Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/35

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Энхмаа,

хохирогч М.*******, /гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******,

шүүгдэгч Ц.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******од холбогдох эрүүгийн 2031003450012  дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны  өдөр  ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 *******гийн ******* /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 3 дугаар баг, Хонхор хар усан тохой гэх газар, авто зам дээр 33-14 СЭА улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна", 3.7,а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн дүрмийн 3.5. "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан mухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх  тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг аа бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэж заасныг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч  Ц.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 3 дугаар баг Хонхор хар усан тохой гэх газарт, авто зам дээр 33-14 СЭА улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч М.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 8 цагт ******* бид хоёр хүүхдийн үсний найрт явсан. Тэнд очоод гэрийн эзэн надад архинаас 3 удаа өгөхөд би уугаагүй уруулдаа хүргээд өгсөн. ******* мэдүүлэг өгөхдөө намайг архи уусан мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд 10 цагийн үед бид хоёр гэр рүүгээ харихаар гарсан. Тухайн үед ******* их согтсон байсан. Тэгээд Хонхор орчимд явж байтал зам дээр нэг хүн гараад ирсэн. Тэгээд би сандраад машиныхаа рулийг хажуу тийш нь дарсан. Тэгээд сандраад гараад ирэхэд нэг хүн байсан. Тэгэхэд ******* намайг “чи хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөх гэтэл ******* намайг “чи жолооны үнэмлэхгүй архи уусан байж эмнэлэгт очихоор цагдаа дуудаад дэмий юм болно” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт хүргэж өгч чадаагүй. Дараа нь ******* энэ хүнийг хоёулаа хүн их явдаг газар тавъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хүн их явдаг газар орхиод явсан. Хэсэг хугацааны дараа цас шуурч байхад бид хоёр нөгөө хүн яасан бол гээд эргээд ирэхэд олон хүн байсан. Тэгээд маргааш нь цагдаа ирсэн. Энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Буруу шийдвэр гаргасан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* мэдүүлэхдээ: “...төв зам дээр дайрчихаад 6 км зайтай эзгүй газар аваачиж орхисон. Амралтын газар ангиараа уулзалт хийж явсан хүүхдүүд тааралдаж амийг нь аварсан. *******ыг хэргээс мултрахад аваад үлдсэн. Хүн чанаргүй зан гаргаад байгаад нь гомдолтой байна, энэ хүн өчнөөн цус залгуулж байж амьд явж байна. Хүн чанаргүй, ээж нь над руу дохиод байдаг. Над руу нэг ч удаа яриагүй. Гэтэл өмгөөлөгч авчихсан, хохирлын мөнгөө төлөөгүй байдаг...” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч М.******* гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн: “...Миний хөлийн шилбэ голоороо бяцарсан болохоор хэцүү байна. Нийт 2 удаа хагалгаанд орсон. 1 жилийн дараа төмөрнүүдээ авахуулна...” гэх мэдүүлэг[3],

4.Хохирогч М.******* 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би цааш явсаар засмал зам дээр очиж уг замыг дагаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүүн тал руу алхаж явсан чинь араас машин зөрж өнгөрч байсан. Намайг засмал зам дагаад 100 метр орчим газар алхаж явтал араас хүчтэй зүйл хөл рүү мөргөх шиг болсон. Түүнээс хойш ямар нэгэн зүйл мэдээгүй, ухаан алдсан байсан..." гэх мэдүүлэг [4],

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...энэ ослын улмаас миний дүүгийн хоёр хөлийн хоёр чөмөг нь хугарсан мөн баруун хөлийн шилбэ нь бяцарсан байсан. Эдгээр гэмтлүүдээс өөр бас гэмтэл учирсан байсан. Одоо ******* Улаанбаатар хотод төрсөн эгч Мөнхтуяагийн гэрт хэвтрийн байдалтай байгаа. *******ын ар гэрийнхнээс эмчилгээний төлбөр гэж 900 орчим мянган төгрөг төлсөн. Энэ мөнгө нь дүүгийн эмчилгээнд огт хүрээгүй...” гэх мэдүүлэг[5]

6.Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* миний төрсөн дүү учир надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[6]

7.Гэрч С.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө манайд ганцаараа ирж хонохдоо ямар нэг зүйл хэлээгүй. Харин өглөө нь үүрээр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өглөө үүр цайж байхад ******* бид хоёрыг дуудаж босгоод “би хүн дайрчихлаа, одоо яах уу” гэхээр нь би *******оос “Чи хаана хэнийг дайрчихсан юм” гээд асуухад өөдөөс “хэн гэдгийг нь би таниагүй, Хонхорт ******* бид 2 явж байтал машины урдаас нэг согтуу хүн гарч ирээд мөргүүлчихсэн. Тэгэхээр нь айгаад явчихсан дараа нь буцаж очоод эмнэлэгт үзүүлэх гээд очтол нөгөө мөргөсөн хүн байхгүй. Харин баахан машин гэрэл тусгаад зогсчихсон байхаар нь айгаад очиж чадсангүй. “Би өөрөө машиныг жолоодож яваад хүн дайрсан” гээд машинаа үзүүлсэн. Тэгсэн чинь машиных нь салхины шил нь хагараад урд гупер нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Э.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай найз С.*******ийн үсний найр болсон. Тухайн найран дээр манай найз ******* манай дүү Ц.******* бид нар хамт байсан. Тухайн үед найран дээр Болор нэртэй архи тал шил болсон байсныг бид нар хувааж ууцгаасан. Тэгээд 22 цагийн орчим *******, ******* нар гэр лүүгээ харилаа гээд бид нараас гараад явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Ингээд би найр хийсэн найз *******ийн гэрт унтсан ба шөнө хэдэн цаг байсныг мэдэхгүй, манай найз *******, манай дүү Ц.******* нар *******ийн гэрт орж ирээд унтсан. Тухайн үед хаанаас ямар байдалтай ирсэн талаар мэдэхгүй. Ингээд өглөө болоход манай дүү Ц.******* надад хандан “төв зам дээр явж байгаад овгор руу явж байгаад зам дээр хүн машинаараа мөргөсөн. Тэгээд *******тай хамт машинд өргөж оруулж хийгээд 62-р точик явдаг зам дээр хаячихсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Б.*******ын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "...найран дээр , *******, *******, *******, ын найз Номио гэх хүн байсан. Тэгээд нэрийг сайн санахгүй байна ширээн дээр байсан задалсан архи ба дарс байсныг би *******, *******, ******* бид 4 уугаад дуусгасан. Тэгээд ******* бид 2 гэртээ харихаар болоод 22 цагийн орчим *******ийн гэрээс ******* приус-11 маркийн тээврийн хэрэгслээр явсан. ******* жолоодоод би урд суудал дээр нь суугаад явсан. Тэгээд би машинд суугаад явж байхдаа хэсэг зүүрмэглээд унтсан байсан. Гэнэт түс тас хийгээд юм мөргөх шиг чимээ гараад би сэрсэн тэгтэл ******* жолооны араас би хүн мөргөчихлөө одоо яанаа хурдан буугаарай гэсэн. Тэгээд эмнэлэг хүргэж өгье гээд ******* нөгөө мөргүүлсэн хүнийг өргөчих гээд бид 2 тухайн хүнийг *******ын машины арын суудал дээр тавьсан. ******* машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгээд ******* би жолооны үнэмлэх байхгүй, бас архи уусан болохоор энэ хүнийг эмнэлэгт хүргэж өгвөл цагдаа гээд бөөн юм болно гэж хэлсэн. Тэгээд ******* энэ мөргүүлсэн хүнээ өөр хүнээр эмнэлэг хүргүүлье хүн их явдаг хөдөлгөөн ихтэй газар аваачаад тавьчихъя гээд машинтай хөдлөөд чигээрээ яваад 62 дугаар точик явдаг хайрган дээр зогсоод ******* энд мөргүүлсэн хүнийг тавьчихъя гэсэн. Бид 2 өргөж буулгаад замын хажуу талд тавьсан. Тэгээд бид 2 машинтайгаа хөдлөөд явсан...” гэх  гэх мэдүүлэг[9],

 10.Гэрч Т.ын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "...найран дээр , *******, *******, *******, ын найз Номио гэх хүн байсан. Тэгээд нэрийг сайн санахгүй байна ширээн дээр байсан задалсан архи ба дарс байсныг би *******, *******, ******* бид 4 уугаад дуусгасан. Тэгээд ******* бид 2 гэртээ харихаар болоод 22 цагийн орчим *******ийн гэрээс ******* приус-11 маркийн тээврийн хэрэгслээр явсан. ******* жолоодоод би урд суудал дээр нь суугаад явсан. Тэгээд би машинд суугаад явж байхдаа хэсэг зүүрмэглээд унтсан байсан. Гэнэт түс тас хийгээд юм мөргөх шиг чимээ гараад би сэрсэн тэгтэл ******* жолооны араас би хүн мөргөчихлөө одоо яанаа хурдан буугаарай гэсэн. Тэгээд эмнэлэг хүргэж өгье гээд ******* нөгөө мөргүүлсэн хүнийг өргөчих гээд бид 2 тухайн хүнийг *******ын машины арын суудал дээр тавьсан. ******* машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгээд ******* би жолооны үнэмлэх байхгүй, бас архи уусан болохоор энэ хүнийг эмнэлэгт хүргэж өгвөл цагдаа гээд бөөн юм болно гэж хэлсэн. Тэгээд ******* энэ мөргүүлсэн хүнээ өөр хүнээр эмнэлэг хүргүүлье хүн их явдаг хөдөлгөөн ихтэй газар аваачаад тавьчихъя гээд машинтай хөдлөөд чигээрээ яваад 62 дугаар точик явдаг хайрган дээр зогсоод ******* энд мөргүүлсэн хүнийг тавьчихъя гэсэн. Бид 2 өргөж буулгаад замын хажуу талд тавьсан. Тэгээд бид 2 машинтайгаа хөдлөөд явсан...” гэх  гэх мэдүүлэг[10],

11.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12398 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: Зүүн мөр, зүүн бугалганы гадна дээд хэсгийг хамарсан хүрэн ягаан өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралттай, цээжний зүүн ар, бүсэлхийн зүүн ар, зүүн ташаа хэсгийг хамарсан бор өнгийн тав бүхий захаараа тав нь хуурч буй зулгаралттай. Хоёр хөлийн шаантны бурзангаас татлага хийгдсэн. Баруун хөлийн өсгийнөөс татлага хийгдсэн. Баруун шилбэний урд дунд хэсэгт 4см, 3.5см оёдол бүхий шархтай. 1. М.Сэд-очирын   биед баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун хөлийн шилбэнд шарх, хоёр хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн мөр, бугалганд цус хуралт, цээж, бүсэлхий нуруу, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын улмаас үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт[11],

12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргах зүйлгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын мөнгийг нөхөн төлөх болно гэдэг.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэг хохирогчоор тогтоогдсон М.******* нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээ болон бусад зардалд 2,982,894 төгрөг нэхэмжилснээс 900,000 төгрөг нөхөн төлөгдсөн. Үлдэгдэл 2,082,894 төгрөгийн төлөх төлбөртэй тул шүүхээс гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “Хохирол төлбөр төлж барагдуулах хуульд заасан 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулав.

Шүүгдэгч Ц.*******оос хохирогч М.*******ын эмчилгээ болон бусад зардалд 2,982,894 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгч Ц.******* нь эд хөрөнгө, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчтой эвлэрэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр эрүүгийн хариуцлагын талаархи өмгөөллийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон. Энэ хүүхэд маань дөнгөж 21 настай урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж амжаагүй байхад энэ гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн байдал нь хөгшин настай ээж болон дүүгийн хамт амьдардаг хүн байна. Хүнд хохирол учруулж, зам дээр орхисон боловч тодорхой хугацаанд ажиглаж харсан. Одоо хохирогчийн биеийн байдал эдгэрэлтийн шатанд явж байна. Хөдөлгөөн хаагдсаны улмаас тэр болгон хохирогч *******той уулзаж чадаагүй боловч ээжийнх нь дүү харилцаа холбоотой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн байдал нь харагдаж байна. Энэ байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байна. Цаашид энэ хүн нийгмээс тусгаарлагдахгүйгээр байвал ажил хөдөлмөрөө эрхэлж цаашид гарах эмчилгээний зардал төлөхөд бодит боломж бүрдэнэ. Иймд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүссэн” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч Г.Энхмаагаас эрүүгийн хариуцлагын шүүмждээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Үүнийг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг гэж үзэхгүй. Энэ хэрэгт хандсан гэм буруугийн нөхцөл байдлыг харахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь санаатай үйлдэл байсан.  Насны хувьд аваад үзэхээр хөнгөмсгөөр хандах хэмжээний тухайн болсон асуудлыг тунгаах насанд хүрсэн байна. Хорих ялын саналыг яагаад гаргасан гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын 3-ыг хангасан байна. ...Шүүх эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял оноохоор бол шүүх ямар хүрээ, хязгаар дотор тогтоохыг шийтгэх тогтоолдоо тодорхой заах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь нийгмийн хор аюул нь өндөр байдаг. Иймд ялын өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг хийж, хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******гаас: “...Өмгөөлөгчийн үг зүрх рүү шивж байна. Хөнгөн гэмтэл учруулаагүй. Одоо биеийн байдал үнэхээр хэцүү байна. Үүнээс өмнө гарсан хохирлыг болгоомжгүй үйлдлээс болсон гэж хэлэх боломжгүй. Чи ээжийгээ бодох хэрэгтэй. ******* гэх хүнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дүүгийнхээ амь насыг аврах гээд ажлаа алдсан бөгөөд айлд хоног төөрүүлж байсан. Бид нарт үнэхээр хүнд байсан. Эхлээд дүүгийнхээ амь насыг нь авраад явах хэрэгтэй гэж үзэж байсан. Дүү маань дахин хагалгаанд орно. Хохирол төлөгдсөн гэж үзэхгүй байна. Хүн чанартай байх хэрэгтэй. Одоо нөхцөл байдал нь үнэхээр хэцүү байна. Ганцаараа бие засаж чадахгүй хэцүү байгаа юм. Цаашид чи амьдралдаа зөв хүн байгаарай гэж хэлмээр байна” гэж мэдүүлдэг.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэн үзэж, хууль ёсны байх, шударга ёс, эрх зүйн ухамсрыг дээдлэн, тэдгээрийг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохистой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйн хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан хэм хэмжээний дотор ял оногдуулах нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх 3 зүйл, (2.1, 2.2, 2.3 дахь заалтад) заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* нь “...буруу шийдвэр гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж, 5 хоногийн завсарлага авч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогчид хохирол учруулчихаад шууд эмнэлгийн болон бусад тусламжийг үзүүлэхгүйгээр эрдэнэт хүнийг амь насанд аюултай үед нь хэргийн газарт орхин зугтааж, хохирогчийн эрүүл мэндэд нь нөхөн сэргээгдэхгүй хүнд хохирол учруулсан хор уршгийг арилгах, нөхөн сэргээх боломжгүй байх тул шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгчийн “...хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүссэн” өмгөөллийн дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******од оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолох нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолбол зохилтой.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”;

-Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******од оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид учруулсан эмчилгээний зардалд нийт 2.982.894 төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

9.Хохирогч Ц.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

10.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ