Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0224/з |
Дугаар | 395 |
Огноо | 2016-11-21 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 395
“Мөнх хаан трейд” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 дүгээр магадлалтай, “Мөнх хаан трейд” ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнх хаан трейд” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Хаард сервис” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг хянан магадлал гаргахдаа хэт нэг талыг барьсан, анхан шатны шүүхэд хийгдсэн ажиллагааг үгүйсгэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А-236 тоот тушаалд 2 үндэслэл зааж “Мөнх хаан трейд” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд үүнд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Үүнд:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 газараа зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй.
Нэгдүгээр үндэслэлийн хувьд “Мөнх хаан трейд” ХХК нь газар ашиглах эрхээ авсанаас хойш огт төлбөрөө төлөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал газар ашиглах эрхийн хугацаа дууссанаас 1 жил 2 сарын дараа буюу 2014 оны 9 дүгээр сард төлбөр төлсөн гэх боловч гэрээнд зааснаар газрын төлбөрийг бүрэн төлөөгүй 14 сая төгрөг дутуу болох нь тогтоогдож байгаа болно. Нөгөө талаар ийнхүү төлбөр төлсөн нь нэгэнт 5 жилийн хугацаанд 1 га газрыг өөрийн ашиглалтад байлгасан, түүнд тохирох төлбөрийг төлөх үүргээ дутуу гүйцэтгэсэн болох нь харагдана. Үүнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Газрын тухай хуулиар зөвхөн энэхүү үндэслэл байхад газар ашиглах эрх цуцлах хангалттай үндэслэл болно.
Хоёрдугаар үндэслэлийн хувьд “Мөнх хаан трейд” ХХК нь 2008 оны 8 дугаар сараас эхлэн 1 га газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй. Анхан шатны шүүхээс газар дээр нь очиж үзлэг хийн баталгаажуулсан бөгөөд үзлэгийн явцад нэхэмжлэгчийн дурдаад буй худаг, өндөр хүчдэлийн шугам зэрэг нь огт байхгүй байсан бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн үзлэгийн явцад ашиглах эрх бүхий газраар дамжин өнгөрсөн болон түүн дээгүүр тавьсан ямар нэгэн зүйл огт байхгүй болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохдоо манай газар дээгүүр Шинэ яармаг хороолол баригдахтай холбоотой ажил хийгдэнэ гэх байдлаар тайлбарлан түүнээс шалтгаалсан гэх тайлбарыг хийдэг.
Засгийн газрын 208 дугаар тогтоолоос эхлэн Шинэ яармаг хороололын дэд бүтцийн асуудлууд тусаж баталгаажиж эхэлсэн бөгөөд “Менх хаан трейд” ХХК-ийг газар ашиглах эрхтэй байх хугацаанд огт хамааралгүй. Мөн Шинэ яармаг хороолол нь газар нутгийн хувьд Богд хаан уулын тусгай хамгаалалттай газар нутагт огт хамаарахгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх Байгаль орчин аялал жуулчлалын сайд болон нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тус тусдаа газрын тухай яригдаж буйд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй болно.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс газар дээр нь үзлэг хийж тогтоосон баримт, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө бүрэн төлөөгүй баримт, мөн Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Мөнх хаан трейд” ХХК нь газартай холбоотой хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй тухай баримт зэрэгт хууль зүйн хувьд зөв дүгнэлт хийж чадалгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Байгаль орчны яам (тухайн үеийн нэрээр)-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 688 дугаартай гэрчилгээгээр “Мөнх хаан трейд” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын Арцатын задгай нэртэй газарт 1 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил, түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Мөнх хаан трейд” ХХК-ийн газар ашиглах эрхийг мөн өдрөөс хүчингүй болсонд тооцож, гэрээг цуцалсан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “Мөнх хаан трейд” ХХК-ийн захирал нар 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2/76 дугаартай “Улсын тусгай хамгалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан, уг гэрээний 8-д газар ашиглах хугацааг “2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр” байхаар тусгайлан заасан, газар ашиглагч “Мөнх хаан трейд” ХХК нь газар ашиглах эрхийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түүнийг сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй байна.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй /бол газар эзэмших эрх дуусгавар болох/”-оор заасан, уг заалт нь газар ашиглах эрхийн гэрээний харилцаанд нэгэн адил хамаарах тул “Мөнх хаан трейд” ХХК-ийн газар ашиглах эрхийн хүчинтэй хугацаа 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрх дуусгавар болсноор “Мөнх хаан трейд” ХХК-ийн хувьд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн маргаан бүхий газарт газар ашиглахтай холбоотой аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болох тул “Мөнх хаан трейд” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын сарын 19-ний өдрийн “... 2008 оны 2/76 тоот гэрээний газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт”, 2014 оны 05 дугаар сарын 23, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “гэрээ сунгуулах хүсэлт гаргах тухай” хүсэлтүүд нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч “Мөнх хаан трейд” ХХК нь газар ашиглах эрх олгогдсон 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах хүртэлх 5 жилийн хугацаанд гэрээнд заасан “аялал жуулчлал”-ын зориулалтаар газраа ашиглаагүй, уг үйл баримттай талууд маргаагүй, газар ашиглагчаас “Шинэ Яармаг” гэх мэт өөр төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах боломжгүй болсон”, өөр бусад “хүндэтгэн үзэх шалтгаан”-ны талаар газар ашиглах гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө эрх бүхий этгээдэд хүсэлт, гомдол гаргасан талаар маргаагүй тул Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Мөнх хаан трейд” ХХК-нд холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасныг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгийг хэрэглээгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн “... давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн, “Мөнх хаан трейд” ХХК нь газар ашиглах эрхийн хүчинтэй байсан 5 жилийн хугацаанд газар ашиглах гэрээгээр тохирсон газрын төлбөрийг “1 улиралд бүтнээр нь” бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсны дараа 2014 онд 32,553,000 төгрөгийг нөхөж төлсөн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан “…газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргийг биелүүлээгүй, хууль зөрчсөн байх тул энэ үндэслэлээр газар ашиглах гэрээг цуцалсан хариуцагчийн үйлдэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй байна.
Эдгээр үндэслэлээр, маргаан бүхий Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Мөнх хаан трейд” ХХК-нд холбогдох хэсэг “хууль ёсны” болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий газрыг мөн сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалаар “Хаард сервис” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Мөнх хаан трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “... газар эзэмших эрх сунгах шийдвэр гаргахыг ... сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй, орхигдуулсан боловч уг шаардлага нь нэхэмжлэгчийн “...“Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Хаард сервис” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, агуулгын хувьд багтсан гэж үзэхээр байх бөгөөд, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл зөв байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй.
Өөрөөр хэлбэл, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Мөнх хаан трейд” ХХК-ны газар ашиглах гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүний “газар эзэмших эрх сунгахыг /хариуцагчид/ даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхисон гэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, “шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж томилсон шийдвэрийг албажуулаагүй” талаар давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт тэмдэглэсэн нь үндэслэлтэй, энэ зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил биш, цаашид анхаарах талаар дурдах нь зүйтэй байна.
Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээд “Хаард сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0631 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Хаард сервис” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА