Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0194/З |
Дугаар | 408 |
Огноо | 2019-06-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 408
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ГБ ХК
Хариуцагч: СБД ТХОТ ТУБ Б.А
Гомдлын шаардлага: “СБД ТХОТ ТУБ Б.Аын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.С, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “... “Г” ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороолол, үйлдвэрлэлийн бүс, 42 дугаар байр, ОВ нэртэй 132 айлын орон сууц барьж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгснөөр 2016 онд уг орон сууцыг иргэдэд борлуулсан байдаг байна. Гэвч СБД ТХОТ ТУБ Б.А нь иргэн С.Г Ч.Ө Б.Ч М.Ш, М.Б, Б.Э, Б.М, Д.М Т.Э, С.Э нарт борлуулсан байрны төлбөрийн баримтыг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Г” ХХК-ийг Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “...Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэж заасан зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-т “...бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 21.527.800 /хорин нэгэн сая таван зуун хорин долоон мянга найман зуу/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг зөрчих тухай заасан байдаг. Гэтэл СБД ТХОТ ТУБ Б.Аын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25******* дугаартай захиргааны актын үндэслэл болсон төлбөрийн баримт өгөх тухай хуулийн заалт Монгол Улсын Татварын ерөнхий хуульд байхгүй байна. Мөн шийтгэлийн үндэс болсон Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “...Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын терминал машин хэрэглэх” гэж заасан хуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д “...Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн заалттай нийцэж байхад хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуульд заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг тодруулаагүй, шийтгэл ногдуулсан байна. “Г” ХХК нь ОВ нэртэй 132 айлын барилгын орон сууцыг нэр бүхий 10 иргэнд 2016 онд худалдаж, Татварын ерөнхий хуульд заасны дагуу орлогод ногдох татварыг улсын төсөвт оруулж, тайлагнасан байна. 2016 онд Монгол Улсад төлбөрийн баримт олгох тухай асуудлыг зохицуулсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “...Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 5-т “...Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасаар байтал СБД ТХОТ ТУБ Б.Аын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25******* дугаартай захиргааны актаар 2016 онд болсон уг асуудлыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар шийдвэрлэж байгаа нь хууль бус болсон байна” гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Г” ХХК-д холбогдуулан иргэн Д.М С.Э, Б.М, Б.Ч М.Б, Т.Э, М.Ш, Б.Э, С.Г Ч.Ө******* нараас “...захиалгын орон сууц худалдан аваад, урьдчилгаа болон төлбөрөө бүрэн гүйцэд төлөхөд төлбөрийн и баримт олгоогүй” гэх гомдол 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг шалгахад “Г” ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэрлэлийн бүс ОВ нэртэй 132 айлын орон сууцыг барьж борлуулан төлбөрийг авсан боловч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь “...хэсэгт татвар төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “...Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гээд, 17.3.1-д “...албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ”, 17 дугаар зүйлийн 17.3.2-т “...бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.3.3-т “...хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ”, 17 дугаар зүйлийн 17.5-д “...Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “Татварын ерөнхий хууль зөрчих”, 12-т “...Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд” гээд, 12.1-д “...бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь” гэж заасан үүргээ биелүүлээгүй нь дараах байдлаар тогтоогдсон. Гомдол гаргагч буюу хохирогч нараас авсан мэдүүлэгт Иргэн С.Г “72,8 м.кв орон сууцыг 112.840.000 төгрөгөөр худалдан авахад 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, байрны төлбөрийг 2016 оны 06 дугаар сард тус компанид шилжүүлсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн Ч.Ө******* 79,8 м.кв байрыг 128.700.000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарч, төлбөрийг 06 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн Б.Ч 72,8 м.кв байрыг 112.840.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бэлнээр 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн М.Ш 67,9 м.кв байрыг 105.245.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарч төлбөрийг 07 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн М.Б 64,5 м.кв байрыг 96.750.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарч, төлбөрийг 06 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн Б.Э 67,9 м.кв байрыг 105.245.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 06 дугаар сарын 22-ны өдөр гарч, төлбөрийг 07 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн Б.М 64,3 м.кв байрыг 102.800.000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гарч, төлбөрийг 08 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн Д.М******* 70,9 м.кв байрыг 109.895.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарч, төлбөрийг 12 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн Т.Э 67,9 м.кв байрыг 105.245.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарч, төлбөрийг 05 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй. Иргэн С.Э 64,5 м.кв байрыг 96.750.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2016 оны 05 дугаар сард гарч, төлбөрийг 05 дугаар сард төлсөн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын и баримт олгоогүй, Сангийн яамны Төлбөрийн баримтын цахим систем болох еbarimt.mn сайтад тухайн аж ахуйн нэгжийн 2016 оны сар бүрээр борлуулалтаа шивсэн мэдээллийг шүүж үзэхэд гомдол гаргагч 10 иргэнд 2016 оны 05 сараас 12 сарын хооронд буюу төлбөр төлсөн тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримт олгоогүй байж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн хэрэглэгчээр шивж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3 зүйлийн 17.3.2-т “...бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж заасныг зөрчсөн. Гомдол гаргагч 10 иргэний “Г” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримт авах талаарх албан бичгийн хариу болох 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэдэд хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримтыг “Г” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн хэрэглэгчээр шивж програмд оруулж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэвлэн өгсөн баримт. “Гааль, татвар Санхүүгийн мэдээллийн технологийн төв” Улсын үйлдвэрийн газраас 2018 оны 02 дугаар сарны 09-ний өдрийн 01/73 тоот албан бичгээр тус гомдол гаргагч 10 иргэний нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримт хэзээ олгогдож, буцаан олголт нь хэзээ баталгаажсан, буцаан олголт хэзээ орсон талаарх лавлагаагаар 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримтыг олгоогүй нь баталгаажиж, 2017 оны 12 дугаар сард нөхөж өгсөн гэх албан бичгийн хариу. Гомдол гаргагч Ч.Ө******* нь “Г” ХХК-иас 2016 оны 06 сард орон сууц худалдан авсан боловч тухайн үед тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримт олгоогүй бөгөөд 2017 оны 12 дугаар сард олгож 28-ны өдөр урамшуулал бүртгэгдэж, 2018 оны 01 дүгээр сард урамшуулал орсон тухай баримт. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримт олгоогүй талаарх 10 иргэний гомдол болон 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газарт гаргасан албан бичиг зэрэг нотлох баримтуудаар дээрх иргэдэд 2015 онд төлбөрийн и баримт олгоогүй болох нь тогтоогдсон тул “Г” ХХК Татварын ерөнхий хуульд заасан татварын төлөгчийн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан. “Г” ХХК-ийн нягтлан бодогч Б.Б*******гийн гаргаж өгсөн 132 айлын орон сууцны нийт үнийн дүнг эксел файл дээр шивэхэд 13.138.651.549,90 төгрөгийн борлуулалт хийсэн нь нотлогдож байгаа боловч 2015, 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудын борлуулалтын орлогыг авч үзэхэд нийт 5.804.886.979,33 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн байна. 2016 оны 07 дугаар сард иргэн М.Ш, Б.Э нар нь нийт 210.490.000 төгрөгийн орон сууц худалдан авч, төлбөрөө бүрэн төлсөн байхад тус сард борлуулалтын орлогоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй “X” тайлан өгсөн нь борлуулалтын орлогоо нуун дарагдуулсан, татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй байна. Гомдол гаргагч Д.М*******, С.Э, Б.М, Б.Ч М.Б, Т.Э, М.Ш, Б.Э, С.Г Ч.Ө******* нарын орон сууц худалдан авсан саруудын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар бүрээр шалгахад: 2016 оны 05 дугаар сард С.Э, Т.Э нар нь нийт 201.995.000 төгрөгийн орон сууц худалдан авч, төлбөрөө шилжүүлсэн боловч тус компанийн 05 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 93.527.272,73 төгрөгийн борлуулалтын орлого олсноор тусгасан. 2016 оны 06 дугаар сард иргэн С.Г Ч.Ө М.Б нар нийт 338.290.000 төгрөгийн орон сууц худалдан авч, төлбөрөө шилжүүлсэн боловч тус компанийн 06 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 296.873.221,61 төгрөгийн борлуулалтын орлого олсноор тусгасан. 2016 оны 07 дугаар сард иргэн М.Ш, Б.Э нар нийт 2010.490.000 төгрөгийн орон сууц худалдан авч, төлбөрөө шилжүүлсэн боловч тус компанийн 07 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогогүйгээр тусгасан. 2016 оны 12 дугаар сард иргэн Д.М******* нийт 109.895.000 төгрөгийн орон сууц худалдан авч, төлбөрөө төлсөн боловч тус компанийн 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2.443.732.493,82 төгрөгийн борлуулалтын орлого олсноор тусгасан. 2016 оны 08 дугаар сард иргэн Б.Ч Б.М нар нийт 215.720.000 төгрөгийн орон сууц худалдан авч, төлбөрөө төлсөн боловч тус компанийн 08 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 105.890.909,09 төгрөгийн борлуулалтын орлого олсноор тусгасан зэрэг зөрчлүүд тогтоогдсон. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гээд, 1.1-д “...энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 1.2-т “...энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 1.3-т “...энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн”, 3-т “...Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасан.
Иймд хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, шийтгэх хуудас албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “Г” ХХК-иас СБД ТХОТ ТУБ Б.Аод холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Аын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч улсын байцаагч Б.А нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолдоо “... “Г” ХХК нь нэр бүхий 10 иргэдэд Нэмэгдсэн өртгийн албан татварын И баримт олгоогүй ...” гэж дүгнэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу 21.527.800 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
Хариуцагч СБД ТХОТ ТУБ Б.А нь “.... Нэр бүхий 10 иргэн 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хооронд “Г” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын И баримт олгоогүй зөрчил гаргасан” гэж тайлбарладаг боловч гомдол гаргагч нь 2016 онд Монгол Улсад төлбөрийн баримт олгох тухай асуудлыг зохицуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэж мэтгэлцдэг.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй атал холбогчид гомдлуудыг танилцуулж, нотлох баримт цуглуулах, тайлбар өгөх боломжоор хангаагүй байна.
Хэдийгээр “Г” ХХК-иас нэр бүхий 10 иргэдэд Нэмэгдсэн өртгийн албан татварын И баримтыг олгоогүй гэх зөрчил зөрчлийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, 2017 оны баримтыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн хэрэглэгчээр шивсэн байдал болон холбогдох бусад баримтуудаар нотлогдох боловч Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ. 4-д Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтуудын алинд нийцсэн эсэхийг дүгнээгүй байх тул хариуцагч нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа үндэслэсэн хуулийн зохицуулалтаа дахин хянаж үзэх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, холбогдогч борлуулалтыг хийсэн тухай бүр И баримтыг өгөөгүй боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг ирсэн тухай бүр бид маргаантай байдлыг үүсгэхээс болгоомжлоод өөрт хэвлэж өгдөг байсан, борлуулалтын нэмэгдсэн өртөгийн албан татварыг мөн тайлагнаснаар тухайн үед үйлчилж байсан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах боломжтой байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд холбогдогч “Г” ХХК нь “нэр бүхий 10 иргэн 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хооронд “Нэмэгдсэн өртгийн албан татварын И баримт олгоогүй” зөрчлийг хангалттай нотолж, шийтгэл ногдуулах үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, зөрчил гаргасан үед үйлчилж байгаа хуулийн заалтыг хэрэглэх эсэх, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг ногдуулах хууль буцаан хэрэглэх шаардлагад нийцэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар ... захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсний дагуу дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 тоот шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 5, 11.19 дүгээр зүйлийн 12.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан СБД ТХОТ ТУБ Б.Аын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25******* тоот шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА