Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2018/ДШМ/11

 

   Х.Ганхуягт  холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь  даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгдэгч Х.Ганхуяг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батчимэг, нарийн бичгийн дарга А.Энхбаяр, Дорноговь аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар прокурор Ө.Мөнхнавч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжавхлан нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Х.Ганхуягт холбогдох 201710000064 дугаартай 3 хавтас 647 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ганхуяг болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хаалттайгаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Ганхуяг нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сайншанд  сумын 4 дүгээр баг 79-7 тоот гэртээ өөрийн дагавар охин болох насанд хүрээгүй 13 нас 2 сар 17 хоногтой Ц.Хуланг хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Монгол овогт Халтарын Ганхуягийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ганхуягт оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганхуягийн цагдан хоригдсон 314 /гурван зуун арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Х.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны хохирогч Ц.Хулангийн өдрийн тэмдэглэл бичсэн дэвтэр, хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн ээждээ бичсэн захидал зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.09-ний өдрийн 2018/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний хувьд давж заалдах гомдлоо шүүгдэгчид танилцуулаад, гарын үсэг зуруулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаан дээр үйлчлүүлэгч маань өөр байр суурьтай оролцож байгаа нь гомдлоосоо татгалзаж байгаа юм болов уу гэж бодож байна. Би үүн дээр тодорхой ойлголтыг авч чадахгүй байна. Нэгэнт гомдлоосоо татгалзаж байгаа бол би үйлчлүүлэгчийнхээ байр сууриар хэрэгт хандах ёстой гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн зүйчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйчлэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэнэ гээд хуулин дээр бичсэн насны доод хязгаарыг бичээгүй. 16 хүртэлх насны гэж бичсэн байгаа. Хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэгээр 2007 оноос хойш буюу хохирогч 4 настай байхдаа Х.Ганхуяг гуайн дагавар охин болж ирсэн. Ингэхээр 10 жилийн турш гэр бүлийн харилцаатай, амины харилцаа буюу эд хөрөнгийн харилцаа эрх, үүргээрээ холбогдоод хамт амьдарч байсан. Нэгэнт шүүхээр гэм буруутай гэж тогтоож байгаа тохиолдолд энэ зүйчлэл дээр шүүхийг анхаарч үзээсэй гэсэн саналыг өмгөөлөгчийн хувьд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж би ойлголоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 6.7-г хэрэглэх бүрэн боломж үүсч байна. Хохирогч төлбөр нэхэмжлээгүй. 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглээд ялын доод хэмжээг 3/2-оос багагүй хэмжээгээр ял шийтгэлийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Жаргалсайхан өмгөөлөгчийн гарсан гомдол дээр тайлбар хэлэхэд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр магадлалд нийт 4 чиглэлээр ажиллагаа хийгдэхээр заагдсан ажиллагааны талаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр давхар яригдсан. Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт ирсэн 2016 онд Х.Ганхуяг нь хохирогч Хуланг зодсон гэдэг асуудал дээр тухайн үед биологийн шинжтэй болон бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой ямар нэгэн шинжилгээ огт хийгдээгүй талаар хэрэгт гэрч Нандин-Эрдэнээс мэдүүлэг авсан байдаг.  Тухайн үед биологийн шинжилгээ огт хийгдээгүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч анхан шатны шүүх хуралдаанд оролцож, шинжээчийн дүгнэлтээ маш тодорхой, дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байгаа. Тэгэхээр Х.Ганхуягт холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон. Үүний дагуу анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Очирваань өмгөөлөгчийн гаргасан тайлбартаа холбоотой дараах тайлбарыг хэлье. Хохирогч Хулан нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 нас, 2 сар, 17 хоногтой байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нас тоолох баримт болон төрсний гэрчилгээр нотлогддог. 2015 оны Эрүүгийн хуулинд бага насны хүүхэд гэдгийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт бага насны хүүхэд гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж заасан байгаа. Тэгэхээр 14 нас хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий гэдгээр нь хэргийн зүйчлэлийг өөрчлөх үндэслэл байхгүй. Тиймээс өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                 

           Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна

            Шүүгдэгч Х.Ганхуяг нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сайншанд  сумын 4 дүгээр баг 79-7 тоот гэртээ өөрийн дагавар охин болох насанд хүрээгүй 13 нас 2 сар 17 хоногтой Ц.Хуланг хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь  хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон байна.            

          Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу 15 жилийн хорих ял оногдуулсан нь хүнд биш байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: Тус хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарт ‘’бага насны хүүхэд’’ гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэсэн байх тул хэрэг үйлдэгдэх үед хохирогч 13 нас 2 сар 17 хоногтой байсан байна.

        Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.       

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                                                        О.ОДНЯМАА