагүй. Тухайн хаяганд тавьсан зураг, доромжилсон гүтгэсэн зэрэг зүйлүүдийн зургийг авсан. ... Би олон жилийн өмнөөс Цзүс мэддэг байсан. Одоо бол Засаг даргын тамгын газарт хамт ажиллаж байгаа. Өөр ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Цийн эхнэр гэх хүний хэлээд байгаа “Ц намайг өөд нь татаж ажилд оруулсан” асуудал байхгүй. Би ажиллаж байгаа ажлын байрандаа шалгалтыг нь өгөөд өөрийн чадлаараа орсон. Яагаад ийм зүйлийг цахим орчинд тавьсан талаар мэдэхгүй байгаа. Би бодохдоо Ц бид хоёр 7 хоногийн зөрүүтэй ажилд орсон. Тамгын газар дотроос Ц-г арай гайгүй таньдаг нь би байсан учраас ганц нэг яриа өрнүүлсэнийг буруугаар ойлгож ийм зүйл тавьсан байх гэж бодож байна. Түүнээс би түүнтэй ямар нэгэн янаг амрагийн харилцаа байхгүй. Нэг удаа хамт ажилладаг Э болон түүний нөхөр Ж нартай хамт явж байхад Ц Ж руу залгаад дуудсан. Тэгэхэд нь л бид 3 хамтдаа гэрээр нь хальт ороод гарсан. Тухайн үед Ц согтуу байсан. Өөрөөр ямар нэгэн зүйл болоогүй” гэх /хх-12-13 тал/, ...“Би анх мэдээллийг тавьсан байна гэдгийг О багш над руу залгаснаар мэдсэн. Уг мэдээллийг оруулсан групп нь 900 орчим дагагчтай, тэр нь хэн хэн гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ намайг харахад тухайн группын 300 орчим хүн үзсэн байсан. Яг сайн нарийн тоог санахгүй байна. Мэдээллийг орж харахад надтай хамт Э, Э, Ц, О нар байж байгаад бүгдээрээ харсан” гэх /хх-16 тал/ мэдүүлэг,

Хохирогч Н.Агийн өгсөн: “Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч ажилтай Ц гэх хүн манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Зарим үед зээлээр, заримдаа мөнгөөрөө бараа авдаг. Манай дэлгүүрээс юм авахдаа над руу чатаар болон утсаар ярьж байгаад авдаг. Цийн эхнэр гэх хүн 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс хойш чатаар болон утсаар удаа дараа доромжилж гүтгэсэн. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлын байран дээр орж ирэн намайг “өлөн янхан, янхан минь манай нөхрөөс хол бай, манай нөхөр чамтай явалддаг гэж өөрөө надад хэлдэг” гэж хашгирч орилсон. Тухайн үед би бичлэгийг нь хийж авсан. Энэ үед худалдан авагч нар хүртэл байсан. Над руу элдэв янзын доромжилсон юм бичихээр нь би эргэж хариу бичдэггүй. Тэгээд чимээгүй байгаад байгаа болохоор нөхөртэйгөө явалддаг гэж ойлгоод байгаа юм шиг байна. Дээр нь миний зурган дээр Ц байнга лайк дардаг учраас явалддаг гэж надад хэлсэн. Намайг өчнөөн олон удаа нөхөртэйгөө явалддаг гэж гүтгэж “янхан, гичий”-гээр минь дуудаж доромжилсон. Энэ тухай Ц-д удаа дараа хэлсэн боловч Ц “манай эхнэр хэлээд үг авдаггүй юм, тайлбарлаад ойлгохгүй байна” гэж хэлж байсан. Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр сошиалд миний зургийг тавьж гүтгэж доромжилсон утгатай зүйл бичиж миний нэр хүндэд халдсан асуудал гаргасан. ...2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Ингэттолгойн сангийн аж ахуй” гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд манай сумын тамгын газрын ажилтан Н эгч бид хоёрын зургийг оруулаад “Tl una” гэсэн хаягаас хэл амаар доромжилж “янхан” гэсэн мэдээлэл тавьсан байсан. ...Би гомдолтой байна. Цийн эхнэр У-г надаас уучлалт гуйгаасаа, тэгвэл би гомдолгүй болно гэж хэлмээр байна. Түүнээс мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-85-86, 88-89 тал/ мэдүүлэг,

Гэрч Э.Б-ын өгсөн: “Би “Ингэттолгой САА” гэсэн фэйсбүүк группын админ мөн. Ч.Н-ын талаар мэдээлэл тавигдсанаас хойш нэг цагийн дараа харсан. Тухайн фэйж хуудсанд ямар мэдээлэл тавьж байгааг тогтмол хянах боломжгүй. Гэхдээ харсныхаа дараа өөрийнхөө фэйж рүү орж устгах гэтэл мэдээллийг оруулсан хүн устгасан байсан. Мэдээлэл тавьсны дараа тухайн хаяг руу орж харахад Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч Ц-ийн эхнэр байсан” гэх /хх-21 тал/, ...би энэ фэйсбүүк пэйж хуудсыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна. Одоогоор миний ажиллуулдаг пэйж хуудас нь 973 дагагчтай байна. ...Тухайн пэйж хуудсын дагагч нар мэдээлэл тавигдсан байсан цаг хугацаанд фэйсбүүктээ орсон байсан бол бүгд харах боломжтой. Гэхдээ би сүүлд устгасаных нь дараа орсон учраас хэдэн хүн харсныг мэдэхгүй байна. Уг тавьсан мэдээллийг дахин сэргээх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-23, 91, 93 тал/,

Гэрч Т.Цийн өгсөн: “..........” гэх фэйсбүүк хаягийг мэднэ, энэ хаяг манай эхнэр Ууган-Эрдэнийн эзэмшлийн фэйсбүүк хаяг юм. Би энэ талаар 2021 оны 3 дугаар сарын 19-ний орой “Ингэт толгойн САА” фэйсбүүк хуудсанд “..........” гэх хаягаасаа манай эхнэр У тавьсан байсныг хүн утсаар хэлж би мэдсэн. Н бид хоёрын хооронд ямар нэгэн дотны харилцаа бол байхгүй. Манай Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт хөгжлийн бодлогын мэргэжилтэн хийдэг эмэгтэй. Би энэ хүнтэй ажил хэргийн холбоотой. Намайг Ч.Н-тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж хардсаны улмаас фэйсбүүкэд тийм мэдээлэл оруулсан. Гэхдээ мэдээллийг оруулснаас хойш 50 гаруй минутын дараа эхнэртээ хэлж устгуулсан” гэх /хх-25-26 тал/, ...Н.А бид хоёрын хооронд ямар нэгэн дотны харилцаа бол байхгүй. Манай сумын Ингэт хүнсний дэлгүүрт ажилладаг эмэгтэй. Хааяа орж энэ дэлгүүрээс нь худалдан авалт хийдэг. Зарим үед энд тэндээс хүмүүс ирэхэд буудал асууж фэйсбүүк хаяг руу нь чат бичсэн зүйл байгаа. Өөр ямар нэгэн дотны харилцаа байхгүй. Намайг Н.А-тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж хардсаны улмаас фэйсбүүкэд тийм мэдээлэл оруулсан. Гэхдээ мэдээллийг оруулснаас хойш 50 орчим минутын дараа эхнэртээ хэлж устгуулсан” гэх мэдүүлэг /хх-95-96 тал/,

Гэрч Э.Э-гийн өгсөн: “Тухайн өдөр Н, Э, Ц, О бид нар хамт байж байтал Н руу О багш залгаж фэйсбүүкэд Нын талаарх мэдээлэл оруулсан байсныг хэлснээр бид нар бөөнөөрөө тус тусын фэйсбүүкээрээ орж харсан. Ороод харахад Ч.Н, түүний хоёр охины зураг болон Н.А-гийн зургийг нь хамт тавьж доромжилсон, гүтгэсэн утгатай мэдээллийг оруулсан байсан. Мэдээллийг оруулаад 40 гаруй минут болсон байсан. Тухайн мэдээллийг миний харснаар 300 орчим хүн үзсэн байсан” гэх мэдүүлэг /хх-31, 101 тал/,

Гэрч Э.Э-гийн өгсөн: “Тавигдсан мэдээллийг би харсан, “Ингэт толгойн САА” фэйсбүүк пэйж хуудсанд тавигдсан байсан. Надтай хамт уг мэдээллийг харахад Ц, Э, Н, О нар хамт байсан. Бид нар бүгдээрээ харсан. Мөн олон хүмүүс зургийг нь утсан дээрээ хуулж авсан байсан. Мэдээлэл тавигдсанаас хойш 1 цаг орчим болсон байсан. Маш олон хүн үзсэн байсан” гэх мэдүүлэг /хх-35, 103 тал/,

Гэрч Б.Э өгсөн: “И фэйсбүүк цахим группт тавигдсан мэдээллийг тавьсанаас хойш би 36 минут болж байхад харсан. Яг хэдэн хүн үзсэнийг сайн мэдэхгүй байна. Миний хувьд аав, ээж хоёртойгоо тэр мэдээллийг харсан” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

Гэрч Г.Б-ын өгсөн: “Уг мэдээллийг би харсан. Цийн эхнэр нь А, Н нарыг Ц-той хардаж мэдээлэл оруулсан байсан. Ер нь манай сумын иргэд ихэнх нь уг мэдээллийн талаар ярьж байсан. А, Н нар нь янхан буюу биеэ үнэлж байсан удаа байхгүй. Мөн урьд өмнө манай нутгийнхан дунд иймэрхүү ярианд нэр холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

Гэрч М.Ц ийн өгсөн: “Би У-г огт танихгүй, харин Ц, Н нартай нэг байгууллагад ажилладаг учир танина. А нь манай сумын дэлгүүрийн худалдагч болохоор таньдаг. Түүнээс өөр харилцаа холбоо байхгүй. Би уг мэдээллийг Н-ын утаснаас харсан. Зургийг нь дараад авчихсан байсан. Тухайн асуудлын талаар манай сумын иргэд хоорондоо “ийм асуудал болсон байна, харсан уу” гээд ярьцгааж байсан. Ер нь бол сумын иргэд нэлээн мэдсэн юм шиг байна лээ. А болохоор нөхрөөсөө салсан гэж сонсож байсан. Н эгчийн талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр бол нөхөр нь гэж харагдаж байгаагүй. Дээрх эмэгтэйчүүдийг гэр бүлээс гадуур харилцаатай гэж нутгийн иргэдийн дунд ямар нэгэн яриа, өгүүлэл байхгүй. Мөн би нүдээр харж байгаагүй. Дээрх эмэгтэйчүүд нь амьдралын хувьд боломжийн хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг /хх-44 тал/,

Шүүгдэгч Т.У-н яллагдагчаар өгсөн: “Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Н нь намайг гэртээ буюу Сэлэнгэ суманд байхад ирээгүй мөртлөө намайг Эрдэнэт рүү явангуут манай гэрт 3 өдрийн дараа 2 хүний хамт ирсэн байсан. Яагаад намайг байхад ирээгүй мөртлөө намайг гэрээс явангуут манайд ирж нөхөртэй маань архи ууж зайрмаг идсэн байсан. Энэ нь манай нөхөртэй явалдсан гэж үзэх шалтгаан байгаа юм. “И” фэйсбүүк группт мэдээллийг би оруулсан. Манай нөхөртэй унтаж хэвтсэнийг нь би хараагүй ч манай нөхрийн нуруугаа маажуулсан зураг байгаа. Тэрийг хараад би Н-тай явалдсан гэж бодож байна. Сэлэнгэ сумынхан Ч.Н-ыг явдалтай хүүхэн гэж ярьцгаадаг юм байна лээ. Би хүнтэй явалдаж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг/хх-53-54 тал/,

...“Би Аг огт танихгүй. Манай нөхөртэй явалдсан гэж бодсон цаг хугацаанаас буюу 2021 оны 1 дүгээр сараас хойш таньдаг болсон. Би өөрийн нөхөр Цтой анх 2012 онд танилцаад 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна. Манай нөхөр, А хоёр хоорондоо фэйсбүүкээр харилцсан чатууд байгаа. Тэгэхдээ нэлээд дотно маягтай харилцсан байсан. А гэх хүүхэн дандаа манай нөхөр лүү түрүүлж сайн уу, юу байна, хаана байна гэх зэргээр чат бичсэн байсан. Унтаж хэвтсэнийг нь харсан зүйл байхгүй ч хоорондоо дотно чаталсан чат нь батална. ...Гэхдээ би биеэ үнэлээд явж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-112-113 тал/,

Фэйсбүүк болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-6-7, 72-81/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, фэйсбүүк хаягт болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нь шүүгдэгч Т.У-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Т.У нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр Ч.Н, Н.А нарын зураг бүхий худал мэдээллийг цахим орчинд тавьж нийтэд тарааснаар тэдний нэр төр, алдар хүндэд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.У-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.У нь 973 дагагч бүхий “Ингэттолгойн САА” гэсэн фэйсбүүк пэйж хуудсаар цахим орчинд Ч.Н, Н.А нарын талаар худал мэдээлэл тарааснаар нийгэмд хувь хүний нэр төр, алдар хүнд унаж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Т.У-н гэм буруутай үйлдэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.У-г 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт өөрийн эзэмшлийн “..........” гэх фэйсбүүк хаягаас “Ингэттолгойн САА” гэх фэйсбүүк пэйж хуудсанд иргэн Ч.Н, Н.А нарын царай төрх бүхий зургийг ашиглан тэдний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг тавьж олон нийтэд тараасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.У-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Н, Н.А нарын нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд хохирол, хор уршиг учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлээгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Т.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.У-г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.У-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 117-120 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, цагдаагийн газрын бүртгэл хайлтын системийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.У  нь бага насны хүүхдүүдээ асран ........................................... амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4/46 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.У-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сар, арав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.У нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.У-г 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-г оршин суух газраас явахыг буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.У  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД