| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Г-ын Д-д холбогдох эрүүгийн 2135000770077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Г-ын Д, 1997 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Д нь Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 4 дүгээр сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000770077 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Т.Б-гийн “...Б.Э нь хадам дүү Г.Д рүү залгаж “чи сумын төвөөс хоёр пиво аваад Под станцын дээд талд хүрээд ир” гэсэн, удалгүй дүү Г.Д нь хоёр ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво авч ирэхээр нь “би пиво уухгүй одоо харилаа” гэхэд Б.Э Г.Д-д “мотоциклын түлхүүрийн булаагаад ав битгий явуул, энэ пиво уулга” гэж над руу асаагуурын гэрэл тусгаж пиво барьж байгаад “энэ дутуу уусан байна гүйцэд уулга” гэж шахаж надад уулгасны дараа Б.Э нь “энэ Т.Б ёстой муу санаатай залуу адуугаа намайг хулгайллаа гээд манайд сар жил ирээгүй байж байгаад адуугаа алдахаараа намайг хардаж ирсэн” гэж хэлж нүүр хэсэгт пиво цацсан би босоод нүүрэн дээрх пиво арчиж байхад Г.Д нь “чи өвөл манайд ирж эхнэрийг дээрэлхэж хэрүүл хийсэн” гэж хэлээд миний нүд рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Д.Э-ын “...Пиво хувааж ууж байхад Б.Э нь “энэ Т.Б ёстой муу санаатай залуу, алдсан адуугаа намайг хулгайллаа гээд манайд жил ирээгүй байж байгаад адуугаа алдахаараа намайг хардаж ирсэн” гэж хэлээд нүүр лүү нь пиво цацсан. Т.Б босож нүүрээ арчиж байхад Г.Д нь “өвөл намайг малд явсан хойгуур ирж манай эхнэрийг дээрэлхсэн байна” гээд Т.Б-г шууд цохисон юм. Б.Э бид хоёр босож салгаж авахад Т.Б-гийн нүд хэсгээр хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Б.Э-ын “...Би жаахан согтчихоод “энэ Т.Б ёстой муу санаатай залуу алдсан адуугаа намайг хулгайллаа гэж манайд жил ирээгүй байж байгаад адуугаа алдахаараа намайг хардаж ирсэн” гэж хэлээд уур хүрээд барьж байсан аягатай пиво нүүр рүү нь цацахад Т.Б нь босож нүүрээ арчиж байхад Г.Д гэнэт босоод “чи өвөл намайг малд явсан хойгуур ирж манай эхнэрийг дээрэлхсэн байна” гээд Т.Б-г цохисон. Д.Э бид хоёр босож салгаж авахад Т.Б-гийн нүд хэсгээр хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ц.Т-гийн “...Манай хүү Т.Б-г морины тэжээл, усны сав аваад ир гээд сумын төв рүү явуулсан орой бид хоёр араас нь утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Бид хоёр энэ хүүхэд хаачдаг юм бол гээд гайхаж байтал маргааш өглөө нь залгаад “би сумын төвд ороод ирчихсэн байна. Усны сав, тэжээл аваад гарах гэж байтал Б.Э таарч замдаа Д.Э, Г.Д нартай пиво уучихлаа. Намайг Г.Д зодчихлоо би эмнэлэгт үзүүлж, сумын цагдаад мэдэгдээд очно” гэж хэлсэн. Манай гэрийнхэн орой хоол хийгээд дуусаж байтал манай хүү Т.Б ирсэн нүүр нүдний хэсэг хавдсан байдалтай ээждээ ирээд уйлаад юм хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Г.Одонгэрэлийн “...2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр над руу утсаар яриад “ээж тэжээл, усны сав аваад гарахаар явж байгаад жоохон пиво уучихлаа хамт уусан Г.Д намайг зодчихлоо. Би сумын цагдаад мэдэгдчихээд яваад очно” гэж хэлсэн. Манай хүү Т.Б нь орой бид хэд хоол хийж дуусаж байтал орж ирэхэд нүүр нүд нь хавдсан над руу уйлж ирээд Г.Д миний нүүрийг ийм болгочихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 169 дугаартай “...Т.Б-н биед гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, дотор буланд, баруун нүдний дээд зовхи, баруун нүд, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж байгаа шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Г.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Т.Б нь намайг малд явсан хойгуур ирж манай эхнэрийг өвөл дээрэлхсэн нь санаанд орж босоод шууд цохисон юм. Бид хоёрыг Б.Э ах, Д.Э нар босож салгаж авахад Т.Б-гийн нүд хэсгээр хөхөрсөн, хамраас нь цус гарсан байдалтай байсан. ...Т.Б-г би зодсон. Гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон юм. Өөр дахиж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Д хохирогч Т.Б-г Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, дотор буланд, баруун нүдний дээд зовхи, баруун нүд, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд учирсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан “тархи доргилт” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Д нь хүний биед халдаж зодох нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Д-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний гомдлыг бүрэн шийдвэрлэж өгсөнд баярлаж байна. Г.Д бид хоёр одоо хоорондоо учраа олж эвлэрсэн байгаа...” гэж мэдүүлэг[8], шүүгдэгчийн Увс аймгийн Прокурорын газарт гаргасан “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан 400’000 төгрөгийн бүрэн барагдуулсан...” гэх хүсэлтийг[9] тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Г-гийн “...Төлөв даруу яг хүүхдээрээ байдаг. Хүний үгэнд их ордог, аль болох хүнд тусалж явдаг, манай багийн малчин залуус дундаа маш их нэр хүндтэй юм. Хорт зуршил бараг байдаггүй. Тамхи татахгүй, гадуур тэнэхгүй хааяа ах, найз нартайгаа ганц нэг пиво уудаг, уусан ч сайн даадаггүй юм...” гэх мэдүүлэг[10], гэрч Г.О-ы “...Хэт даруухан, гэр эргэн байдаг гэр амьтай, бусдад тусархуу хааяа ах, найз нартайгаа пиво уусан гэж сонсогддог, тамхи татдаггүй юм...” гэх мэдүүлэг[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт[13] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багт эхнэр, хоёр хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Г-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 16-17 дугаар хуудас
[2] хх-ийн 19-20 дугаар хуудас
[3] хх-ийн 22-23 дугаар хуудас
[4] хх-ийн 28 дугаар хуудас
[5] хх-ийн 30 дугаар хуудас
[6] хх-ийн 40-42 дугаар хуудас
[7] хх-ийн 61-62 дугаар хуудас
[8] хх-ийн 16-17 дугаар хуудас
[9] хх-ийн 91 дүгээр хуудас
[10] хх-ийн 34 дүгээр хуудас
[11] хх-ийн 36 дугаар хуудас
[12] хх-ийн 77 дугаар хуудас
[13] хх-ийн 81 дүгээр хуудас