| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-04-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Б.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2131000570053 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******гийн *******,******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *******гийн ******* нь 2020 оны 12 дугаар сард “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 633.511 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 20-нд яллагдагчаар өгсөн “...Би зохих зөвшөөрөлгүйгээр уулнаас мод бэлтгэсэн асуудалдаа их харамсаж байна. Би мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. гарсан хохирлыг би боломжит хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р хуудас/,
Хохирогч Д.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэгт 633.511 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.*******гийн 2021 оны 03-р сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надад ******* ******* улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Надаас 2019 оны 11-р сарын үед Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг ******* гэх залуу худалдаж авсан юм. Тухайн үед би 1.200.000 төгрөгөөр наймаа тохироод тэр аваад явсан юм. Тухайн үед миний машиныг худалдаж авахаар манай гэрт ирэхдээ ******* бэлэн 400.000 төгрөг барьж үлдсэн мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл мөнгийг нь авч чадаагүй байгаа. За би үлдсэн 800.000 төгрөгийг нэхэмжилж олж авмаар байна. Болохгүй бол машинаа авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч М.*******ийн 2021 оны 03-р сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн ...Б.******* нь ямар нэг компани бол байхгүй. Б.******* намайг хяналт шалгалт хийх хугацаанд аль нэг мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн нойтон нарс мод тээвэрлэж явж байгаагүй. Би Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч Э.Билгүүн, Н.Наранбаатар нарын хамт хяналт хийх явцад иргэн Б.Лхагвын хашаанд 6 ширхэг 4 м урттай нарс мод байсныг илрүүлэн хамтран шалгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Гэрч Т. 2021 оны 03-р сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн Б.*******д хэрэглээний нойтон нарс бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч Н.******* 2021 оны 03-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.*******аг би 10 гаран жилийн өмнөөс танина. Манай хүргэн болох үеэс, архи уудаггүй их даруухан хүн. Хүдэр сумын иргэд их ам сайтай байдаг. Өөрөө өнчин өрөөсөн хүн гэхэд амьдралын зүтгэлтэй, гэр бүлдээ халамжтай хүн. Урд нь цагдаагийн байгууллагаар миний мэдэж байгаагаар шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Гэрч О.*******гийн 2021 оны 03-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай байшин араас халцраад байсан учир байшингаа янзлах гээд мод авч ирсэн. Бусдаар бол зарж борлуулах ашиг олох сонирхол байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Хүдэр сумын ойн ангийн дарга Г.ын 2021 оны 03-р сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
“Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Б.*******агийн хашаанд бэлтгэсэн 4м урттай, 6 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт м3*1.8*234.634=633.511 төгрөг болж байна” гэсэн, /хх-ийн 50-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18-04-319/03 дугаартай актад “... Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх нарсан гуалин нь 1.900.533 төгрөг болж байна...” гэсэн /хх-ийн 53 дугаар хуудас/
“ ” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ921/125 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Дээр дурдагдсан модны цахилгаан дружба хөрөөний бодит үнэ 60.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...гэсэн /хх-ийн 58-р хуудас/
“ ” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *******1000717 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн портер маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэсэн, /хх-ийн 65 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45, 55, 63-р хуудас/, зөрчилд холбогдож байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 98-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 103-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Монгол Улсын ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ дружба маркийн цахилгаан хөрөө ашиглан ургаж байгаа нарс модыг огтолж 4 метр хэмжээний урттайгаар тайрч, 6 ширхэг болгон ******* ******* улсын дугаартай, портер маркийн машинаар тээвэрлэн, хувийн хэрэгцээндээ ашиглахаар хашаандаа буулган хадгалж, байгаль орчинд 633.511 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Лхагвын шүүхийн хэлэлцүүлэгт: “...би Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Бүдүүн гэх газраас мод бэлтгэсэн, манай байшин хойд хэсгээрээ ялзарсан байсан. Байшингаа янзлах гэж 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6 ширхэг мод тайрсан, хохирлын дүнг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулна...” гэж мэдүүлснээр,
Мөн шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үе шатанд 2021 оны 03 дугаар сарын 20-нд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би зохих зөвшөөрөлгүйгээр уулнаас мод бэлтгэсэн асуудалдаа их харамсаж байна. Би мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлыг би боломжит хугацаанд төлж барагдуулна...” гэж мэдүүлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар,
Хохирогч Д.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд: “...Би гэм буруутай хүнээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэгт 633.511 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэж, /хх-ийн 29-р хуудас/, ... 2021 оны 03-р сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин мэдүүлэхдээ ...Б.*******-д ямар нэг компани бол байхгүй. Намайг хяналт шалгалт хийх хугацаанд Б.******* аль нэг мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн нойтон нарс мод тээвэрлэж байгаагүй. Би Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч Э.Билгүүн, Н.Наранбаатар нарын хамт хяналт хийх явцад иргэн Б.Лхагвын хашаанд 6 ширхэг 4 м урттай нарс мод байсныг илрүүлэн хамтран шалгасан юм...” гэж тус тус мэдүүлснээр /хх-ийн 37-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.******* /зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн автомашины эзэмшигч/ 2021 оны 03-р сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд мэдүүлэхдээ: “...Надад СЭ.....улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгсэл байсныг 2019 оны 11-р сарын үед Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг ******* гэх залууд худалдсан юм. Тухайн үед би машинаа 1.200.000 төгрөг зарахаар наймаа тохироод 400.000 төгрөгийг бэлнээр авсан ба үлдсэн мөнгийг нь удахгүй өгнө гэж ******* хэлээд машиныг минь аваад явсан. Тэгээд тэрнээс хойш одоо болтол мөнгөө гүйцээж авч чадаагүй байгаа тул . би үлдсэн 800.000 төгрөгийг нэхэмжилж олж авмаар байна. Болохгүй бол машинаа буцааж авмаар байна...” гэж мэдүүлснээр /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Т. 2021 оны 03-р сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс мод огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн Б.*******д хэрэглээний нойтон нарс бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэж мэдүүлснээр /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч Н.******* 2021 оны 03-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Б.Лхагвыг би 10 гаран жилийн өмнөөс буюу манай хүргэн болсон үеэс мэднэ. Архи уудаггүй их даруухан хүн тул Хүдэр сумын иргэд ам сайтай байдаг. Өөрөө өнчин өрөөсөн хүн гэхэд амьдралын төлөө зүтгэлтэй, гэр бүлдээ халамжтай бөгөөд миний мэдэж байгаагаар урьд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй ...” гэж хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх талыг тодорхойлж мэдүүлснээр /хх-ийн 41-р хуудас/,
Гэрч О.*******гийн 2021 оны 03-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...манай амьдардаг байшин ар талаасаа халцраад байсан учир байшингаа засаж сэлбэх зорилгоор нөхөр маань мод авч ирсэн ба тэр модыг зарж борлуулж ашиг олох сонирхол байгаагүй...” гэж мэдүүлснээр /хх-ийн 43-р хуудас/,
Хүдэр сумын ойн ангийн дарга Г.ын 2021 оны 03-р сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
“Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Б.Лхагвын хашаанд байсан 4 метр урттай, 6 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт м3*1.8*234.634=633.511 төгрөг болж байна” гэснээр, /хх-ийн 50-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18-04-319/03 дугаартай актад “... Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх нарсан гуалин нь 1.900.533 төгрөг болж байна...” гэснээр /хх-ийн 53 дугаар хуудас/
“ ” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ921/125 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Шинжилгээнд ирүүлсэн модны цахилгаан дружба хөрөөний бодит үнэ 60.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэснээр /хх-ийн 58-р хуудас/
“ ” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *******1000717 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол улсад орж ирсэн портер маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзээд 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн дунджаар 1.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэснээр /хх-ийн 65 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд Б.Лхагвын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Б.******* Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял сонсгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэн танилцуулсныг зөвшөөрч, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардан авсан, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 633.511 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй байх ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.900.533 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг зэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.Лхагвыг “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь дружба маркийн цахилгаан хөрөө ашиглаж, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр 4 метр хэмжээтэй, хэрэглээний, ургаа нойтон нарс модыг огтолж бэлтгэж, ойн санд 633.511 төгрөгийн хохирол учруулан ******* ******* улсын дугаартай портер маркийн автомашинаар тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тогтоол тэмдэглэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Д.*******гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 6 ширхэг нойтон нарс мод зэргийг хураан авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.*******ас гаргуулж, түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 1.900.533 төгрөгийг дээрх орлогоос нөхөн төлүүлж, үнийн дүнгийн зөрүү болох 400.533 төгрөгийг шүүгдэгч Б.*******ас гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,
Битүүмжилсэн 633.511 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 6 ширхэг нойтон нарс мод, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Бүдээгийн Лхагвыг Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 1.900.533 /нэг сая есөн зуун мянга таван зуун гучин гурван/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Д.*******гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 6 ширхэг нойтон нарс мод зэргийг хураан авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.*******ас гаргуулж, түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 1.900.533 төгрөгийг тээврийн хэрэгслийн төлбөрөөс нөхөн төлүүлж, үнийн дүнгийн зөрүү болох 400.533 төгрөгийг шүүгдэгч Б.*******ас гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,
Битүүмжилсэн 633.511 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, түүнийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжилсэн 1 ширхэг хөрөө, 6 ширхэг нойтон нарс мод, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ