Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, гэрч Б.Ц, А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Т-гийн Д-д холбогдох эрүүгийн 2035000000192 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Т-гийн Д 1969 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Д нь Увс аймгийн Түргэн сумын Хоо толгой гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 2.1593 метр куб мод бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 1’435’901 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000192 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

2. 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Увс аймгийн Түргэн сумын засаг дарга Л.Б, хэсгийн төлөөлөгч А.А, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн инженер Б.Ц, жолооч Б.З нарын хамтаар Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутгаар ойн хяналтаар явсан юм. Хяналт шалгалтаар явж байгаад Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Мудгуйн чулуун хороо гэх газарт өвөлжөөндөө байх Т.Д-гийн гэрт очиход тэднийх гэрийнхээ баруун талд шинэ тайрсан нойтон нарийн шинэс модоор үхрийн амбаар шинээр барьсан байсан. Тэгээд бид нар хүү Ц.Баас нь “тухайн амбаарыг хэзээ барьсан, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу?” гэж асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлтгэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй” гэж хэлсэн бөгөөд тэднийд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй юм. Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө би бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлдчихээд манай хүү өөрийнхөө УАЗ загварын автомашинаар ачиж авсан” гэж хэлсэн юм. Тухайн амбаар нь 3 тал амбаар байсан ба амбаарын дээврийг мөн нойтон шинэс модоор барьсан байсан. Бид нар шинээр тайрсан нойтон шинэс модыг тоолж үзэхэд 110 орчим ширхэг нойтон шинэс мод байсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Ц-ийн “...Т.Д-гийн гэрт очиход шинэхэн тайрсан нойтон шинэс модоор үхрийн амбаар шинээр барьсан байсан юм. Тэгээд бид нар хүү Ц.Баас нь “тухайн амбаарыг хэзээ барьсан, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу?” гэж асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлдэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй” гэж хэлсэн бөгөөд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг тэднийд байгаагүй юм. Тэгж байтал Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлдчихээд манай хүү өөрийнхөө УАЗ загварын автомашинаар ачиж авсан” гэж хэлсэн. ...Т.Д нь “Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас мод бэлтгэхдээ өөрийн гэрт байх жижиг хөрөөгөөр тайрсан, мөн сүх ашигласан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 11 дүгээр сард анх удаа зөрчил илэрсэн гэсэн дуудлагаар сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны хяналтын байцаагчтай Түргэн сумын Хоо толгой гэх газар очиж хяналт шалгалт хийсэн. Тэгээд Т.Д гуайн бэлтгэж авсан модонд хэмжилт хийж акт тогтоосон” гэх мэдүүлэг,

5. Гэрч Л.Б-ын “...бид нар хүү Ц.Б-аас нь “тухайн амбаарыг хэзээ барьсан, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу?” гэж асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлдэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй” гэж хэлсэн. ...Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө би бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлдчихээд манай хүү өөрийнхөө УАЗ маркийн автомашинаар ачиж авсан” гэж хэлсэн. Тухайн амбаар нь 3 тал амбаар байсан ба амбаарын дээврийг мөн нойтон шинэс модоор барьсан байсан. Бид нар шинээр тайрсан нойтон модыг тоолж үзэхэд 110 орчим ширхэг нойтон шинэс мод байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч А.А-ийн “...бид нар хүү Ц.Б-аас нь тухайн амбаарыг хэзээ барьсан, мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу?” гэж асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хоо толгой гэх газраас манай ээж Т.Д бэлдэж авч ирсэн, мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг аваагүй” гэж хэлсэн. ...Т.Д эгч гэрээсээ гарч ирээд “би энэ модыг тайрсан, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газарт байхдаа өвөлжөөндөө буухаасаа өмнө би бэлтгэсэн, ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлдчихээд манай хүү өөрийнхөө УАЗ маркийн автомашинаар ачиж авсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 12 дугаар сард манай сумын Засаг дарга над руу утсаар яриад хүмүүс хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирсэн гарч хяналт шалгалт хийе гэж хэлсэн. Тэгээд Түргэн сумын 1 дүгээр багийн нутагт хяналт шалгалтаар явж байхад Ногоон гэх нэртэй газар хууль бусаар мод бэлтгэсэн байдалтай модны мөчрийг тайраад хаясан байсан. Мөн хажууд машины дугуйны мөр байсан. Тус мөрийг дагаад явахад н.Мандал гэдэг айл руу орсон байсан. Тэр айлаас хөдлөөд Т.Д гэдэг айлд очиход нойтон шинэс модоор хашаа барьсан байсан. Тэгээд эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад эрхийн бичиг аваагүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ж.Х-ын дахин өгсөн “...Т.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд 2 хоногийн хугацаанд Увс аймгийн Түргэн сумын нутаг Зүрхэн гэх газраас 3 метр куб түлшний хуурай шинэс мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...Т.Д нь уг хугацаандаа энэ бичгээрээ түлээний модоо бэлдсэн. Харин Т.Д нь хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Мөн Хоо толгой гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй учир тухайн газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж болохгүй. ...Т.Д нь Хоо толгой гэх газраас нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бус бөгөөд нойтон шинэс мод бэлтгэхдээ хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Ц.Б-ын “...Манайх Шиврээс Хоо толгой руу нүүхдээ Улаангом сумаас Ж.Р гэх хүнийг хөлсөөр авч малаа туулгуулсан юм. Манай өвөлжөө үхрийн /тугалын/ пүнз барих шаардлагатай байсан учраас ээж Т.Д Хоо толгойд ирээд тухайн газраас тугалын пүнз барихаар нойтон шургааг буюу шинэс мод тайрч бэлдсэн бөгөөд тухайн үед манай ээж Т.Д мод бэлдэх эрхийн бичиг авчихсан гэж хэлж байсан юм. Тухайн үед би өдөрт малаа туугаад бэлчээрт гарчихдаг учраас ээжтэй хамт мод бэлдэлцээгүй...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Ж.Р-гийн “...Би Хоо толгойд явж очиход Т.Д нь “би Хоо толгойгоос малын амбаар барих мод бэлтгэмээр байна, хамт бэлдэлцээд өг, би мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчихсан байгаа” гэж хэлсэн юм. Тэгээд Т.Д бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хоо толгой гэх газраас малын хашаа барих зорилгоор 40-50 орчим нойтон нарийн шинэс модыг тайрч бэлтгэсэн юм. Т.Д бид хоёр мод бэлтгэхдээ тэдний жижиг төмөр хөрөө болон төмөр сүх зэргээр мод тайрч, модны мөчрийг унагаж бэлтгэсэн юм. Тухайн үед тэдний гэрт Т.Д болон түүний хүү Ц.Б бид гурав байсан ба Ц.Б нь өдөрт малаа туугаад бэлчээртээ явчихдаг байсан учраас мод бэлдэлцээгүй юм. Т.Д бид хоёр Хоо толгой гэх газраас модоо бэлдчихээд бэлдсэн моднуудаа тухайн газарт цуглуулж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Б-ын тухайн үед хүнээс худалдаж авсан гэх саарал өнгийн УАЗ маркийн машинаар ачиж Хоо толгойгоос Чулуун хороо гэх газарт байх Т.Д-гийн өвөлжөөнд зөөж буулгасан юм. ...Тухайн үед би Т.Д-г мод бэлтгэх эрхийн бичиггүй, аваагүй гэдгийг мэдээгүй. Надад мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан гэхээр нь л би хамт мод бэлтгэсэн юм...” гэх мэдүүлэг[9],

10. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай “...Уг мод бэлтгэсэн N 490 560 08.9, Е 0910 170 43.3 солбилцолд орших Хоо толгой гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2020 онд Түргэн сумын Хоо толгой гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Мод нийтдээ 2.1593 метр куб болж байна. Дээрх мод хэрэглээний мод байна. Модыг 2020 оны 11 дүгээр сард бэлтгэсэн гэж үзэж байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны эдийн засгийн үнэлгээ 1’435’901 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга есөн зуун нэг/ төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[10],

11. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 314 дугаартай “...сүх хуучин 5’000 төгрөг, хөрөө хуучин 10’000 төгрөг, дүн 15’000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт[11],

12. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 321 дугаартай “...2.1593 метр куб хэмжээтэй модоор барьсан хашааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 540’000 /таван зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[12],

13. Шүүгдэгч Т.Д-гийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манай өвөлжөө нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Мудгуйн аманд байх Чулуун хороо гэх газарт байдаг ба манай өвөлжөөнд үхэр, тугалын пүнз буюу саравч байдаггүй учраас би энэ жил өвөлжөөндөө жижиг хэмжээний үхэр, тугалын амбаар барих зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас Ж.Р-гийн хамт 50 орчим ширхэг нойтон нарийн шинэс мод тайрч бэлдсэн юм. Уг модыг тайрч бэлдэхдээ өөрийн төмөр хөрөө, төмөр сүх ашиглаж бэлдсэн ба мод бэлдсэн газар нь манай гэрээс 2-3 орчим километр зайтай ойрхон учраас Ж.Р бид хоёр хамт мод бэлдэхээр явахдаа алхаж очсон юм. Би тухайн үед мод бэлдэхдээ Ж.Р болон өөрийн хүү Ц.Б нарт мод бэлдэх эрхийн бичгийг нь авчихсан, сумын төвд байгаа гэж худал хэлсэн юм. Уг модыг би Ж.Р-гийн хамт бэлдсэн бөгөөд тухайн үед манай хүү Ц.Б өглөөнөөс орой хүртэл малаа хариулаад бэлчээрт гарчихдаг байсан учраас надтай хамт ойгоос мод бэлдэлцээгүй юм. Ж.Рэнцэн бид хоёр ойгоос мод бэлдчихээд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Ц.Б-ын эзэмшлийн 74-10 УВА дугаартай ачааны УАЗ маркийн автомашинд ачаад Хоо толгойгоос өөрийн өвөлжөө болох Чулуун хороонд уг моднуудыг буулгасан юм. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манайх Хоо толгой гэх газраас нүүж, Чулуун хороо гэх газарт буусан юм. Тухайн газарт очоод Ж.Р бид хоёр ойгоос бэлдсэн нойтон шинэс модыг зарим хэсгийг голоор нь хоёр хувааж, зарим хэсгийг нь 3 хуваагаад үхэр тугалын амбаар барьсан юм. Тэгээд маргааш нь Ж.Р аймаг руу явсан юм. Би Хоо толгой гэх газраас нойтон шинэс мод бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг[13],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хуурай мод авах зөвшөөрөл авсан байсан. Тэгээд амьдралын эрхээр хэдэн тугал онд оруулахын тулд нойтон мод нэмээд авсан юм. Миний авсан нойтон модны тал нь тайрчихсан мод байсан би нэмж 20 мод л тайрсан. Түүнээс биш би байгальд тийм их хохирол учруулаагүй. Манай Түргэн сумын Засаг дарга, цагдаагийн газар ард түмнийхээ амьдралыг эргэж тойрдоггүй байж ядарсан намайг ингэж шийтгэж байгаад гомдолтой байна. Би нөхрөөсөө салаад 11 жил болж байгаа өнчин хэдэн хүүхдүүдээ тэжээдэг өрх толгойлсон ээж байгаа юм” зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд шүүгдэгч Т.Д нь би мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчихсан байгаа” гэж гэрч Ж.Р-д итгүүлж, түүний хамт Увс аймгийн Түргэн сумын нутаг “Хоо толгой” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр 2.1593 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч А.А, Б.Ц, Л.Б, Ж.Х, Ц.Б, Ж.Р нарын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно. Тодруулбал шүүгдэгч нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-т “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж заасныг зөрчсөн байна.

Шүүгдэгч Т.Д нь ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 2.1593 метр куб шинэс мод бэлтгэж байгаль экологид 1’435’901 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал гэрч Ж.Р нь тухайн хууль бусаар мод бэлтгэхэд оролцсон боловч хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдээгүй болох нь түүний “Т.Д нь “би Хоо толгойгоос малын амбаар барих мод бэлтгэмээр байна, хамт бэлдэлцээд өг, би мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчихсан байгаа” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед мод бэлтгэхдээ Ж.Р болон өөрийн хүү Ц.Б нарт мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчихсан, сумын төвд байгаа гэж худал хэлсэн юм” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэрч Ж.Р нь уг гэмт хэрэгт санаатай буюу гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсээр байж нэгдээгүй тул түүнийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд прокуророос оруулж ирсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Д-гийн зөвшөөрөлгүйгээр 2.1593 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 2.1593 метр куб нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1’435’901 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.

Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /1’435’901х3/=4’307’703 /дөрвөн сая гурван зуун долоон мянга долоон зуун гурав/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /4’307’703(хохирол, хор уршиг) - 1’435’901(хохирол)=/ 2’871’802 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 1’435’901 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар[14] тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч Т.Д-гээс /4’307’703-1’435’901=/ 2’871’802 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гаргуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Т.Э-ын “...Т.Д нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, бор зүрхээрээ үр хүүхдээ тэжээдэг, хөдөлмөрч зантай, хөдөө мал маллаж амьдардаг...” гэх мэдүүлэг[15], гэрч Ц.А-ын “...Т.Д нь зан аашийн хувьд жирийн нэг сайхан харилцаатай, элдэв хорт муу зуршилгүй хүн бөгөөд ямар нэгэн илүү дутуу зангүй, хөдөлмөрч, насаараа мал дагаж амьдарч байгаа малчин хүн юм. Манай аав бид нарыг бага байхад нас барсан бөгөөд миний ээж Т.Д нь аавыг нас барснаас хойш 4 хүүхдээ өдий зэрэгт хүргэх гэж хичээж яваа хүн бөгөөд маш их сэтгэлийн хадтай, хүн юм...” гэх мэдүүлэг[16], Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай тодорхойлолт[17], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Д нь хоёр хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгаас 2’871’802 төгрөгийг дутуу төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт “Миний авсан нойтон модны тал нь тайрчихсан мод байсан би нэмж 20 мод л тайрсан. Түүнээс биш би байгальд тийм их хохирол учруулаагүй. Манай Түргэн сумын Засаг дарга, цагдаагийн газар ард түмнийхээ амьдралыг эргэж тойрдоггүй байж ядарсан намайг ингэж шийтгэж байгаад гомдолтой байна...” гэж мэдүүлснээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй байна.

Шүүгдэгч Т.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Д нь шинэс модыг төмөр иштэй сүх, хөрөөгөөр /аварга/ тайрч бэлтгэсэн байх тул уг сүх, хөрөөг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хууль бусаар бэлтгэсэн 2.1593 метр куб шинэс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзнэ. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, тухайн хөрөө, сүхний үнийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах саналтай байна. Мөн шүүгдэгч Т.Д нь хууль бусаар бэлтгэсэн модоороо малын хашаа барьсан бөгөөд уг хашааны үнэ болох 540’000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах” саналыг гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр иштэй сүхний үнэ болох 5’000 төгрөгийг, хуучин хөрөөний үнэ болох 10’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.1593 метр куб буюу 115 шинэс модны үнэ болох 540’000 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.Д-гээс гаргуулж, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр иштэй сүх нэг ширхэг, хуучин хөрөө нэг ширхгийг шүүгдэгч Т.Д-д буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон 2.1593 метр куб шинэс модоор барьсан малын хашааг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д-гээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар төмөр иштэй сүхний үнэ болох 5’000 төгрөгийг, хуучин хөрөөний үнэ болох 10’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.1593 метр куб буюу 115 шинэс модны үнэ болох 540’000 төгрөгийг буюу нийт 555’000 төгрөгийг гаргуулж хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт (2’871’802 - 555’000=) 2’316’802 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Т-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Д-гээс 2’316’802 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр иштэй сүхний үнэ болох 5’000 төгрөгийг, хуучин хөрөөний үнэ болох 10’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.1593 метр куб буюу 115 ширхэг шинэс модны үнэ болох 540’000 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.Д-гээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр иштэй сүх нэг ширхэг, хуучин хөрөө нэг ширхгийг шүүгдэгч Т.Д-д буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон 2.1593 метр куб шинэс модоор барьсан малын хашааг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Т.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

[1] хх-ийн 03-08 дугаар хуудас

[2] хх-ийн 09-13 дугаар хуудас

[3] хх-ийн 33-34 дүгээр хуудас

[4] хх-ийн 35-36 дугаар хуудас

[5] хх-ийн 37-38 дугаар хуудас

[6] хх-ийн 39-40 дүгээр хуудас

[7] хх-ийн 42-43 дугаар хуудас

[8] хх-ийн 44-47 дугаар хуудас

[9] хх-ийн 48-49 дүгээр хуудас

[10] хх-ийн 56-58 дугаар хуудас

[11] хх-ийн 67 дугаар хуудас

[12] хх-ийн 85-86 дугаар хуудас

[13] хх-ийн 97-99 дүгээр хуудас

[14] хх-ийн 142-143 дугаар хуудас

[15] хх-ийн 50-51 дүгээр хуудас

[16] хх-ийн 52 дугаар хуудас

[17] хх-ийн 120 дугаар хуудас

[18] хх-ийн 118 дугаар хуудас