Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 259

 

МАГАДЛАЛ

 

2017.01.23                                                   Дугаар 259                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Шим констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01229 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шим констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа, дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Энхжаргал,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Үүрийнтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32015/04702 дугаар захирамжаар "Шим констракшн" ХХК-иас   7 9218640 төгрөг гаргуулж "Ориент инвест ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ буюу үл хөдлөх эд хөрөгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийхдээ төлбөр төлөгч болон гуравдагч этгээдэд мэдэгдээгүй, тус ажиллагаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй, тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "...Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах" гэж заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй бөгөөд уг ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн саналыг илэрхийлэх байсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар хийлгэсэн бөгөөд зах зээлийн судалгаагүй үнэлгээ хийсэн. Шинжээч томилох тогтоолтой танилцуулаагүй. Хэрэв бид шинжээч томилох тогтоолтой танилцсан бол шинжээч "Хөрөнгийн үнэлгээний төв"        ХХК-ийн татгалзан гарах эрхээ эдлэх байсан. Энэ эрхийг хязгаарласан, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээний хувиар тооцож, анхны албадан худалдаанд оролцох шийдвэр гаргасан нь өөрөө хэт нэг талыг барьсан ажиллагаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Барьцаанд тавьсан байрыг минь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн байгаа. Барьцааны эзэд энэ талаар гомдол гаргасан байгаа. Байрыг хурдан чөлөөлөх талаар суугчдад дарамт шахалт үзүүлж байгаа юм. "Ориент инвест" ХХК-ийн зүгээс тийм шаардлага гаргасан юм шиг байна лээ. Ерөнхийдөө үндсэн зээл маань 60 000 000 төгрөг, түүний хүүнд бид 100 гаруй сая төгрөг төлсөн. Манай үйл ажиллагаа доголдсны улмаас төлбөрөө төлөх боломжгүй болсон юм. Одоо 40 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн. 1 өрөө, 3 өрөө байруудын нэгийг нь суллуулахаар лавласан боловч боломжгүй гэсэн. Ийм учраас 2 байрны үнэлгээнд гомдол гаргаж байна. Мөн төлбөр төлөхөд татгалзахгүй байхад эд хөрөнгийг хураасан ажиллагаанд гомдол гаргаж байна. Дээрх бүх ажиллагаа нь хууль зөрчсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь буюу үл хөдлөх эд хөрөгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа, худалдаанд оруулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32015/04702 дугаар захирамжаар "Шим констракшн" ХХК-иас 79218640 төгрөг гаргуулж "Ориент инвест ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж "Шим констракшн" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Нарантуяа, Э.Тэнгис, Э.Туул нарын төлөөллийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол 20 дугаар байр 36 тоот 18 кв талбайтай орон сууц, А.Сарантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 42 байрны 56 тоот 39 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал төлбөр төлөгч "Шим констракшн" ХХК, өмчлөгч Д.Нарантуяа, Э.Тэнгис, Туул нар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол 20 дугаар байр 36 тоот 18 м.кв талбайтай орон сууцыг            150 000 000 төгрөгөөр үнэлснийг, А.Сарантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 42 байрны 56 тоот 39 м.кв талбайтай орон сууцыг 180 000 000 үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул үл хөдлөх эд хөрөгийн үнэлгээний "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлгээ тогтоолгоход А.Сарантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 42 байрны 56 тоот 39 м.кв талбайтай орон сууцыг 96 237 000 төгрөгөөр, өмчлөгч Д.Нарантуяа, Э.Тэнгис, Э.Туул нар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол 20 дугаар байр 36 тоот 18 м.кв талбайтай орон сууцыг 63 616 000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2016 оны 08 дугаар сарын     12-ны өдрийн 3/25546 тоот албан мэдэгдлүүдээр мэдэгдсэн байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох "Ориент инвест ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч эрхээ хангалттай эдэлсэн гэж үзэж байна. Үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж үзэж байвал баримтаар нотлох хэрэгтэй. Энэ үнэлгээгээр шууд зарах гээд байгаа ойлголт биш, 70 хувь гэдэг нь хуулиар тогтоосон дуудах үнэ, энэнээс өсч ч болно. Манай байгууллагаас дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Шимконстракшн” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөгийг битүүмжлэх, хураах ажиллагаа болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 42 байрны 56 тоот 39 м.кв талбайтай орон сууцыг 96 237 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол 20 дугаар байр 36 тоот 18 м.кв талбайтай орон сууцыг 63 616 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Шимконстракшн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Манай компани 40 000 000 төгрөг төлсөн, одоо 39 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа авах, хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны алдаа зөрчлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхний шүүх хуралдаан болсон ба 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаас хэлэлцүүлэх захирамж гарсан байхад шүүх хуралдааны товыг надад 2016 оны 11 дүгээр сарын 13 /амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр/-ны өдөр надруу утсаар ярьж хэлсэн. /Талуудад хурлын тов мэдэгдэх хуудсаар тогтоогдоно/ Миний утас нээлттэй байсан бөгөөд манай компанийн хаягаар шуудан ирээгүй болно. Миний бие амралтын өдөр мэдээд маргааш хуралтай гэж өөрийн өмгөөлөгч Энхжаргалтай холбогдож хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан ба анхны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ гаргасан боловч өмгөөлөгч авах боломжтой байсан гээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Өмнө өмгөөлөгч авна гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулаагүй болохыг анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. 2 cap гаран хурал зарлаагүй атлаа амралтын өдөр, нэг хоногийн өмнө хурлын товыг мэдэгдэж баигаа нь минии эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй, шүүх хуралдаанд өмгөөлөгч авах боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянах тул өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хууль зүйн талаас мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хууль зүйн боломжийг бүрдүүлэх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох. тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ гэж заасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд төлбөр төлөгч болон бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийг биечлэн оролцох боломжоор хангаагүй эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх мөн шинжээч томилох ажиллагааг мэдэгдээгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ямар ажиллагаа явуулах тухай төлбөр төлөгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг ажиллагаанд оролцож, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжтой юм. “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК нь байрыг газар дээр нь биечлэн очин үнэлээгүй тул үнэлгээ бодитой гараагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ газар дээр очиж үзэх засвар үйлчилгээ, мөн төлөв байдлыг талаар үнэлгээ өгч байж, үнэлгээ бодитой гарах боломжтой. Иймд анхан шатаы шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Шим констракшн” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа, дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2015/ тоот захирамжид “Шим констракшн” ХХК нь 84 826 320 төгрөгийг “Ориент Инвест” ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталж, уг захирамжид заасан үл хөдлөх эд хөрөнгөөс зээлийн үүргийг хангуулахаар заасан, уг захирамжид үндэслэн шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь тогтоогдсон.

“Шим констракшн” ХХК-ийн зээлд барьцаалагдсан, улсын бүртгэлийн Ү-2205012272 тоот 18 м.кв талбайтай орон сууц нь Э.Тэнгис, Э.Туул, Д.Нарантуяа нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205023232 дугаарт бүртгэгдсэн 39 м.кв талбайтай орон сууц нь А.Сарантуяагийн өмчлөлийн эд хөрөнгө болох талаар зохигч маргаагүй.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал     авсан нь хэргийн 7 дахь талд баримтаар тогтоогдож байх бөгөөд өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй байх тул хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч томилон, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон байх нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн гаргасан үнэлгээний талаар өмчлөгч нарт 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр мэдэгдэж байжээ.

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүнгээс хуульд нийцүүлэн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосноо өмчлөгч нар болон төлбөр төлөгчид тус тус мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь зөв байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан ба нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байгаагаас хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “...зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээний 70 хувийг тооцож, анхны албадан дуудлага худалдаанд оролцох шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан...” гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шинжээчээс тогтоосон үнэлгээнд өмчлөгч нар гомдол гаргаагүй.

Түүнчлэн хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд “...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй...” гэснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, “...шүүх хуралдааны товыг 1 өдрийн өмнө мэдэгдсэн нь өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан...” гэж үзэх үндэслэл болохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн    оролцогч нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, шүүх мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар нэхэмжлэгчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх бөгөөд гомдолд дурдсан...”, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй...” гэсэн нь нэхэмжлэгчийн эрхэд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй уг гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                               М.НАРАНЦЭЦЭГ