Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дт холбогдох эрүүгийн 2115000250072 дугаартай, 163/2021/0111/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Д-ийн Д /РД: ................... /, 1996 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, .....................................  ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн ...од оршин суух, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, хохиролд 800000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар хохирогч Ц.З, гэрч Н.Э, Ж.З, Г.А, Л.А нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Д.Д-г 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн удирдлагаас тус ангийн малыг Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу малчин Ц.З-д туслалцан тууж явах үүрэг авч малыг тууж явахдаа Ц.З-н өмчлөлийн нэг тооны хүрэн халзан зүсмийн үхрийг бусдад зарж борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Д.Дыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаас улсын яллагчийн санал болгосноор хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

 

Эрүүгийн 2115000250072 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Зэвсэгт хүчний 110 дугаар ангид жолоочоор ажиллаж байхдаа ангийн удирдлагаас малчин Ц.Зд туслалцан тус ангийн болон Ц.З-н үхрийг нийлүүлэн Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу тууж явах үүрэг хүлээж итгэмжлэн хариуцуулсан үхрийг тууж явахдаа 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ц.З-н өмчлөлийн нэг тооны хүрэн халзан зүсмийн үхрийг бусдад зарж борлуулан хөрөнгө завшсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Алдагдсан үхрийг таньж олуулах ажиллагаа явуулсан “...1-3 хүртэл дугаарласан 3 ширхэг үхэрний толгойг байрлуулан гэрч Ж.З-ын гаргаж өгсөн толгойг 2 дугаартай, ижил төстэй 2 ширхэг толгойг 1, 3 дугаартай тэмдэгтээр тэмдэглэж байрлуулсан гурван ширхэг үхэрний толгойн дунд таны алдсан гэх үхэрний толгой байгаа талаар асуухад хохирогч Ц.З “миний алдсан үхэрний толгой баруун талын буланд буюу 2 дугаараар тэмдэглэгдсэн байна” гэж зааж таньсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/,

Гэрч Ж.З-аар “Д.Д”-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-16 тал/,

Хохирогч Ц.З-н өгсөн: “2020 оны 7 дугаар сараас эхэлж би Орхон аймгийн Баян-Өндөр сумын зэвсэгт хүчний 110 дугаар ангийн малчнаар ажилд орж ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу өвөлжөөрүүгээ нүүхээр болоход миний хувийн 29 тооны үхэр, цэргийн ангийн 24 тооны үхэр, нийт 53 тооны үхэр туухаар болсон юм. Би уг 53 тооны үхрийг ганцаараа тууж чадахгүй байхаар нь 110 дугаар ангийн ар талын албаны нэг хошууч цолтой хүнд “мал туулцах хүн хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь нэг ахлагч цолтой залууг над руу явуулсан. Тэгээд би морио унаад нөгөө цэргийн ангийн залуу миний хуучин мотоцикль унаад Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу үхрээ туугаад явж байхад Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны орчимд цэргийн ангийн залуугийн унаж явсан мотоцикль эвдэрчихсэн юм. Тэгэхээр нь би өнөөх цэргийн ангийн залууд морио өгч үхрээ туулгаад өөрөө зам тосч Хялганат тосгон орж танилын хүний гэрт очиж цай уучихаад Хялганатын гүүрэн дээр хүлээж байхад нөгөө цэргийн ангийн залуу манай үхэрнүүдийг туугаад гүүрэн дээр хүрээд ирсэн. Тэгээд цуг тууж гүүрээр гараад айлд очиж хоол, цай идэхээр явсан. Явахдаа нөгөө цэргийн ангийн залууд “үхрээ туугаад Хялганат тосгоны цаана байдаг 3 дугаар тасаг руу явж байгаарай” гэж хэлээд явсан юм. Би айлд очиж хоол идчихээд үхэрнийхээ араас 3 дугаар тасаг дээр явж очоод үхрээ цааш хамт туулцаад явж байхад манай хүрэн халзан зүстэй, дөрвөн хөл нь өвдөг хэсэгнээсээ доош цагаантай, содон эм үхэр алга болсон байсан. Тэгээд би цэргийн ангийн залуугаас “нэг үхэр зүсээр дутаад байна” гэж асуухад “замдаа самуурсан юм болов уу” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгсэн юм байхдаа гэж бодоод А гэх Хялганат тосгонд байдаг залууд “манай хүрэн халзан зүсмийн нэг эм үхэр алга болсон байна, сая Хялганатын гүүрээр гарахад байсан, энэ хавиас холдоогүй байгаа сураг тавьж байгаарай” гэж хэлээд явсан юм” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч Н.Эын өгсөн: “Би Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд оршин суудаг юм. 2020 оны 10 дугаар сарын эхээр найз З, Н нарын хамт Хялганат тосгоны малчдын хороололд Н-ын гэрт мужааны харуул хөрөө буулгачихаад явж байхад туувар туусан дээлтэй, морь унасан өндөр залуу ирээд “мал авах уу” гэхэд З “хэдэд өгөхийн” гэхэд “зургаан зуун мянган төгрөг” гэхээр нь “таван зуун мянган төгрөгөөр авъя” гэж хэлээд тохиролцоод айлын эзэнгүй өвстэй хашаанд шахаад үхрээ барьж аваад газар дээр нь З мөнгийг нь тоолж өгөөд явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

Гэрч Ж.З-ын өгсөн: “2020 оны 10 сарын эхээр айлын хашааны гадаа найз М, Э  нарын хамт 1 шил архи уугаад сууж байхад бор морьтой, цэнхэр дээлтэй, өндөр нуруутай залуу ирээд “ах нар сайхан наргиж байна уу, ядарч яваа дүүдээ нэг хийгээд өгчих” гэхээр нь архинаасаа нэг хийгээд өгөхөд архийг татчихаад “ах нар наймаа хийе, мөнгө хэрэг болоод байна. Аавын мотоцикль эвдэрчихээд байна, зургаан зуун мянган төгрөгөөр дуртай үхрээ ав” гэхээр нь “надад таван зуун мянган төгрөг байна” гэж тохироод Хялганат тосгоны малчдын хороололд өвс буулгасан эзэнгүй хашаанд үхрээ хашиж барьж аваад мөнгөө газар дээр нь тоолж өгөөд явуулах гэхэд “ах наад үхрээ үгүй хийгээрэй” гэж хэлээд явсан юм. Удалгүй мал мах гаргадаг А гэх залууг гуйж гаргуулаад маргааш нь бөөндөөд нутгийн иргэдэд зарсан юм” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч Г.Аын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр санагдаж байна. Би цагдаагийн тасгийн гадна талд хийсэн ажилгүй явж байхад З-тай таарсан юм. Тэгтэл З “би нэг үхэр худалдаж авсан юм, махлаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийсэн ажилгүй байсан болохоор З-ын хашаанд очиж хүрэн халзан зүстэй, гунжин үхэр гаргаж өгсөн юм. Ах нь 500000 төгрөгөөр үхэр худалдаж авлаа л гэж хэлсэн. Хэзээ, хэн гэдэг хүнээс авсан талаараа надад хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

Гэрч Л.А-н өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр З ах “Орхон аймгаас малаа туугаад явж байна. Замд мотоцикль эвдэрсэн замын унаагаар ирлээ” гээд манай гэрт ирсэн. Тэгээд цай уучихаад Хялганат тосгоны гүүрэн дээр бид хоёр очиж үхрийг нь гүүрээр гаргаж өгөөд манай гэрт ирж хоол идчихээд би З ахыг Хялганат тосгоны 3 дугаар тасаг дээр хүргэж өгөхөд “манай нэг хүрэн халзан зүсмийн эм үхэр алга байна. Сая гүүрээр гаргахад байсан, чи энэ хавиар сайн хайж байгаарай” гэж хэлээд явсан юм. Тэгээд би тухайн өдөр нь шууд цагдаа дээр ирээд бүртгүүлээд гадуур хүнээс сураглаад явж байхад манай Хялганатын З туувар тууж явсан хүнээс үхэр худалдаж авсан гэх сураг гарсан. Тэгэхээр нь З дээр очоод үхэр худалдаж авсан талаар тодруулахад тиймээ, би үхэр худалдаж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №2100061 дугаартай: “нэг тооны хязаалан насны эм үхэр тухайн үеийн зах зээлийн ханшаар 965625 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-46-52/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Д-ын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 02-ны орой намайг жижүүртэй байх үед манай ангийн штабын дарга байсан М гэх хүн надруу залгаад “маргааш цэргийн ангийн малчинг нүүлгэнэ шүү” гэж хэлэхэд нь даргаа би маргааш ажилтай шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд өглөө анги нэгдэхэд уулзъя” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд манай штабын дарга М надад “За чи ямар ч байсан нүүлгэчихээд ир, тэгэхээр чинь би чамд чөлөө өгөөд явуулъя” гэж хэлсэн. Тэгээд цэргийн ангийн ажилтан А-ын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын автовокзал дээр яваад очиход З гэх малчин нэг айлын хашаан дотор байж байсан. Тэгээд бид хоёрыг яваад очтол З гэх хүн “мотоцикль унаж чадах уу” гэж асуутал А “чадахтүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би унаад явчихдаг шүү дээ” гэж хэлтэл З гэх хүн А-г “чи яваад өвсөн дээр байж бай” гэж хэлээд намайг болохоор “чи наад мотоциклио унаад намайг бараадаад яв” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр хашаанаас 30-аад тооны үхэр гаргаж, туугаад явцгаасан. Бид хоёр малаа туугаад Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр подьем дээр явж байтал миний унаж явсан мотоцикль эвдэрсэн. Тэгээд мотоциклийг нь авч яваад Хангал сумын төв дээр янзлуулаад их орой болсон юм. Шөнө буцаж очоод З гэх малчинтайгаа үхрээ туугаад явж байгаад нэг айлд хонохоор болж, тэр айлдаа хоночихоод өглөө нь үхрээ туугаад Хялганат тосгоны зүгт явж байтал мотоцикль нь дахиад эвдэрчихсэн юм. Тэгтэл малчин З “чи залуу хүн байна. Үхрээ миний мориор туугаад явж бай. Би Хялганат дээр очоод байж байя” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би Хялганат тосгоны гүүрээр гараад явж байтал гудамжинд 3 согтуу хүн сууж байсан. Тэр гурвын нэг нь намайг дуудахаар нь яваад очтол надад ууж байсан архинаасаа нэг хундагыг хийж өгсөн. Тэр архийг нь сэржим өргөөд буцаагаад өгсөн. Тэгтэл тэнд байсан 3 хүний нэг нь надад “үхэр зарах уу” гэж асуухаар нь би “зарахгүй” гэж хэлсэн. Тэгтэл надаас “зарчих л даа” гээд олон гуйгаад байхаар нь би сүргийнхээ хойно яваа үхрийг зааж өгтөл “би наадхыг чинь авахгүй, харин тэрийг авъя” гээд миний тууж явсан үхэрнээс халзан үхэр рүү заасан. Тэгээд надад бэлнээр 500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд үхрээ аваад үлдсэн. Би цааш нь үхрээ туугаад явж байгаад малчин З гэх хүнтэйгээ таарсан. Тэгээд бид хоёр үхрээ “Баруун гол гэх газарт аваачаад, би буцаад Баян-Өндөр сум руу явсан” гэх мэдүүлэг /хх-61-62 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.З, гэрч Н.Э, Ж.З, Г.А, Л.А нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Д-н үйлдэл идэвхтэй, өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д-н үйлдлийг гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Д-н бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу малыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д-г Зэвсэгт хүчний 110 дугаар ангид жолоочоор ажиллаж байхдаа ангийн удирдлагаас малчин Ц.Зд туслалцан тус ангийн болон Ц.З-н үхрийг нийлүүлэн Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу тууж явах үүрэг хүлээсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 53 тооны үхрээс нэг тооны хүрэн халзан зүсмийн үхрийг бусдад зарж борлуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Д-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.З-д 965625 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-46-52 тал/-ээр тогтоогдсон байх ба шүүгдэгч Д.Д нь хохирогчтой эвлэрч харилцан тохиролцсоноор 800000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан, хохирогч Ц.З ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх баримтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 65-78 дугаар талд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Д нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...................................................... тоотод амьдардаг, .....................................  ажилтай, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Д-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Д.Д-г 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Д-г 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-т зан үйлээ засах, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д-т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Д-с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНХАНД