Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 409

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Оийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч:  СБДЗД д холбогдох,

Гуравдагч этгээд: Г.Б,

Гуравдагч этгээд: Д.Т.

Нэхэмжлэлийн шаардлага: “СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамж болон 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хоёр өөр байршилд кадастр давхардуулан хийгдсэн тул хууль бус болохыг тогтоолгох, СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамж, 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өөр өөр байршилд газрын кадастрыг давхардуулан хийсэн болохыг тогтоолгох, Д.Тнэр дээрх 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж 2012 онд миний хийлгэсэн кадастрын зураглалыг үндэслэн С.О намайг уг газрын эзэмшигчээр тогтоохыг СБДЗД д, газар эзэмших гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Г.Б, гуравдагч этгээд Д.Титгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... С.О миний бие хуулийн салбар, төрийн байгууллагад 32 жил ажиллаж байгаа болно. Үндсэн ажлын хажуугаар “А ” ХХК-д 2006 оноос 2010 оны хооронд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан. “А ” ХХК нь туслалцаа үзүүлсний хөлсөнд барьцаанд хураагдсан Д.Тгазар эзэмших эрхийн гэрчилгээг надад хүлээлгэн өгч, та үүнийг аваад кадастрын зураг хийлгээд аваарай. Д.Т нь сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж Япон улсад харласан учраас бидэнд газрын эзэмших эрхийг барьцааны гэрээний дагуу авах эрх үүссэн. Тухайн үед зөвхөн кадастрын зураггүй 052.. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 05 дугаар сард хүлээн авсан. Д.Т нь одоог хүртэл Монгол улсад ирээгүй байгаа юм.

Уг газрын гэрчилгээ нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзайн зуслан, нэгж талбарын дугаар бичигдээгүй, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот захирамжаар олгогдсон гэсэн бичиглэлтэй байсан.

2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Санзайн зуслан 15 дугаар хороо орчим очиж өөрөө газраа сонгон, “В м” ХХК-иар кадастрын зураг шинээр хийлгэн Сүхбаатар дүүргийн Газрын албанд миний бие гарын үсэг зурж бүртгүүлсэн. Энэ нь маргаж буй 18******* нэгж талбарын дугаар бүхий газар юм. Улмаар Д.Тас барьцааны гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр явж байтал Д.Таав Д гэгч нь тухайн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж 2015 онд шинээр 000551... тоот гэрчилгээг хууль бусаар, эзэмшигч этгээдийг байхгүй үед нь гаргуулан авсан. Түүгээр үл барам бусдад худалдаж шилжүүлэхээр гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасныг бидний зүгээс 2017, 2018 онд 2 удаа өргөдөл, хүсэлт гарган таслан зогсоосон. Энэ нь Газрын албаны архивын бичиг баримтаар бүрэн нотлогдоно.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг ийнхүү үрэгдүүлсэн гэж хууль бусаар гаргуулан авснаас гадна миний “А ” ХХК-иас авсан 052.. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр өмнө нь бүртгэлтэй байсан нэгж талбарын дугаар бүхий газрыг мөн л Д.Тнэр дээр хууль бусаар өөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авч бусдад худалдсан.

Өөрөөр хэлбэл 052.. тоот гэрчилгээнд оногдох газрын нэгж талбарын бүртгэл дээр шинээр гэрчилгээ гаргуулж аваад бусдад шилжүүлж зарсан. Нөгөөх нь С.О намайг 052.. тоот гэрчилгээнд шинээр нэгж талбарын бүртгэл хийлгэсэн байгааг далимдуулан үрэгдүүлсэн гэж гэрчилгээ авч дахин бусдад шилжүүлж зарах үйлдэл хийгээд байна

Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дугаар хэсэгт заасан “...нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Энэ бүхнийг Д.Таав н.Д нь хүүгийнхээ эзгүйд өөрөө гарын үсгээ зураад үйлдээд явдаг. Бүх бичиг баримт дээрх гарын үсэг нь Д.Т биш н.Д гэх хүнийх юм. Ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр гэрчилгээ шинээр авдаг, бусдад шилжүүлдэг, ашиг олдог шуналтай хүн.

Миний бие барьцааны гэрээний дагуу гэрчилгээг хүлээн авсан боловч шилжүүлэн авч чадаагүй нь миний буруутай үйл ажиллагаа. Гэхдээ 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот захирамжаар олгогдсон 052.. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнд ногдох нэгж талбар дээр шинээр өөр захирамж, гэрчилгээ гаргуулан авч шилжүүлснээр тухайн газрын эзэмших гэрчилгээ хүчингүй болж дуусгавар болох ёстой. 

Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүйгээс 1 нэгж талбарын дугаар дээр 2 өөр захирамжтай 2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, Д.Т нь 2 газар эзэмших эрхтэй байсан мэт харагдаад байна.

Миний бие 18******* нэгж талбар бүхий газрыг бүртгүүлсэн тул уг газраа өөрийн садангийн дүү Ж.О8.000.000 төгрөг авч, байшингаа бариад байж бай гэрчилгээ удахгүй гарна гэснээр, Ж.О нь уг газар дээр 40.000.000 төгрөгийн хөрөнгөөр өвлийн байшин, хашаа барьсан.

Гэвч энэхүү маргаантай байдлаас болж 12.000.000 төгрөгийг надаас урьдчилж буцаан аваад байшин, газрыг надад хүлээлгэж өгөөд байна.

Нөгөө талаас миний бие 18******* нэгж талбарын дугаар дээр өөрөө хүсэлт гаргаж шинээр гэрчилгээ авах бүрэн боломжтой. 

Иймд миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй СБДЗД ын 2005 оны 07 сарын 08-ны өдрийн 189 тоот захирамжийн Дгийн Т //-д хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч СБДЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн С.О нь барьцааны гэрээний дагуу гэрчилгээг хүлээн авсан боловч шилжүүлэн авч чадаагүй, хайнга хандсан байна. 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “...нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй. 

2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “...газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох тохиолдолд нэгж газарт нэг л хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байна” гэж заасныг нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад гол үндэслэл болгосон байна. 2005 оны засаг даргын захирамж 2015 оны засаг даргын захирамжийг нэг газарт 2 хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байна гэдэг нь үндэслэлгүй юм. Д.Таав Д гэрчилгээг хянаж үрэгдүүлсэн гэж 2015 онд шинээр 000551... тоот гэрчилгээ авсан гэж тэмдэглэсэн боловч энэ нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:  “...Нэхэмжлэгч С овогтой О би СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаартай захирамжийн иргэн Д.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үндэслэл нь:

СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар иргэн Д.Т нь Санзай зусланд 18******* дугаар нэгж талбарын 052.. дугаар бүхий гэрчилгээтэй, 0,04 талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байдаг.

Д.Т нь дээрх 052.. дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “А ” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1016 дугаараар бүртгэгдсэн 12 дугаартай нотариат Ч.А ийн баталгаажуулсан 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаанд тавиад, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй барьцаанд тавьсан газрын гэрчилгээгээ аваагүй орхисон байдаг.

“А ” ХХК-ийн захирал П.С нь Д.Тдээрх барьцаанд үлдээсэн 052.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг С.О надад ажил гүйцэтгэх гэрээний хөлс 5.000.000 төгрөгт тооцож 2008 онд шилжүүлэн өгсөн юм. Энэ хугацаанд Д.Т нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ буцааж авах талаар нэг ч удаа хандаж байгаагүй тул миний бие 2012 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж Д.Тнэр дээрх 052.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн кадастрын зураг хийлгэсэн юм.

Гэтэл Д.Т нь “А ” ХХК-д барьцаанд үлдээсэн 052.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж хорооны Засаг дарга болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, мөн сонинд зарлуулсан гэх баримтыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд бүрдүүлэн өгч, улмаар 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар газрын гэрчилгээг нөхөж олгох шийдвэр гаргуулсан болохыг миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүсэлт гаргаж, нотлох баримт ирснээр мэдсэн.

Миний бие дээрх нөхцөл байдлыг мэдэлгүй Д.Тнэр дээрх 052.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж 2012 онд газрын кадастрын зураглал хийлгэсэн ба газрын байршил нь СБДЗД ын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тд нөхөж олгогдсон гэрчилгээнд заасан 700 м.кв газрын байршилтай давхцаагүй боловч нэг эрх зүйн актыг үндэслэж хоёр өөр байршилд кадастр хийгдсэн байна.

2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаартай захирамжаар Д.Тд олгосон 700 м.кв хэмжээтэй газрын байршил нь Д.Тбарьцаанд үлдээсэн 052.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж 2012 онд хийлгэсэн газрын кадастртай байршил нь давхцаагүй боловч нэг эрхийн актыг үндэслэж хоёр өөр байршилд кадастр хийгдсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж байна. Түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгох тухай харилцааг зохицуулсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 сарын 14 өдрийн 83 дугаар тушаалын хавсралтын 10.16, 10.17, 16.1 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Газрын албаны нэгж талбарын бүртгэл, хадгаламж, архивлалт сул, хангалтгүйгээс болж Д.Тнэр дээрх нэг эрхийн актыг үндэслэж хоёр өөр байршилд газрын кадастр давхардуулан хийсэн нь энэ маргааныг үүсгээд байна.

Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

1. СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамж болон мөн 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хоёр өөр байршилд кадастр давхардуулан хийгдсэн тул хууль бус болохыг тогтоолгох.

2. СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамж, мөн 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өөр өөр байршилд газрын кадастрыг давхардуулан хийсэн болохыг тогтоолгох.

3. Д.Тнэр дээрх 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж 2012 онд миний хийлгэсэн кадастрын зураглалыг үндэслэн С.О намайг уг газрын эзэмшигчээр тогтоохыг СБДЗД д, газар эзэмших гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус даалгаж өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Хариуцагч СБДЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.Оийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариуг хүргүүлж байна.

1. СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 490 дугаарт Д овогтой Т д Санзай зусланд 18******* дугаар нэгж талбарын 052.. дугаар бүхий гэрчилгээтэй 400 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон байна. Д.Т нь дээрх гэрчилгээгээ “А ” ХХК-д 2008 оны 11 сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд тавьсан бөгөөд улмаар “А ” ХХК-д 2007 онд 10 сая төгрөгөө төлсөн талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд тайлбар ирүүлсэн.

Д.Т нь 052.. дугаартай газар эзэмших гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж хорооны Засаг дарга болон цагдаагийн тодорхойлолт сонинд зарлуулсан баримтыг бүрдүүлж өгснөөр дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар газрын гэрчилгээг нөхөн олгохдоо газрын хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүлэн олгосон байна. Улмаар С.Т нь тус дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар Г овогтой Б болон Г овогтой Б-О нарт уг газрыг хувааж эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх захирамж гарчээ. Эдгээр үйлдлүүд нь хууль зөрчөөгүй бөгөөд нөхөн авч бусдад шилжүүлсэн байна. Үүнд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөхгүй.

Харин СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 490 дугаарт Д овогтой Т д холбогдох хэсэг нь хүчингүй болж, дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар газрын гэрчилгээг нөхөх захирамж гаргуулж бусдад худалдсан атлаа 2015 онд нь 052.. дугаартай газар эзэмших гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж хорооны Засаг дарга болон цагдаагийн тодорхойлолт, сонинд зарлуулсан баримтыг бүрдүүлж өгсөн. Засаг даргын захирамж болон Газрын албаны даргын тушаал гараагүй байхад СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 490 дугаарт Д овогтой Т д холбогдох хэсгийг үндэслээд гэрчилгээ болон кадастр гэрээ хийсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 болон 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Дээрхээс үзвэл Д.Т нь СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжаар 2 гэрчилгээ, 2 кадастр гаргуулж төрийн захиргааны байгууллагыг төөрөгдөлд оруулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын нэгдэх хэсгийг хууль бус болгохыг тогтоолгох шаардлагагүй мөн энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. 

Иймд шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Г.Б миний бие 2015 онд иргэн Д.Тас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зусланд тоот хаягт байрлах 700 м.кв газрыг дараах байдлаар шилжүүлэн авсан.

Х бны Чингэлтэй Бизнес Төвийн харилцагч “А” ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээл рүү төлөлт хийх зорилгоор Д.Тэзэмшлийн 700 м.кв газар болон Д.А гийн эзэмшлийн 400 м.кв зуслангийн зориулалттай газруудыг нийтэд нь 13.000.000 төгрөгөөр худалдана гэсэн мэдээллийн дагуу тус газруудыг анх худалдаж авахаар тохиролцсон. “А” ХХК нь Д.Тээж Д.А болон аав н.Д нарын эзэмшлийн компани юм. Би 2015 оны 02 дугаар 25-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “А” ХХК-ийн Х бны 512400.... тоот данс руу газрын үнэ болох 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн болно.

Улмаар Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/49 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 хороо Санзайн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 000625... дугаартай гэрчилгээний дагуу эзэмшиж байна.

Миний бие нэгж талбарын 18******* дугаар бүхий газрын кадастрын зургийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай гудамж тоот хаягаар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргуулан авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн кадастрын мэргэжилтэн болон Өмч, газрын харилцааны албаны дарга баталгаажуулан өгсөн. 2016 онд газрын кадастрын зураг гаргуулахад манайд олгосон эрхийн гэрчилгээгээр бусад этгээд кадастрын зураг гаргуулсан гэсэн мэдээлэл кадастрын санд бүртгэгдээгүй байсан болно.

Иймд нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлдээ дурдаж буй СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаартай захирамж болон мөн 2008 оны 06 сарын 06-ны өдрийн 162 дугаартай захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хоёр өөр байршилд кадастр давхардуулан хийгдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Г.Б миний бие өөрийн эзэмшлийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн Д.Тас шилжүүлэн авч, шилжүүлэн авснаас хойших хугацаанд газрын төлбөрөө төлөн зохих журмын дагуу эзэмшиж байгаа тул миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Зургаа. Гуравдагч этгээд Д.Төмгөөлөгч М.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...С.Оийн нэхэмжлэлтэй тус хэрэгт гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ш миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Өөрийн татгалзал, тайлбараа шүүх хуралдаан дээр нотлох болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд: 

СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамж болон 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хоёр өөр байршилд кадастр хийгдсэнийг хууль бус болохыг тогтоолгох,

 СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар захирамж, 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Д.Тнэр дээр нөхөж олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өөр өөр байршилд газрын кадастрыг давхардуулан хийсэн болохыг тогтоолгох, 

Д.Тнэр дээрх 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж 2012 онд миний хийлгэсэн кадастрын зураглалыг үндэслэн С.О намайг уг газрын эзэмшигчээр тогтоохыг СБДЗД д, газар эзэмших гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах байдлаар шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч С.Оийн 2011 онд өөрийн нэрээр маргаан бүхий газрын кадастрын зураглалыг хийлгүүлж, захиргааны байгууллагад өгсөн, тухайн газар дээр 2011 оноос хойш амьдарч, өөрийн байшиндаа 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга барьсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт,фото зургуудаар нотлогдож байх тул хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдсөн нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1800 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж шүүх үзсэн болно. 

Гуравдагч этгээд Д.Т нь Санзай зусланд 400 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 490 дугаарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  052.. дугаар бүхий гэрчилгээ олгогдсон байна. 

2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Т нь “2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот шийдвэрийг үндэслэж гаргасан газар эзэмших эрхийн 052.. дугаартай гэрчилгээгээ гээгдүүлсэн” гэж хорооны Засаг дарга болон цагдаагийн тодорхойлолт сонинд зарлуулсан баримтыг бүрдүүлж өгснөөр дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжийн тайлбар хэсэгт “нөхөн олгох” гэх үндэслэлтэйгээр газар эзэмших эрхийн 01******* тоот гэрчилгээг дахин олгосон нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын 10 дугаар зүйлийн 10.16-д “Эрхийн гэрчилгээ нөхөн олголт хийхдээ тухайн шатны Засаг даргын шийдвэрийг дахин гаргалгүйгээр шинээр олгох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний баруун дээд буланд  “нөхөн олгов” гэсэн дардас дарж баталгаажуулна”, 10 дугаар зүйлийн 10.17-д “Эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо гэмтээсэн, үрэгдүүлсэн гэрчилгээг тухайн аймаг, нийслэлийн Газрын албаны даргын тушаалаар хүчингүй болгоно. Тушаалд уг гэмтээсэн, үрэгдүүлсэн эрхийн гэрчилгээний дугаарыг бичсэн байна” гэснийг зөрчсөн боловч иргэнд эзэмшүүлэх боломжит хэмжээгээр газрын хэмжээг 700м2 гэж томруулсан учир дахин захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй.

Улмаар С.Т нь тус дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар Г овогтой Б болон Г овогтой Б-О нарт 18******* нэгж талбарын дугаар бүхий газрыг хувааж эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуух хууль ёсны үйлдэл болсон. 

Үүнд гуравдагч этгээд Г.Бт газар шилжүүлэн эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дүгээр захирамж хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч уг захирамжтай маргаагүй, мөн Г.Бын шилжүүлж авсан газар нь нэхэмжлэгчийн маргаж буй газартай давхцалгүй болохыг дурдаж байна.

Харин Д.Т нь дээр дурьдсанчлан дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гээгдүүлсэн гэж дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар газрын гэрчилгээг нөхөх захирамж гаргуулж бусдад худалдсан атлаа “өөрийн эзэмшлийн 2005 оны 189 дүгээр захирамжаар олгогдсон 052.. дугаартай газар эзэмших гэрчилгээгээ 2015 онд дахин гээгдүүлсэн. Нэгж талбарын дугаар 18******* хаяг: Сүхбаатар дүүрэг 19-р хороо Санзайн зуслан, талбайн хэмжээ 400м2” гэж хорооны Засаг дарга болон цагдаагийн тодорхойлолт, сонинд зарлуулсан баримтыг бүрдүүлж өгчээ. 

Энэхүү хүсэлтийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийг үндэслэн Д овогтой Т д газар эзэмших эрхийн 0551... тоот гэрчилгээг “Нөхөн олгов” гэсэн дардастайгаар дахин олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэснийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон. 

Мөн хариуцагч СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжаар Д.Тд газар эзэмшүүлсэн байхад нэхэмжлэгч С.Оийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “К л” ХХК-иар хийлгүүлсэн тус дүүргийн 15 дугаар хороо Санзайн зуслангийн гудамжинд байрлах  400  м2  талбайг  кадастрын  зураг,  эдлэн  газрын  улсын  тоо бүртгэлийн 

хуудсыг Д.Тнэр дээр газрын кадастрын мэдээллийн санд оруулсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын 14 дүгээр зүйлийн 14.1-д  Нэгж талбарын хувийн хэргийг үүсгэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар, зааврыг дагаж мөрдөнө. 14.3-д  Нэгж талбарын хувийн хэргийн хөтлөлтийг суманд Газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт Газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна”гэх заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Т нь СБДЗД ын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийг үндэслэж олгосон газар эзэмших гэрчилгээг 2 удаа үрэгдүүлсэн гэж хүсэлт гаргаад 2 гэрчилгээ, 2 кадастр гаргуулж төрийн захиргааны байгууллагыг төөрөгдөлд оруулсан байна. Дүүргийн Засаг даргын 2008 оны 162 захирамж гарснаар 189 дүгээр захирамж хүчингүй болсон гэдэг нь үнэн. Гэхдээ манайхаас хүчингүй болгосон гэсэн эрх зүйн акт гараагүй. Үүнд захиргааны байгууллагын буруутай үйлдэл байгааг үгүйсгэхгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд засч залруулах боломжтой” гэх тайлбарыг шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.

Иймд СБДЗД ын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамж үйлдэгдэх болсон үндэслэл, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамж одоо хүчин төгөлдөр үйлчлэлтэй эсэх, Д.Тгазар эзэмших эрхийн гэрчилгээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, гуравдагч этгээд Г.Бын газар эзэмших гэрчилгээн дээр нэгж талбарын дугаар үнэн зөв бичигдсэн эсэхийг дахин нягталж үзэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн эрх хэмжээний асуудал бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул СБДЗД ас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан СБДЗД ын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжууд, Д.Тгазар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, кадастрын зургуудыг зөвтгөн хариуцагч СБДЗД , Сүхбаатар дүүргийн Газрын албанаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол СБДЗД ын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжууд, Д.Тгазар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, кадастрын зургууд болон маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА