Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 93

 

Р.Энхтуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Р.Энхтуяад холбогдох эрүүгийн 201507000209 дугаартай хэргийг шүүгдэгч Р.Энхтуяа, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Рэнцэнгийн Энхтуяа нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Энхтуяаг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар 17 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Б.Дарханбямбаа хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Энхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… анхан шатны шүүх хуралдаанд өмнө оролцсон эмч, сувилагч, гэрчүүдийн мэдүүлгийг хэлэлцээгүй, шинжээч эмч Даваахүү “... цусны хатуурал буюу мөөгөнцөр өвчин нь илэх, базах, юм шүргэх, унах, цохих аль ч тохиолдолд судас хагарч биеийн байдал хөхрөх, улмаар цусан хураа үүсэж үхэлд хүргэх тохиолдол байдаг” гэж, гэрч Т.Наранцэцэг “... голын захаар явж байгаад унасан” гэж мэдүүлсэн. Талиийгаач нь ийм байдлаар унахдаа хөх алаг болдог байсан. Улсын яллагч Ганбаатар намайг санаатай зодож хөхрүүлээд алсан гэж үзэж байгаа. Санамсар, болгоомжгүйгээсээ болж бие засуулах гэж байгаад ор мөргүүлэн унагаасан нь үнэн. Энэ модон ор нь зөөлөн буйдан 3 см зузаан, 15 см өргөн, 1 метр 90 см урттай тавцан хэсэг нимгэн, голоороо нугарч эвхдэг бор цоохор бүрээстэй. Улсын яллагч үзээгүй байж зураг харж төсөөллөөр дүгнэлт хийн ялласан. Энэ ор нь одоо ч гэрт эд мөрийн баримтаар байгаа. Гэрч Байгалмаа, Болороо нарын мэдүүлгийг илтээр үгүйсгэсэн. Өвтэй хүнийг өвчтэй гэж хэлэхгүй өөрөөр юу гэж хэлэх юм. Гэрчүүдийг хүний нөлөөнд ороод ийм мэдүүлэг өгсөн гэж улсын яллагч үзэж байгаа. Би цагдан хоригдоод гарахад бүх байцаалт дууссан байсан. Гэрч Наранцэцэг, Сарангэрэл, хохирогч Дарханбямбаа нар нь нэг шөнө, нэг өдөр хажууд нь цуг байж асарч, халамжлаагүй мөртлөө нүдээрээ үзсэн юм шиг төсөөллийн үгээр намайг буруутган, улсын яллагч Ганбаатар нь гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж нэг талыг барьж 17 жил хорих ялаар шийтгэж байгаад туйлын гомдолтой байна. Иймд хэргийг тал бүрээс нь хянан үзэж, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… уг хэрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн. Хэрэг болсны дараа цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч Р.Энхтуяаг эрүүлжүүлэхэд хийж, захиргааны журмаар баривчилсны дараа шууд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан. Ингэхдээ шүүгдэгчийн биед байсан бүх зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байдаг. Ямар учраас дээрх үйл баримтыг ярьж байна гэхээр уг хэргийн хамгийн чухал нотлох баримт өөртөө агуулж байсан гар утсыг цагдаагийн алба хаагч нар хурааж авсан. Шүүгдэгч гар утсаа бодитоор цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөд гар утас нь сим картнаасаа салсан байдалтай байсан. Гэрч Наранцэцэг, Саранцэцэг, хохирогч Дарханбямбаа нар нь Р.Энхтуяаг гэм буруутай болгох талаар мэдүүлэг өгөхийг гэрч Болормаад шахалт үзүүлж байсан талаар Болормаа шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд энэ асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Гар утасны цаг хугацааг өөрчилж захидал бичсэнээр уг захидлын цаг хугацаа ч өөрчлөгдөх боломжтой. Гэтэл үүрэн холбооны холбогдох газраас лавлагаа авахуулах хүсэлт гаргахад хадгалагдах хугацаа дууссан байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр талийгаач Т.Наранцэцэг болон шүүгдэгч Р.Энхтуяа нарын дундаас гарсан хүү Дарханбаатар нь аав, ээжтэйгээ утсаар ярихаар 3 удаа залгахад аавынх нь утас буюу гэрч Наранцэцэгийн талийгаачтай холбогдсон гэх утас холбогдох боломжгүй байсан талаар мэдүүлдэг. Түүнчлэн Р.Энхтуяа нь тухайн өдөр шинээр утас авсан бөгөөд цагдаагийн хэлтэст Р.Энхтуяаг захиргааны журмаар саатуулахад эд зүйлийг нь хураан авахад утас нь симнээсээ салангад, утсанд үзлэг хийхэд орсон гарсан дуудлага огт байгаагүй зэргээс харахад гэрч Т.Наранцэцэг тухайн өдөр амь хохирогчтой утсаар ярьсан болох нь ч тогтоогдохгүй байна. Р.Энхтуяагийн гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт санаа зорилго хэрхэн нотлогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа амь хохирогчийн хажууд байсан хүн Р.Энхтуяа учраас гэмтлийг учруулсан байгаа, учруулсан юм чинь санаатай алсан байж таарна гэж таамаглалд үндэслэн ял оногдуулж байна. Гэрч, хохирогч нар нь амь хохирогчийг урьд өмнө нь Р.Энхтуяа зодож байсан гэж мэдүүлдэг боловч уг үйлдлүүд нь худал болох нь тогтоогдсон. Ер нь зодож байгааг харж байгаагүй, бие биенээсээ л дамжиж сонсож байсан болохоо маш тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Р.Энхтуяаг хүнийг санаатай алсан гэж ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Талийгаач хэвтэрт байсан гэдэг үндэслэлийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал хангалттай нотлогдоогүй, байхад түүнд үндэслэлгүйгээр ял халдаасан гэж үзэж байгаа тул шүүгдэгч Р.Энхтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа “... шүүгдэгч Р.Энхтуяад холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ таамаглалд үндэслэж бус хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаж шийдвэрлэсэн. Өмнө нь хохирогч дүүдээ “намайг Энхтуяа өдөржингөө зодлоо би үхэх гэж байна” гэж хэлсэн. Хохирогч хэдийгээр төрөлхийн хүнд өвчтэй байсан ч ухаан санааны хувьд эрүүл байсан гэдгийг эмчлэгч эмч нар нь гэрчилдэг. Мөн хохирогч амьд сэрүүн байхдаа нөхөртөө зодуулсан гэдгээ эмчлэгч эмч нарт хэлж байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Хохирогчийн амь хохирсон шалтгааныг шүүгдэгч тайлбарлахдаа хувин дээр бие засах гэж байгаад ор мөргөөд унасан гэдэг. Шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслээд цагдаагийн байгууллагаас газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан. Хохирогчийн мөргөсөн гэх ор нь газраас 27 см өндөрт байрладаг, дэвсгэр нь 4 см байсан бөгөөд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хохирогч өр мөргөж унасны улмаас тархиндаа битүү гэмтэл авч нас барсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Тэгэхээр хохирогчийн нас барсан шалтгаан бол өөрөө амьд сэрүүн байхдаа охиндоо утсаар болон өөрийн дуу хоолойгоор “Энхтуяа намайг өдөржингөө зодоод, би үхлээ” гэж хэлсэнтэй холбогдож байгаа. Шүүгдэгч Р.Энхтуяагийн үйлдэл нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Р.Энхтуяа нь согтуурсан үедээ буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан багийн 2-18а тоот гэртээ өөрийн эхнэр Т.Наранцэцэгийг өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож “гавал тархины битүү гэмтэл” учруулж санаатай алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Р.Энхтуяагийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Р.Энхтуяа нь өөрийн эхнэр амь хохирогч Т.Наранцэцэгийг өвчний улмаас эрүүл мэнд нь доройтож, бусдын дэмжлэг, туслалцаагүйгээр ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй болсныг мэдсээр байж зодож “гавал тархины битүү гэмтэл” учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алсан нь амь хохирогч “... намайг өдөржин тамлалаа, би үхлээ шүү дээ” гэж уйлаад утсаар ярьсныг гэрчилсэн хохирогчийн дүү Т.Наранцэцэгийн мэдүүлэг, нагац эгчийнхээ хэлснээр ээж дээрээ очиход “... наадахаа цааш нь аваач, өдөржин намайг зодлоо” гэж хэлсэн болохыг гэрчилсэн хохирогчийн охин Э.Дарханбямба, хүргэн Л.Мөнхбат нарын мэдүүлэг болон амь хохирогч нь “... гэмтлээс болж цус харвасан. Хуйхны доорх цус харвалт унах, цохих үед үүснэ”, “... ухаан алдсан нь зүрхний дутмагшлаас болоогүй” болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй нотлогдсон тул “шүүх таамаглалд үндэслэж ял оногдуулсан”, “гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 3 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Энхтуяа. түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

               ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ