Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч А.Баясгалан, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2031000040019 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч *******ийн ******* нь 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед ************** улсын дугаартай “Тоёота Волтз” загварын тээврийн хэрэгсэл жолоодож Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 1 дүгээр баг, Дархан-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай замын 300/45 километрийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Б.*******ын биед цээжний зүүн талын 6, 7-р хавирга эгэмний дунд шугамаар ташуу, зөрөөгүй хугарал, зүүн уушиг бүрэн бус авчилт, зүүн уушигны доод дэлбэнгийн ар хэсгээр голомтлог няцрал, хийтэй, өвчүү яс их биеийн дээд хэсгээр ташуу хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүхий хүнд гэмтэл учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед ************** улсын дугаартай “Тоёота Волтз” загварын тээврийн хэрэгсэл жолоодож Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 1 дүгээр баг, Дархан-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай замын 300/45 километрийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Б.*******ын биед цээжний зүүн талын 6, 7-р хавирга эгэмний дунд шугамаар ташуу, зөрөөгүй хугарал, зүүн уушиг бүрэн бус авчилт, зүүн уушигны доод дэлбэнгийн ар хэсгээр голомтлог няцрал, хийтэй, өвчүү яс их биеийн дээд хэсгээр ташуу хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүхий хүнд гэмтэл учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр хэлэх зүйл байхгүй. Энэ хэргийн хохирогч гомдол, санал байхгүй гэдгээ бичгээр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг[1],

            2.Хохирогч Б.*******ын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Улаанбаатар хотоос жолооч Ж.*******гийн хамт хоёулаа гараад явсан. Улаанбаатар хотоос гараад явж байхдаа би жолоочийн хажуу суудалд суугаад өөрсдийнхөө талаар юм яриад явж байсан. Ж.******* “интернэтэд мэдээг өөрөө байршуулаагүй. Сэлэнгэ аймагт байдаг найзаараа дамжуулаад тавьсан” талаараа хэлсэн. Ж.******* “Оросын холбооны улс руу бараа зөөж амьдардаг. Урд хилээр орж ирээд орой нь шууд Сэлэнгэ аймаг руу явж байна. Би Дорнодын хилээр гарч 3-4 хоног бараагаа татаад шууд явж байна. Дорнодын хилээр орж ирээд Улаанбаатар луу явж байхдаа миний машины хааз болохгүй замын хажуу руу орсон” гэж ярьж байсан. Би өөрийнхөө хаана ажилладаг юу хийдэг талаараа ярьсан. Бид 2 явж байгаад Дархан-Уул аймаг өнгөрөөд би зүүрмэглэж байгаад унтсан байсан. Нэг мэдсэн манай машин юм мөргөөд миний цээж хэсгээр өвдөөд амьсгалж болохгүй сонин болсон байсан. Тэгсэн даараад байхаар нь тайлаад сандал дээрээ тохсон байсан гадуур куртикээ өмсөөд арын суудал дээр хэвтсэн. Суугаад байх нь надад илүү өвдөлт өгөөд байсан учраас 4 хөллөөд атиралдаад тэр чигээрээ эвгүй байдалтай хэвтсэн. Тэр үед Ж.******* рүү харахад толгой хэсэг нь цус болсон байдалтай шоконд орсон юм уу, дэмийрээд байгаа нь мэдэгдэхгүй, ганцаараа яриад хүмүүсийн нэр дуудаад байсан. Тэгсэн нэг машин ирээд машины жолооч нь манай машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод дотор талаас нь жолоочийн урд талын хаалгыг онгойлгох гэж хэсэг оролдож байгаад онгойлгоод Ж.*******г гаргасан” гэх мэдүүлэг[2],

            3.Гэрч О.*******ын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шиг санаж байна. Сэлэнгээс гараад 02 цаг 20 минутад гарч өөрийн тээврийн хэрэгслээр Шаамар 6 өнгөрөөд явж байхад төв зам дээр баахан хог болсон осол аваар болсон юм шиг санагдаад зөөлөн яваад цонхоо онгойлгож замаас хажуу тийш гарсан машин мод мөргөсөн байдалтай байхаар нь машинаа зогсоогоод бууж очиход жижиг авто машин байсан ба арын зүүн ар талын хаалгыг онгойлгоход нэг залуу өвдөглөсөн доошоо харсан байдалтай байсан. Харин жолоон дээр буюу руль дээр нэг эмэгтэй /Ж.*******/ байсан ба “авраарай, туслаарай” гэж дуугарсан. Ингээд би жолооч талын хаалгыг нь онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан. Ингээд арын хаалгыг онгойлгож ороод дотор талаас нь урд хаалгыг онгойлгож тухайн эмэгтэйг өргөж гаргасан ба харахад туранхай өндөр хүүхэн байсан ба нүүр нь цус болсон үс нь тайрмал богино үстэй байсан. Харин нөгөө залууг буулгах гэхэд “миний цээж өвдөөд байна хөдөлж болохгүй байна” гэсэн тул цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа, эмч нар ирсэн” гэх мэдүүлэг[3],

            4.Гэрч Г.*******ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим эмнэлгийн жолоочийн хамт дуудлаганд явж байхад төв цагдаагийн газраас цагийг нь хэлж мэдэхгүй дуудлага ирсэн. Дуудлагын дагуу эмч ийг аваад дуудлаганд хүрэлцэн очсон. Бид нарыг очиход аваарт орсон машинаас гадна 2 машинтай 2 хүн зогсож байсан. Нэг 40 орчим настай ах нь “би цагдаад дуудлага өгсөн, жолооч эмэгтэй нь гарч чадахгүй байхаар нь би гаргаж өгсөн даараад байна гээд хажуу талд нь сууж байгаа нүүр ам нь цустайгаа холилдсон байгаа, ард нь нэг эрэгтэй байгаа шүү” гэж хэлсэн. Би тэр хүнээс мэдээллийг нь авах гэхэд “би цагдаад дуудлага өгөхөд Миний утасны дугаар гэрийн хаяг, регистрийн дугаарыг тэмдэглэж авсан” гэж хэлээд машиндаа суугаад урд зүг рүү Дархан-Уул аймаг руу чиглэлтэй явсан. Тэнд байсан нөгөө нэг залуугаас юу болсон талаар асуухад тэр залуу “би сүүлд ирсэн болсон хэрэг явдлын талаар хэлж мэдэхгүй, аваар гарсан байсан учраас би шөнө орой Сэлэнгэ аймгийн төв рүү явах гэж байгаа учир хэн нэгнийг эмнэлэг рүү хүргэж өгөх үү гэж бодсон” гэж хэлсэн. Тэр хүн Сүхбаатар сумын чиглэлтэй явсан. Би хэн жолоо барьсан талаар асуухад машины гадаа дээгүүрээ бүтээлэг нөмөрсөн нүүр нь цус болсон байдалтай эмэгтэй “би машин барьж байсан, бид 2-оос өөр хүн яваагүй, гулгаад мод мөргөсөн” гэж хэлсэн. Харин машин дотор машины бүх суудлын арын түшлэгийг урагш нь болгож дээр нь нэг залуу атиралдсан байдалтай "хөдөлж чадахгүй байна” гэж хэлсэн. Би тэр хүнээс “чи наанаа явж байсан юм уу, юу болсон юм” гэж асуухад "би жолоочийн хажуу талын л дээр унтаад явж байсан юу болсон талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн аваарт орчихсон би даараад суухаар бие өвдөөд хувцасаа өмсөөд арын суудал дээр хэвтэж хэвтэхээр арай гайгүй байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[4],

            5.Гэрч Ө.ийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 11 цагийн орчим манай хүү *******а над руу залгаад “Би Сэлэнгэ аймгаас өглөө суудлаар ирсэн захаар орчихоод очно” гэж хэлсэн. Орой вагонд сууна гэж гэрээс гараад “машинд суухаар болсон” гэж хэлсэн. Би “вагондоо суухгүй яасан юм бэ” гэж хэлэхэд *******а “вагоны билет дууссан байна” гэж хэлээд удаагүй “Сэлэнгэ явах унаа олчихлоо” гэсэн. Ямар унаанд суусан гэдгийг мэдэхгүй. Орой над руу манай бэр залгаж *******а аваарт орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

            6.Гэрч Б.ийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нийн 02 цагийн орчим гэртээ амарч байхад эмнэлгийн жолооч Билгүүнгэрэл миний гар утас руу залгаад “аваарын яаралтай дуудлага ирсэн” гэж надад хэлсэн. Би гэрээсээ гараад ирэхэд машин дотор эмнэлгийн жолооч, сумын цагдаа *******ь, архи үнэртүүлсэн 3 хүн сууж байсан. Бид 4 ослын газарт очиход ослын газар осолд орсон машинаас гадна 2 машин байсан ба 2 залуу нэг эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэй нь машинтай осолд орсон гээд гадуураа бүтээлэг маягийн зүйл нөмөрсөн, нүүр орчим нь цус болсон байдалтай “хөлдөж үхлээ, даараад байна" гэж байсан. Осолд орсон мөнгөлөг өнгийн машины арын суудалд нэг залуу “хөдөлж чадахгүй байна” гэхээр нь би өөрийн эмнэлгийн машинд осолд орсон эмэгтэйг суулгаад нүүрийг нь цэвэрлэж байхдаа “энд юу болсон, машин хэн жолоодож байсан” гэж асуухад “би машин жолоодож байсан, энэ миний машин харин энд юу болсон гэдгийг сайн мэдэхгүй байна гэнэт л осолд орчихлоо” гэж хэлж байсан. Тэр үед аваарт орсон машины ард хэвтэж байсан залууг цагдаа, жолооч 2 машинд оруулж ирээд бид нар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Би тэр залуугаас юу нь өвдөж байгаа, овог нэр, нас, хаяг, төрсөн он сар өдөр асуухад маш дуу муутай товчхон хариулж байсан. Тэр залуу “хөдлөхөөр өвдөж байна, хөдлөхгүй бол гайгүй байна” гэж байсан. Ослын талаар залуугаас асуугаагүй. Эмэгтэй нь ерөнхийдөө надад хэн жолоо барьсан, яагаад осолд орсон талаараа хэлсэн” гэх мэдүүлэг[6],

            7.Гэрч Н.ын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааг удирдаж үзлэг хийсэн. Тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож байсан гэдгийг тогтоох зорилгоор тээврийн хэрэгслийн машины хаалга арааны речак зэрэг дээр гарын мөр байгаа эсэхийг үзэхэд гарын мөр байхгүй байсан. Гадаа хүйтэн нөхцөлд хийгээд гарын мөр гарахгүй байгаа юм болов уу гэж бодоод жолооны хүрдний гадна байх бүрхүүлийг зүсэж хуулж аван шинжээч томилсон. Тээврийн хэрэгслийн баруун урд талд гоожиж дуссан цус байсныг шинжээч ээр марлонд шингээж аван 1 дугаараар тэмдэглэж, тээврийн хэрэгслийн зүүн урд талд тунасан цус байсныг марлонд шингээн авч, 2 дугаараар тэмдэглэсэн. Жолоочийн хүрдний дэрнээс авсан шаргал өнгийн аюулгүйн дэрэнд цусан мөр үүссэн байсныг хэсэгчлэн хайчлан бэхжүүлж авсан. 4 дугаараар тэмдэглэн жолоочийн эсрэг талын зорчигчийн хэсэгт байсан цэнхэр өнгийн аюулгүйн дэрэнд цусан мөр үүссэн байсныг хэсэгчлэн хайчлан авсан” гэх мэдүүлэг[7],

            8.Гэрч Н.ий 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би мөрдөгч, цагдаагийн ахмад Н.ын хамт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж 1, 2, 3, 4 гэж дугаарлан шинжилгээнд зориулж цус бэхжүүлж авсан. Тухайн үед цусан мөрнүүдийг шинжилгээнд зориулж 1 дугаараар тэмдэглэн тухайн ************** улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч талын суудлын доод хэсэгт байсан хатсан цусан мөр байсан тул давуу /марло/ шингээж бэхжүүлэн авсан. 2 дугаар тэмдэглэсэн цусан мөрийг жолоочийн эсрэг талын зорчигчийн хэсгийн суудлын баруун талын доод хэсэгт тунасан байсан цусыг бэхжүүлж авсан. 3 дугаар тэмдэглэн жолоочийн хүрднээс гарч ирсэн шаргал өнгийн аюулгүйн дэрэнд цусан мөр үүссэн байсныг хэсэгчлэн хайчлан бэхжүүлж авсан. 4 дугаараар тэмдэглэн жолоочийн эсрэг талын зорчигчийн хэсэгт байсан цэнхэр өнгийн аюулгүйн дэрэнд цусан мөр үүссэн байсныг хэсэгчлэн хайчлан хураан авч мөрдөгч, цагдаагийн ахмад Н.т хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг[8],

            9.Гэрч А.гийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 2 цагийн орчим гэртээ амарч байхад над руу залгаад /Манай нөхөр машинтай явж байгаад аваарт орсон байна, хаана юм мэдэхгүй байна, Шаамар сумын тэнд зам дээр сүлжээ орж байгаа газар байх шиг байна/ гэж хэлсэн. Би машинаа асаагаад Сүхбаатар сумаас Шаамар сум чиглэлтэй явж байхдаа Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар руу залгаж “осол болсон газар хаана вэ” гэж асуухад Шаамар сумын уулзвараас цааш 2-3 км зайд гэсэн. Наана чинь манай цагдаа очсон байгаа гэсэн. Би буугаад очиход жолооны суудал болон урд хүн байхгүй машин нь мод мөргөж урд болон шил хэсэг нь их эвдрэлтэй байсан. Цагдаа болон эмнэлгийн машины жолооч аваарт орсон машины ар талын багаажны хаалгыг онгойлгосон байдалтай зогсож байхаар нь очиход манай хүргэн арын суудлын хэсэгт эвхэрэлдээд атийгаад хэвтэж байсан. Би цагдаагаас “жолооч нь яасан” гэж асуухад эмнэлгийн машинд байгаа гэж хэлсэн. Цагдаа болон эмнэлгийн машины жолооч 2 *******ыг өргөөд эмнэлгийн машинд оруулаад аваад явсан. Би араас нь өөрийн машинтай аймгийн төвийн эмнэлгийн хүлээн авах дээр очсон. Сувилагч жолоочийн ар гэрийн хүнд мэдэгдэх гэхэд жолооч эмэгтэй гэр бүлийн хүний дугаар хэд хэдэн удаа буруу хэлээд байсан болохоор эмэгтэйн цүнхийг нь шаардлагатай мэдээлэл авахаар намайг хажуудаа байлгаж байгаад цүнхийг нь ухсан. Цүнхэнд байсан цаасан дээр байгаа хэдэн дугаар руу залгахад бүгд холбогдохгүй, холбогдсон ч утсаа авахгүй байсан. Бид нар жолооч эмэгтэйгээс асууж байгаад залгаж ар гэрийнхэн болох төрсөн охинтой нь би “ээж тань аваарт орсон байна, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр байна” гэж ярьсан” гэх мэдүүлэг[9],

            10.Гэрч Д.ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд гэртээ байж байхад манай найз Ж.******* над руу залгаад “Би Сэлэнгэ аймаг руу өөрийн машинтай хөдлөх гэж байна. Би “Сэлэнгэ зар интернэт группт байдаггүй. Чи группт нь байдаг юм чинь найздаа Сэлэнгэ аймаг руу явна гэсэн зар тавиад өг” гэж залгасан. Би өглөөний 11 цагийн орчим зарыг нь тавьсан. Дараа нь 14 цагийн орчим Ж.******* “Машинаа асаах гэж байна” гэж хэлэхээр нь би “за чи Улаанбаатар хотоос гарах гэж удна зам хэцүү чи оройтож байна даа” гэж хэлсэн. Би тэр өдөр шинэ жилийн арга  хэмжээтэй байсан болохоор дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг[10]

            11.Гэрч А.гийн 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр таксинд суусны дараа над руу залгаж “Хотоос гараад явж байна, эндээс жолоочтойгоо 2-лаа гараад явж байна, эмэгтэй жолооч байна удаан явах байх” гэж хэлсэн. Дараа нь “ Баянгол суманд байна манай жолооч эгч хоол идэх гээд орчихлоо, би бие засаад гадаа зогсож байна, орж юм иддэг юм билүү” гэж ярьсан. Дараа нь “Дархан-Уул аймаг Хонгор сум руу орох гэж байна” гэж хэлсэн. Дараа нь 02 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу залгаад “Би хөлдөж үхэх гэж байна, яасан юм мэдэхгүй, би замын хажууд модон дотор байна, намайг ирээд аваач туслаач” гэж хэлсэн. Хажууд нь эмэгтэй хүний хоолойгоор “хөөе зүгээр үү” гэж асууж байсан. Би шууд өөрийн төрсөн эгч руу залгаад “манай нөхөр осолд орсон юм шиг байна, үхлээ гээд байна, хаана гэдгийг мэдэхгүй модон дунд замын хажууд байна, гэсэн утасны сүлжээ орж байхыг бодоход ойрхон байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Дахиж нөхөр рүүгээ залгасан чинь холбогдохгүй байсан. Би өөрийн нөхөр *******аас машин жолоодсон эсэх талаар асуухад надад манай нөхөр “би машин жолоодоогүй, тэр эмэгтэйг танихгүй, яалаа гэж танихгүй хүний машин жолоодох вэ, би замын хань болоод юм яриад явсан” гэж хэлсэн. Манай нөхөр анхнаасаа л машин жолоодоогүй гэдгээ хэлсэн. Болсон хэрэг явдлын талаар хэлж ярьж мэдэхгүй, согтуу биш эрүүл саруул хүмүүсээс асуусан. Яагаад нөгөө талаар манай нөхрийг машин жолоодсон талаар яриад байгааг ойлгохгүй байна. Тэр эмэгтэй чинь анх эмнэлэг дээр ирээд би машин жолоодсон гэж хэлж байсан. Одоо гэнэт л манай нөхрийг машин жолоодсон гэж хэлээд байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг[11],

            12.Гэрч Ц.ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Туяа эгч над руу залгаад “*******гийн бие нь ерөнхийдөө гайгүй байна, гэхдээ ээж чинь өөрөө жолоогоо бариагүй гэж байна, хамт явж байсан хүн нь барьж явсан юм байна” гэж надад хэлсэн. Тэгээд миний санаа амраад байж байтал ээжтэй хамт явж байсан залуугийн аав нь над руу залгахаар нь би “танай хүү чинь ээжийн машиныг жолоодож явсан юм байна” гэж хэлсэн чинь аав нь гэх хүн нь “харин тийн гэнээ миний хүү” гэж хэлэхээр нь би ээжтэй хамт явж байсан залуу ээжийн машиныг нь жолоодож байсан юм байна гэж итгэсэн. Тухайн үед ээж маань мэдүүлэг өгөхдөө “Би жолоо шилжүүлээгүй би өөрөө жолоо барьж явсан” гэж хэлэхэд би шоконд орж гайхсан. Мөн ээжийнхээ биеийн байдалд санаа зовж байсан учраас ямар ч байсан Улаанбаатар хот руу явъя, дараа нь учир нь олдох байх гэж бодсон. Ээж *******г шууд тэгээд мэдүүлэг өгчихөөр нь *******а гэх хүнтэйгээ яриад тохирсон зүйл байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд гадаа гараад машин дотор ороод ээжээс “та юу яриад байгаа юм бэ” гэж асуусан чинь “би жолоогоо шилжүүлбэл маш том ялтай шүү дээ” гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг[12],

            13.Гэрч Л.ы 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...” Би гэх хүнтэй огт тийм зүйл яриагүй. Миний хүү гар утсаар ярих гэхэд осолд орсон байсан учраас бараг ярьж чадахгүй байсан. Би хэн машин барьж явсныг миний хүү гэмтэлд ирж хэвтэх үед асуухад ******* гэх эмэгтэй барьж явсан гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг[13],

            14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1063 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Б.*******ын биед цээжний зүүн талын 6, 7-р хавирга эгэмний дунд  шугамаар ташуу, зөрөөгүй хугарал, зүүн уушиг бүрэн бус авчилт, зүүн уушигны доод дэлбэнгийн ар хэсгээр голомтлог няцрал, хийтэй, өвчүү яс их биеийн хэсгээр ташуу хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар ийн хүнд зэрэгт хамаарна. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд тээврийн хэрэгслийн эд ангид цохигдсон байх боломжтой. Жолооны хүрд болон, жолооны хүрднээс гарсан дэрэнд цохигдсон эсэхийг ялгах боломжгүй” гэх дүгнэлт[14],

            15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 476 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Ж.*******гийн гэх цус нь АВО системээр A/II/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт[15],

            16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт[16],

            17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 475 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илүүдсэн “*******” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй  байна”  гэх дүгнэлт[17],

            18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн 477 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн “*******а” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илүүдсэн “*******а” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй  байна”  гэх дүгнэлт[18] ,

            19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж шинжилгээнд зориулан хураан авсан тээврийн хэрэгслийн жолооны үрүүлний бүрээс дээрээс гарын мөр байгаа эсэхийг тогтоох зорилгоор “Сажа” саарал өнгийн нунтаг, энгийн багс ашиглан гарын мөр үзэхэд гарын мөр илрэхгүй байна” гэх дүгнэлт[19],

            20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Toyota Voltz маркийн, ************** улсын дугаартай ZZE136-0006850 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[20],

            21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5603 дугаар “Хэргийн газрын үзлэгээр 2, 3 гэж дугаарлаж бэхжүүлсэн гэх дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр 2, 3 гэж дугаарлаж бэхжүүлсэн гэх дээжүүд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт[21],

            22.Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батболдын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар “Жолооч Ж.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; хориглоно гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна” гэх дүгнэлт[22],

23.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[23], 24.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[24], 25.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[25], 26.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл[26], 27.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[27], 28.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[28], 29.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[29], 30.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[30] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогч Б.*******а нь шүүгдэгч Ж.*******гээс эмчилгээний зардал 350.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогч шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж, шүүгдэгчид гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч А.Баясгалангаас: “...Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Иймд Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирогч гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар Ж.******* нь бусдад төлөх төлбөргүй..” гэсэн ялын саналыг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс: “Ж.******* нь тухайн төрлийн гэмт хэрэгт анх удаагаа холбогдож байна. Өөрөө тухайн ослоос болж мартаж, санах өвчтэй болсон талаар олон шалтгаан нөхцөл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогчийн хувьд ч гэсэн тухайн үйл баримтын талаар тодорхой ойлголттой бас энэрэнгүй хандаж нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн тул бүх хор уршиг арилсан байх талтай. Миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хөнгөрүүлэх боломжтой. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаа талаар дүгнэлт хийгээд шийдэх боломжтой гэж үзэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

 Шүүгдэгч Ж.*******гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болон шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас өөрөө хүнд гэмтэл авсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хөнгөрүүлэх боломжтой. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаа талаар дүгнэлт хийж өгөхийг хүссэн” хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас ************** улсын дугаартай “Тоёота Волтз” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов.

Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас ************** улсын дугаартай “Тоёота Волтз” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

7.Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.                                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ