| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Ж.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2031003010186 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* ******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, “Хонд” амралтын газарт манаач ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг.
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 төгрөгийн торгох ялаар,
2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 жил, 2 сар, 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 4. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 5 дугаар хэсэг, 039 тоотод оршин суух иргэн Ц.*******ын гэрт, Ц.*******тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 5 дугаар хэсэг, 039 тоотод оршин суух иргэн Ц.*******ын гэрт, Ц.*******тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******гийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын төвд явж байхад Ц.******* 1 шил архи ууя гэж хэлсэн. Тэгээд манай гэрт очиж ууя гэж хэлэхэд нь эндээ уучихъя гэж хэлсэн. Тэгээд намайг хороололд байдаг гэртээ авч ирээд бид хоёр нэг шил архи уусан. Ц.******* нь архи уучихаад намайг оролдоод байсан. Тэгээд би мөнгөн аягыг нь авсан...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ц.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ ортол тухайн таксинд надтай хамт сууж байсан зүс таних эмэгтэй намайг гэртээ орсны араас гэрт ороод ирэхээр нь “чи юун хүн бэ? яах гэж байгаа юм бэ?” гэтэл “би мөнгө гуйх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би чамд яагаад мөнгө өгөх ёстой юм бэ?” мөнгөтэй байсан, таксины төлбөр өгөхдөө 20,000 төгрөг өгч байсан” гэж хэлтэл “тэгвэл зуун грамм архи өгчих” гэхээр нь би эхлээд “архи байхгүй” гэж хэлсэн. Гэтэл надад 100 грамм архи өгчих, тэгээд л би явлаа гээд байхаар нь би гэрт байсан 0,5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд аяганд 100 грамм хавьцаа хийгээд өгсөн. Өөртөө бас адилыг хийгээд бид 2 уусан. Тэгээд “одоо чи яв” гэж хэлтэл гэрээс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ороод ирсэн. Тэгэхээр нь “чи юу хийж яваа юм бэ? одоо яв” гэхэд “та намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ? би танайд хоноод явъя” гэхээр нь “манай гэр бүлийн хүн хот руу эмчилгээнд явсан, юу гэж би чамайг гэртээ хонуулах вэ?” гэж хэлээд байж байтал зээ дүү ******* гаднаас ороод ирэхээр нь би дүүдээ “энэ хүн гаднаас орж ирчихээд явахгүй байна” гэж хэлтэл дүү гэрээс аваад гарсан. Тэрнээс хойш манайд дахиж орж ирээгүй. Маргааш өглөө босоод цай чанаад мөнгөн аягандаа цай уух гэтэл байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн”...гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Э.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд нагац ах *******ын гэрт ортол ах нэг танихгүй эмэгтэй хүнтэй архи уусан байдалтай маргалдаад байсан. Гэрээс гар гээд нөгөө эмэгтэй хүнийг хөөж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг гэрээс нь гаргаад хашааны хаалгаар гаргаад гудамжны үзүүр дуустал хамт яваад “одоо ингээд та яв” гэж хэлээд би гэртээ ирсэн. 18 цагийн үед утсаар яриулах гээд гэрт нь ортол нөгөө эмэгтэй буцаад ирсэн гол тогооны сандал дээр сууж байсан. Тэгээд би “чи яагаад буцаад ирсэн юм бэ?” гэхэд дугарахгүй байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа үнээ саах гээд явж байтал нөгөө эмэгтэй гараад явж байсан. Тэгээд маргааш ахын гэрт ортол ах “мөнгөн аяга алга болсон байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч З.*******ын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоо яг тодорхой санахгүй байна. Манай гэрт хоног төөрүүлдэг. Сэлэнгэд ирэхээрээ манайд хонож байдаг. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч цүнхэнд нь мөнгөн аяга байсан. Намайг хамт заръя гэж хэлж байсан. Би тэгээд ийм юманд оролцохгүй...” гэх мэдүүлэг[4],
5. “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ/518-130 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 09 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тогтов”...гэх дүгнэлт[5],
6. Шүүгдэгч Ж.******* 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид 2 гэрт нь ороод архиа задлаад стаканд дүүрэн хийгээд их шахуу уусан. Би согтсон учир танайд хоноё гэтэл “тэг, тэг” гээд надад ор засаж өгсөн. Тэгээд хэвтэж байтал дээрээс дарж аваад үнсээд, дайраад байсан. Тэгэхээр нь би “архичин болохоос янхан биш” гэж хэлсэн чинь “зайл, янхан” гэж хараагаад байхаар нь гэрээс нь гарахдаа мөнгийг аягыг нь авч гараад салхитай аманд байдаг *******ынд очиж хоносон. Тэгээд Дархан-Сэлэнгэ чиглэлийн таксины зогсоол дээр очоод Түмэнгэрэл гэх жолоочид 40,000 төгрөгөөр зараад архи авч ПСМК-д байдаг ******* эгчийнд очоод байж байтал цагдаа ирж эрүүлжүүлэх байранд оруулсан...” гэх мэдүүлэг[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол[7], 8.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд[10] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.******* нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа мөнгөн аягаа хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 06 /зургаа/-н сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул хуульд зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 /гуч/ хоног хорих ялаар солих нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар 06 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр дээр 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 07 /долоо/-н сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 06 /зургаа/-н сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 /гуч/ хоног хорих ялаар сольсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар 06 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 07 /долоо/-н сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ