Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00492

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багт оршин суух, РР57030975 дугаар регистртэй, эрэгтэй, Дүлхжиг овогт Очирбадамын Нацагдоржийн

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/00357/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч О.Нацагдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн 2 дугаар бригадад тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсч Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч үхэрчнээр томилогдон ажиллаж байгаад 1975-1978 оны хооронд ардын цэргийн алба хаагаад сумандаа эргэн ирж, 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал бригадын аж ахуйн нярав, үржлийн техникч, малчин, мал аж ахуйн туслах ажил зэргийг тасралтгүй 15 жил хийж гүйцэтгэж ирсэн юм. Энэхүү хугацаанд миний биеийг Очирбадамын Нацаг гэж дуудаж, бичиж, хэлж ярьж ирсэн. Тэр үед анзаарч ач холбогдол өгч байгаагүй нь миний буруу байсан байна. Ингээд тэр үеийн 1975 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, мөн 1981 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус тус олгогдсон хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон гарсан тушаалын нэр нь Очирбадамын Нацаг нэрээр гарч байсан байна. Иймд 1975, 1981 оны хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Очирбадамын Нацагдорж мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн О.Нацаг нэрээр гарсан тушаал баримтыг нотлох баримтад үнэлж О.Нацагдорж миний Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, зоотехникч, барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.Нацагдорж нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Нацагдоржид Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 1981 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Очирбадам Нацаг” нэрээр тус тус хөдөлмөрийн дэвтэр олгосон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “РД: рр57030975, Эхийн: эцгийн /эхийн/ нэр Долгор, нэр Очирбадам нарын гэр бүлд 1957/04/18-нд төрөхөд төрүүлсэн Очирбадамын Нацагдоржийг 1957/05/10-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 59-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 00/002564 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Очирбадамын Нацаг /рр57030975/ иргэний мэдээллийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх бичилттэй 1/494 тоот тодорхойлолт,

Гэрч Т.Төрмөнхийн “...сургуульд байхын Нацаг нэрээр явдаг байсан. Нацаг нэрээр нь манай нутгийн хүмүүс андахгүй мэднэ. Ээж нь Очирбадам юм... “Цог” нэгдэлд өөр тийм нэртэй хүн байгаагүй. Гэр бүлийнхэн дотор нь мөн Нацаг нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Жавзмаагийн “...Очирбадамын Нацагдорж гэдэг юм. Хүмүүс л нэрийг нь тал хэлээд Нацаг гэдэг байхгүй юу... нэгдэлд Очирбадамын Нацаг нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул “Очирбадамын Нацаг” нэрээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 1981 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь О.Нацагдорж мөн болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулиас МАА-д хувиарлагсадыг ажилд томилох тухай” №22 дугаартай, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” №92 дугаартай, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” №22 дугаартай, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” №45 дугаартай,1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мал аж ахуйн 2 дугаар бригадыг ажиллах хүчнээр хангах арга хэмжээний тухай” №67 дугаартай, 1990 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №18 дугаартай тушаалын архивын хуулбарууд, 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон 30 дугаартай албан томилолтын үнэмлэх, 1992 оны цалингийн тодорхойлолт, илгээлт, одонт тугийн дурсамж зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтад үнэлсэн болно.

Нэхэмжлэгч О.Нацагдорж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, зоотехникч, барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон “1. 1973 оны 6 сарын 01. 3-р бригадад үхэрчнээр. Нэгдлийн даргын 1973-06-07-ны өдрийн 22-р тушаалаар. 02. 1980 оны 3 сарын 25. 2-р бригадад аж ахуйгаар. Нэгдлийн даргын 1980-03-25-ны өдрийн 25-р тушаалаар” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1981 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр олгосон “1981 оны 01 сараас 1991 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй” хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “1. ...2-р бригадад... Очирбадамын Нацаг... 1973 оны 6 сарын 07-ны өдрөөс үхэрчнээр...тус тус томилсугай. 4. МХЗЭ-ийн илгээлтээр гарч байгаа дээрхм хүүхдүүдийг зохих ажилд нь оруулж, ажилд нь байнгын анхаарал халамж туслалцаа үзүүлж байхыг бригадын дарга нарт даалгасугай...” гэх бичилттэй “Ерөнхий боловсролын сургуулиас МАА-д хувиарлагсадыг ажилд томилох тухай” №22 дугаартай тушаалын хуулбар, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “1. 2-р бригадын аж ахуй Очирбадам овогтой Нацагийг энэ оны ээлжийн амралтыг 1981 оны 9 сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн амралт 15 хоног дээр нэмэгдэл амралт 7 хоногийг нэмж ажлын 22 хоногоор бодож амралт олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №92 дугаартай тушаалын хуулбар, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “...2-р бригадын аж ахуй Г.Нацагийг 1982 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж 2-р бригадын малчнаар томилсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №22 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “...3. 1-р бригадын үржлийн зоотехникчээр... О.Нацаг нарыг 7-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” №45 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Томилолтоор ажилласан тухай: №30. Малчин ажилтай Нацагийг гардан хээлтүүлэг, техникч нарын семинар ажлаар Мөрөн суманд 1986 оны 06 сарын 17-ны өдрөөс эхлэн 5 хоног ажиллуулахаар томилов” гэх бичилттэй албан томилолтын үнэмлэх, 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “1. Мал малжуулах хүмүүсийг хавсралтаар баталсугай...” гэх бичилттэй “Мал аж ахуйн 2 дугаар бригадыг ажиллах хүчнээр хангах арга хэмжээний тухай” №67 дугаартай тушаал болон тус тушаалын “3. О.Нацаг, үхэрчин” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1990 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “1. Нэгдлийн Үүр хэсгийн малчин ...О.Нацаг нарыг 1990 оны 3 сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Үүрийн хэсгийн барилгын бригадад барилгачнаар тус тус ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №18 дугаартай тушаалын хуулбар, Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “...ардын аж ахуйтай болохоор хүсэлтээ ирүүлсэн 2-р бригадын малчин Очирбадам овогтой Нацагдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №5 дугаартай тушаал, 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт /1981-1984 он/, 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн илгээлтийн хуудас,

Гэрч Т.Төрмөнхийн “...О.Нацагдорж нь 1973 онд эвлэлийн илгээлтээр гарч Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд төлчнөөр ажиллаж байгаад 1975 онд цэрэгт явж, 1978 онд цэргээс ирээд мөн “Цог” нэгдэлд үхэрчин, хэсгийн ахлагч, барилгын бригадад барилгачин, зоотехникч зэрэг ажил хийж байсан. 1991 оны 12 сард нэгдэл тарах хүртэл ажилласан... тасрахгүй ажиллаж байсан. “Цог” нэгдлийн янз бүрийн л ажил хийж байсан хүн... Би Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд жолоочоор 1972 оноос 1992 он хүртэл тасрахгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Жавзмаагийн “...О.Нацагдорж нь 8-р ангийг 1973 онд төгсөөд илгээлтээр Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1973 оны 06 сараас 1975 оны 05 сард цэрэгт явах хүртлээ туслах малчнаар ажиллаж байсан. 1975-1978 онд цэргийн алба хааж 1978 оны 07 сард цэргээс ирээд мөн нэгдэлд үхэрчин, барилгачин, аж ахуйч, малын зоогоор 1990 он хүртэл ажиллаж байсан... тасрахгүй ажиллаж байсан.. Би Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1970 онд илгээлтээр гараад туслах малчин, саальчнаар ажиллаж байсан. 1986 онд курс төгсөөд 1987 оноос 1994 он хүртэл сувилагчаар сумандаа ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.Нацагдоржийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар данс шатаж устсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архив болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын иргэн О.Нацагдорж /рр57030975/ бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 03/29 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид 1737205 төгрөгний хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн” гэх тодорхойлолт зэргээр нотлогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

О.Нацагдорж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 1981 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Очирбадам Нацаг” нэрээр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь РР57030975 дугаар регистртэй, Дүлхжиг овогт Очирбадамын Нацагдорж мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дүлхжиг овогт Очирбадамын Нацагдоржийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, зоотехникч, барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА