Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/336

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г-ын У-т холбогдох эрүүгийн 2110003840500 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны *** дүгээр сарын **-ны өдөр ****хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, “****” ХХК-д ****** ажилтай, ********************************************* тоотод оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, Ө овогт Г-ын У /РД:***********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.У нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 49 тоотод хохирогч Б.Э-ийн нүүрэн тус газарт гараараа 3 удаа алгадаж, түүний биед хамрын ясны хугарал, цус хуралт, зүүн дээд зовхины цус хуралт, доод зовхины зулгаралт, баруун мөрний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “...Хохирогч Энхжаргалантай өмнө нь уулздаг байсан. Тэр өдөр 20 цагийн үед Э манай гэрт ирсэн. Надад худлаа хэлэхээр нь 3 удаа алгадсан. Үл ойлголцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Э-ийн:

“...2019-2020 оны хооронд У гэх залуутай үерхэж байгаад больсон, ...Тэр өдөр Баянгол дүүргийн 56 дугаар сургуулийн хажууд байрлах 42 дугаар байрны 49 тоот гэрт нь очсон. Гэртээ ороод надад уурлаж нүүр лүү 3 удаа алгадсан. Хамраас цус гараад тогтсон. Гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. ...бид хамт амьдарч байгаагүй, ...намайг өөрөөсөө саллаа гэж уурласан. Өмнө ерөнхийдөө маргалдахаараа алгадаж цохих зэрэг бол байсан. ...гомдол гаргаж байгаагүй, ...надад гэмтэл учраагүй болохоор цагдаад хандаагүй. Миний хамар мурийсан. Би гомдолтой байна. ...би ажлын байр ойрхон болохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргачихсан юм. ...тэдний гэрт зодуулсан.. У бид хоёр албан ёсоор гэрлэж хамтран амьдарч байсан зүйл байхгүй. У өмнө эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан гэж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр У намайг ажил дээр байхад байнга залгаад гэрт хүрээд ирээч гээд байсан. Би 21 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад 22 цагийн үед *********** тоот У-ын гэрт очсон. ...би гомдолтой байна, эмчилгээний зардал болох 2.876.700 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 13, 17, 19-20/,

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1496 дугаартай:

“...Б.Э-ийн биед хамрын ясны хугарал, цус хуралт, зүүн дээд зовхины цус хуралт, доод зовхины зулгаралт, баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх 36-37/,

3. Шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Э бид 2 албан ёсоор гэрлэж хамтран амьдарч байсан зүйл байхгүй. Э өмнө нь нөхөртэй байсан, нэг хүүхэдтэй. ...2020 оны 11 дүгээр сараас салаад хаяа нууцаар уулздаг байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Э бид 2 утсаар ярьж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 49 тоот манай гэрт уулзахаар болоод орой 20 цагийн үед Э манай гэрт ирсэн. ...надад худлаа хэлэхээр нь чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж асуусан чинь Энхжаргалан над руу хараад инээгээд байхаар нь Э-ийн нүүрэн тус газарт нэг удаа алгадсан, хамраас нь цус гарч байсан, бас мөр лүү нь 2 удаа алгадсан. ...Би Э-г өмнө нь зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 70/,

4. Шүүгдэгч Г.У-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх 41-44/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.У-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.У нь хохирогч Б.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Шүүгдэгч Г.У нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.У-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.У нь: 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 49 тоотод хохирогч Б.Э-гийн нүүрэн тус газарт гараараа 3 удаа алгадаж, түүний биед хамрын ясны хугарал, цус хуралт, зүүн дээд зовхины цус хуралт, доод зовхины зулгаралт, баруун мөрний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Э-гийн “...2019-2020 оны хооронд У гэх залуутай үерхэж байгаад больсон, ...Тэр өдөр Баянгол дүүргийн 56 дугаар сургуулийн хажууд байрлах 42 дугаар байрны 49 тоот гэрт нь очсон. Гэртээ ороод надад уурлаж нүүр лүү 3 удаа алгадсан. Гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Бид хамт амьдарч байгаагүй, ...намайг өөрөөсөө саллаа гэж уурласан. ...Миний хамар мурийсан. Би гомдолтой байна.

...У бид хоёр албан ёсоор гэрлэж хамтран амьдарч байсан зүйл байхгүй. У өмнө эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан гэж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр У намайг ажил дээр байхад байнга залгаад гэрт хүрээд ирээч гээд байсан. Би 21 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад 22 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 49 тоот У-ын гэрт очсон. ...би гомдолтой байна, эмчилгээний зардал болох 2.876.700 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1496 дугаартай “...Б.Э-ийн биед хамрын ясны хугарал, цус хуралт, зүүн дээд зовхины цус хуралт, доод зовхины зулгаралт, баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд хохирогч Б.Э нь 2.876.700 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн материалд 76.350 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.У-аас 76.350 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.800.350 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Б.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Шүүгдэгч Г.У нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Мөн “Меркс” ХХК-д үйлдвэрийн технологийн албаны даргаар ажилладаг бөгөөд сард 1 сая төгрөгийн цалин авдаг. Түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх боломжгүй гэж үзэж байна. Хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэвэл тухайн ажлаасаа халагдах нөхцөл үүснэ. Иймд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Г.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Г.Ут торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Г.У нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдал байх тул түүнд шүүх торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө овогт Г-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ыг 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-аас 76.350 /далан зургаан мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.350 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ