| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Г.Э
шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125001070167 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ч.М
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Ч.М нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чика” дэн буудлаас Л.Э-н эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч залилан авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамт ажиллаж байсан Баяраа, Цогоо нарын хамт архи уугаад “Чика” буудалд архиа гаргаад жаахан унтаж байгаад явья гээд өрөө авах гээд байж байтал...нэг танихгүй эмэгтэй “ах аа гар утсаараа нэг яриулаач, эгч рүүгээ яриад өгье” гэхээр нь би гар утсаа өгсөн...би “удаан ярих гэж байгаа юм бол өрөөнд ороод ярь” гэсэн чинь дагаад өрөөнд ороод ирсэн. Тэгээд нэг харсан чинь нөгөө эмэгтэй буудлаас гараад явахаар нь араас нь утсаа авах гээд гарах гэсэн чинь Баяраа “байж бай, ороод ирэх байлгүй дээ” гэсэн. ...Цогоо ахыг “та наанаа байж бай” гэж хэлээд таксинд суугаад яваад өгсөн гэсэн. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-8, 10/,
Гэрч Э.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...танихгүй эмэгтэй “гар утсаараа нэг яриулаач” гээд гар утсыг нь авч байсан. ...Би буудлын үүдний угтагчаас хоол гардаг талаар асуугаад байж байхад нөгөө эмэгтэй өрөөнөөс орж, гараад утсаар яриад байгаад байсан, тэгээд буудлын хаалгаар гараад явсан, би өрөөндөө ортол Эрдэнэбат надаас “нөгөө эмэгтэй байна уу, миний утсыг аваад гарсан” гэхээр нь араас нь гартал нөгөө эмэгтэй утсаар яриад зогсож байснаа намайг хараад “ах аа байж бай” гэсэн, нэг машин ирээд тэр эмэгтэй суугаад яваад өгсөн. Эрдэнэбатад “нөгөө эмэгтэй явчихлаа” гэдгийг хэлээд цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-14/,
Гэрч Я.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Мөнхбатын Золзаяа РЕ91021410 регистрийн дугаартай, иргэний үнэмлэх харуулаад Samsung A50 загварын гар утас 200.000 төгрөгөөр барьцаалсан.” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Гэрч Н.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Хэрэг болсон өдөр “найзтайгаа уулзана” гээд гарсан байсан. Тэгээд утасгүй явж байсан болохоор хүний утас гуйж яриад тэр хүмүүс нь “архи уу” гэж шахаж “бусад эмэгтэй найзуудаа дууд” гээд айсандаа утсыг нь аваад гарчихсан гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өглөө Цагаанчулуут багт байдаг “Чика” буудлын гадаа явж байсан, надад утсаар ярих шаардлага гарсан. Тэгээд дэн буудлын гадаа явж байхад 35-45 насны хоёр ах зогсож байсан. Би очоод “ах аа утсаараа ганц яриулаач” гэж гуйсан. Тэгсэн нэг ах нь гар утсаа өгсөн. ...найз Батжаргал руу залгасан, утсаа авахгүй байсан, тэгсэн чинь гар утсаа өгсөн ах “өрөөнд ороод ярь” гэхээр нь хамт буудлын өрөөнд нь орсон. ...“найз охидуудаа дууд” гээд байсан. Тэгээд би гар утсыг нь аваад найз охиноо дуудсан, “тосоод ирье” гэж хэлээд буудлаас гарсан. ...гар утсыг Мэнд-Амар худалдааны төвийн үүдэнд байдаг ломбарданд 200.000 төгрөгөөр Золзаяа гэж нэр хэлээд барьцаанд тавьсан.” гэсэн мэдүүлэг /хх-20-21, 92/,
хохирогч Д.Э-н “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 09.00 цагийн орчимд “Чика” нэртэй зочид буудлын урд зогсож байтал үл таних эмэгтэй “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж миний Samsung A50 маркийн гар утсыг аваад, буцааж өгөлгүй таксинд суугаад зугтаасан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
хохирогч Д.Э-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-4/,
“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02/02-23 дугаартай “...Samsung A50 маркийн гар утас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 400.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн албан бичиг болон үнэлгээний тайлан /хх-24-29/,
Ч.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хишигдэлгэрийн “Ч.Мын биед үзлэг хийж, түүний биед “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас” байсныг үзлэгийн тэмдэглэлд оруулав.” гэсэн тэмдэглэл /хх-36-37/,
Ч.М-аас “хар өнгийн гэртэй, хөх өнгийн артай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, Samsung A50 маркийн гар утсыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 17.20 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-53/,
Ч.М-аас хураан авсан “хар өнгийн гэртэй, хөх өнгийн артай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, Samsung A50 маркийн гар утсыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 17.30 минутад хохирогч Л.Эрдэнэбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-54/,
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас /хх-57/,
Ч.М-ын хувийн бичиг баримтын хуулбарууд /хх-60-70/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 81-86/,
Яллагдагч Ч.М-ын “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчийг хохиролгүй болгож өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-98/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг; Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чика” дэн буудлаас Л.Эрдэнэбатын эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч залилан авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Э-н “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр...нэг танихгүй эмэгтэй “ах аа гар утсаараа нэг яриулаач, эгч рүүгээ яриад өгье” гэхээр нь би гар утсаа өгсөн...Цогоо ахыг “та наанаа байж бай” гэж хэлээд таксинд суугаад яваад өгсөн.” гэх,
гэрч Э.Ц-н “...танихгүй эмэгтэй “гар утсаараа нэг яриулаач” гээд гар утсыг нь авч байсан...нэг машин ирээд тэр эмэгтэй суугаад яваад өгсөн.” гэх,
гэрч Я.Э-н “...Мөнхбатын Золзаяа РЕ91021410 регистрийн дугаартай, иргэний үнэмлэх харуулаад Samsung A50 загварын гар утас 200.000 төгрөгөөр барьцаалсан.” гэх,
гэрч Н.Ш-н “...хүний утас гуйж яриад тэр хүмүүс нь “архи уу” гэж шахаж “бусад эмэгтэй найзуудаа дууд” гээд айсандаа утсыг нь аваад гарчихсан гэж надад хэлсэн.” гэх,
Ч.М-ын “...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өглөө Цагаанчулуут багт байдаг “Чика” буудлын гадаа явж байсан, ...би очоод “ах аа утсаараа ганц яриулаач” гэж гуйсан. Тэгсэн нэг ах нь гар утсаа өгсөн...би гар утсыг нь аваад найз охиноо дуудсан, “тосоод ирье” гэж хэлээд буудлаас гарсан. ...гар утсыг Мэнд-Амар худалдааны төвийн үүдэнд байдаг ломбарданд 200.000 төгрөгөөр Золзаяа гэж нэр хэлээд барьцаанд тавьсан.” гэх мэдүүлгүүдээр, мөн
хохирогч Д.Э-н “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 09.00 цагийн орчимд “Чика” нэртэй зочид буудлын урд зогсож байтал үл таних эмэгтэй “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж миний Samsung A50 маркийн гар утсыг аваад, буцааж өгөлгүй таксинд суугаад зугтаасан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02/02-23 дугаартай албан бичиг болон үнэлгээний тайлан, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн Ч.Мын биед үзлэг хийсэн тэмдэглэл, Ч.Маас Samsung A50 маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл, уг гар утсыг хохирогч Л.Эрдэнэбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Э-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт хэргийн 95 дугаар талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хоёр; Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасныг шүүх хүлээн авсан болно.
Иймээс шүүх шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,
шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай арванзургаа, арвандолдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Ч.М-д хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ