Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Иргэний нэхэмжлэгч Б.О /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Н,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2115000390077 дугаартай, 163/2021/0106/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Бын Э /РД: .................../, 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт ........................................................... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.О өгсөн мэдүүлэгтээ: Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байсан учраас миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.4-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэж Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны төрийн сангийн санхүүжилтын дансанд орохоор хуульчилсан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 49 дүгээр зүйлд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр иргэн, аж ахуй нэгж, байгууллага байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасанч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаагүй учраас дээрхи зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100040913001 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Б.Эыг 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн ац гол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 3.2604 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 549882 төгрөгийн шууд хохирол, 3 дахин өсгөн тооцоход 1649646 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг төлнө. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.

 

Эрүүгийн 2115000000017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баян гол” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар 5м3 хэмжээтэй шинэс төрлийн түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр тухайн өдөр ............. улсын дугаартай “Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлд зааснаас өөр газар буюу Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн ац гол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, 3.2604 м3 хэмжээтэй 33 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж Ойн тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

“Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Зүүн голын Чих авдаг гэх газар болсон байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн цасан бүрхүүл тогтсон ойн сан бүхий газар байв. Оролцогч Э-оор өөрөөр нь мод бэлтгэсэн гэх газрыг заалгаж “GARMIN Trex-10” загварын JPS төхөөрөмжөөр уртраг, өргөрөгийг хэмжихэд N49041’11.3”, E104019’22.9” гэж зааж байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,

Модонд үзлэг хийсэн: “Уг моднууд нь Булган аймгийн Хангал суман дахь сум дундын цагдаагийн тасгийн хашаанд байх ба нийт 33 ширхэг мод байв. Уг моднуудын диаметр болон уртыг хэмжихээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/,

“...Уг тээврийн хэрэгсэл нь ............. улсын дугаартай, ачааны цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын 2000 онд БНСУ-д үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн, ********** гэсэн арлын дугаартай, С-н Г гэх хүний эзэмшлийн ********** дугаарын гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл байв” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-11-13, 18 тал/,

“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөрөөний ир цагаан өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай, банк нь хар өнгөтэй, бариулууд нь хөр өнгөтэй, “VIDA CHAILNSAW гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөө байв...” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-14-15, 27 тал/,

Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-24-25 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.О-гийн өгсөн: “Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Зүүн голын Чих авдаг гэх газраас 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэн Б.Э нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Дээрхи газар нь мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газар бөгөөд Зэд хантайн бүтээлийн нурууны дархан цаазат газарт хамаардаг юм. Байгаль экологид учруулсан хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-33 тал/,

Гэрч А.Г өгсөн: “Би 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Зүүн голын Чих авдаг” гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж сонссон. Би Б.Э гэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Миний бичиж өгсөн эрхийн бичгээр Зэд хантайн бүтээлийн нурууны дархан цаазат газрын Зүүн голын Чих авдаг гэх газраас мод бэлтгэж болохгүй, зөвхөн эрхийн бичигт заагдсан газраас, бичигдсэн цаг хугацаанд л мод бэлтгэх эрхтэй байдаг. Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Баянгол гэх газар нь Сэлэнгэ сумын Зүүн голын Чих авдаг гэх газраас ойролцоогоор 12 км орчим зайтай гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,

Гэрч Г.Ө өгсөн: “Би Зэд Хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгаль хамгаалагч ажилтай ажил үүргийн хувьд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Галсан хайлантай гэдэг газраас Өлзийт гэдэг газар хүртэл нийт 7 ам буюу 50000 орчим га газарт өдөр тутмын хяналт тавьж ажилладаг. Би яг мод бэлтгэхийг нь мэдээгүй, маргааш нь цагдаа хэргийн газрын үзлэг хийхээр очсон байхад нь таарч мэдсэн. Зэд-Хантайүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орсон. ...” гэх мэдүүлэг /хх-45-47 тал/,

Гэрч С.Г-ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний эзэмшлийн “Hyundai Porter” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай эхнэр Мөнхжаргал Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэн Б.Э гэх хүнд 5.500.000 төгрөгөөр худалдаж миний дансанд мөнгө нь ороод машинаа өгч явуулсан. Тухайн үед би хөдөө явж байгаад нэр дээр нь шилжүүлж чадаагүй. Маргааш шилжүүлж өгье гэхэд “яараад байна, удахгүй орж ирээд шилжүүлж авъя” гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

Гэрч О-ын өгсөн: “Би Булган аймгийн газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар геодези зураг зүйн мэргэжилтэн ажилтай. N49041’11.3”, E104019’22.9” солбилцол нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн /Сэлэнгэбүрэн/ “Зүүн ац гол гэх газарт хамаардаг. Уг газар нь Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт хамаардаг. Сэлэнгэ сумын газар зүйн нэрийн хээрийн тодруулалтыг 2020 онд хийгдсэн албан мэдээгээр Зүүн ац гол гэж нэрлэдэг. Тухайн газрыг сумын иргэд олон нийт нь “Зүүн голын чих авдаг гэж нэршиж хэвшсэн байж болно...” гэх мэдүүлэг /хх-51 тал/,

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шилмүүст төрлийн буюу шинэс хуурай, түлээний мод байна. Уг мод нь нийт 33 ширхэг мод байх бөгөөд модны нийт эзлэхүүн нь 3.2604 м3 байна. 1 м3 модны үнэлгээ нь 168655 төгрөг, нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 549882 төгрөг байна” гэх 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №04 дугаартай дүгнэлт /хх-58 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Зүүн голын Чих авдаг” гах газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 549882 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 1649646 төгрөг болж байна” гэх 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-62 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Эын гэм буруугаа хүлээж өгсөн: “Яллагдагчаар татах тогтоолыг өмгөөлөгч маань уншиж танилцуулсан. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байдаг манай эхнэрийн ах намайг “цагаан сар болох гэж байна. Манайх түлээгүй болчихлоо, түлээ байна уу” гэхээр нь “түлээ байгаа” гэж хэлээд 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 09 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Зүүн голын чих авдаг” гэх газраас уулнаас босоо мод унагааж түлшний мод бэлтгээд өөрийн эзэмшлийн ............. улсын дугаартай “Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл дээр ачаад ахын гэр рүү очих гэж яваад цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /хх-88 тал/,

Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/235 дугаартай: “Танай байгууллагаас ирүүлсэн солбилцол /N49041’11.3”, E104019’22.9/-ын байршлыг шалгаж үзэхэд Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн багийн “Зүүн ац гол” гэх газар нь Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар нутагт хамаарч байна” гэх албан бичиг /хх-94 тал/, эд мөрийн баримтаар шинжлэн судлагдсан цахилгаан хөрөө зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоот зэрэг нь шүүгдэгч Б.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э нь эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

“Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгоно.

Шүүгдэгч Б.Э-ын мод бэлтгэх арга, технологийг зөрчиж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангилалаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь тус бүс нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн болох нь хэргийн газрын үзлэгийн “...Уг мод бэлтгэсэн гэх газрыг заалгаж “GARMIN Trex-10” загварын JPS төхөөрөмжөөр уртраг, өргөрөгийг хэмжихэд N49041’11.3”, E104019’22.9” гэж зааж байв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/235 дугаартай дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Э-ын мод бэлтгэх зөвшөөрөлд зааснаас өөр газар, өөр аргаар буюу Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн ац гол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э-ыг 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ............. улсын дугаартай “Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн ац гол” гэх газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 3.2604 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 549882 төгрөгийн шууд хохирол /хх-58 тал/ учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 1.649.646 төгрөгийн /хх-62 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Э-оос 1649648 төгрөгийг гаргуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэж заасны дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100040913001 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Хэргийн 91-93, 95-96 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт ......................................... гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ............. улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Эын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 3.2604 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 33 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн хөрөөний ир цагаан өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай, банк нь хар өнгөтэй, бариулууд нь хар өнгөтэй, “VIDA CHAILNSAW гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эт сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасны дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100040913001 тоот дансанд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн 2000000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ............. улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл; 3.2604 м3 хэмжээтэй тайрч бэлтгэсэн 33 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн хөрөөний ир цагаан өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай, банк нь хар өнгөтэй, бариулууд нь хөр өнгөтэй, “VIDA CHAILNSAW гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э-оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД