Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Ч.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2031003370005 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “*******” ХХК-д агрономич ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт  ******* овогт *******ы *******, /РД: *******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 9 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 4 дүгээр багийн нутаг, нуурын ар гэх газарт “малаа хариулалгүй, тариан талбай руу үхрээ орууллаа” гэх шалтгаанаар иргэн Н.*******тай маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа цохиж, зүүн чамархай хэсэг рүү нь “Дробовинк” бууны бөгсөөр биед нь тархи доргилт, зүүн сарвуу 1 дүгээр хуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн чамархай, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 9 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 4 дүгээр багийн нутаг, нуурын ар гэх газарт “малаа хариулалгүй, тариан талбай руу үхрээ орууллаа” гэх шалтгаанаар иргэн Н.*******тай маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа цохиж, зүүн чамархай хэсэг рүү нь “Дробовинк” бууны бөгсөөр биед нь тархи доргилт, зүүн сарвуу 1 дүгээр хуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн чамархай, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 289,526 төгрөг төлж эвлэрсэн...” гэжээ[1],

2. Хохирогч Н.*******ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүдийг ******* гэх залуу учруулсан. Харин хүргэн гэх залуу миний салтаа руу өшиглөсөн. Гэхдээ тэр залуу намайг цохисон явдалд надад ямар нэг гэмтэл учраагүй. Би гомдолтой байна. Энэ асуудлын улмаас Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг болон Дархан-Уул аймаг руу явж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн. Ингэж явахдаа хувийн тээврийн хэрэгслээр явж байгаа, холбогдох зардлуудын баримтаа гаргаж өгөх болно ...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч П.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Өнөө өглөө би 06 цаг өнгөрч байхад үнээгээ сааж эхлээд 08 цаг болж байхад дууссан. Ингээд нөхөр бид хоёр тугалаа ялгаж үхрээ урагшаа нуур руу туучихаад гэртээ орж цай ундаа уугаад сууж байтал манай хүн гадагшаа гарчихаад "Үхэр хойшоо тариан талбай руу орох гэж явна. Түргэн явцгаая” гэхээр нь би гадагш гарахад манай үхэр айлын цаад талаар гараад тариан талбай руу явж байхаар нь нөхөр бид хоёр машинтайгаа тариан талбай руу ард талаар нь тойроод яваад очиход бид хоёрын өөдөөс тухайн тариан талбайн манаач ******* мотоцикльтой, тариан талбайн эзэн Зоригоо гэх залуу машинтайгаа манай үхэр болон өөр бусад айлын үхэрнүүдийн хамт туугаад ирж байхад манай нөхөр машинаа зогсоогоод “уулзаж учир зүйгээ олно” гэж хэлээд машинаас бууж гүйгээд үхэрнийхээ түрүүчийг эргүүлж байтал түүний урдаас Зоригоо гэх залуу машинтайгаа очиж зогсоод хаалгаа онгойлгож бууж ирээд манай нөхрийг шууд цохиод авсан. Ингээд тэр хоёр барьцалдаад авахаар нь би машинаасаа буугаад тэр хоёрын зүг гүйсэн. Тэр хоёр руу очихын зуур тэр Зоригоо гэх залуу буу гаргаад ирсэн байдалтай  манай нөхөр тэр бууг нь түүнтэй  булаацалдаад ноцолдож байсан. Би тэр хоёрыг “болиоч ээ” гэж орилоод тойроод л байж байтал уг буу нь дундуураа хугараад газарт унахаар нь би тэр бууг машин руугаа аваачиж арын суудал дээрээ тавьчихаад эргэх үед 64-85 УБИ улсын дугаартай Приус маркийн машин ирээд хаалга шууд орхиод хоёр эрэгтэй хүн бууж ирээд нөхөр тэр хоёр руу очиж Зоригоогийн хүргэн гэх нэрийг нь мэдэхгүй залуу манай нөхрийн хэвлий рүү өглөөд салтаа руу нь өшиглөхөд манай нөхөр доош суусан. Тэр үед нь би Зоригоо гэх залуугийн ах Сумъяа гэдэг залуугийн цамцнаас татаад “Олуулаа хүн зодохоо болиочээ. Чи над шиг эгчтэй биз дээ" гэж хэлэхэд тэр залуу “Чам шиг эгчгүй бол яах юм пизда минь” гэж хэлээд над руу гараа далайхаар би түүнийг цохих нь гэж бодоод нүдээ аньтал тэр намайг цохиогүй. Тэгээд би түүнийг тавьчихаад “цагдаа дуудна” гэж хэлээд машин руугаа гүйхэд араас Зоригоо гэх залуу гүйж ирээд намайг түлхээд урд талын суудлын завсар байсан машины түлхүүрийг авсан. Мөн арын суудал дээр байсан буугаа аваад цааш эргээд машин руугаа явахаар нь би араас нь очоод түүнээс түлхүүрээ авах гэтэл өгөхгүй байхаар нь би “Чиний буу барьж манай нөхөр рүү дайрсан зургийг чинь авчихсан” гэж хэлсэн чинь хүргэн нь гэх залуу надад машины түлхүүрийг авч өгсөн. Тэгээд тэр Зоригоо гэх залуу намайг янхан, гичий гэх мэтээр хэл үгээр доромжлоод байсан. Тэгээд би нөхрөө аваад явах гэтэл манай нөхөр болон Зоригоо гэх залуу хоёр хоорондоо барьцалдаад салахгүй байгаад байсан. Ингээд байж байтал нэг цагаан Өнгийн машинтай манай сумын Нараа гэх эгч хүүтэйгээ ирээд “Болиоч” гэхэд больцгоосон. Би цагдаа дуудаад учир зүйгээр олуулна гэсэн чинь тэдгээр залуучууд цагдаагаа дууд гэсэн. Тэгээд би нөхрийнхөө ах Сайнбуян руу утасдаж болсон зүйлийн талаар хэлж цагдаа дуудуулсан. Тэдгээр залуучууд цагдаагаа дууд гэж хэлчихээд яваад өгсөн. Удалгүй Сайнбуян ах сумын цагдааг дагуулж ирснээр тэдгээр залуучуудын араас яваад сумын төв дээр бид нарыг дагуулж ирсэн. Манай нөхрийн зүүн талын чамархайн үсэн дотор нь хөхөрсөн, няцарсан байсан. Мөн зүүн талын хацарны дээд талд зулгарч халцарсан байсан. Бас зүүн талын гарын эрхий хурууны хумс нь голоороо цуурсан, цус гарсан байсан. Мөн Хэвлий тус газарт нь өвдөж байна гэсэн. Мөн зүүн хөлийн өвдөгний дээд талд нь хөхөрсөн байсан. Өөр бас цустай зүйлээр огиод байсан. Сумын эмнэлэгт үзүүлэхэд даралт ихэссэн байна гээд даралтны тариа болон цус тогтоох тариа хийсэн. Тархины хаван хөөх эм бичиж өгсөн. Тэгээд аймгийн төв орж нарийн шинжилгээ өгөөрэй гэсэн зөвлөгөө өгсөн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ч.******* 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөө өглөө үтрэм дээр бид 2  талбай цэвэрлэж байхад ******* поль руу мал орчихлоо гээд дуудсан. Тэгээд бид хоёрыг очсон чинь ******* Буяа 2 хоорондоо барьцалдаж аваад зогсож байсан. *******ийг машины ар тал руу шахаад боосон байдалтай байсан. Бид хоёр буугаад тэр хоёрыг салгасан. Тэгээд тор задарчихсан байсан гэхээр нь тэрийг нөхөх гэхээр нь тэрийг нөхөх гээд хашаа руугаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: *******ын биед тархи доргилт, зүүн сарвуу 1-р хуруунд шарх, зүүн арт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Н.*******ын биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[5],

6.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6], 7. Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл[7], 8.Илтгэх хуудас[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[10], 11.Шийтгэх тогтоолын хуулбар[11], 12. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 289,526 төгрөг нөхөн төлснийг үндэслэн шүүгдэгч Ч.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т торгох ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ы *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы *******ийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******т анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ