| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б ын Э д холбогдох эрүүгийн 2015003550109 дугаартай, 163/2021/0114/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б ын Э , 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, ..... оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бумбын орон” амралтын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа байгууллагын эд зүйлийг дур мэдэн ашиглаж, мөн авч явж завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б ын өгсөн: “ ...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай “Бумбын орон” амралтын газар 100 хүний хүлээн авалт хийгээд тухайн оройноо тарсан. Манай амралтын газарт ажилладаг Э гэх залуу хүлээн авалт хийсэн заал, танхимыг цэвэрлэнэ гээд ганцаараа үлдсэн. Би ажилтнуудаа Эрдэнэтэд буулгачихаад орой Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд “Бумбын орон” амралтын газарт очиход ундуй сундуй бохир заваан байсан. Тэгэхээр нь малчин Г , Б нараас асуухад “Э та хэдийг явсны дараа найз нартайгаа шоудаж байгаад явсан” гэж хэлсэн. Тэгээд амралтын газрын дотор байсан камерыг шүүж үзэхэд манай ажилтан Э 4-5 найз нартайгаа ирж хоол хийж идээд, архи, ундаа усыг минь хэрэглэсэн байсан. Тэгээд энэ байдлыг хэлэх гээд Э руу залгахад утсаа авахгүй блок хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-10-13 тал/,
Гэрч А.Э ийн өгсөн: “...Би яг он, сар, өдрийг нь санахгүй байна. “Бумбын орон” амралтын газар хүлээн авалт болоод дууссан. Тэр үед нь Э амралтын газарт цэвэрлэгээ хийх гээд үлдсэн гэсэн. Тэгээд тэр орой нь Э ын найз нар хаанаас ирснийг мэдэхгүй байна, ирээд 11-ний өдөр үдээс хойш явцгаасан. Явахдаа Э манай гэрээр ирээд надад амралтын түлхүүр үлдээгээд явсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр амралтын газрын дарга Б ирээд манай гэрээс түлхүүр аваад явсан. Тэгээд амралтын газар оччихоод манай амралтын газар байсан мах, будаа, хөнжил зэрэг эд зүйл алга болсон байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч Г.З гийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны орой Э Э рүү залгаад “амралтын газар хүрээд ир” гэж хэлсэн. Яг тухайн үед нь Э бид 2 Дэнжийн 3 байрны орчим уулзаж таарсан юм. Тэгээд Э 2 найзаа дуудаад бид 4 Сэлэнгэ зочид буудлын доод талын дэлгүүрээс 3 шил архи, тамхи, ундаа зэрэг эд зүйл аваад “Бумбын орон” амралтын газарт Э дээр очсон. Биднийг очиход Э чихрээр таваг зассан байсан. Мөн үхэр, тахианы махаар будаатай хоол хийж өгсөн санагдаж байна. Тэгээд бид нар амралтын газарт нь хоночихоод маргааш өглөө нь явцгаасан. Явахдаа Э цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс аваад машинд сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 200570 дугаартай: “...Хатуу чихэр 8000 төгрөг, “Fruit” нэртэй набор 4500 төгрөг, “Trino” шоколад 11200 төгрөг, “Болор” архи 2 шил 45000 төгрөг, “Eden” архи 0.5 л 30000 төгрөг, “Экс” 0.75 л хэмжээтэй 4 шил архи 92000 төгрөг, “Мога” печень 1000 төгрөг, Капучено 6 ширхэг 4800 төгрөг, Труплес /жижиг/ 2 ширхэг 12000 төгрөг, Труплес /том/ 15000 төгрөг, Кернат голд 4 ширхэг 4800 төгрөг, “Chocopie” 2 ширхэг 11200 төгрөг, “Coco Cola” 0.5 л 9 ширхэг 13500 төгрөг, “Coco Cola” 1.25 л 10 ширхэг 30000 төгрөг, “Солонго” нэртэй 00-ын цаас 2 ширхэг 4000 төгрөг, үсний шампунь 6 ширхэг 2100 төгрөг, “LD” нэртэй тамхи 2 хайрцаг 5600 төгрөг, Зөөврийн хуучин компютер 450000 төгрөг, хуучин хөнжил 28000 төгрөг, гудас /хуучин/ 16000 төгрөг, матрас 28000 төгрөг, дэр /хуучин/ 4000 төгрөг, ор хөнжлийн даавуу 1 хос 48000 төгрөг, ор хөнжлийн цагаан даавуу 5 ширхэг 175000 төгрөг, үхрийн цул мах 7 кг 52500 төгрөг, тахианы мах 4 кг 20000 төгрөг, цагаан будаа 22000 төгрөг. Нийт 1138200 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-41-47 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр захирал Улаанбаатар хот орох гэхээр нь би өвсөнд явсан мөнгө болон эмчилгээний мөнгөө захирлаас нэхэхэд “би цалинг чинь өгсөн биздээ” гээд өгөөгүй. Тэгээд тэр орой захирлыг явсны дараа манай 2 найз нэг найзыгаа дагуулаад гурвуулаа ирэхээр нь би амралтын газраас мах болон гурил аваад хоол хийж өгөөд амралтын газрын дэлгүүрийнх нь зарж байсан чихэрнээс нэг уут нэрийг сайн мэдэхгүй байна чихэр задалж таваг зассан. Тэгээд бид нар тэр шөнө амралтын газар унтаж амарчихаад өглөө нь би найз нартаа хоол хийж өгчихөөд амралтын газраас нь “Samsung” нэртэй зөөврийн компьютерийг нь аваад найз нарынхаа хамтаар Орхон аймаг руу явсан. Тэгээд би уг “Samsung” нэртэй зөөврийн компьютерийг нь 150000 төгрөгөөр Ламборданд тавиад Улаанбаатар луу явсан. ...” гэх мэдүүлэг /хх-55 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бумбын орон” амралтын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа байгууллагын эд зүйлийг дур мэдэн ашиглаж, мөн авч явж завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б ын өгсөн мэдүүлэг /хх-10-13 тал/, гэрч А.Э ийн өгсөн мэдүүлэг /хх-17-18 тал/, гэрч Г.З гийн өгсөн мэдүүлэг /хх-29-30 тал/, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 200570 дугаартай дүгнэлт /хх-41-47 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Б.Э ыг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бумбын орон” амралтын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа байгууллагын эд зүйлийг дур мэдэн ашиглаж, мөн авч явсан буюу завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугцаагаар тэнсэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э ыг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бумбын орон” амралтын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа байгууллагын эд зүйлийг дур мэдэн ашиглаж, мөн авч явсан буюу завшсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Б т 1138000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Э д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Б.Э ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Э ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4/48 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР