Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 260

 

МАГАДЛАЛ

 

2017.01.23                                                   Дугаар 260                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ж.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06686 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Бурмаа, “Мөнхийн үргэлжлэл” ХХК-д нарт холбогдох,

Ажлын хөлсний үлдэгдэл 13 467 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Нарангэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Бурмаа,

Хариуцагч: Ч.Бурмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ж.Нарангэрэл барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн инженер Ч.Бурмаатай гэрээ хийж Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуулийн засварын ажлын 1, 2 дугаар давхрын заслын ажлыг 40 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба гэрээний хугацаандаа ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл 13 467 200 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирлыг барагдуулна. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Ч.Бурмаагаас бэлэн мөнгө болон хонь, ямаа, хүнс, дугуй, олгой хамер, бензин зэрэгт 5 586 800 төгрөг авсан. Дансаар 23 500 000 төгрөг орж ирсэн ба үүний 3 500 000 төгрөг нь Адаацаг суманд хийсэн ажлын хөлсний үлдэгдэл юм. 1 давхарт 1000 м.кв шавар, таазанд хар, цагаан замаск, паарнууд будах, зүлгүүр, хана таазгүй зүлгүүр, хананд будаг, ариун цэврийн өрөөнд пильта, шаланд хулдаас наасан. 2 давхарт хана таазгүй замаск, эмульс будаг, шалны пильта, ариун цэврийн өрөөний пильта наах, чулуу суулгах, паарнууд будах, шал цутгах зэрэг ажлуудыг хийсэн. Ч.Бурмаа 2 давхрын ажлыг 20 000 000 төгрөг, 1 давхрын ажлыг 17 000 000 төгрөгөөр хийж өг гэж хэлсэн. Шатны хонгилд хийх хар цагаан замаск, будаг, эмульс, шатны маршийн ажлыг 3 000 000 төгрөгөөр тохирч, нийтдээ 40 000 000 төгрөгөөр тохирсон. Гэрээ хийе гэхэд хийхгүй байгаад байсан ба 1 гэрээн дээр гарын үсэг зуруулаад 40 000 000 төгрөгөөр тохирсон гэж бичсэн юм, гэтэл Ч.Бурмаагийн охин балаар дарчихсан. Намайг бичиг үсэг сайн мэдэхгүйг далимдуулж гэрээг бичгээр хийгээгүй, сүүлдээ 40 000 000 төгрөгөөр тохироогүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Ажил хийх явцад Ч.Бурмаа 1 давхрын зарим ажлыг өөрийн охин, хүргэнээрээ хийлгэе, оронд нь гадна талд ажил хийж өг гэсний дагуу би хийх ёсгүй байсан гадна талын гоёлын фасадны хөөс, гадны шатны марш чулуу, 20 цонхны амлагаа, ус зайлуулах хоолой зэрэг ажлуудыг хийж 2015 оны 9 дүгээр сарын 25-нд хүлээлгэж өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ч.Бурмаа надтай уулзаад 13 000 000 төгрөгийг өгөх боломжгүй гээд 10 000 000 төгрөгийг өгнө гээд хэрэгт өгсөн дэвтэрт 10 000 000 төгрөг гээд Бурмаа гарын үсгээ зурсан. Үүнээс хойш уулзаагүй, утсаар ярихад 5 000 000 төгрөг эгч нь 10 хоногийн дараа өгнө гэсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.Нарангэрэлтэй харилцан тохиролцоод ажлын гүйцэтгэлээр төлбөр тооцоог тухай     бүрт нь өгөөд явж байсан. Тухайн үед ажиллаж байсан ажилчдын төлбөр тооцоог дуусгаад одоогоор ямар ч төлөх мөнгө байхгүй. Тухайн үед ажилчид ажлаа хаяж явсан, өөр бусдаар ажлыг хийлгүүлсэн. Ж.Нарангэрэл рүү 27 427 843 төгрөг шилжүүлсэн. Ж.Нарангэрэл хийж дуусгаагүй байсан ажлаа улсын комисс хүлээж авахтай зэрэгцээд хийсэн. Ж.Нарангэрэлийн хийж дуусгаагүй бусад ажлуудыг Сарангэрэл, Энхмөрөн, Арслан нарын хүмүүсээр хийлгүүлээд 13 490 000 төгрөгийн цалин, хоол хүнсний мөнгөтэй нийт 15 850 000 төгрөгний зардал гаргасан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ нотлох ёстой. Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан барилгын угсралт, засал чимэглэлийн жишиг үнээр тооцоход Ж.Нарангэрэлийн хийсэн ажил нь 18 075 000 төгрөгийн ажил байгаа. Тэгэхээр Ж.Нарангэрэлд илүү мөнгө өгсөн байгаа юм. Энэ талаараа бид бие даасан шаардлага гаргаад явах боломжтой. Ж.Нарангэрэл 21 нэр төрлийн ажил хийсэн байхад 27 ажлын нэр төрлийн ажлын мөнгө Ч.Бурмаа нь өгсөн байгаа юм. 40 000 000 төгрөгийг яаж гаргаад ирснийг ойлгохгүй байна. Ерөөсөө л гүйцэтгэлээрээ үнэлээд явсан ажил байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мөнхийн Үргэлжлэл” ХХК-ийн захирал Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Дундговь аймгийн Гурвансайхан сумын 320 суудалтай сургуулийн барилгын засал, цахилгааны ажлыг иргэн Ч.Бурмаатай 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 04/2015 тоот гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Ч.Бурмаа нь гэрээт ажлыг цаг хугацаандаа батлагдсан зургийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн тул манай компани гэрээгээ дүгнэж ажлын хөлсөө бүрэн төлсөн. Нэхэмжлэгч Ж.Нарангэрэлтэй манай компани барилгын ажил гүйцэтгүүлэхээр өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. Иргэн Ч.Бурмаад тус компанийг төлөөлөн бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрхийг итгэмжлэн олгоогүй. Иймд иргэн Ж.Нарангэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бурмаагаас 10 913 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлээс 2 554 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Мөнхийн үргэлжлэл” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зїйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 286 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бурмаагаас 189 561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нарангэрэлд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ж.Нарангэрэл нь хийж дуусгаагүй байсан ажлаа улсын комисс хүлээн авахдаа зэрэгцээд хийсэн гэжээ. Тус хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын комисстой зэрэгцэн ирж өөрийн хийгээгүй ажлаа хийсэн мэт зураг авч байсан тухай яриж хэлсээр байтал Ж.Нарангэрэлийг ирж гүйцэтгэсэн мэтээр хэргийн үйл баримтыг зохиомолоор гуйвуулж шүүхийн шийдвэрт тусгасан байна. Мөн гэрч Л.Ганзориг мэдүүлэхдээ тухайн үед Нарангэрэл Ч.Бурмаа 2 гэрээгээ хийх гэж байхдаа "Энхмөрөн бид хоёрыг гадаа байж бай" Нарангэрэл надад       40 000 000 гэж хэлсэн би 40 000 000 тохирсон гэж ойлгосон гэсэн үйл баримтаас гэрчийн мэдүүлэгийг үндэслэж талуудын гэрээний гол нөхцөлийг шүүх тогтоож илэрхий нэг талыг хохироож байгаад гомдолтой байна. Гэрч тухайн ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэж харсан зүйлээ мэдүүлэхээс биш өөрийн бодол үнэлэлт дүгнэлт өгч түүнийг нь шүүх үнэлж шийдвзр гаргасан.Учир нь гэрч Энхмөрөн, Ж.Алтангэрэл нар нь 40 000 000 гэх үгийг мэдэхгүй ийм тохиролцоо байгаа эсэх сонсоогүй гэж мэдүүлсээр байхад ИХШХШТХ-н 43.6 "Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна. Дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг гаргуулна. Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт тавьж болно. Харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биедээ асуулт тавьж болохгүй" гэж заасны дагуу гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад нэг гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгч үнэлсэн. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байхад шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар үйл баримтыг мушгин гуйвуулж үнэлсэн. Учир нь хэргийн материалд байгаа фото зураг нь Ж.Нарангэрэлийн хийж гүйцэтгэсэн сургуулийн барилгын ажлын зураг бус Дорноговь аймгийн эмнэлэгийн засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан зураг гэж нэхэмжлэгч хариуцагч хүлээн зөвшөөрч нотлох баримт шинжлэн судлахад дурьдсаар байтал шүүх буруу үнэлсэн. Мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт Ж.Нарангэрэлийн хийж гүйцэтгээгүй ажлыг иргэн Б.Сарангэрэл, ПЭнхмөрөн, Н.Байгаль, Т.Ариунаа, Б.Буяндэлгэр 13 490 000 төгрөгийн цалин өгч хоол ундны зардалд 2 360 000 төгрөг зарцуулсан ба хэргийн материалд хавсаргасан байтал үндэслэлгүй нотлох баримтыг шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүй өөрөөр хэлбэл тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн үнэлэх боломжгүй зэрэг үндэслэлээ тусгаагүй.

Нэхэмжлэгч шүүх хуралд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгг нэхэмжлэгч бичиг үсэг мэдэхгүй бага ангийн боловсролтой тул гэрээ байгуулах нөхцөл бололцоо байгаагүй гэж тайлбарлаж буй нь тухайн тэмдэглэлийн дэвтэрийн гар бичвэр нь нэхэмжлэгчийн бичвэр мөн эсэх өөр хэн нэгэн шүүхэд зориулж нөхөж бичсэн нь илэрхий байна. Талууд гэрээний гол нөхцөлийг тохирохдоо ажлын гүйцэтгэлээр үнэлж Барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлын жишиг үнэлээг тооцох тухай журмаар тооцож олгохоор талууд тохиролцсон энэ тухай нэхэмжлэгч маргадаггүй. Энэхүү жишиг үнэлгээгээр тооцож үзэхэд 18 075 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа огт нотолдогүй хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад хийсэн ажлаа ч өөрөө мэдэхгүй хийсэн ажлаасаа давсан хөлс авсан байж гэнэт л 40 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж дур мэдэн гэрээний үнийг өөрөө тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл нь хариуцагч Ч.Бурмаа, “Мөнхийн үргэлжлэл” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 13 467 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний дутуу 13 467 200 төгрөгийг гаргуулах...” гэж үндэслэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талууд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуулийн засварын ажлын 1, 2 дугаар давхрын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон ба нэхэмжлэгч нь ажлыг 40 000 000 төгрөгийн хөлсөөр хийхээр тохиролцсоноос 25 586 800 төгрөгийг хүлээн авсан гэсэн бол хариуцагч нь “...Ж.Нарангэрэл нь 18 075 000 төгрөгийн ажил хийсэн байхад 9 352 840 төгрөгийг илүү төлсөн гэж маргасан байна.

Талуудын хоорондын гэрээний зүйл болох гүйцэтгэх ажил, түүний хөлсний хэмжээний талаар хэрхэн тохиролцсоныг шүүх тодруулаагүй байхаас гадна, нэхэмжлэгчийн тооцооны дэвтэр гэх нотлох баримтыг /хатуу, хөх өнгийн хавтастай, 25 хуудастай дэвтэр/ хариуцагчид танилцуулаагүй атлаа уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгож хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний талууд ажлын хөлсний талаар тохиролцоогүй бол Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцон ажлын хөлсийг бодох тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаар мэтгэлцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй тул хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мөнхийн үргэлжлэл” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 189 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ