Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00238

 

Х-О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02387 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1993 дугаар магадлалтай,

Х-О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

О Ц Д ХХК-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 27.074.794 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны зүйлийн эвдрэлээс  үүссэн хохиролд   24.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг  нар оролцов.

Нэхэмжлэгч Х-О ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч О Ц Д ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №00160013 тоот зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Deawoo автогрейдер маркийн 2686 УН улсын бүртгэлийн дугаартай автомашин, Hyundai 5 Tontruck маркийн 4513 УНИ улсын бүртгэлийн дугаартай автомашинуудыг барьцаалан №00160013 тоот барьцааны гэрээг байгуулан, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулан, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 07-ны дуусгавар болж дахин 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 2 сараар сунгаж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрөөс 9.000.000 төгрөг, зээлийн хүүд 12.373.206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 411.000 төгрөг, нийт 21.784.206 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 4.2 дахь заалтанд заасны дагуу зээлийн үлдэгдэл 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал үндсэн зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 5.751.294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.220.900 төгрөг, зээлийн гэрээний хугацаа сунгасан шимтгэл 200.000 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг болон 253.811 улсын тэмдэгтийн хураамж, нийт 19.446.005 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн үндсэн зээлээс төлсөн гэх 9.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг манай зүгээс хөнгөлөлт үзүүлэх маягаар үндсэн зээлээс хасаж тооцсон байсан. Энэхүү үндсэн зээлээс хасаж тооцсон 4.000.000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагчаас шалтгаалан удаа дараа хойшилж байгаа тул 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 3.882.600 төгрөг, нийт 7.882.600 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд хариуцагчаас нийт 27.074.794 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж зээлийг төлж барагдуулсан болно. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байхад 1,8 жилийн дараа буюу хугацаа өнгөрсөн байхад сунгаад явсан нь зээлдэгчийн эрхийг зөрчиж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 23.8-д зааснаар холбогдох баримтыг аваагүй, шалгаагүй байдаг. Мөн хэт өндөр хүүтэй зээл олгосон тул хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О Ц Д ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Х-О ББСБ ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 00160013 тоот зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний барьцаанд тус компанийн өмчлөлийн 2686 УН Deawoo автогрейдерыг барьцаалсан байдаг. Зээлийн хуваарийн дагуу биш ч компанийн дансанд мөнгө орж ирэх бүрт зээлийн төлбөрөө төлдөг байсан. Зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж гүйцээх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дуня-Айрон ХХК-тай механизм түрээслэх гэрээ байгуулж тус компанийн өөрийн өмчлөлийн 2686 УН Автогрейдрыг нэг сарын 15.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон. Түрээсийн урьдчилгаанд 5.000.000 төгрөг авч тус урьдчилгаа төлбөрийн мөнгөнөөсөө Хэт Оргил ББСБ ХХК-д 4.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр болох мөнгөө бэлнээр авч очин төлж дуусгаад зээлийн барьцаанд байсан 2686 УН улсын дугаартай Авгогрейдрээ авах гэсэн боловч тухайн техник хэрэгслийг Х-О ББСБ ХХК-ийн ажилтанууд манай агуулахаас Орбит руу хүчээр авч яван эвдэлж гэмтээж, тосол болон маслыг нь хольж моторыг нь эвдэлж гэмтээсэн. Х-О ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний 3.1.2-т барьцааны зүйлийг ББСБ-ын буруугаас гэмтээсэн эвдэлсэн тэдгээрийг хэвийн байдалд оруулахад гарсан гэснийг үндэслэн тус байгууллагаас Автогрейдерт учруулсан хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд эвдрэл гэмтлийн талаар оношилгоо болон үнэлгээ хийлгэсэн зардал 18.427.000 төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардал 6.370.000 төгрөг, нийт 24.797.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х-О ББСБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Deawoo маркийн улсын бүртгэлийн 2686 УН дугаартай, 1969 онд үйлдвэрлэсэн автогрейдерийг 20.000.000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж, барьцаалуулсан. Тухайн барьцааны гэрээгээр гэрээний хугацаанд барьцааны зүйлийг ашиглах, бүрэн бүтэн байдлыг барьцаалуулагч хангахаар харилцан тохиролцсон бөгөөд өнгөрсөн хугацаанд барьцаалуулагч нь тухайн барьцааны зүйлээ өөрийн хадгалалтанд байлгаж, ашиглаж байсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Х-О ББСБ ХХК-ийн ажилтнууд нь тухайн барьцааны зүйлийг барьцаалуулагчийн агуулахаас хүчээр авч яван эвдэлж, гэмтээсэн гэдэг нь ор үндэсгүй худал зүйл юм. Учир нь тухайн техник нь тусгай зориулалтын техник тул тусгай мэргэшсэн жолоочгүйгээр хөдөлгөх боломжгүй, барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох барьцаа хөрөнгийг эвдэлж гэмтээх, үнэгүйдүүлэх ямар ч шалтгаан байхгүй, хэрвээ бидний зүгээс тухайн барьцаа хөрөнгийг хүчээр авч явсан байлаа гэхэд О Ц Д ХХК нь яаж, хаанаас буцааж авсан байх вэ. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл Дуня айрон ХХК тус техникийн зогсож байсан гэх хашаанд очиж хашааны эзэнд хашааны төлбөрийг төлж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч явсан гэсэн байна. Хэрэв Х-О ББСБ ХХК нь тухайн техникийг хүчээр авч явж, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан бол гуравдагч этгээд буюу Отгонцарам дриллинг ХХК-ийн түрээслэгч Дуня айрон ХХК нь яаж авч явсан байх боломжтой вэ. Тухайн техник нь хэт хуучирсан буюу 1969 онд үйлдвэрлэгдсэн техник байсан. Ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын улмаас тухайн гэмтэл үүссэн байх боломжтой. Тухайн техник нь анхнаасаа гэмтэлтэй байсан байх боломжтой эсвэл зогсоолоос авч явсан гэх Дуня айрон ХХК нь тухайн гэмтлийг учруулсан байх боломжтой. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл мастер сүлжээ эвдрэлийн оношлогоог 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр буюу Дуня айрон ХХК-ийн авч явсан гэх өдрөөс хойш 7 сарын дараа хийлгэсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Одоо тус техник нь Отгонцарам дриллинг ХХК-ийн эзэмшилд байгаа гэх бөгөөд хэзээ Дуня айрон ХХК-иас шилжүүлж авсан нь тодорхойгүй байна. Дээр дурдсан тодорхой бус ойлгомжгүй нөхцөл байдлуудаас гадна өнгөрсөн хугацаанд О Ц Д ХХК-ийн зүгээс энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй. Иймд үндэслэлгүй худал зүйлээр шалтаглан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн төлбөрөөс зайлсхийх арга гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02387 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О Ц Д ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 19.716.752 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7.358.041 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О Ц Д ХХК-ийн Х-О ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан автогрейдерын эвдрэл гэмтлийн талаарх оношилгоо болон үнэлгээ хийлгэсэн зардал 18.427.000 төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардалд нийт 6.370.000 төгрөг, нийт 24.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 394.883 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 285.335 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О Ц Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256.533 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1993 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Отгон царам ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Барьцааны зүйл болох 2686 улсын дугаартай Автогрейдер автомашиныг Х-О ББСБ ХХК-ийн ажилтнууд хүчээр авч яваад эвдсэн талаар гэрчүүд мэдүүлсэнийг шүүхээс үнэлээгүй. Шүүх хуралдааны явцад манай өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж тухайн техникийг анх очиж авахад байсан гэрч болон инженерийг хуралд оролцуулах талаар тайлбар хэлж хүсэлт гаргахад түүнийг нь хүлээж аваагүй. Хэрэв шүүх хуралдаан нэг удаа хойшилсон бол бидний зүгээс нотлох баримт болон гэрч оролцуулах байсан. Шүүх бидний эрх ашгийг зөрчиж зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалан шийдвэр гаргасан. Бидний зүгээс холбогдох хуулийн дагуу эвдэрсэн техникээ засуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагаар оношилгоо, үнэлгээ хийлгэж өөрт учирсан хохирол болох 24.797.000 төгрөгийн зардлаа гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл нотлох баримт хангалттай байхад шүүх хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх нотлох баримт хангалттай, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулсан гэж үзэж шийдвэр гаргасан бол түүнийхээ үндэслэлийг шийдвэрт тусгах байсан. Дээр дурьдсан хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Гомдолд дурьдагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалт байсаар байтал түүнийг хэрэглэхгүй байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х-О ББСБ ХХК нь О Ц Д ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 27.074.794 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч барьцааны зүйлийн эвдрэлээс үүссэн хохиролд 24.797.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Х-О ББСБ ХХК, хариуцагч О Ц Д ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 00160013 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүгийн  20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацааг талууд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан  нь тогтоогдсон байна.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр болох, хариуцагч нь хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээгээр хариуцагчийн төлбөл зохих үүргийг тодорхойлж үүнээс төлөгдснийг хасч, үлдэх хэсгийг, нотариатын зардлын хамт нийт 19.761.752.58 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг зөрчөөгүй байна.

2. Зохигчийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 00160013 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, Deawoo маркийн автогрейдер 2686 УН улсын дугаартай автомашин, Hyundai 5 Tontruck 4513 УНИ улсын дугаартай автомашиныг барьцаалсан  боловч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй байна.

Харин барьцааны зүйл болох Deawoo маркийн автогрейдерыг барьцаалагч буюу Х-О ББСБ ХХК-ийн ажилтнууд зөвшөөрөлгүй авч, эвдсэн гэж О Ц Д ХХК нь сөрөг нэхэмжлэлээр 24.797.000 төгрөг шаардсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасантай нийцээгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх ба  хариуцагч болон бусад этгээдтэй хамааралтай хохирол гаргуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамтатган нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар О Ц Д ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1993 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч О Ц Д ХХК-ийн Х-О ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан автогрейдерын эвдрэл гэмтлийн талаарх оношилгоо болон үнэлгээ хийлгэсэн зардал 18.427.000 төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардалд нийт 6.370.000 төгрөг, нийт 24.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Х-О ББСБ ХХК-с 24.797.000 төгрөг гаргуулах О Ц Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг, шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394.888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256.534 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 285.335 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285.335 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ