| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2018/0029/Э |
| Дугаар | 2018/ДШМ/12 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2018/ДШМ/12
Б.Даваа, Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан,
Н.Халиун нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.Мөнхдөл, шүүгдэгч Б.Даваа, Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан, Н.Халиун, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Г.Энхтүвшин, Б.Батчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолтой, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Даваа, Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан, Н.Халиун нарт холбогдох 201608000027 дугаартай 6 хавтас 1362 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Даваа, Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан, Н.Халиун тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Батчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Г.Тулгаа, Ц.Батсайхан, Б.Даваа нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газраас иргэн Б.Амаржаргалын туслах малчин Л.Ганбаярын хоттой хониноос 25 бог мал буюу олон тооны малыг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр:
Яллагдагч Б.Тулгаа, Б.Ганцогт нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Дайлнаагийн ангор гэх газраас иргэн Ц.Шинэбаярын 2 тооны эр үхрийг хулгайлж 3 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Сувираагийн дунд бууц гэх газраас иргэн С.Басангийн 3 тооны үхрийг хулгайлж 3 220 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Батсайхан, Б.Ганцогт нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж 3 500 000 төгрөгийн, иргэн Л.Цогтсайхан 1 тооны үхрийг хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Тулгаа, Б.Даваа нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 24-26-ны хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Дөш гэх газраас иргэн Ч.Баярсайханы 2 тооны үхрийг хулгайлж 1 600 000 төгрөгийн, иргэн Д.Зоригтсайханы 1 тооны үхрийг хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Даваа, Б.Ганцогт нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэр бүрдийн бууц” гэх газраас иргэн Б.Ариунболдын 4 тооны үхрийг хулгайлж 2 210 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Тулгаа, Б.Ганцогт, Б.Даваа нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газраас иргэн Ч.Гантунгалагийн 2 тооны үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн, иргэн С.Батбаярын 2 тооны үхрийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Даваа, Ц.Батсайхан, Н.Халиун нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Булингаа” гэх газраас иргэн Б.Оюунболдын 3 тооны үхрийг хулгайлж 3 100 000 төгрөгийн, иргэн Н.Эрдэнэчулууны 1 тооны үхрийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Даваа, Ц.Батсайхан, Н.Халиун нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 21-23-ны хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн тэгт” гэх газраас иргэн Д.Тунгалагийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Даваа, Ц.Батсайхан, Н.Халиун нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Ембүүт" гэх газраас иргэн Ц.Бургиагийн 4 тооны үхрийг хулгайлж 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Тулгаа, Б.Даваа нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 02 дугаар сарын 02-04-ний хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Д.Баатархүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Тулгаа, Ц.Батсайхан, Б.Ганцогт нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Хавирга гэх газраас иргэн Д.Нансалмаагийн 4 тооны үхрийг хулгайлж 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Булгадар овогт Батаагийн Давааг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Булгадар овогт Гэлэнхүүгийн Тулгааг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Булгадар овогт Батаагийн Ганцогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Булгадар овогт Цэдэнбалжирын Батсайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Тайж овогт Надмидын Халиуныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Даваагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Тулгаагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганцогтын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Батсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Халиуны эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваагийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн хугацааг, шүүгдэгч Г.Тулгаагийн цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн хугацааг, шүүгдэгч Б.Ганцогтын цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн хугацааг, шүүгдэгч Ц.Батсайханы цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн хугацааг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Халиун нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, иргэний нэхэмжлэгч “Ашид билгүүн” ХХК-ний нэхэмжлэлийг төлсөн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Клугер маркийн цагаан өнгийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашины үнэ болох 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн МП8х30 MADE IN USSER гэсэн бичигтэй 1 нүдний дуранг хурааж тус тус улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц
- Тоёота Клугер маркийн цагаан өнгийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож автомашиныг Нэргүйн Мөнхзаяад /РД:СР81040609/ олгож, иргэний нэхэмжлэгч Ариг банкны 9 810 471 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн 26 см урттай шаргал өнгийн иштэй 2 ширхэг хутгыг, 25 см урттай бор өнгийн иштэй 2 ширхэг хутгыг, 24 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг, 59 см урттай төмөр иштэй 1 ширхэг сүхийг, 0,5 литрийн Хараа нэртэй архины 1 ширхэг хоосон шилийг, 1,25 литрийн Зөгийн бал + Лийр гэсэн бичигтэй 1 ширхэг ундааны хоосон савыг, зүүн гарын 5 хурууны ажлын бээлийнд хийсэн 20 см урттай 1 ширхэг билүүг, 2 ширхэг ажлын бээлийг, 4 ширхэг Улаан шонхор тамхины ишийг, 4 ширхэг Парламент тамхины ишийг, хүрэн өнгийн 1 хос үдээстэй гутлыг, хагас түрийтэй хүрэн өнгийн 1 хос гутлыг, улаан судалтай 1 ширхэг цаасыг, цагаан өнгийн 4 ширхэг ажлын бээлийг, цагаан өнгийн 1 ширхэг мяндсан уяаг тус тус устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваа, Г.Тулгаа, Ц.Батсайхан, Н.Халиун нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ганцогтод урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг би Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/34 дүгээр тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна.
Дээрх хэрэгт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Даваагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Тулгаагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганцогтийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Батсайханы эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хорих нээлттэй байгууллагад тус тус эдлүүлсүгэй гэжээ. Шүүхээс ял оногдуулахдаа нийт шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,
Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, 1-5 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэсэн хуулийн заалтууд зөрчигдсөн болно.
Шүүгдэгч Б.Даваагийн эхнэр Ц.Цэдэнбал нь тодорхой эрхэлсэн ажилгүй, насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, Г.Тулгаагийн эхнэр Д.Уранцэцэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны 1 хүүхэдтэй, Б.Ганцогтын эхнэр Н.Мөнхзаяа нь гадаад улсад түр хугацаагаар амьдарч байгаа, бага насны 1 хүүхэдтэй, асран хамгаалах хүнгүй, Ц.Батсайханы эхнэр Д.Ууганцэцэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан дээрх шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж, түүнд тавих хяналтыг Цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү.
Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/34 дүгээр тогтоолд өөрчлөлд оруулахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Н.Халиуны өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж гомдлыг гаргаж байна. Учир нь:
Тус шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Халиуныг бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан түүнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүхээс “...шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд буюу 2016 оны 02 сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд үйлдэгдсэн, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн авч үзвэл мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасантай дүйцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж үзсэн.
Мөн өмгөөлөгч нараас гаргасан тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэхдээ “ ... шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, шүүгдэгч нар нийт 12 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 тооны бог мал, 34 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 33 730 000 төгрөгөөр учруулсан болно” гэж шүүгдэгч нарт нийтэд нь хамааруулан дүгнэсэн боловч Н.Халиуны хувьд 3 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 8 тооны үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 9 100 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Иймээс Н.Халиун нь ялгүйд тооцогдож анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага буюу 3 удаагийн үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, үүрэг оролцоо бага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг тэнсэж өгөхийг өмгөөлөгч шүүхэд хүссэн боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр хорих оногдуулж шийдвэрлэсэн.
Гэвч шүүхээс Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан шийдвэрлэж байгаа учир 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн журамлан тэнсэх боломжтой эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй байсан гэж үзэж байна.
Иймд Н.Халиун анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй болох талаар илэрхийлсэн, өндөр настай аавтайгаа амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг журамлан тэнсэж хянан харгалзаж Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэдэнбалжир овогтой Батсайхан миний бие нь 2018.04.13-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээр 145.2 гэх зүйл ангиар таслагдаж 3-н жилийн хорих ял авсан билээ. Миний бие нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие нь буруу гэм хийснээ ухаарч гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батаа овогтой Даваа миний бие нь 2018.04.13-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээр 145.2 гэх зүйл ангиар таслагдаж 3-н жилийн хорих ял авсан билээ. Миний том охин Даариймаа энэ жил 17 настай, 12-р анги төгсөж байгаа. Дараагийн охин Монголжингоо 5-р анги, дараагийн охин Маралжингоо нь 1 нас 4 сартай, дараагийн охин Энхжингоо 4 сартай. Бага насны 4 охинтой билээ. Эхнэр Цэдэнбал нь ажилгүй гэрт 2 хүүхдээ хардаг. Манай гэрт гаднаас орох орлого байхгүй. Иймд миний ар гэрийн байдлыг харж үзэн ялыг минь хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүй шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Ганцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батаа овогтой Ганцогт миний бие нь 2018.04.13-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээр 145.2 гэх зүйл ангиар таслагдаж 2-н жилийн хорих ял авсан билээ. Миний бие эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй билээ. Миний бие буруу хэрэг хийснээ ухаарч гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. Миний бие анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо гэмшиж төлсөн, гэм хорыг арилгасан гэх зэргийг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.Тулгаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэлэнхүү овогтой Тулгаа миний бие нь 2018.04.13-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээр 145.2 гэх зүйл ангиар таслагдаж 3-н жилийн хорих ял авсан билээ. Миний бие Тулгаа нь өндөр настай ээж болон 4 настай хүү Түмэн-Өлзий нартай хамт амьдардаг билээ. Ээж Цээлээ миний тэтгэвэрт, 1946 онд төрсөн 79 настай. Энэ хоёр хүнийг би асарч халамжилдаг билээ. Тулгаа би хийсэн хэрэгтээ гэмшиж, алдаа дутагдлаа ойлгон ухаарч бусдад учруулсан хохирлоо барагдуулсан билээ. Тулгаа миний бие 2013 онд машины аваарт орж нуруу өвддөг зовиуртай болсон. Миний гэр бүлийн байдлыг минь харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Энхтүвшин би нэмэлтээр давж заалдах шатны шүүхэд Б.Даваа, Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцоно.
Хууль хэрэглээ, хэргийн зүйчлэл дээр бусад өмгөөлөгч нарын адил байр суурьтай байна. Хэрэг үйлдэгдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулиар 145.2 дугаар зүйл ангиар эдгээр хүмүүст ял оногдуулсан. Энэ зүйл ангид ямар ялын санкц байна гэхээр гурван төрлийн сонгох санкцтай торгууль, баривчлах, хорих гэсэн сонгох ялтай. Хууль хэрэглэгч бид эндээс ямар төрлийн ял сонгох боломжтой талаар ярилцах боломжтой урчаас миний хувьд баривчлах төрлийн ял эдгээр хүмүүст хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад гэхээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч хохирогч нар уучилсан.
Шинэ Эрүүгийн хуулиар хохирол төлсөн, гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирогч гомдол саналгүй бол шоронжуулахгүй мөн нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж болно гэсэн хуулийн үзэл баримтлал байдаг. Ийм учраас сонгох ялаас баривчлах төрлийн ялыг сонгож үйлдэл тус бүр дээр харгалзаж баривчлах ялыг оногдуулна уу гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна.
Шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал ахуйн амьдралын талаар бусад өмгөөлөгч нар ярьсан. Ганцогт нь урлагийн хүн ээж нь 80 настай хүн байдаг. Ээж нь миний хүү хутга бариад мах эвдэж чаддаггүй хүн яагаад ийм зүйл хийсэн юм бэ гээд уйлаад байж байх юм. Нэгэнт Ганцогт машин тэргээ бусдад өгч ашиглуулсан өөрөө гурван удаагийн үйлдэлд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Тулгаагийн хувьд эхнэр нь хүүхдийг нь гаргаад хаяад явсан. Би тухайн амьдарч буй хорооны тодорхойлолт авч ирсэн 5 настай хүүхдийг нь 70 настай ээж нь хардаг. Тухайн хүн маань өөрөө өрх толгойлсон эцэг байгаа.
Иймэрхүү тодотгосон хувийн байдлыг харж энэрэнгүй байх хуулийн бодлогыг баримталж энэ хүмүүст хуулийн боломж бололцоог харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж баривчлах төрлийн ялыг хэрэглэж өгнө үү гэсэн санал оруулж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Даваа нь 8 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 20 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дундын гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 21 960 000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Тулгаа нь 7 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 19 үхэр буюу олон тооны малыг хулгайлж бусдад 21 270 000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Батсайхан нь 7 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 18 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дундын гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 23 270 000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ганцогт нь 6 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 20 үхэр буюу олон тооны малыг хулгайлж бусдад 19 680 000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Халиун нь 3 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 8 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дундын гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 9 100 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлын дагуу ялыг тэнсэж хянан харгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Даваа, Г.Тулгаа, Б.Ганцогт, Ц.Батсайхан, Н.Халиун, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Батчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
О.ОДНЯМАА