Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/337

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдавга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Н-т холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ********* хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, ************ дүүргийн ***************** тоотод оршин суух,

- урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 568 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шитгүүлж байсан, Б овогт Б-гийн Н /РД: ***********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-68 тоот нийтийн байрны өрөөнөөс иргэн А.М-ийн эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэ бүхий айфон икс макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

- Мөн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “********” хотхоны ************ тоотод иргэн Б.Т-ийн гэрт байхдаа түүний эзэмшлийн Айяфоне-6 плас, Самсунг А-6 загварын 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, хохирогч нарт нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч А.М-ийн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний найз Г нь хоёулаа хамт яваад нэг хүнээс гар утас худалдаж аваадахъя гэж хэлээд гурвалжингийн гүүрний урд талд зам дээр уулзаад хамтдаа 25-р эмийн сан руу явсан. Бид хоёр 25 дугаар эмийн сангийн баруун талын хороолол руу өгсдөг автобусны буудал дээр нэг үл таних эрэгтэй хүнтэй уулзсан. Тэгээд тэр хүнээс манай найз айфон икс 6 плас маркийн гар утсыг худалдаж авсан. Бид 3 уулзаад байж байхад тэр гар утас зарах гэж ирсэн залуу би гэр оронгүй гадуур амьдардаг гээд яриад байсан. Гар утсаа аваад би гэртээ очоод байж байхдаа гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад гэрээсээ гараад ирсэн юм. Би анх гар утас худалдаж авах гэж байх үедээ тэр үл таних залуугийн цахим хуудсыг нь хараад найзын хүсэлт явуулаад найзууд болсон. Намайг гэрийнхээ гадаа байхад тэр залуу ирэхээр нь хаана хонох талаараа ярилцаад МҮОНТ-ийн ойролцоо танихгүй нийтийн байранд очиж хамт хоносон юм. Би өөрийнхөө гар утсаар болон нөгөө үл таних залуутай хөзөр тоглож байгаад унтацгаахаар болоод унтсан. Би өглөө сэрэхэд миний гар утас болон өмсөж явсан гадуур хүрмийг нөгөө үл таних залуу хулгайлаад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...тэр залуу 1999 онд төрсөн Б овогтой Н ба баруун гар нь дээрээ бугуйн хэсэг хүртлээ шивээстэй байсан.  Тухайн үед хүнтэй холбогдож байгаад зурагтад байрлах нэгэн нийтийн байранд очоод өөрийгөө Тэгшжаргал гэж танилцуулсан эрэгтэйтэй уулзсан. Тухайн эрэгтэй хүн нь тэр нийтийн байранд өрөө түрээсэлж амьдардаг юм билээ. Би Н-ыг миний гар утсыг хулгайлсан гэж мэдээд тэр даруй цагдаад дуудлага өгсөн. Орой намайг дуудсаны дагуу манай гэрийн гадаа ирэхдээ Самсунг маркийн гар утастай байсан. Харин өдөр нь Ганбаатар бид хоёртой уулзахдаа айфоне-6 плас болон самсунг маркийн хоёр гар утастай байсан. Тэгээд ай фоне-6 маркийн гар утсыг нь манай найз Ганбаатарт зарсан. Би Тэгшжаргал гэгчийг урьд өмнө нь огт харж байгаагүй. Тухайн өдөр Н бид хоёр явж байгаад мөнгийг нь төлөөд хонох газар байна уу гэсэн утгатай зарыг фейсбүүкт байршуулсны дагуу Т-тай холбогдож анх удаа уулзсан. Алдагдсан гар утсаныхаа мөнгийг төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 22-24, 57-58/,

2. Хохирогч Б.Т-ийн:

“...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “....” гэх нэртэй авто угаалгын газар ажилдуулдаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний фейсбүүкийн “Үнэгүй”.мн зарын сайт дээр угаагч ажилд авна гэсэн зарын дагуу ажилд орохоор Б овогтой Н гэх залуу надтай уулзаад ажилд орохоор ирсэн. Би тухайн хүнийг ирсэн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өөрийн авто угаалгад угаагчаар ажиллуулсан. Тэгээд тэр өдрөө нэг өдрийн 34.000 төгрөгийн цалингаа авсан надад өөрийгөө Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн алба хааж байгаад хотод ирээд 9 хоног болж байна би хотод ирээд гандангийн ард буудалд амьдарсан хотод ах, дүү, хамаатан садан байхгүй, ах, дүү нар хөдөө байдаг гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Корона вирусийн хөл хорио тогтоогдоод ажилчдаа амраагаад угаалга дээрээ байж байхад Н ирэхээр нь би ажиллахгүй гэдгээ хэлээд хамт ажил дээрээ байж байгаад оройн 21 цагийн үед би харих гээд Н-ыг хаашаа явахыг нь асуухад би Налайхад байдаг цэргийн он жавынд очно манай найз офицерын автобусны буудлаас Налайх, Улаанбаатарын хооронд таксинд явдаг юм би таны машинтай хамт яваад офицерын автобусны буудал дээр бууя гэж хэлсэн бид хоёр офицерын автобусны буудал дээр ирэхэд уулзах найзынхан утас холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би очих газаргүй болохоор нь өнөөдөр манай гэрт хоноод маргааш яваарай гэж хэлээд би Н-ыг гэртээ дагуулж ирсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөл хориотой байсан тул тухайн өдрөө дахиж хоноод 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ гал тогооны өрөөнд өөрийн эзэмшлийн ай фоне 6 плас, 2018 оны Самсунг А-6 загварын гар утсыг цэнэглээд тавьсан байсан. Тэгээд манай эхнэр 2 хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд ороод хаалга хаасан байсан. Би харин голын өрөөндөө компьютер тоглоод сууж байхад Н миний цэнэглэж байсан 2 ширхэг гар утсыг хулгайлаад аваад явсан байсан. ....Н утсаа хаясан гээд утасгүй байсан надад ямар нэгэн дугаар хэлээгүй гэрийн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 48 дугаар гудамж, 19 тоот хаягтай. Би ай фоне 6 плас загварын гар утсыг 2015 онд 950.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. 2018 оны Самсунг А-6 загварын гар утсыг 2019 оны 7 сард хүнээс 400.000 төгрөгөөр авч байсан одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх 69-70/,

3. Гэрч Ц.Т-ын:

“....Тэгээд тухайн хоёр эрэгтэй хүн миний түрээсэлж буй өрөөнд ирээд өөрсдийгөө танилцуулахдаа М, Н гэж байсан. Мөн өөрсдийгөө оюутан гэж байсан. Тэгээд бид гурав юм ярьж байгаад пиво уухаар болоод Н хоёр ширхэг том савлагаатай пиво аваад манай гэрт бид гурав хувааж уусан            тэгээд өглөө сэртэл Н байхгүй, М бид хоёр хоёулхнаа сэрсэн. Тэгтэл М миний гар утас болон өмсөж ирсэн хүрэм алга болсон байна гээд миний гар утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад эхлээд дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больсон...” гэсэн мэдүүлэг /хх 30/,

4. Гэрч Н.Н-ийн:

“...Би авто угаалгын газар ажиллаж байхыг нь мэдээгүй над руу тухайн авто угаалгын эзэн нь залгаж хэлсэн. Н надад “авсан юмаа, ээжээ хүү нь буруу зүйл хийсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 73/,

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 32-39/,

6. Хулгайд алдагдсан эд зүйл үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх 40-42, 75-76/,

7. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би дэлгүүр орчхоод ирье гээд гарахдаа Мийн барьж байсан iphone-x маркийн гар утсыг орон дээр байхаар нь мэдэгдэлгүй авч гарсан. ...би Т ахын гэрээс гарахдаа том өрөөнд байсан ай фоне 6 плас, 2018 оны Самсунг А-6 маркийн гар утсыг хулгайлаад авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 53-54, 86-87, 169/,

8. Гэрч Н.Н-ийн:

“...Хувийн зан байдлын тухайд хүү маань их зөөлөн зан ааштай, хүнд их итгэмтгий, ажилсаг, бусадтай нээлттэй харилцдаг, тусархуу зан ааштай...” гэсэн мэдүүлэг /хх 156-157/,

9. Хохирогч нарт хохирол төлбөр төлсөн талаарх баримт, шүүгдэгч Б.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Нт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Н нь: 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-68 тоот нийтийн байрны өрөөнөөс иргэн А.М-ийн эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэ бүхий айфон икс макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

- Мөн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Т” хотхоны ********* тоотод иргэн Б.Т-ийн гэрт байхдаа түүний эзэмшлийн Айяфоне-6 плас, Самсунг А-6 загварын 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, хохирогч нарт нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.М-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай найз Ганбаатар нь хоёулаа хамт яваад нэг хүнээс гар утас худалдаж аваадахъя гэж хэлээд гурвалжингийн гүүрний урд талд зам дээр уулзаад хамтдаа 25-р эмийн сан руу явсан. Бид хоёр 25 дугаар эмийн сангийн баруун талын хороолол руу өгсдөг автобусны буудал дээр нэг үл таних эрэгтэй хүнтэй уулзсан. Тэгээд тэр хүнээс манай найз айфон икс 6 плас маркийн гар утсыг худалдаж авсан. Бид 3 уулзаад байж байхад тэр гар утас зарах гэж ирсэн залуу би гэр оронгүй гадуур амьдардаг гээд яриад байсан. Гар утсаа аваад би гэртээ очоод байж байхдаа гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад гэрээсээ гараад ирсэн юм. Би анх гар утас худалдаж авах гэж байх үедээ тэр үл таних залуугийн цахим хуудсыг нь хараад найзын хүсэлт явуулаад найзууд болсон. Намайг гэрийнхээ гадаа байхад тэр залуу ирэхээр нь хаана хонох талаараа ярилцаад МҮОНТ-ийн ойролцоо танихгүй нийтийн байранд очиж хамт хоносон юм. Би өөрийнхөө гар утсаар болон нөгөө үл таних залуутай хөзөр тоглож байгаад унтацгаахаар болоод унтсан. Би өглөө сэрэхэд миний гар утас болон өмсөж явсан гадуур хүрмийг нөгөө үл таних залуу хулгайлаад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...тэр залуу 1999 онд төрсөн Б овогтой Н ба баруун гар нь дээрээ бугуйн хэсэг хүртлээ шивээстэй байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Б.Түвшинтөрийн “...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “MW” гэх нэртэй авто угаалгын газар ажилдуулдаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний фейсбүүкийн “Үнэгүй”.мн зарын сайт дээр угаагч ажилд авна гэсэн зарын дагуу ажилд орохоор Б овогтой Н гэх залуу надтай уулзаад ажилд орохоор ирсэн. Би тухайн хүнийг ирсэн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өөрийн авто угаалгад угаагчаар ажиллуулсан. Тэгээд тэр өдрөө нэг өдрийн 34.000 төгрөгийн цалингаа авсан надад өөрийгөө Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн алба хааж байгаад хотод ирээд 9 хоног болж байна гэж хэлсэн.

...Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Корона вирусийн хөл хорио тогтоогдоод ажилчдаа амраагаад угаалга дээрээ байж байхад Н ирэхээр нь би ажиллахгүй гэдгээ хэлээд хамт ажил дээрээ байж байгаад оройн 21 цагийн үед би харих гээд Ныг хаашаа явахыг нь асуухад би Налайхад байдаг цэргийн он жавынд очно манай найз офицерын автобусны буудлаас Налайх, Улаанбаатарын хооронд таксинд явдаг юм би таны машинтай хамт яваад офицерын автобусны буудал дээр бууя гэж хэлсэн бид хоёр офицерын автобусны буудал дээр ирэхэд уулзах найзынхан утас холбогдохгүй байна гэж хэлсэн.

...Тэгээд би очих газаргүй болохоор нь өнөөдөр манай гэрт хоноод маргааш яваарай гэж хэлээд би Н-ыг гэртээ дагуулж ирсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөл хориотой байсан тул тухайн өдрөө дахиж хоноод 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ гал тогооны өрөөнд өөрийн эзэмшлийн ай фоне 6 плас, 2018 оны Самсунг А-6 загварын гар утсыг цэнэглээд тавьсан байсан. Тэгээд манай эхнэр 2 хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд ороод хаалга хаасан байсан. Би харин голын өрөөндөө компьютер тоглоод сууж байхад Н миний цэнэглэж байсан 2 ширхэг гар утсыг хулгайлаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Т-ын “....Тэгээд тухайн хоёр эрэгтэй хүн миний түрээсэлж буй өрөөнд ирээд өөрсдийгөө танилцуулахдаа М, Н гэж байсан. Мөн өөрсдийгөө оюутан гэж байсан. Тэгээд бид гурав юм ярьж байгаад пиво уухаар болоод Н хоёр ширхэг том савлагаатай пиво аваад манай гэрт бид гурав хувааж уусан тэгээд өглөө сэртэл Н байхгүй, М бид хоёр хоёулхнаа сэрсэн. Тэгтэл М миний гар утас болон өмсөж ирсэн хүрэм алга болсон байна гээд миний гар утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад эхлээд дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Н-ийн “...Би авто угаалгын газар ажиллаж байхыг нь мэдээгүй над руу тухайн авто угаалгын эзэн нь залгаж хэлсэн. Н надад “авсан юмаа, ээжээ хүү нь буруу зүйл хийсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Хулгайд алдагдсан эд зүйл үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Н нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч А.М, Б.Т нарын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Н-ын  үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч А.М-ид 1.300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Т-д 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Шүүгдэгч Б.Н нь А.М-ид 1.300.000 төгрөгийг, Б.Т-д 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Н-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь анхнаасаа холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Түүний хувийн байдлын тухайд бүүр эвдэрчихсэн байдал байхгүй гэж үзэж байна. Мөн хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Б.Н нь цэргийн алба хааж байх хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалт өгч тэнцсэн, энэ шалгалт нь 2 жилийн хугацаатай байдаг бөгөөд энэ жил дээрх хугацаа нь дуусчих гээд байгаа юм. Б.Н-ын хувьд энэ намар их, дээд сургуульд элсэн орж суралцах хүсэлтэй байгаа тул шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээч. Мөн ар гэрийн байдал түүний аав нь хүнд өвчтэй байгаа зэргийг харгалзаж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н-ын дээрх үйлдлүүд нь хуулийн энэ шаардлагад нийцэж байгааг тэмдэглэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Н-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.Н-ын биечлэн эдлэх ялыг 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Н-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид их, дээд сургуульд суралцах хүсэлтэй зэрэг хувийн байдлаас гадна цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын халдвар өндөр, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэргийг харгалзан шүүгдэгчид заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хуульчилсан байдаг ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад дээрх нөхцөл байдал нийцнэ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 70 /далан/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 560 /таван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.Н-ын биечлэн эдлэх ялыг 160 /зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ