| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0000/Э |
| Дугаар | 175/ШЦТ2021/36 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 175/ШЦТ2021/36
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ, улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч С.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2131000050030 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Буурагчин гудамж 10-81 тоотод өөрийн эзэмшлийн “Самсунг А-10” маркийн гар утас ашиглан, “Цэнгүүн Цэнгүүнээ” нэртэй цахим хаягаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Фэйсбүүк”-ээр шууд бичлэг хийх /лайв/ хэлбэрээр 1-6 хүртэлх тоонуудыг суудлын тоо болгож тоглох хүмүүс нь өөрийн сонгосон тоог бичиж, С.*******ы эзэмшлийн Хаан банкны 5300303509 дугаартай дансанд 20.000 төгрөг нэг удаагийн тоглолтод шилжүүлж, хожсон хүн нь 100.000 төгрөг авч, нэг тоглолтоос зохион байгуулагч 20.000 төгрөгийг авч байгаа нь мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Буурагчин гудамж, 10-81 тоотод өөрийн эзэмшлийн “Самсунг А-10” маркийн гар утасыг ашиглан, “Цэнгүүн Цэнгүүнээ” нэртэй цахим хаягаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Фэйсбүүк”-ээр шууд бичлэг хийх /лайв/ хэлбэрээр 1-6 хүртэлх тоонуудыг суудлын тоо болгож тоглох хүмүүс нь өөрийн сонгосон тоог бичиж С.*******ы эзэмшлийн Хаан банкны 5300303509 дугаартай дансанд 20,000 төгрөг нэг удаагийн тоглолтод шилжүүлж, хожсон хүн нь 100,000 төгрөг авч, нэг тоглолтоос зохион байгуулагч 20,000 төгрөгийг авч байгаа нь мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: “...Тухайн үед фэйсбүүкээр тийм тоглоом явдаг байсан. Тэгээд ажил ихтэй байсан учраас их тоглоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг[1],
2.Гэрч Г.*******ийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед өөрийн Г.******* цахим хаягаар мэдээлэл үзэж байхад “Цэнгүүн Цэнгүүнээ” гэх нэр бүхий цахим хаягаар эхний тоглолт үнэгүй 20к хийгээд тоглоорой гэсэн утгатай мэдээлэл оруулан лайв хийж байхаар нь орж тоглоод эхний үнэгүй тоглолтоороо хожсон тэгээд 100,000 төгрөг авахаар болоод тухайн тоглоомоо дахин нэг тоглохоор болсон...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч С.*******гийн 2021оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Би уг тоглоомонд “Bayasgalan Saran” нэртэй цахим хаягаар орж 5 хүний хамтаар тоглосон. Би 20,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ ямар данс руу шилжүүлснээ санахгүй байна. Нэг л удаа тоглоод хожигдоод уг тоглоомоос гарсан...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч С.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би покер тоглосон. Би тоглохдоо өөрийн Фэйсбүүк хаяг болох С.******* гэх хаягаар орж тоглосон. Намайг орж тоглоход 6 хүний суудалтай тоглоом байсан. Би тоглохдоо 5300303509 дугаартай данс руу 40,000 төгрөгөөр 2 удаа нийт 80,000 төгрөг хийж 2 удаа тоглож 100,000 төгрөг хожиж ахиад тоглоод 100,000 төгрөгөө алдсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Т.*******ын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 5300303509 дугаарын эзэмшигчийг танихгүй ээ. Би мөнгө хожоогүй Live явж байсан болохоор орж тоглож үзье гэж бодоод орсон өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би “SokoSokono” гэсэн өөрийн фэйсбүүк хаягаар орж тоглосон. Би 20,000 төгрөг алдсан учир нь нэг удаа тоглосон юм. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Х.******* 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...С.*******ы хувьд эцэг, эхтэйгээ амьдардаг, аав нь Эрүүл мэндийн төвд галч ажилтай, ээж нь эхэлсэн тодорхой ажилгүй хүн байдаг юм. С.******* нь айлын ганц хүү юм. 2019 онд цэрэгт яваад халагдаад ирсэн. Одоогоор тус сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилладаг.10 жилдээ их мундаг, онц сурлагатай, тал бүрийн авьяастай, үлгэр жишээ хүүхэд байсан. Одоо эцэг эхдээ тус болоод ажил хийгээд явж байгаа тийм л хүн байгаа юм. С.*******ы амьдралын боломж муутайгаас уг хүүхэд их сургуульд суралцалгүй, шууд ажил хийгээд явж байгаа юм. Уул нь сэтгэх чадвар, авхаалж самбаа маш сайн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Б.******* 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...С.******* нь зан байдлын хувьд бусадтай нийтэч, ажил төрлийн хувьд сумандаа ч нэр хүндтэй, төлөв даруу, ар гэрийн хүмүүжил сайн, элдэв хэрэг төвөгт орооцолдоод, архи дарс хэрэглээд байдаггүй, шударга, ажилсаг хүн юм...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Г.ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сарын дундуур санаж байна, би өдөр 14 цагийн үед өөрийн С.*******ы гэрт очсон юм. Тэгэхэд С.******* нь гэртээ ганцаараа ширээн дээрээ хөзөр дэлгэсэн байдалтай сууж байсан ба өөрийн гар утсаараа лайв хийсэн байдалтай, юу хийж байгаа талаар асуухад чимээгүй, завгүй байна гэхээр нь би удаагүй гэрээс нь гараад яваад өгсөн юм. Миний мэдэж байгаагаар хөзөр тоглуулсан байдалтай, покер тоглоом зохион байгуулж байсан ба өөрийн гар утсаа хувцас хатаагч дээр тогтоосон байдалтай, ширээн дээр 1-6 хүртэл кардонон цаас хайчилж хийсэн тоо байрлуулсан байдалтай, лайв хийж хүмүүс тоглуулж байсан юм. Би тухайн үед С.*******тай юм яриагүй гараад яваад өгсөн..." гэх мэдүүлэг[8],
9.Яллагдагч С.*******ы “...Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны шөнө facebook ухаж байгаад хүмүүс live хийж хөзөр тоглуулаад байхаар өөрөө 2 удаа тоглож Гүзээд Би өөрөө явуулбал зүгээр юм байна гэж бодоод 12 дугаар сарын 23-ны өдөр цайны цагаараа live хөзөр тоглуулсан. Тэгээд шинэ жил болоод ажил ихтэй байсан учир дахиж live хийж чадаагүй. Тэгээд он гараад удалгүй хэсгийн төлөөлөгч чамтай холбоотой хэрэг гарсан ирж уулзаарай гэж хэлсэн. Манай найз намайг live ХИЙЖ мөрийтэй тоглуулж байхад манай гэрт орж ирсэн. харсан байх бусад хүмүүсээс бол би нуудаг байсан. Ямар ч хүнд цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байгаа талаараа хэлж байгаагүй. Хаан банкны 5300303509 дугаартай дансаар авдаг байсан. Миний хийсэн 1-ээс 6 хүртэлх тоог хатуу цаасаар хайчилж бэлдсэн дугаар байдаг юм. Дугаар тус бүр дээр 1 хүн 20.000 төгрөгийг бооцоо болгож миний хаан банкны 5300303509 данс руу хийгээд 6 хүн бүрдсэн тохиолдолд тоглолт эхэлнэ.Тэгээд хөзрөө хольж тараагаад хожсон хүн 100.000 төгрөг аваад би 20.000 төгрөгийг авах журмаар явдаг юм. Би буруу зүйл хийсэн ойлгосон. Гэм буруугийн тал дээр маргахгүй буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг[9],
10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12] 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь бусдад хохирол учруулаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүхээс шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.*******д анхааруулсан болно.
Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.*******д анхааруулсугай.
5.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ