Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 175/ШШ2021/37

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням,

шүүгдэгч Ц.******* нарыг тус тус оролцуулан тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт *******ний *******д холбогдох эрүүгийн 2131000490033 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******ний *******, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Очирбатын хонхор” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, мөнгөн аягаар толгой нүүрэн тус газарт нь цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь толгойн орой хэсгийн хуйханд шарх, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Очирбатын хонхор” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж мөнгөн аягаар толгой нүүрэн тус газарт нь цохиж зодон, биед нь толгойн орой хэсгийн хуйханд шарх, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Орой 10 цаг 30 минутын үед хамт архи ууж байсан хоёр залуугийн нэг нь гэртээ харина гээд явсан. Бид хоёр нэлээн архи уусан байсан. Эхнэр хоёр хүүхдээ усанд оруулчихаад унтуулах гээд байж байсан. Охин намайг та архи ууснаас болж хэрүүл боллоо гэсэн чинь эхнэр охиныг том хүний ярианд орлоо ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд архи ууж байсан мөнгөн аягаараа толгой руу цохисон...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Ж.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай охин “та архи ууснаас болж ийм асуудал үүслээ гээд” хэд хэдэн удаа хэлсэн. Бас “Би лав тан шиг ийм хүнтэй суух” гээд хэлсэн. Тэр үед нь би охиноо “чи юу яриад байгаа юм бэ” дэмий шүү, ална шүү” гээд охиноо загнасан чинь манай нөхөр ******* “Хүүхэд загналаа, дандаа хүүхэд загнаx юм. Миний хоёр хүүхдийг загнахаа боль” гэхээр нь би урдаас нь “Би хүүхдээ мэдэж байна. Би хоёр хүүхдээ зодоод алчихгүй” гэж хэлсэн чинь манай нөхөр сууж байсан газраасаа аягатай архиа бариад босоод ирсэн юм. Тэгээд над руу “чи миний хоёр хүүхдийг яахаараа загнадаг юм” гээд аягатай архи барьсан гараараа миний толгойн тус газар цохисон. Тэр үед *******ын найз Хараа гэх залуу “*******аа яаж байгаа юм бэ?” гээд салгаад сандал дээр суулгасан. Тухайн үед би орон дээр цохиулаад унасан. Тэгээд хэсэг манарсан. Тэгсэн гэнэт толгойноос цус гарсан. Тэгээд гэрээс гарах гэсэн чинь *******ын найз Хараа гаргахгүй гээд хаалган дээр зогссон. Тэгэхээр Хараад “найз нь зүгээрээ Баасан ахынд очоод ирье” гэж хэлээд гарсан. Тэр үед нь ******* “би наадханд чинь зүгээр ёсолсон” юм гэж хэлж байсан. Тэр үед нь би “чи ингэж ёсолдог юм уу” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд хажуу талын айл болох Баасан ахынд очиход том хүн байхгүй хоёр хүүхэд нь байсан. Хүүхдүүдээс нь “аав, ээж нь байна уу” гэсэн чинь хүүхдүүд нь “аав, ээж хоёр Мэнсэл эгчийнх рүү явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Баасан ах эхнэртэйгээ явсан гэсэн Мэнсэл эгчийнх рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед бас толгой өвдөөд байхаар нь Баасан ахын охин *******гаас “Аниагийнх нь толгой яасан байна. Цус гараад байх юм” гээд харуулсан чинь “Аниа их цус гарч байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******, Хараа нартай хоёр шил архи хувааж уусан. Нэлээн муудсан *******, Хараа нар ямархуу байдалтай байсан талаар мэдэхгүй байна. Намайг байх үед хэрүүл, маргаан болоогүй. Намайг явсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна”...гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.*******агийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* эгч цус гарсан талаараа “******* ах нь цохисон гэж хэлсэн..” гэх мэдүүлэг[4],

5. Насанд хүрээгүй гэрч Б.Баасанжавын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт толгойноос цус гарсан байдалтай орж ирсэн. Би яг хэзээ орж ирснийг санахгүй байна. ******* ах аягаар цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******гийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******, ******* хоёрынд очиход хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй байдалтай байсан. *******гийн эрх чөлөөнд халдаж байхыг ер нь нүдээр харж байгаагүй. ******* өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 14 хоног баривчлагдаж байсныг мэдэж байна...” гэх мэдүүлэг[6],

7. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ж.*******гийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол[8], 9.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11],12.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[12], 13. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] 14.Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[14]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй тул шүүгдэгч Ц.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол хор уршиг зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ц.*******д анхааруулав.

Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Борлууд овогт *******ний *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ц.*******д анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ