Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 215

 

МАГАДЛАЛ

 

2017.01.18                                                     Дугаар 215                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ө.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01205 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цахархүү” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37 465 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Заяабаяр,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ө.Баярмаа нь "Цахархүү" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийж уг өдрөө гэрээний дагуу урьдчилгаа 50 хувь болох 19 750 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу 45 хоногийн дараа хүлээж авахаар тохиролцон 67 м.кв дүнзэн байшин бариулахаар болсон. "Цахархүү" ХХК нь удаа дараа хойшлуулсаар байшингаа бариагүй учраас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ цуцалсан. 2016 оны 06 дугаар сарын 20-25-ны өдрийн дотор анх шилжүүлсэн үндсэн мөнгө болох 19 750 000 төгрөгийг төлнө гэсэн албан бичиг өгсөн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас анх шилжүүлсэн үндсэн мөнгө болох 19 750 000 төгрөг, гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх нийт 10 cap 5 хоног буюу 299 хоногт 0.3 хувийн алданги 17 715 750 төгрөг нийт 37 465 750 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийн хувь хэмжээг хуульд зааснаар 9 875 000 төгрөг болгон шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ө.Баярмаагаас 19 750 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сард хүлээн авсан дээр маргахгүй. Манай компани уг ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэж чадаагүй буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас санал гаргасны дагуу гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахдаа манай хашааг цэвэрлэж чөлөөлж өг, манайх алданги хүү тооцохгүй гэсэн хүсэлтийн дагуу бид хийсэн ажлаа эвдэн зөөж, хашааг чөлөөлж өгсөн. Иймд Ө.Баярмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх ажлыг гүйцэтгэсэн 6 140 500 төгрөгийн үнийн дүнг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Цахархүү" ХХК-иас         29 625 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас   7 840 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, "Цахархүү" ХХК-иас 306 075 төгрөг гаргуулан Ө.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч "Цахархүү" ХХК нь тус ажил гуйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 355.1-д заасан үндэслэлээр цуцлагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 355.6-д заасан зохицуулалт үйлчлэх ёстой гэж үзэж байна. Хийж гүйцэтгэсэн ажлын зардал болох         614 500 төгрөгийг баримтаар гаргаж өгсөн боловч үнэлээгүй, үндсэн нэхэмжлэлээс тооцож хасаагүй. Захиалагч тал хийсэн ажлаа буцааж эвдэн цэвэрлэж өгвөл алданги тооцохгүй гэж амаар хүсэлт гарган хүсэл зоригоо илэрхийлж манай байгууллага зөвшөөрч хашааг цэвэрлэж өгсөн байхад гаргасан зардалыг хасаагүй гэх зэрэг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр шийдэгдэж байгаа боловч бодит байдал шударга үнэнд тулгуурлан шийдвэр гарсангүйд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн    168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулах төлбөрийг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх тул  давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Ө.Баярмаа нь хариуцагч “Цахархүү” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37 465 750 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын хөлс 6 341 500 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулна гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хувийн сууц, автомашины гарааж /автомат хаалгатай/ барьж хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч хугацаанд биелүүлээгүй, хариуцагчаас гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авсан боловч уг хугацаанд ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч нь 19 750 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагчид дансаар шилжүүлсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Түүнчлэн хариуцагч нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд болон сунгасан хугацаанд гүйцэтгээгүй зөрчлөөс хамаарч нэхэмжлэгч нь дээрх гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ цуцлагдсан  тухай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэхдээ ажлын хөлсний урьдчилгаа болгон авсан 18 750 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-25-ны дотор буцаан төлөх, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нь гэрээний сунгасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй хариуцагчийн үүргийн зөрчлөөс хамааран гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардах эрхтэй боловч хохирол шаардаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл гэрээний дагуу шилжүүлсэн 19 750 000 төгрөг, гэрээний 7.3-т заасан алданги шаардсан.

Хэдийгээр хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь хохирол шаардаагүй боловч шүүх хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид буцаан өгөх хугацааг тодорхойлж, уг хугацаанд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд алдангийг гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөхөөр нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргуулбал зохих төлбөрийн хэмжээг буруу тооцсон байна.

Учир нь хэргийн 9 дэх талд авагдсан бичгийн баримтанд заасан хугацааг хариуцагч хэтрүүлэн, мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байгаа гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагч нь үүргийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон хариуцагчаас алданги гаргуулах нь зүйтэй.

Алдангийн хэмжээ нь 1 хоногт 59 250 төгрөг болох бөгөөд хариуцагч хугацаа хэтрүүлсэн 44 хоногоор тооцвол 2 607 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй .

Хариуцагч нь 6 341 500 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулна гэсэн тайлбарын талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч “Цахархүү” ХХК-иас 29 625 000 төгрөг гаргуулан...” гэснийг           “...22 357 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Баярмаад олгож, үлдэх 15 108 750 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...”Цахархүү” ХХК-иас 308 075 гаргуулан ...” гэснийг “269 735 төгрөг” гэж өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  29.3 дах хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 306 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                   ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                               М.НАРАНЦЭЦЭГ