Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч А.Баясгалан,

 хохирогч П.*******,

 хохирогчийн өмгөөлөгч Л.Сарангуа /№0123/ онлайнаар

 шүүгдэгч Ц.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Шаравдэд овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2031001170116 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шаравдэд овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн “Булган” суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймаг “Алтанбулаг” сумын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Ц.******* нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутын орчим Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын байрны 2 давхарт иргэн П.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, улмаар түүний биед тархи доргилт, цээжинд 5 ширхэг улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутын орчим Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын байрны 2 давхарт иргэн П.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний эрх чөлөөнд нь халдаж, хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн: “...Хувийн таарамжгүй харилцаа байхгүй, таарамжтай харилцаа ч байхгүй. Гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байна. 10 жил намайг зодсон зодуураас хамгаалсан. Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхээ эдлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ы өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр онц байдал зарласан тул захиргаан дээр хуралд сууж байсан. ...Намайг зуурч аваад би 20-30 минут цохиулсан. Чадах бүх аргаараа намайг цохисон. Зодож гэмтэл учруулсан. Даралт ихэсдэг, өвчтэй хүн, харвалт өгөх боломжтой байсан. Би албан үүрэг гүйцэтгэж байсан. 4 байр хөлдөөсний 200,000,000 төгрөг авна гэж олон нийтийн хэрэгслээр намайг дарамтлаад байгаа юм. Би бүлэглэл болчихоод байгаа юм ер байхгүй. ******* өөрт таалагдахгүй шийдвэр гарахаар дээд шатанд гомдол гаргаж заргалддаг. Харин би эмнэлэгт хэвтсэн зардал нэхэмжлээгүй. Надад баримт цуглуулах боломж ч байгаагүй. Цамцны үнэ 35,000 төгрөг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч П.*******ы 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг 30 минутад аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын өрөөнд аймгийн Онцгой комиссын хуралд суугаад 11 цаг 30 минутын орчим хурал тарж, Тамгын газрын даргын өрөөнөөс гарахад манай “Алтанбулаг” сумын иргэн Отгонбаатар, Ц.******* нар үүдний бичиг хэргийн өрөөнд сууж байсан. Отгонбаатар намайг гарч ирэхийг хараад “хулгайч нарын цуглардаг газар хулгайч ирчихсэн байна” гэх мэтээр хэлж, хэл үгээр доромжилж, хэрүүл маргаан өдсөн боловч би өөдөөс нь юу ч дуугаралгүй хажуугаар нь зөрөөд бичиг хэргийн өрөөний хаалгаар гартал Ц.******* араас гарч ирээд миний баруун чихний хойд хэсэг рүү гараараа цохиод авахад нь эргээд харахад миний цамцны энгэрээс зүүн гараагаа зуурч, заамдаж аваад баруун гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, цамцны захнаас 2 гараараа зуурч татан хоолой боосон тэр үед миний цамц урд хэсгээрээ урагдсан. Тэгэхэд нь би *******гийн гарыг тавиулж, холдохыг хичээсэн боловч цамцнаас зуурсан чигээрээ гараа тавихгүй нэг гараараа надад хүрч болох газар бүрт энд тэндгүй цохиод байсан. ...Отгонбаатар *******д жижиг савтай ус авч ирж өгсөн чинь нөгөө усаар миний чихний ар хэсэг рүү хүчтэй савж цохисон...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч О.*******ын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь надтай хамт хуралд суусан “Алтанбулаг” сумын засаг дарга *******ыг гарч ирэхийг хараад “чи амьдралыг сүйтгэсэн хулгайч” гэх мэтээр хэлж очоод заамдан аваад гараараа толгой, шанаа руу нь нилээн хэдэн удаа цохиж авсан. ******* дарга харин “зүгээр байгаач, болиоч чи” гээд өөдөөс нь хөдлөхгүй зодуулаад зогсоод байсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.*******ын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* “чам шиг хулгайч байхгүй, чи төрийн мөнгийг яасан идэж ханадаггүй юм бэ” гэх мэтээр хэлээд *******ы нүүр ам руу нь гараараа цохиж, хувцас хунарыг нь урчихсан байдалтай байсан. Тэгээд ******* даргын нүүр, цээж рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэж байхад манай тамгын газрын жижүүр ирээд салгах гэж дундуур нь орж байсан...” гэх мэдүүлэг[5],

6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. П.*******ы биед тархи доргилт, цээжинд 5 ширхэг улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[6],

7.******* ******* ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-518/040 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 35,000 /гучин таван мянган/ төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт[7],

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[8], 9.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10], 11.Хохирогч П.*******ы эмнэлэгт үзүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн тухай баримтууд[11], 12.2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №27/20 дугаартай магадлагаа[12], 13.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Ц.*******, П.******* нарт холбогдох зөрчлийн хэргийн материалын хуулбар[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч П.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд гомдолтой гэсэн байх тул цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

Харин хохирогч П.*******ы цамцны үнэ болох 35,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан олгох нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “Сиди”-г хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтов.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаравдэд овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.*******д цамцны үнэ 35,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гаас гаргуулан олгож, хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Ц.*******гаас Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “Сиди”-г хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ