Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц.*******,

түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2131000100026 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 23 дугаар байрны 1-3 тоотод  өөринй гэртээ мэдээллийн технологи ашиглан “Фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “*******” нэртэй хаягнаас дүрстэй шууд дамжуулалт буюу “live”-аар ашиг олох зорилгоор 1-6 дугаартай цаас ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Ц.******* нь  өөринй гэртээ мэдээллийн технологи ашиглан “Фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “*******” нэртэй хаягнаас дүрстэй шууд дамжуулалт буюу “live”-аар ашиг олох зорилгоор 1-6 дугаартай цаас ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Солонгын өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]

2. Гэрч П.*******ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-нд манай эхнэр Ц.******* нь гэртээ байхдаа азтан шалгаруулах лайв хийсэн. Тухайн үед би хүүхэдтэйгээ том өрөөндөө байсан тул хамт байгаагүй. Тухайн үед өөрийнх нь фэйсбүүк лайв хийх гэсэн боловч болохгүй байсан гэсэн. Тэгээд надаас ирж асуухад нь “өөрөө л мэдэхгүй юу” гэсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Ж.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Халамж ба хүүхдийн мөнгө” гэсэн нэртэй групп рүү ортол “Puntsagjunai Altanhundaga” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас бэлэн мөнгөний буюу 50,000 төгрөгийн сугалаа явагдаж байхаар нь орсон. Мөн тухайн 5028673173 дугаарын данс руу нь өөрийн Хаан банкны 5450186835 дугаарын данснаас 50,000 төгрөг шилжүүлж тоглосон. Би тухайн өдөр 20,000 төгрөг хожоод 30,000 төгрөг алдсан. Тухайн тоглоомын дүрэм нь 1 тоглолтоор 10 хүн орж хүн тус бүр 50,000 төгрөг 5028673173 дугаарын данс руу хийж дуртай нэг тоогоо тухайн дансы утга хэсэгт бичиж явуулдаг юм. Уг явуулсан тоог жижиг цаасан дээр бичиж, 10 хүн бүрдсэн тохиолдолд тухайн тоглоом эхэлж 7 азтан шалгаруулж эхний 3 хүн 100,000 төгрөг, 1 хүн 80,000 төгрөг, 1 хүн 50,000 төгрөг, 1 хүн 30,000 төгрөг, 1 хүн 20,000 төгрөг тус тус авч тоглодог юм байна лээ...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Н.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19-20 цагийн үед өөрийн эзэмшлийн Н.Чимгээ хаягаар фэйсбүүк орж байсан чинь “Халамж ба хүүхдийн мөнгө” гэсэн нэртэй групп дээр “Puntsagjunai Altanhundaga” гэсэн нэртэй фэйсбүүк хаягтай хүн лайваар цаасан дээр 1-6 хүртэлх тоо бичиж саванд хийж сэгсрээд сугалж гарч ирсэн тоо захиалсан хүн нь 40.000 төгрөг хожиж байсан. Анх орохдоо 30.000 төгрөгөөр орж байсан. Тэгээд би 30.000 төгрөгөөр орж 3 дугаарыг сонгосон чинь гарч савнаас 3 дугаарын сугалаа гарч ирж 40.000 төгрөг хожсон. Тэгээд би тухайн үед хэд хэдэн удаа тоглосон талаараа мэдэхгүй байна. Данснаас хуулга хараагүй. Би 1 удаа хожсон...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...30,000 төгрөгөөр 6 хүн оролцдог. Хожил нь 6 хүн авна. Задаргаа нь 4 удаа 40,000, 1 удаа 10,000, эрх хожих гэсэн зохион байгуулалтайгаар тоглуулж байсан. Би 30,000 төгрөгөөр ороод 10,000 төгрөг хожсон. Дахиад нэмж 20,000 төгрөг хийгээд 40,000 төгрөг хожсон...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Ш.*******ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* нь элдэв гаж зуршил байхгүй, урьд нь янз бүрийн асуудалд орж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь хараагүй. Нөхөр, бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр нь саяхнаас ажил хийж байгаа юм. Ц.******* нь одоогоор хүүхэд асрах чөлөөтэй. Амьдрал ахуй нь одоогоор жаахан хэцүү. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болоод ийм асуудалд орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Ц.Солонгын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гаргах санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг[7],

8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Хаан банкны дасны хуулга[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Хувийн байдал тогтоосон баримт[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13],14.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Солонгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ц.Солонгыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүхээс шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсан болно.

Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Солонгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Солонгын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ

 

л