Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Гуравдагч этгээд С.Ч

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 121/2022/0094/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бээс Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бээс Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ “гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө л бол тэр гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө” гэж үзэн гуравдагч этгээд С.Чийн хууль бус үйлдлийг хууль ёсны гэж үзэж байна. Гэвч иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм” гэж зааснаас үзэхэд гэрлэснээс хойш бий болсон бүх л эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаардаггүйг харж болохоор байна.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдааны тайлбартаа “...Г-1005000091 дугаартай Д.Бийн өмчлөлийн хөрөнгө бүртгэлтэй байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх үйлчилгээ, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр эд хөрөнгийн хаяг өөрчлөгдөх үйлчилгээнүүдийг авахдаа хүлээлгэн өгсөн мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсгүүд хувийн сууц бүртгүүлэхээр хүлээлгэн өгсөн эх нотлох баримт болох мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсэгтэй тулахад ижил байсан ...” гэж тайлбарладаг бөгөөд миний зүгээс 2020 онд хувийн сууц бүртгүүлэхээр ямар ч нотлох баримт болоод мэдүүлэг бөглөж байгаагүйг хэлэх байна. Тэгэхээр улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээрх гарын үсэгтэй ижил байсан гэх тайлбараар хэн нэгэн өөрөөр хэлбэл Ч миний гарын үсгийг дуурайлгаж зурсныг нотолж байна.

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гуравдагч этгээд нь миний гарын үсгийг дуурайж зурсан эсэхийг тогтоолгохоор шүүхэд гарын үсгийн хэв хээний шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч гуравдагч өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.4. Гуравдагч этгээд С.Ч нь “...нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо ярилцаж би өргөдлийг бичсэн ...” гэж тайлбарладаг боловч миний зүгээс түүнтэй энэ талаар зөвлөлдөж ярилцаж байгаагүй болно. Харин ч гуравдагч этгээд С.Ч овжин аргаар миний хууль ёсны өмчлөх эрхэд халдаж намайг хохироож миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд санаархан хамтран өмчлөгчөөр тогтоолгосон нь шударга бус юм.

3.5. Иймд Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв

 

Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

 

3. Нэхэмжлэгч Д.Бээс “ ... С.Ч нь намайг мэдээгүй байхад миний гарын үсгийг дуурайлган зурж, холбогдох хуулиудыг зөрчин, хүсэлт гаргаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа өөрийн нэрийг зөвшөөрөлгүйгээр гэрчилгээнд хууль бусаар оруулсан, миний өмчлөх эрхэд халдаж, эрх ашгийг хохироож байна ... Тухайн хувийн сууц нь миний өмчлөлийн газар дээр баригдсан хувийн сууц учраас Д.Бийн өөрийнх нь хуваарьт хөрөнгө ... миний зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгчөөр бүртгэсэн нь буруу ...” гэсэн үндэслэлээр “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

4. Хариуцагчаас “ ... С.Чээс мэдүүлгийг хүлээн авахаас өмнө иргэний улсын бүртгэлийн санд гэрлэлтийн байдал, өмнө нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн эсэх, хаяг давхардсан эсэхийг цахим мэдээллийн сангаас тулгалт хийж үзээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул ... гэрчилгээ олгосон ... өмнөх мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсгүүд хувийн сууц бүртгүүлэхээр хүлээлгэн өгсөн эх нотлох баримт болох мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсэгтэй тулгахад ижил байсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаартай иргэн Д.Б, С.Ч нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй ...” гэж, гуравдагч этгээдээс “ .. 2020 оны 04 сарын 01-нд Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт өргөдлийн маягтыг өөрийн гараар би бөглөж өгсөн. Энэ нь гарын үсэг дуурайлган зурсан гэх хууль бус үйлдэл биш. Нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо ярилцаж би өргөдлийг бичсэн, миний бичгийн хэв мөн гэж шүүх дээр тайлбар өгснөөс биш дуурайлгаж би зурсан гэж хэлээгүй. Бас шинжээч томилж нотлоогүй. Маягт бичсэн нь миний гарын үсэг мөн тул шинжээч гэж цаг алдах хэрэггүй гэж хэлсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүл байх хугацаанд бий болсон эд хөрөнгө тул гэр бүлийн дундын эд хөрөнгө ...” гэж маргажээ.

 

5. Анхан шатны шүүхээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гарган” 7.4-т Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” 8.1.1 энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”, 8.1.2-д “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй”, 8.1.3 хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 8.1.4-д “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй”, 8.1.5 энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”, 8.1.6-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэж тус тус заасан.

 

5.2 Анхан шатны шүүхээс “... гэр бүл байх хугацаанд бий болсон буюу 2019 оны 10 сарын 15-ны өдөр ашиглалтад орсон ... хувийн сууцны зориулалтын үл хөдлөх эд хөрөнгө нь ... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй ... маргаан бүхий бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс маргаан бүхий бүртгэлийг бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй ...” гэсэн дүгнэлт, үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

5.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 100519392 дугаар гэрчилгээ олгохдоо “2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, Онгон Мааньт 1 гудамж, 119 тоот хаягт байрлах, 3 өрөө, 95 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 62-87862 дугаар мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 62-31919 дугаартай мэдүүлэг, газрын өмчлөх эрхийг баталгаажуулахыг хүссэн өргөдөл, 62-80377 дугаартай мэдүүлэг, хаягийн өөрчлөлт хийлгэхийг хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмчлөгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг, эд хөрөнгийн фото зураг гэх зэрэг нотлох баримтыг хавсаргаж гаргасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлтийг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаарт бүртгэж, Боржгин овгийн Содномын Ч /ЙА88062609/, Даатуу овгийн Дашчирэвийн Б /ЙГ88070110/ нарт 000519392 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд уг бүртгэл, гэрчилгээг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

5.4. Учир нь, Д.Б, С.Ч нар 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь тогтоогдсон, гэр бүл болсноос хойш буюу 2020 онд орон сууцны зориулалтын үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж, тэдний нэр дээр өмчлөх эрх үүссэн, нэхэмжлэгчээс “... гэр бүл биш атлаа маргаан бүхий бүртгэлийг хийлгэсэн, С.Чийг хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл болох гэр бүл цуцлагдсан, эсхүл уг хөрөнгө дан ганц Д.Бийн хөрөнгө болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байхад гэрчилгээнд нэрийг нь оруулахаас татгалзах үндэслэл бүрдсэн байсан, энэ талаар баримт нотолгоо байхад улсын бүртгэл уг үл хөдлөх хөрөнгийг С.Чийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн ...”  гэсэн тайлбар, холбогдох баримт нотолгоог хавсаргасан үндэслэлээр, энэ талаарх баримт нотолгоог гаргаж маргаагүй буюу “тухайн үед эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч Д.Бийн хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдсон байсан” хэмээн маргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн “... С.Ч нь намайг мэдээгүй байхад миний гарын үсгийг дуурайлган зурж, холбогдох хуулиудыг зөрчин, хүсэлт гаргаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөсөн ... өөрийн нэрийг зөвшөөрөлгүйгээр гэрчилгээнд хууль бусаар оруулсан, миний хуваарьт хөрөнгө байхад ... бүртгэл хийсэн нь буруу ... эрх ашиг хохироож байна ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ