| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0107/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/108 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Иргэний нэхэмжлэгч Б.О /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 2115000400082 дугаартай, 163/2021/0107/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овогт О-ийн О /РД: .................... /, 1984 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл 2, ээжийн хамт ............................................... багийн “С” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Оыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг хэсэгчлэн төлнө гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.О өгсөн мэдүүлэгтээ: Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байсан учраас миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.4-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэж Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны төрийн сангийн санхүүжилтын дансанд орохоор хуульчилсан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 49 дүгээр зүйлд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр иргэн, аж ахуй нэгж, байгууллага байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасанч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаагүй учраас дээрх зөрчлийн улмаас учирсан хохирлыг тусгай хамгаалалттай газрын дансанд оруулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийн тогтоогдсон хэмжээнд нь төлсөн хохирол болон үлдэгдэл хохирлыг гаргуулж Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100040913001 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч О.О-г 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ............................................... багийн нутаг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Зүүн голын “Дашлин” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.913 м3 хэмжээтэй мод бэлтгэж байгаль экологид 659947 төгрөгийн шууд хохирол, 3 дахин өсгөн тооцоход 1989841 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг хэсэгчлэн төлнө. Биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000400082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ............................................... багийн нутаг “Баян гол” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар 5 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр тухайн өдөр ............... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан уг эрхийн бичигт зааснаас өөр газар буюу ............................................... багийн Зүүн голын “Дашлин” гэх газарт буюу улсын тусгай хамгаалалттай газарт нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод хөрөөдөн унагаж, 3.913 м3 хэмжээтэй 49 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж Ойн тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
“Хэрэг учрал болсон газар нь ............................................... багийн Зүүн голын “Дашлин” гэх газар болсон байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн цасан бүрхүүл тогтсон ойн сан бүхий газар байв. Оролцогч Б.М-оор өөрөөр нь мод бэлтгэсэн гэх газрыг заалгаж “GARMIN Trex-10” загварын JPS төхөөрөмжөөр уртраг, өргөрөгийг хэмжихэд N49042’01.8”, E104018’29.1” гэж зааж байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9 тал/,
Модонд үзлэг хийсэн: “Уг моднууд нь Булган аймгийн Хангал суман дахь сум дундын цагдаагийн тасгийн хашаанд байх ба нийт 49 ширхэг мод байв. Уг моднуудын диаметр болон уртыг хэмжихээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-23-24, 27-28 тал/,
“...Уг тээврийн хэрэгсэл нь ............... улсын дугаартай, ачааны цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын 1999 онд БНСУ-д үйлдвэрлэгдэж 2004 онд Монгол улсад орж ирсэн, ***********гэсэн арлын дугаартай, Б.П гэх хүний эзэмшлийн *********** дугаарын гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл байв” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-17, 20-21 тал/,
“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа таггүй, “JIN SHI WANG” гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөө байв...” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-11, 14-15 тал/,
Бичмэл нотлох баримтын хуулбарлан авсан тэмдэглэл, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-29-30 тал/,
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-32-33 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.О-ийн өгсөн: “Би Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн хийдэг. ............................................... багийн нутаг Зүүн голын “Дашлин” гэх газраас 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэн О.О нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Дээрхи газар нь мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газар бөгөөд Зэд-Хантайн-Бүтээлийн нурууны дархан цаазат газарт хамаардаг юм. Байгаль экологид учруулсан хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-н өгсөн: “Би 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Б.П гэдэг хүнээс 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байгаа. Одоо тэр хүнээ хайгаад олохгүй, холбоо барьж чадахгүй байна. 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр найз О.О нь намайг “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, модонд яваач өгөөч” гэхээр нь хамт явж ачиж өгсөн юм. Би өөрийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-н гэрчээр өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр манай найз О.О манай гэрт ирээд түлээнд яваад өгөөч, миний машин эвдэрсэн гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юм уу гэхэд байгаа гэж хэлэхээр нь ............... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ............................................... багийн Зүүн голын Дашлин гэх газраас Оиж нэг удаа ачиж Хялганат тосгоны төвд оруулах гээд Оирын хамт явж байхад цагдаа нар саатуулж мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүлчихээд явсан юм. Маргааш нь экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Э.Ганзоригтой Сэлэнгэ сумын Зүүн голын “Дашлин” гэх газарт явж байгаад дахин таарч мод бэлтгэсэн газрыг асуухаар нь зааж өгөхөд энэ бэлтгэсэн газар чинь Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газар учраас та хоёр авч явсан мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас түлшний модоо бэлтгээгүй байна гэх үндэслэлээр саатуулж, модыг битүүмжилсэн” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,
Гэрч Г.Ө-ын өгсөн: “Би Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгаль хамгаалагч ажилтай, ажил үүргийн хувьд ............................................... багийн нутаг “Галсан хайлантай” гэдэг газраас “Өлзийт” гэдэг газар хүртэл нийт 7 ам буюу 50000 орчим га газарт өдөр тутмын хяналт тавьж ажилладаг. Би яг мод бэлтгэхийг нь мэдээгүй, маргааш нь цагдаа хэргийн газрын үзлэг хийхээр Осон байхад нь таарч мэдсэн. Зэд-Хангай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орсон. ...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,
Гэрч А.Г-н өгсөн: “Би Булган аймгийн Сэлэнгэ сумын 3, 4 дүгээр багийг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай. 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ............ дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг О.О гэх хүнд бичиж өгсөн. Миний бичиж өгсөн ................. дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Баянгол гэх газраас мод бэлтгэн тээвэрлэхээр бичиж өгсөн. Миний бичиж өгсөн эрхийн бичгээр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Зүүн голын “Дашлин” гэх газраас мод бэлтгэж болохгүй. Зөвхөн эрхийн бичигт заагдсан газраас мод бэлтгэх эрхтэй байдаг. Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Баянгол гэх газар нь Сэлэнгэ сумын Зүүн голын “Дашлин” гэх газраас ойролцоогоор 14 км орчим зайтай” гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шилмүүст төрлийн буюу шинэс хуурай, түлээний мод байна. Уг мод нь нийт 49 ширхэг мод байх бөгөөд модны нийт эзлэхүүн нь 3.913 м3 байна. 1 м3 модны үнэлгээ нь 168655 төгрөг, нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 659947 төгрөг байна” гэх 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №06 дугаартай дүгнэлт /хх-93 тал/,
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “............................................... багийн Зүүн голын “Дашлин” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 659947 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 1979841 төгрөг болж байна” гэх 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №08 дугаартай дүгнэлт /хх-95 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.О-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “Яллагдагчаар татах тогтоолыг өмгөөлөгч маань уншиж танилцуулсан. Зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын байгаль орчны байцаагч Г-аас ............................................... багийн Баянгол гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваад найз М-ын хамт модонд явахаар түүний эзэмшлийн цэнхэр өнгийн ............... улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр түлшний мод бэлтгэхээр ............................................... багийн нутаг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Зүүн голын “Дашлин” гэх газраас мод бэлтгэсэн. Би найз М-т мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж харуулаад М т зам заагаад явсан. Би бичиг үсэг мэдэхгүй, тийм болохоор мод бэлтгэх эрхийн бичиг дээр мод бэлтгэх газрын бичсэн байсныг уншиж мэдэхгүй учраас мод бэлтгэх ёстой газраас мод бэлтгэлгүйгээр өөр газраас мод бэлтгэсэн. Би 6 ширхэг ургаа мод унагаасан. М ургаа мод тайрч унагаагаагүй...” гэх мэдүүлэг /хх-117 тал/, эд мөрийн баримтаар шинжлэн судлагдсан цахилгаан хөрөө зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч О.Оийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч О.О нь эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зөвшөөрөлд зааснаар өөр газраас буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
“Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгоно.
Шүүгдэгч О.О нь мод бэлтгэх арга, технологийг зөрчиж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ. =
Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангилалаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд шүүгдэгч О.О нь тус бүс нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч О.Оийн мод бэлтгэх зөвшөөрөлд зааснаас өөр газар, өөр аргаар буюу ............................................... багийн Зүүн голын “Дашлин” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Оийг 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ............... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан ............................................... багийн Зүүн голын “Дашлин” гэх газар буюу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.913 м3 хэмжээтэй 49 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 659947 төгрөгийн шууд хохирол /хх-93 тал/ учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 1.979.841 төгрөгийн /хх-95 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирол нөхөн төлбөрөөс шүүгдэгч О.О нь прокурорын шатанд 1.500.000 төгрөг /хх-128 тал/-ийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч О.Ооос байгаль экологид учруулсан хохирлын үлдэгдэл 479841 төгрөгийг, Төрийн сангийн 100900013040 дугаарын данснаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэж заасны дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100040913001 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Оийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 102-109 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар болон лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь ам бүл 2, ээжийн хамт ............................................... багт амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай, группт байдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан хохирлыг хэсэгчлэн төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд /хх-32-33, 45-46/-аар Б.М гэх хүний өмчлөл, эзэмшилд байдаг болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөгдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч ............................................... багийн иргэн Б.М /РД: .............../-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч О.О-с “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №2100058 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ............... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.700.000 төгрөгийг; гэмт хэрэг үйлдэж олсон 3.913 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 49 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа таггүй, “JIN SHI WANG” гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Оид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт О-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.О-д гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.О-д сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасныг баримтлан шүүгдэгч О.О-с байгаль экологид учруулсан хохирлын үлдэгдэл 479841 төгрөгийг, Төрийн сангийн 100900013040 дугаарын данснаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100040913001 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн ............... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч ............................................... багийн иргэн Б.М /РД: .................. /-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч О.О-с ............... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг; 3.913 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 49 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа таггүй, “JIN SHI WANG” гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч О.О-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД