Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 улсын яллагч А.Баясгалан,

 шүүгдэгч Г.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******гийн ******* холбогдох эрүүгийн 2031003780004 дугаартай хэргийг 2021 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 ******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэм сүлд ХХК-ний харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:*******/;

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 11 дүгээр байрны 16 тоот иргэн Д.*******гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргааны улмаас Д.*******гийн нүүр тус газар нь гараараа цохиж, биед нь эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 11 дүгээр байрны 16 тоот иргэн Д.*******гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргааны улмаас Д.*******гийн нүүр тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр гэж 180.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

2.Хохирогч Д.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад нутгийн захиргааны гуравдугаар байрны тийшээ найзтайгаа уулзахаар явж байтал аймгийн Шүүхийн тэр хавьд хэдэн жилийн хугацаанд уулзаагүй байсан ******* гэх танил залуутай тааралдсан. Бид хоёр ойр зуурын зүйлийн талаар ярилцаж байхдаа нэг шар айраг хувааж уугаад салсан. Уулзаж байхдаа би түүнд гэрээ зааж өгөөд гэртээ ганцаараа байгаа талаар хэлсэн. Удалгүй би гэртээ харьсан. 19 цагийн үед гэрийн хаалга тогшихоор нь онгойлготол ******* зогсож байсан ба тэр “Найз нь эхнэртэйгээ муудалцаад гэрээсээ хөөгдчихлөө” гэж хэлсэн. Тэр гартаа хувцсаа хийсэн гэмээр цүнх барьсан байсан. Тэгээд би түүнийг гэртээ оруулсан. Ингээд бид хоёр хоол идэнгээ би гэрт байсан хагас шил архийг гаргасан. Харин ******* цүнхнээсээ мөн нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр архи ууж байхад тэр гэрт гуталтай яваад байхаар нь миний дургүй бага зэрэг хүрсэн. Мөн тэр өөрийгөө “гадаадад олон жил болсон, юм үзсэн” гээд намайг тавлаад байсны улмаас бид хоёр маргалдаад би түүнийг “Чи манай гэрээс гараад яв, зайл, чамайг гэртээ хонуулах шаардлага байхгүй” гэж хэлсэн чинь тэр намайг заамдаж аваад хоолой багалзуурдахаар нь би салгах гээд дийлээгүй. Тэгсэн тэр гараараа нүүрэн тус газарт хоёроос гурван удаа цохисон. Намайг заамдаад тавихгүй байхаар нь би түүний гарыг нь хальт хазаад тавиултал гараараа нүүрэн тус газарт цохиод шалан дээр унагаасан. Тэгэхээр нь би түүний хөлөөс нь зуураад “Би чамайг гаргахгүй. Цагдаа дуудаж чамайг өгнө” гэсэн чинь тэр намайг өшиглөөд зодоод байсан. Тэр үед би согтуу байснаас гадна зодуулсны улмаас ухаан санаа балартсан. Нэг мэдсэн хамраас цус гарсан байдалтай ганцаараа сууж байсан. Хамраас цус гараад байхаар нь хамар руугаа ариун цэврийн цаас чихэж байгаад унтсан. Одоогийн байдлаар надаас 180,000 төгрөгийн зардал гарчихаад байна. Эм, тариа зэрэг зүйл авсан. Тухайн хохирлыг барагдуулсан тохиолдолд надад ямар нэг гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлэг[1],

3. Гэрч Л.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.*******тэй Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нэг ангид суралцан төгсөж байсан. Одоо болтол найз нөхдийн харилцаа хамааралтай байдаг. Г.******* нь хүн чанар сайтай, ажилсаг хичээнгүй, хүнд их тусархуу залуу байгаа юм. Хамт архи дарс уух үе байгаа ч гэсэн бид нарт агсан согтуу тавьж хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Хүнтэй маргаж, зодож цохилоо гэж ердөө сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг[2],

4.Гэрч Б.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.******* нь эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар сумын 6 дугаар багт амьдардаг. Нэг их зүйлээр дутагдаж, гачигдаад байдаггүй дундаж л амьдралтай айл гэж боддог. Түүний хувийн зан байдал гэвэл төлөв даруу, хүнд их тусархуу, ажилсаг, хүн чанар сайтай залуу байгаа юм. Хэрэг асуудалд ороод явж байхыг нь би харж, сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг[3],

5.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Д.*******гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],

6.Шүүгдэгч Г.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ ярьсан. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би миний гараас хазаад тавихгүй болохоор нь түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэрнээс өөр ямар нэг шалтаг, шалтгаан байхгүй. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцахад Д.*******гийн өгсөн мэдүүлэгт тэр намайг “гэртээ гуталтай холхисон, дөрөв, таван удаа цохисон” гэсэн зүйлийг ярьсан байна. Би тэдний гэрт гуталтай холхисон, түүнийг дөрвөөс таван удаа цохисон асуудал огт болоогүй гэж хэлмээр байна. Би өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдүүлмээр байна. Би түүний нэхэмжлээд байгаа 180,000 төгрөгийг нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг[5],

7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[6], 8.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 9.Яаралтай тусламж үзүүлсэн хуудас тэмдэглэл[8], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[10], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.*******д мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.******* эмчилгээний зардал болох 180.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул хохирогч Д.*******гийн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ