Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Д.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2031000000205 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн “Цагаанхайрхан” суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй,******* овогт *******ийн  *******, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр, “Мөнхтолгой” гэх газарт оршин суух Х.*******ын гэрт, иргэн Ч.*******тэй маргалдаж, улмаар түүний нүүр тус газар 2 удаа цохиж биед нь хамрын зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хажуу ханын шугаман хугарал, таславчийн мурийлт, хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр, “Мөнхтолгой” гэх газарт оршин суух Х.*******ын гэрт, иргэн Ч.*******тэй маргалдаж, улмаар түүний нүүр тус газар 2 удаа цохиж биед нь хамрын зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хажуу ханын шугаман хугарал, таславчийн мурийлт, хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 1,500,000 төгрөгийг өөрийн дансаар хохирогчид нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Ч.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.******* надад хандаж “чи миний хадлангийн талбайг хадаж авсан” гэж үг шидээд агсамнаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь ******* *******ыг дуудаад аваад гарсан. Тэгээд удалгүй гаднаас ******* гүйж орж ирээд алсаас хамар руу гараараа цохиход миний хамарнаас цус гараад мурийчихсан”...гэх мэдүүлэг[2],

3. Гэрч О.*******ы 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрт орж ирээд ******* нь *******ийн нүүр рүү гараараа нэг цохиод ******* өөдөөс нь нэг удаа цохисон. *******ийн нүүрнээс цус гарч байсан”...гэх мэдүүлэг[3],

4. Гэрч А.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* *******ийг 2 удаа гараараа цохиод бид нар салгасан. ******* *******ыг аваад гэрээс гарсан. Тэгсэн удалгүй ******* эргэж орж ирээд “Урд булаг” нэртэй газрыг миний газар энэ тэр шүү гээд дахиад *******ийг гараараа 2 удаа цохиод *******ийн нүүр амнаас цус гарсан”...гэх мэдүүлэг[4],

5. Яллагдагч Д.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгт ярьсан бүхэн үнэн. Ч.*******ийн эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 334 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ч.*******ийн биед хамрын зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хажуу ханын шугаман хугарал, таславчийн мурийлт, хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Яаралтай тусламжийн хуудас[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрт 830,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 1,500,000 төгрөг нөхөн төлсөн гэснийг үндэслэн шүүгдэгч Д.*******ыг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Бухынхан овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******од анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.*******од нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ