| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 101/2018/02495/И |
| Дугаар | 001/ХТ2019/00302 |
| Огноо | 2019-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2019/00302
И.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2076 дугаар магадлалтай,
И.А-ийн нэхэмжлэлтэй
Д.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 49.624.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, хариуцагч Д.Б-, өмгөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Б- нь И.А-, И.О нараас 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 27.000.000 төгрөг зээлж, 14 хоногийн хугацаатай 74.000.000 төгрөг болгож өгнө гэж гэрээ хийж авсан. Тохирсон хугацаа өнгөрч мөнгөө шаардтал мөнгө бүтэхээ болилоо, газар өгье гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамж 238 тоотод байрлах газрыг үзүүлсэн ба Д.Б- нь уг газрын өмчлөгч нараас итгэмжлэл авч, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний татварт 1.800.000 төгрөгийг төлсөн. Д.Б- үнэ цэнэтэй газар бүтээж өглөө, та нар надад дахин 2.000.000 төгрөг өг гэхэд нь И.Тэгшээсүрэнгийн данснаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 800.000 төгрөгөөр хоёр удаа, 100.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн, бэлнээр 300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг өгсөн. Ингээд гэрээгээ аваад Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт газраа шилжүүлж авах хүсэлт өгтөл н.Ганбаатар гэдэг хүн энэ газарт зээлийн үүрэг оногдуулсан байна гэсэн. Ингээд Д.Б- газрыг чөлөөлж өгнө гэж явсаар өдий хүрлээ. Иймд Д.Б-аас дансаар өгсөн 26.000.000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу үндсэн зээлийн 26.000.000 төгрөгөөс алданги тооцон 13.000.000 төгрөг, нөхөр н.Бадрахбаатар 3 жилийн хугацаатай 15.000.000 төгрөг, эхнэр И.А- 3 жилийн хугацаатай 12 жилийн цалингийн зээл тус тус авч И.О-ийг хохиролгүй болгосон. Эдгээр зээлийн хүү 5.554.000 төгрөг, мөн энэ асуудлыг хөөцөлдөж Улаанбаатар хотод 3 удаа ирэх зардалд 3.000.000 төгрөг, газар бүтээж өгсөний урамшуулал гэж авсан 2.000.000 төгрөг, цагдаагаар эрэн сурвалжлуулсны хөлс 70.200 төгрөг, нийт 49.624.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие И.О гэх хүнийг огт танихгүй бөгөөд нэхэмжлэлд надтай гэрээ хэлцэл хийсэн мэтээр бичсэнийг ойлгохгүй байна. И.А-тэй тодорхой хэмжээний мөнгө төгрөгний яриа хийгдэж байсан гэдгийг би мэднэ, энд би зуучлагч хэлбэрээр оролцож байсан. Нэхэмжлэлд дурдсанаар би энэ нэхэмжлэлд огт хамааралгүй буюу харин гэрч болж чадах юм. Нэхэмжлэлд бичсэн 5063274927 гэсэн данс надад хэзээ ч байгаагүй бөгөөд одоо ч надад байхгүй. Аливаа гэрээ хэлцэл хоёр талын тохиролцоо хүсэл сонирхол дээр явагддаг бөгөөд тухайн үед миний мөнгө зуучилж авч өгсөн буюу 26.000.000 төгрөг авсан н.Догмид, н.Нарангэрэлээс авах авлагадаа газар авах болсон учир саналыг хэлэхэд нэхэмжлэгч зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэнээр миний ажил дууссан. Цаашид эдгээр нь н.Нарангэрэлтэй харьцах болсон. Гэрээний татварт 1.800.000 төгрөг хуулийн дагуу авах нь надтай ямар ч холбоогүй. Буруу татвар авсан бол надаас биш татварын газраас мөнгөө нэхэмжлэх байх. Мөн И.Тэгшээсүрэнгийн данснаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 800.000 төгрөгөөр хоёр удаа, 100.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн гэх мөнгө хэнд шилжүүлсэн нь тодорхой бус, надад ийм мөнгө хэзээ ч шилжүүлж байгаагүй буюу 300.000 төгрөг бэлнээр надад өгөөгүй. Нэхэмжлэгчтэй би хэзээ ч 26.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд ямар гэрээний алданги гэх мэт зүйл бичээд байгааг ойлгохгүй байна. И.А-, нөхөр н.Бадрахбаатар нарын авсан цалингийн зээл надад огт хамаагүй. Улаанбаатар хотод ирэх 3 удаагийн зардалд 3.000.000 төгрөг гаргасан гэх нь бодит байдалтай үл нийцэх, үндэслэлгүй дүн юм. Цагдаагаар эрэн сурвалжлуулсны хөлс 70.200 төгрөг нэхэмжилсэн байх ба би оргон зайлж зугтаасан зүйл байхгүй. Нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/02482 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 29.293.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.331.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528.301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 304.415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.А-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2001 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/02482 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 29.293.000 гэснийг 29.163.000 гэж, 20.331.200 гэснийг 20.461.200 гэж, 2 дахь заалтын 304.415 гэснийг 303.765 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийн дагуу нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Иргэн И.Аптанчимэг, Д.Б- нар 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 74.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж бодитоор 26.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээг хүүгүй байгуулсан ба харин зээлүүлсэн мөнгөө буцаан авах хуульд заасан хөшүүрэг хэрэглэх зорилгоор анз буюу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор тохирсон. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах зарчмын дагуу дээрх заалтыг тайлбарлавал талууд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэг удаа тооцохоор тохирчээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх зохигчид алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэг удаа тооцохоор гэрээгээр тохиролцсон гэж дүгнэж хариуцагчаас алданги 130.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Талууд гэрээний 2.7-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээнд 2.7 дахь заалтыг оруулж өгсөн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор тохирсон учраас уг заалтыг оруулж өгсөн. Харин алдангийг авахгүй, харилцан тохироогүй байсан бол зээлийн гэрээний 2.4 дэх заалтад “хүүгүй” гэсэн заалт оруулсантай адил 2.7-д “алдангигүй” гэж бичих байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анз алданги, торгууль гэсэн төрөлтэй байна. Алдангийг 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцно гэж зааснаас өөр хуулийн зохицуулалт байхгүй. Хуульд нэг бүрчлэн заасан үг, үсэг нэг бүрийг тоочих замаар гэрээнд тусгасан үгүйг тулгаж хараагүйн улмаас харилцан тохиролцож гэрээнд тусгасан алданги авах эрхээ алдаж байгаа нь шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээний үгийн шууд утгыг анхаарах зарчмын дагуу 2.7 дахь заалтыг тайлбарлахдаа 2 өөр дүгнэлт хийж, 2 өөр үндэслэл бүхий тайлбар хийж байгаа нь хуулийг ойлгомжтой, нэг мөр хэрэглэх тухай үндсэн зарчим алдагдаж энгийн иргэд маш их хохирч байна. Энгийн иргэдийн хувьд дээрхи заалтыг шууд утгын хувьд ч, үг, үсгийн хувьд ч алданги авах эрхтэй заалт оржээ гэж дүгнэн ойлгож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг тооцно гэхээс өөрөөр нэг удаагийн алданги гэсэн зохицуулалт байхгүй. Иймд нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
И.А-, Д.Б-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 74.070.200 төгрөг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл 26.000.000 төгрөг, алданги 13.000.000 төгрөг, хохирол 10.624.200 төгрөг, нийт 49.624.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 29.293.000 төгрөгийн шаардлагыг хангасныг, давж заалдах шатны шүүх хянаж, алдангид 130.000 төгрөг гаргуулсныг хасч шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-гийн гомдолд дурдснаар алдангийг бүхэлд нь гаргуулах хууль зүйн боломжгүй, харин шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Давж заалдах шатны шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2.7 дахь зохицуулалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн агуулгатай нийцээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Гэрээнд “хоног тутам” гэх нөхцөл тусгагдаагүй нь гэрээний талуудын хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагын талаархи хүсэл зоригийн илэрхийллийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй юм.
Нөгөө талаар гэрээний дээрх зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан анзын нэг төрөл болох торгуулийн агуулгатай байж болохыг ч шүүх анхаараагүй нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Зохигчийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэжээ.
Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй. Гэрээнд 74.000.000 төгрөг зээлснээр тусгагдсан ч бодитоор 26.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Иймд зээлийн гэрээний зүйл нь дээрх хэмжээний мөнгө байна. Хариуцагч мөнгийг 14 хоногийн дараа буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээгээр шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардсан нь хууль болон гэрээнд нийцжээ.
Анхан шатны шүүх гэрээний 2.7 дахь зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлаж зээл 26.000.000 төгрөгийн 0.5 хувиар алдангид 130.000 төгрөг гаргуулсныг үгүйсгэх үндэслэлгүй байна. Учир нь аливаа хүчин төгөлдөр гэрээнээс эрх зүйн үр дагавар үүсдэг бөгөөд хүсэл зоригоо дутуу илэрхийлснээс үүсэх эрсдлийг гэрээний нөгөө талд хүлээлгэх, өөрөөр хэлбэл, гэрээний нөхцлийг “хоног тутам”-р тайлбарлан алданги тооцон гаргуулах боломжгүй юм.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Хохирол гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж 3.163.000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2076 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/02482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 223.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ