| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
хохирогч Д.*******,
шүүгдэгч Н.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2031000000212 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг.
Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй рестораны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.*******гийн нүүр тус газар нь гараараа цохиж, зүүн дээр 1 дүгээр шүд буларч унасан, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй рестораны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.*******гийн нүүр тус газар нь гараараа цохиж зүүн дээр 1 дүгээр шүд буларч унасан, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн: “...Тухайн өдөр би аргагүй байдал орсон учраас хохирогчийг цохисон. Цэнгэл гээд манай найз бид нар “Ихо” гэх ресторанд 2020 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр баяр тэмдэглэж байсан. Тэгээд 10-11 цагийн үед зодоон болсон. Яагаад гэхээр манай найз ******* гэх залуугаас гал асуухад өөдөөс нь хэрэлдээд маргалдсан юм билээ. Тэгээд зодоон болохоор нь салгах гэж очиход ******* өөдөөс гүйж ирээд цохисон. Тэгээд би хойшоо савж унасан. Уг нь би зодооныг салгах гэж очсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дархан дахь эмнэлгүүдэд имплант хийлгэх талаар судалсан. 2,500,000 төгрөг байхаар байсан юм...” гэжээ.[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******гийн өгсөн: “...Би энэ хүнд гар хүрээгүй. Гэтэл намайг цохисон гэж худлаа яриад байна. ******* бид хоёр хоёулаа зодооныг салгах гэж очсон боловч зодоонд оролцсон. Намайг очиход энэ хүн өөрөө миний өөдөөс гүйж ирээд цохисон. Тэгээд миний хувцас урагдсан байсан болохоор би уурласан байсан учраас хувцсаа тайлаад зодолдох гэтэл манай найз намайг хорьсон. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэжээ.[2],
3.Хохирогч Э.*******ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй газар найз Д.*******тэй хамт орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа *******, ******* 2 ирж бид 4 ойр зуур юм ярилцаад сууж байтал *******, ******* 2 гарч яваад орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарсан чинь тэр 2 үүдний шатан дээр хэсэг бүлэг хүмүүстэй маргалдаж байсан. Би тэгээд тэр хоёрыг салгаад шатнаас доошоо буутал саарал куртиктэй залуу Д.*******гийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохитол Д.******* шууд доошоо унасан. Тэгээд босож ирээд миний шүд унасан байна гэж хэлсэн. Тэр үед ******* ирсэн байсан. Бид хоёрыг ******* салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид нар багт наадмын үйл ажиллагаанд оролцож байгаад би тамхи татах гэж гараад тамхи татаж байтал нэг танихгүй хүн миний хажууд ирээд “галаа өгөөч” гэдэг байдлаар бүдүүлэг харьцсан. Тэгэхээр нь би уурлаад бид 2 хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгээд зогсож байтал манай найз Д.******* гарч ирээд болиулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний санаж байгаагаар би Д.*******г уурлаад байхаар нь тайвшруулах гэж хэдэн үг хэлээд байж байсан Тэгсэн чинь саарал куртиктэй залуу манай найз Д.*******г шууд нүүр рүү нь цохисон ба Д.******* газар унаад босож ирсэн. *******г цохисон залууг би цааш нь цохисон чинь ******* босож ирээд миний шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд *******г цохисон залууг би цааш нь авч яваад “*******” рестораны хаалганы хажууд байдаг грашны үүд рзз дагуулж очоод “чи ингэж хүн цохиж болохгүй шүү дээ, яаж байгаа юм бэ?” Гэтэл тухайн залуу миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унаад босож ирсэн чинь тухайн залуу зугтаах гэж байсан. Тэгэхээр нь би гар утсаараа араас нь бичлэг хийгээд явсан. Тэгээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч П.гийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг залуу танай найзууд тэнд машины зогсоол дээр зодолдоод байна гэж хэлэхээр нь би очтол тэр сахалтай залуу Н.*******ийг заамдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би *******ийг салгаад “юу болсон юм бэ” гэж асуутал “наадуул чинь манай дүүг дээрэлхээд байхаар нь болиулах гэтэл намайг цохихоор нь би зодчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед сахалтай гэх Д.*******гийн амнаас цус гарсан байдалтай байсан. Н.*******ийн хүзүү хоолой хэсэгт нь шалбарч улайсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Н.******* гэх хүнтэй 2013 онд танилцаад түүнээс хойш нөхөрлөж байна. Н.******* аав, ээж, ах, эгч нартайгаа амьдардаг. Өмнө нь 0234 дугаар Хилийн цэргийн ангид сантехникч хийж байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа ажил хийж байгаа. Уул нь даруу төлөв, хүний үгээр байдаг. Би нэг бус удаа Н.******* найзтайгаа архи ууж байсан. Уусан үедээ үгэнд сайн ордог агсам зан авиргүй хүн. Найз нөхөд нартаа өөрийн чаддаг зүйлээр их тусалдаг...” гэх мэдүүлэг[6],
7.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Д.*******гийн биед зүүн дээд 1 дүгээр шүд булгарч унасан, баруун дээд 2 дугаар шүдний хугарал, дээд уруул шарх, дээд уруул зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч Н.*******ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 50 минутын орчимд “*******” нэртэй ресторанд , Цэнгэл, Шинээ, Мөөгий, Ганбаа нарын хамт орсон. Тэгээд байж байтал Бүрнээ 2 найзын хамт ирээд манай ширээн дээр суугаад 9-үүлээ хамт сууж байсан. Тэгээд 22 цагийн орчимд Цэнгэл, Ганбаа 2 тамхи татах гээд гарахаар нь би 10 минутын дараа араас нь гартал Цэнгэл, Ганбаа 2 өндөр, сахалтай, саравчтай малгай өмссөн 2 залуутай маргалдаж байсан. Тэгээд би Цэнгэл, Ганбаа 2-г салгаад орж байхад нөгөө 2 залуу дээр 1 залуу нэмэгдэж ирээд 3-уулаа болсон байсан. Тэгээд хажуу талд тамхилаад зогсож байсан манай найз Доржоогийн дүү Нэмүүка 2 найзтайгаа зогсож байхад тэд нартай хэрүүл маргаан өдөөд байхаар нь би болиулсан. Гэтэл өндөр, шар, сахалтай залуу намайг гараараа хойшоо түлхээд, энгэрээс барьж аваад шилэн хаалга руу түлхсэн. Тэгэхээр нь би “Зүгээр байгаач, жаахан хүүхдүүдтэй” гэж хэлээд маргалдсан. Гэтэл өндөр туранхай залуу нь намайг цохихоор нь би шатны доошоо буусан. Тэнд тэгээд доош буусны дараа намхан залуу миний хоолойноос боогоод доош нь дараад нөгөө 2 нь намайг цохиод байсан. Тэгэхээр нь би дээшээ болоод салаад байж байтал шатан дээр намайг цохисон залуу цохих гээд дайраад байсан. Мөн тэр сахалтай залуу нь цамцаа тайлаад мөн адил цохих гээд дайраад байхаар нь би хойшоо ухарч байгаад сахалтай залууг нь цохисон. Тэгтэл тэр залуу газар унасан. Тэгээд хэрүүл маргаан болж байтал цагдаагийн ажилтан нар ирсэн...” гэх дүгнэлт[8],
9. Яаралтай тусламжийн хуудас[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Шийтгэх тогтоолын хуулбар[13], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд “гомдолтой, шүдээ янзлуулах төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй” гэсэн байх тул цаашид өөрт гарах эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалдан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т анхааруулсугай.
5.Хохирогч Д.******* нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Н.*******өөс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ