Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 258

 

МАГАДЛАЛ

 

2017.01.23                                                    Дугаар 258                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/06750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ганзориг, Ч.Мөнхсайхан нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Цэрэндолгор,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Миний охин Д.Пүрэвдулам нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хичээлээс тараад ангийнхаа н.Анхбаяр, н.Золжаргал Г.Тэнгэс нарын хамт н.Анхбаярын гэрт очсон байдаг. Г.Тэнгис нь Д.Пүрэвдуламын бие махбодид халдан, бэлгийн дарамт үзүүлсэнтэй холбоотойгоор прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан юм. Энэ явдлаас болж сэтгэл санаагаар унаж нойр хоолондоо муудаж, шөнөдөө зүүдлэн ярьж, уйлж, инээн бүтэн нойртой хонож чадахгүй, өдрийн цагаар цочиж, амархан уурлаж, уйлдаг нэг бол дуугаа хураагаад    хүнтэй ч юм ярихгүй суудаг болсон. Ингээд бид стрессээс гаргах, сурч байсан сургууль, ангидаа үргэлжлүүлэн суралцуулахаас татгалзсан. Оюуны төв гэсэн сургуульд 3 000 000 төгрөг төлөн оруулж сэтгэл санааны дарамтанд нэмж орохоос сэргийлсэн. Нэхэмжилсэн хохиролд өмгөөлөгчийн зардалд 1 000 000 төгрөг, шүүх эмнэлэгтэй холбоотой зардал     10 000, хувийн эмнэлэгт охидын үзлэгт оруулсан 20 000 төгрөг, цагдаагийн байгууллага, эмнэлэг, багш, сургууль уруу уулзалтаар явахдаа такси болон хувийн машинд хийсэн бензинд гарсан зардал 143 000 төгрөг, Баянхонгор аймаг уруу явсан автобусны билет    110 000 төгрөг, Баянхонгор аймаг, Галуут сум хооронд орон нутгийн автобусанд нэг хүний нэг талын 9 000 төгрөгөөр тооцоод гарсан зардал 36 000 төгрөг, Баянхонгор аймгаас Өхөг рашаан явсан 40 000 төгрөг, УБ-Хэнтий-Аварга тосон-УБ хүртэл 105 200 төгрөг, УБ-Говь-Алтай 140 000 төгрөг, Говь-Алтай-Завхан-Архангай-УБ 81 000 төгрөг эдгээрт нийт гарсан зардал 366 200 төгрөг, хөдөө орон нутгаар явхад жолооч хөлслөн хоногийн 50 000 төгрөг, нийт 29 хоногт гарсан зардал 1 450 000 төгрөг, хөдөө орон нутаг уруу гарахад төлсөн хураамж 5,000 төгрөг, нийт бүгд нийлээд 3 380 000 төгрөг дээр сэтгэл санааны хохиролд  4 620 000 төгрөг нэмээд нийт 8 000 000 төгрөг нэхэмжилнэ. Гарсан зардал дээр 200 төгрөний зөрүү гарсаныг нэхэмжлэхгүй. Сургуулийг нь солисон боловч сургалтын төлбөр нэхээгүй. Аварга тосон гэдэг амралт явсан учир нь охин маань зүрхний өвчтэй, эмчлүүлж байсан юм. Уг эмчилгээгээ үргэлжлүүлсэн юм. Сэтгэл санааны хохирлыг сургалтын төлбөр нэхээгүй тул түүнтэй нь уялдуулаад төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн юм чинь гэж бодоод сургалтын төлбөртэй уялдуулаад бодож гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар хариуцагч С.Ганзориг, Ч.Мөнхсайхан нараас 1 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 28 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүх хуралдааны зарыг хэргийн оролцогч надад мэдэгдээгүй. Хэрэг маргааныг өс хонзонгийн сэдэлтээр санаатайгаар хууль зөрчин шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хууль дээдлэх зарчмыг анхан шатны шүүхээр хангуулж шударга шүүхээр шүүлгэх болон бусад хуулинд олгогдсон хэргийн оролцогч миний хууль ёсны эрх эрх чөлөөг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Ж.Болормаа нь хариуцагч С.Ганзориг, Ч.Мөнхсайхан нарт холбогдуулан гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч С.Ганзориг, Ч.Мөнхсайхан нарын хүү Тэнгис нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн охин Д.Пүрэвдуламын биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон ба С.Тэнгис нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн субъект болох 16 насанд хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь шүүх шинэжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7398 дугаар дүгнэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6921 дугаар тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасан охин Д.Пүрэвдуламын сургуулийг өөрчлөн, сургалтын төлбөрт төлсөн 3 000 000 төгрөг, шүүх эмнэлэг болон хувийн эмнэлэгт үзүүлсэн зардал 30 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд         1 000 000 төгрөг, сэтгэл санааг тайвшруулах зорилгоор хөдөө орон нутагт аялсан унааны болон амралтад сувилуулсны зардалд 2 350 200 төгрөг гарсан үйл баримт болон сэтгэл санааны хохирол 4 620 000 төгрөг шаардсан шаардлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв байна.

Гэвч хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл заалтыг оновчтой зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой.

Тухайлбал, хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид гэм буруутай үйлдэл, эс үйлдлээрээ бус харин тэдний хүүхдийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч нь охин Д.Пүрэвдуламын эмчлүүлэхтэй холбоотой зардал гаргасан байхад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй гэж үзнэ.

Хэргийн баримтаар Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй буюу 14-өөс дээш настай, насанд хүрээгүй этгээдийн бусдад учирсан гэм хорыг уг этгээд өөрөө хариуцан арилгах, тухайн этгээдийн бие даан захиран зарцуулах боломжтой хөрөнгө гэм хор арилгахад хүрэлцэхгүй бол эцэг, эх нь тэр хэсгээр нөхөн төлөх үүрэгтэй. Г.Тэнгис нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэм хорыг өөрөө хариуцан арилгах боломжтой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул эцэг, эхээр нь төлүүлэхээр шийдсэн нь зөв болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч хөлс төлсөн байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, ийнхүү хөлс төлснөөр нэхэмжлэлээс бодит мөнгөн хөрөнгийн зардал гарсан байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн заалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл эдийн болон эдийн бус гэм хорын хохирол шаардсан байх ба Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол гэх 4 620 000 төгрөгийг гаргуулах Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл хариуцагч нарт хамааралгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх хуралдааны зарыг мэдэгдээгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт оролцож, түүний “шүүх бүрэлдэхүүнээс татгалзах” хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 хүртэл хойшлуулахаар тогтоол гарсан байх тул шүүх хуралдааны товыг мэдээгүй гэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/06750 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...497 дугаар зүйлийн 497.1” гэснийг “...510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ