Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цт холбогдох эрүүгийн 2115000000119 дугаартай, 163/2021/0113/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогтой Д. Ц .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь Булган аймгийн ...од 2021 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим “хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс архи уугаад байна” гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдах явцдаа Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Бийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цийн өгсөн:

 

 

гэв.

 

2115000000119 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч О.Бийн өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 14-ний орой оройн эргүүлд дэд ахлагч Амартүвшингийн хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Цагдаагийн газрын жижүүрээс шөнийн 01 цагийн орчим Булган аймгийн ...од дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нарын шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байна гэж байна та хоёр нэмэлтээр оч гэж хэлсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу хаяг нь дээр очиход хэв журмын цагдаа дэд ахлагч Г, Б нарыг 4-5 залуу тойрсон байдалтай байж байсан. Тэгээд юу болсон талаар тодруулахад шаардлага биелүүлэхгүй байгаа талаар хэлсэн. Би тус иргэдэд хандаж хорио цээртэй байгаа үед та нар хаанаас архи согтууруулах ундаа олж уусан юм бэ яагаад цагдаа нарын шаардлага биелүүлэхгүй байгаа талаар тодруулахад бид нар одоо унтаж амарлаа одоо ингээд орхиод яваач гэж хэлж байсан. Тэгээд та нар одоо унтаж амарцгаа гэж хэлээд байж байтал тус тоотод байх байшин руу Ц гэх иргэнийг сонсогч Э  дагуулаад орж байгаа харагдсан, мөн Э тэй барьцалдаад авах шиг болохоор нь би араас нь байшинд ороход иргэн Ц үг хэлэх завдалгүй шууд намайг нэг удаа гараа зангидаж байгаад миний уруул хэсэгт цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,

Гэрч Г.Бийн өгсөн: ...Ц нь мөн бид нарыг мөн янз бүрийн хараалын үгээр доромжилсон. Албаны машинд суу гэхэд би машинд суухгүй гэж хэлээд эсэргүүцэл үзүүлж миний савхин хүрэмний богонд зүүлттэй байсан энгэрийн камер болон мөрний маяак хоёрыг газарт унагаасан. Намайг Ц зуураад тавихгүй байж байтал сонсогч Э  миний энгэрийн камерыг газраас авсан. Тэгэхээр нь би иргэн Цийг доош нь даржбайгаад баруун гарт нь албаны бугуйн гав хийгээд зүүн гарт нь гав хийх гэтэл гараа сугалаад надаас зугтаагаад хашаа руу орсон. Тэгээд би араас нь хашаанд орж бугуйн гав аа авъя тайлаад өгье гэж хэлэхэд миний гарыг тасдаад ав лаларууд минь гэж хараасан... Цийг байшин руу сонсогч Э  дагуулаад орсон. Би байшингийн гадаа иргэн Бгэх хүнтэй одоо унтаж амарцгаа гэж хэлчихээд байшинд араас нь ороход дэд ахлагч Б та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлээд байж байсан хажууд нь сонсогч Э  байсан. Ингээд та яаж байгаа юм бэ цагдаагийн алба хаагчийн шаардпага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлээд гэж хэлэхэд өмнөөс хэл амаар доромжлоод эсэргүүцээд байхаар нь одоо унтаж амарцгаа гэжхэлээд орхисон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/,

 

Яллагдагчаар Д.Ц мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим манай найз Б.Б утсаар залгаад гэртээ найз нь баркетен шал шахаж байна чи ирж туслаач гэж хэлсэн. Тэр дагуу 17 цагийн орчим Б.Бы гэрт очсон, гэрт ороход гэрийн эзэн Б.Б, О.Б, Б нар байсан. Тэгээд удалгүй гаднаас манай найз болох Хатанбаатар ирсэн ингээд 5 уулаа нийлээд Бы баркетен шалыг шахаж эхэлсэн. Энэ явцад гэрийн эзэн Б.Б нэг шил 0,75 литрийн экс нэртэй архи гаргаж өгсөн. Уг архийг манай 4 найз хувааж уусан. Миний ходоод өвддөг учир би архи уугаагүй юм. Тэгээд шөнийн 00 цаг хүртэл шалаа шахаж дуусгасан. Ингээд шалаа шахаж дуусгаад гэрээс гарах гээд байж байтал гаднаас О.Бы эхнэр Б 2 цагдаа дагуулж орж ирсэн. Намайг утсаар яриад сууж байтал Б үг хэлэлгүй намайг 2-3 удаа гараараа толгой руу алгадсан. Тэгээд Б нөхөр О.Быг дагуулаад гэрээс гарсан. Намайг зүгээр байхад алгадсанд уур хүрээд би цагдаа нарт хандаж та нар ямар учраас намайг эмэгтэй хүн дагуулж ирээд алгадуулж байгаа юм бэ, та нар намайг хамгаалах ёстой биздээ гэж хэлээд би уурандаа цагдаа нарт хараалын үг хэлсэн. Тэгээд намайг цагдаа нар хүчээр авч гаргаад албаны, машинд суу гэж хэлээд зүүн гарт бугуйн гав хийсэн. Тэгэхээр нь би хэрэг зөрчил хийгээгүй явахгүй гэж хэлсэн. Гавтай гараа цагдаа нараас булааж аваад байшингийн ард сууж байхад Б гэх цагдаа ирээд миний гавыг тайлж өгсөн. Ингээд би буцаад байшинд орсон миний араас хоёр цагдаа орж ирээд хоёр гарыг хоёр цагдаа барьчихаад тавихгүй болохоор нь би тавь гэж шаардахад миний нүүр лүү цохьсон. Тэгээд би гараа цагдаа нараас булааж авах явцдаа Б гэх цагдааг цохьсон байх. Ингээд цагдаа нар одоо унтаж амар гэж хэлээд намайг орхиод явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаар:

1. Магадлуулагч О.Бийн биед уруулд 1 тооны язарсан шарх, 2 тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлүүн зэрэг тогтоох журмы- 2.4 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 56-57-р тал/,

 

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь Булган аймгийн ...од 2021 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим “хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс архи уугаад байна” гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдах явцдаа Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Бийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч О.Б, гэрч Г.Б нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон О.Бийн биед уруулд 1 тооны язарсан шарх, 2 тооны цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 106 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Гантулга дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Ц нь Булган аймгийн ...од 2021 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим “хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс архи уугаад байна” гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдах явцдаа Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Бийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Д.Цийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4/47 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Д.Цт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Цийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б овогтой Д. Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тусад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Цт сануулсугай

 

6. Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ