Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэгч: “Д” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 827 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0602/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 827 дугаар шийдвэрээр:

 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд манай компаниас гомдол гаргасан болно. Уг гомдолтой холбоотой анхан шатны шүүх хурал 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж улмаар шүүхийн шийдвэрийг 11 дүгээр сарын 21-ний өдөр гардан авсан.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр манай компаниас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна. Учир нь: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 40.1.5 дугаар зүйлийн үндэслэн анхан шатны шүүхээс манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Тус заалтад:эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан. Бидний зүгээс шүүх хуралд оролцохдоо 2020 оны газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин 2021 оны 7 сарыг хүртэлх төлбөрийг төлөөгүй шалтгааныг нотлох баримтаар дурдсан боловч түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй байх тул уг асуудал дээр гомдолтой байгааг хүлээн авч хянаж үзнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч “Д” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

 

2.Маргаан бүхий А/369[1] дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй 85 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус захирамжийн хавсралтын 21 дэх хэсэгт нэхэмжлэгч компанийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах аж ахуйн зориулалттай 1333108038 нэгж талбарын дугаар бүхий 19,988 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 

3.Анх нэхэмжлэгч”Д” ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар[2] тус дүүргийн Хонхорын зүүн хойд талд 20,000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаанд эзэмших эрх олгожээ.

 

4.Түүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар[3] нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.

 

5.Дээрх А/569 дүгээр захирамжийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын зүүн талд байрлах 1333108038 дугаар бүхий 19,988 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэр дээр 000002330 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ[4] олгосон байна.

6.Нэхэмжлэгч компани нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2019/01809 дугаар гэрээг[5] байгуулжээ.

7.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/562 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлбөр төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байна.

8.Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар ...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

9.Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүхээс манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Тус заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан. Бидний зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо 2020 оны газрын төлбөрийг төлж барагдуулсан. Харин 2021 оны 07 дугаар сарыг хүртэлх төлбөрийг төлөөгүй шалтгааныг баримтаар дурдсан боловч түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй байх тул уг асуудал дээр гомдолтой байна” гэж маргадаг.

10.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”,34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.

11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2019/01809 дугаар шинэчилсэн гэрээг[7] байгуулжээ. Тус гэрээний 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн ...тоот дансанд шилжүүлж байхаар заасан байна.

12.Гэтэл нэхэмжлэгч “Д” ХХК нь 2019, 2021 онуудад газар эзэмшүүлэх гэрээгээр тохиролцсон газрын төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй болох нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №420150269 дугаар акт[8]-аар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

13.Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэлх хугацаанд газрын төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал байсан гэж давж заалдах гомдолдоо маргаж байгаа хэдий ч маргаан бүхий захирамж гарахаас өмнөх хугацаанд хариуцагч талд энэ талаараа ямар нэгэн хүсэлт гаргаагүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч нь 2019, 2021 оны газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөөгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тогтоогдов.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий актыг хуульд нийцсэн бөгөөд уг маргаан бүхий актыг шүүхээс хууль бус гэж үзэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.

 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 70-72 дахь тал

[2] Хэргийн 63 дахь тал

[3] Хэргийн 67-69 дэх тал

[4] Хэргийн 5 дахь тал

[5] Хэргийн 6-7 дахь тал

[6] Хэргийн 114 дэх тал

[7] Хэргийн 6-7 дахь тал

[8] Хэргийн 73 дахь тал